Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2020/0901/З |
Дугаар | 221/МА2021/0654 |
Огноо | 2021-12-03 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2021/0654
Ш.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч У.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 617 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Ш.Б-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 617 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Ш.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1154 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ...Шүүх өмнө нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон нөхцөл байдлыг дахин дүгнэхгүй гэдэг байдлаар дүгнэлт хийсэн нь одоо маргаж буй маргааны бодит үйл баримтыг зөв үнэлж дүгнээгүй, хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг хязгаарласан, зөрчсөн гэж үзэж байна.
Өмнө Н.Худ нарын иргэдээс маргаан бүхий газартай холбоотой гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь одоо маргаж буй нийслэлийн Засаг даргын захирамжаас огт өөр, 2012 онд анх олгосон газрын захирамжтай маргасан бөгөөд маргаан бүхий захирамжтай хамааралгүй юм.
Ш.Б нь хүчингүй болсон архитектур төлөвлөлтийн даалгавраа сунгуулах, шинээр хийлгэх, барилгын зураг хийлгэх зэрэг нэг ч үйлдэл хийгдээгүй байдаг бөгөөд ямар нэгэн үйлдэл хийсэн талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй болно. Энэ нь нэхэмжлэгч уг уг газраа үйлчилгээний зориулалтаар цаашид ашиглах хүсэл, зориг үйл ажиллагаа дууссан болох нь харагдаж байна.
Мөн газар эзэмшигч хууль зөрчиж тухайн газрыг худалдан борлуулахаар зар өгсөн үйл баримт нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах хүсэл зориг үнэхээр байсан эсэх, мөн 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх тодорхой баримтууд хавтаст хэрэгт байхгүй юм.
Бодит байдал дээр ч анхнаасаа уг газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, ашиглах биш ашиг хонжоо хайж, газрыг хууль бусаар дамлан зарж ирсэн болох нь харагддаг.
Нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан эсэх, гомдлыг хуульд заасан 30 хоногийн дотор гаргасан нь тодорхойгүй, энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй байхад шүүх дан ганц нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Ш.Б-т хариу өгсөн албан бичгийг үндэслэл болгож урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай юм.
Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар уг хариуг авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дотор тусгай журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэтэл хуулиар нарийвчлан зохицуулсан тусгай журмыг зөрчиж, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр, хуульд заасан ерөнхий 30 хоногийн хугацааг удирдлага болгож, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/1154 дүгээр захирамжаар “уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, тухайн газрыг худалдахаар нийтэд зарласан нь цаашид ч уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахгүй болох нь тогтоогдож байна” хэмээн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ш.Б-ийн газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Ш.Б-т Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт үйлчилгээний зориулалтаар 216 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37, уг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаар захирамж, Ш.Б-ийн нэр дээрх үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2017 онд сунгагдсан зураг төслийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай, Д.Х нарын нэр бүхий иргэдийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг 3 шатны шүүхээр хянагдаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 671 дүгээр шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байна.
Ийнхүү хяналтын шатны шүүхийн тогтоолоор “... нийслэлийн Засаг даргын 2012 оны А/37, 2017 оны А/92 дугаар захирамжууд ... Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй” талаар дүгнэж, шийдвэрлэсний дараагаар нэхэмжлэгч Ш.Б-өөс тухайн газраа худалдан борлуулахаар “О” ХХК-тай зуучлалын гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон байх бөгөөд газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, үүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглоогүй байна.
Гэтэл хариуцагчаас “тухайн газрыг худалдахаар нийтэд зарласан нь цаашид уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахгүй болох нь тогтоогдож байна” хэмээн дээрх үйл баримтыг маргаан бүхий актын үндэслэл болгон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлд хамруулан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй.
Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд юун түрүүнд захиргааны байгууллага газар эзэмшигч үнэхээр “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” эсэхийг шалган тогтоох үүрэгтэй.
Энэхүү үүргээ хариуцагч захиргааны байгууллага бүрэн гүйцэт биелүүлээгүй, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй атлаа хуульд байхгүй “тухайн газрыг худалдахаар нийтэд зарласан нь цаашид уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахгүй болох нь тогтоогдож байна” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдсан нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Ш.Б-өөс маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1154 дүгээр захирамжийг эс зөвшөөрч захиргааны байгууллагад өөрт нь хандаж, улмаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 07/6414 дүгээр албан бичгээр “...уг асуудлыг шүүх, хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өгсний дагуу 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэдийгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” хэмээн заасан боловч Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэж зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар нийслэлийн Засаг даргад өөрт нь гомдол гаргасныг шууд буруутгах үндэслэлгүй тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 617 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН