Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 12

 

 

 

 

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар

123/ШШ2018/0012

Зуунмод сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Могул майнинг партнерс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Могул майнинг партнерс” ХХК-ийн “2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанийн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батномин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Могул майнинг партнерс “ХХК-ийн захирал А.Отгонсүрэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг нар шүүх гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Могул партнерс" ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын кадасрын хэлтсээс олгосон Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт ашигт малтмалын хайгуулын XV-019909 тоот тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасан үүргийнхээ дагуу байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулж, мөн зүйлийн 38.1.3-т заасны дагуу Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад хүргүүлж, батлуулах хүсэлт гаргасан. Гэтэл Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга уг төлөвлөгөөг батлахаас татгалзсан тухай 2017 оны 10 сарын 22-ны өдрийн албан бичгээр 2017 оны 11 сарын 14-ний өдөр цахим шуудангаар ирүүлснийг тус компани 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсан. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан эрх зүйн үндэслэл нь буруу байсан тул бид энэ тухай тайлбар бүхий албан бичиг үйлдэн 2017 оны 11 сарын 24-ний өдөр сумын Засаг даргатай биечлэн уулзсан боловч зарим иргэд ашигт малтмалын хайгуулын XV-019909 тоот тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх шалтгаанаар манай хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2.1, 4.2.6-д зааснаар захиргааны шийдвэр хуульд үндэслэх ёстой. Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын тус компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэл нь хууль бус. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт нь иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхтэй холбоотой, 55-р зүйлийн 55.1 дэх заалт нь газрын хэвлийг ашиглахтай холбоотой ерөнхий зохицуулалт. Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын хайгуул, ашиглалттай холбоотой тусгай зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан. Энэ тохиолдолд нарийвчилсан зохицуулалттай хуулийг дагаж мөрдөнө. Тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-019909 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбоотой Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны хэрэг үүссэн боловч ашигт малтмалын хайгуулын XV-019909 тоот тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн эрх зүйн акт гараагүй болно. “Мөнгөн нахиа” ХХК-д 2016 оны 1 дүгээр сард тусгай зөвшөөрөл олгосон. “Мөнгөн нахиа” ХХК-иас  манай компани 2016 онд ХV-019909 дугаартай хайгуулын зөвшөөрлийг шилжүүлэн авсан тул 2016 онд төлөвлөгөө боловсруулж батлуулах боломжгүй байсан. Тусгай зөвшөөрөлтэй талбайтай иргэн А.Даш нарын эзэмшлийн газар давхцалтай гэдэг боловч шинжээчийн дүгнэлтээр давхцалгүй гэдэг нь тогтоогдсон. Нэгэнт "Могул партнерс" ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-019909 тоот тусгай зөвшөөрлийн хууль ёсны эзэмшигч тул хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж холбогдох байгууллагаар батлуулах, сумын Засаг дарга уг төлөвлөгөөг хянан батлах үүрэгтэй. Хариуцагчийн зүгээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа нь манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг дараах байдлаар хөндөж байна. Үүнд: Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүйд хүргэж, тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл байдал үүсгэнэ. Тусгай зөвшөөрөл цуцлагдах тохиолдолд манай компанийн уг талбайд ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа зогсож, компанийн үндсэн зорилго болох аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилго хангагдахгүй болно. Уг талбайн геологи, хөгжүүлэлтийн талаарх хийсэн судалгаанд зарцуулсан хөрөнгө, хөдөлмөр, хугацаа зэргээр хохирол хүлээнэ. Алтанбулаг сумын Засаг дарга үндэслэлгүйгээр 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан учраас байгаль орчны төлөвлөгөөг батлахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Алтанбулаг сумын Засаг дарга Д.Батсуурь, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 07/906 тоот албан бичгээр Алтанбулаг сумын 4-р багийн нутаг Аравжих /хуучин тариат/ орчимд 6402.71 га талбайд  хайгуулын тусгай зөвшөөрлийн санал авахаар ирүүлсэн. Албан бичгийн хавсралтанд хайгуулын талбайн солбицол, зургийг хавсарган ирүүлсэн. Уг хайгуулын тусгай зөвшөөрлийн саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд “сумын газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй”, “мал аж ахуйн хаваржилтын бүс нутаг тул олгогдох боломжгүй” гэсэн үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг аймгийн Засаг дарга Д.Баярбатад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 04/55 албан тоотоор цаг хугацаанд нь хүргүүлсэн боловч 2016 оны 03 дугаар сарын 02-нд “Мөнгөн нахиа” ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын тосны газраас олгосон байсан. “Могул майнинг партнерс” ХХК-ийн ХV-019909 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Газрын тухай хуулийн 55-р зүйлийн 55.1-д газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа нь улс, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна гэж заасныг зөрчсөн. “Могул майнинг партнерс” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 4-р багийн иргэн Ө.Бадамсүрэн, Б.Нарантуяа, Э.Баярсайхан, А.Даш нарын 4 өрхийн өвөлжөөний газартай давхцуулан олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.3 дахь заалтыг зөрчсөн бөгөөд уг айл өрхүүд тухайн газраа 20-50 жил эзэмшиж ирсэн. 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 4-р багийн иргэдийн Нийтийн Хурлаар “Могул майнинг партнерс” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар багийн иргэдэд 4-р багийн иргэн Ч.Чойхүү мэдээлэл хийж санал хүсэлт авахад уг асуудлыг эсэргүүцэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг багийн иргэд гарган гарын үсгээ зурж баталгаажуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилсан. “ХV-019909 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Алтанбулаг сумын Засаг дарга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иргэн А.Даш, Ө.Бадамсүрэн, Б.Нарантуяа нар “Могул майнинг партнерс” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, энэ захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн захирамжаар түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлсэн үндэслэл нь иргэн А.Даш, Ө.Бадамсүрэн, Б.Нарантуяа нарын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаанд түдгэлзүүлэх шаардлагатай гэсэн. Иргэн А.Даш, Ө.Бадамсүрэн, Б.Нарантуяа нарын нэхэмжлэлийн шаардлагыг Төв аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 123/ШШ2018/0005 дугаар шийдвэрээр нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 2016 онд 019909 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигчээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулахаар ирүүлээгүй, 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг гаргаж ирүүлэх ёстой байхад тайлан ирүүлээгүй, 2016 оны тайланг үндэслэн 2017 оны төлөвлөгөөг батлах ёстой, гэтэл 2016 оны тайлан ирүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлж дүгнээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн “Могул майнинг партнерс” ХХК-ийн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанийн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Аранжих” нэртэй газарт орших 6402.71 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-019909 дугаартай тусгай зөвшөөрлийг анх “Мөнгөн нахиа” ХХК-д олгож, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр “Могул майнинг партнерс” ХХК-д шилжүүлжээ[1].

“Могул майнинг партнерс” ХХК нь ХV-019909 тоот тусгай зөвшөөрөлтэй  талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад  хүргүүлсэн. Алтанбулаг сумын Засаг дарга 2017 оны 10 сарын 22-ны өдөр 05/364 тоот албан бичгээр “...ХV-019909 тоот тусгай зөвшөөрөлтэй талбай нь Газрын тухай хуулийн 55-р зүйлийн 55.1, 31-р зүйлийн 31.3-д заасныг зөрчиж, сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  тусгагдаагүй, иргэн А.Даш, Ө.Бадамсүрэн, Б.Нарантуяа нарын өвөлжөөний газруудтай давхцуулан олгосон тул байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй...” тухай хариу хүргүүлсэн байх бөгөөд хариуцагчаас шүүхэд “ХV-019909 тоот тусгай зөвшөөрөл...-ийг цуцлуулахаар иргэн А.Даш, Ө.Бадамсүрэн, Б.Нарантуяа нар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан“ гэх тайлбар гаргасан байна.

1. Иргэн А.Даш, Ө.Бадамсүрэн, Б.Нарантуяа нарын “Төв аймгийн Алтанбулаг сумын 4-р багийн нутаг Арвижих орчимд олгогдсон ХV-19909 дүгээр тусгай зөвшөөрлийг “Мөнгөн нахиа” ХХК-д анх олгосон шийдвэр, “Мөнгөн нахиа” ХХК-иас “Могул майнинг партнерс ХХК-д шилжүүлсэн шийдвэрүүд хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШЗ2017/7452 дугаар захирамжаар “Төв аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж буй иргэн А.Даш нарын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох “Ашигт малтмал, газрын тосны газрын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6/9180 тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэлд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус мэдэгдэлд зохих журмын дагуу хариу хүргүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн.   

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 123/ШШ2018/0011 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Засаг даргад холбогдох, иргэн А.Даш нарын “Ашигт малтмал, газрын тосны газрын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6/9180 тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэлд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус мэдэгдэлд зохих журмын дагуу хариу хүргүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч А.Даш нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шуудангаар хүргүүлсэн. Нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргаагүй байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШЗ2018/2530 дугаар захирамжаар иргэн А.Даш нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан зэрэг нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжууд болон Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэрийг гардуулсан баримт зэргээр тогтоогдлоо.

Эдгээр нөхцөл байдлуудаас үзвэл 2017 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх бүхий захиргааны байгууллага болон шүүхээс “Могул майнинг партнерс” ХХК-нд олгосон ХV-019909 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргаагүй, тодруулбал нэхэмжлэгч нь 2017 онд хүчин төгөлдөр ХV-019909 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу эзэмшиж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Үүнээс гадна Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байршилтай “Могул майнинг партнерс” ХХК-ийн ХV-019909 тоот тусгай зөвшөөрөлтэй 6402.72 гектар талбай нь тус сумын иргэн А.Даш, Б.Нарантуяа, Э.Баярсайхан нарын эзэмшилд олгогдсон өвөлжөөний зориулалттай газруудтай давхцалтай, иргэн Ө.Бадамсүрэнгийн эзэмшилд олгосон өвөлжөөний зориулалттай газартай давхцалгүй, сумын Засаг дарга нь Э.Баярсайханд газар эзэмшүүлсэн захирамж гаргаагүй болох нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 07/194 тоот “Шинжээчийн дүгнэлт”-ээр тогтоогдож байх боловч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс ХV-019909 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр олгогдсоны дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Алтанбулаг сумын Засаг дарга нь Б/1305, Б/1322, Б/1423 дугаар захирамжуудаар иргэн А.Даш, Ө.Бадамсүрэн, Б.Нарантуяа нарт өвөлжөөний  зориулалтаар газар эзэмшүүлж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж буй иргэн А.Даш нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох “Төв аймгийн Алтанбулаг сумын 4-р багийн нутаг Арвижих орчимд олгогдсон ХV-19909 дүгээр тусгай зөвшөөрлийг “Мөнгөн нахиа” ХХК-д анх олгосон шийдвэр, “Мөнгөн нахиа” ХХК-иас “Могул майнинг партнерс ХХК-д шилжүүлсэн шийдвэрүүд хууль бус болохыг тогтоолгох” тухай захиргааны маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдох “Могул майнинг партнерс” ХХК-ийн “тусгай зөвшөөрөлтэй талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Алтанбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус төлөвлөгөөг батлахыг Алтанбулаг сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлтэй  захиргааны хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, тодруулбал тухайн хэргийн улмаас нэхэмжлэгч, хариуцагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 38...дугаар зүйлд заасан үүргийг биелүүлнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ”, 38.1.1-д тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сумын Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.2-д “...төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах”, 38.1.3-д “энэ хуулийн 38.1.1-т заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.2-д “сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3...-д заасан төлөвлөгөө...-г хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж тус тус заасан байна.

 Харин нэхэмжлэгч нь ХV-019909 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн авсан боловч тухайн талбайн 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад хүргүүлж батлуулаагүйгээс гадна тухайн талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сумын Засаг дарга хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байжээ.

 Гэтэл Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга нь ХV-019909 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зөрчиж тусгай зөвшөөрөл олгогдсон” гэх үндэслэлээр батлахаас татгалзсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх”, 4.2.5-т “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчим зэрэгт нийцээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Тодруулбал, хариуцагч нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн  тусгай зөвшөөрөлтэй талбайд явуулж буй үйл ажиллагаа буюу түүний тухайн талбайд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь Ашигт малтмалын тухай хууль, тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор ...байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулах”, 38.1.2-т “энэ хуулийн 38.1.1-т заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглах болон нөхөн сэргээх арга хэмжээг тусгах” гэж тус тус заасан шаардлагыг хангаж буй эсэхийг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сумын Засаг дарга ... төлөвлөгөө...-г хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх” гэж заасны дагуу хянан шалгаж, түүнийг батлах эрх, үүрэгтэй байх боловч энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, тухайн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэлдээ Ашигт малтмалын тухай хууль зөрчигдсөн тухай дурьдаагүйгээс гадна “байгаль орчны менежментийн төлөвлөгөө хуульд заасан шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр маргаагүй байна.

Ийнхүү хариуцагчийн “Могул майнинг партнерс” ХХК-ийн хайгуулын зөвшөөрөлтэй талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахаас  татгалзсан эс үйлдэхүй хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ...сумын Засаг даргаар батлуулах” үүргээ гүйцэтгэх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тухайн төлөвлөгөөг батлах эрх, үүргээ хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Үүнээс гадна “Мөнгөн нахиа” ХХК болон “Могул майнинг партнерс” ХХК нь 2016 онд ХV-019909 дугаартай хайгуулын зөвшөөрөлтэй талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж Алтанбулаг сумын Засаг даргаар батлуулаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2016 онд анх тусгай зөвшөөрлийг “Мөнгөн нахиа” ХХК-д олгож, дараа нь 2016 онд тусгай зөвшөөрлийг манай компани шилжүүлж авсан тул төлөвлөгөө боловсруулж батлуулах боломжгүй байсан” гэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2016 онд 019909 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигчээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулахаар ирүүлээгүй” гэсэн тайлбараар тогтоогдож байх боловч хариуцагч нь энэхүү үндэслэлийг тусгай зөвшөөрөлтэй талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05/364 тоот албан бичигт заагаагүй байх тул шүүх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Могул майнинг партнерс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Могул майнинг партнерс” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ОДСҮРЭН

 

 

 

 


[1] Хавтас хэргийн 6-р хуудас,