Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 48

 

“Арвин шар зам” хоршооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00885 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Арвин шар зам” хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Гантуулд холбогдох

 

Гэм хорын хохирол 13 914 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бямбадорж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа,

Хариуцагч Ж.Гантуул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Бямбадорж нь “Арвин шар зам” хоршоонд харьяалагдан зорчигч тээвэрлэдэг бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотоос Эрдэнэтийн чиглэлд 12 65 ОРХ улсын дугаартай соната-7 маркийн автомашинтайгаа төв зам болох Бороо гоулдын давааг өгсөж явахад урдаас приус маркийн 35 64 УБТ улсын дугаартай автомашин урсгал сөрж, үргэлжилсэн цагаан шугамыг даван, өөдөөс ирж мөргөн осол гаргасан. Миний өмч хөрөнгө болох машиныг дайрч ямар ч ашиглах боломжгүй, урд эд анги бүгд эвдэрч хэмхэрсэн болно.

Нийт 13 914 000 төгрөгийн хохирол нэхэмжилж байснаас машинд учирсан хохирол 9 680 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг даатгалаас авсан. Үүнтэй холбогдуулаад дараах байдлаар хохирлоо нэхэмжилж байна. Үүнд:

Монголын хохирлын үнэлгээчлийн үнэлгээгээр тогтоогдсон 4 680 000 төгрөг, “Ашид билгүүн” ХХК-аар хохирлын үнэлгээ хийлгүүлсэн хөлс 416 000 төгрөг, баруун хараагаас Эрдэнэт хүртэл том ачааны машинаар зөөж аваачсан 500 000 төгрөг, ачааны машинд кран хөлсөлсөн 40 000 төгрөг, Эрдэнэтээс Дархан орж үнэлгээний ажилтан авч Баруун хараа ороход гаргасан шатахууны зардал 70 000 төгрөг, Баруун хараагаас Эрдэнэт рүү машинаа ачуулах гэж ирж очихын шатахууны зардал 70 000 төгрөг, Эрдэнэтээс Зүүн хараа орж хэргийн материалтай танилцахаар явахад машины газ 130 000 төгрөг, машины эвдрэлийн улмаас УБ-Эрдэнэт чиглэлд маршрутад яваагүй 1-3 дугаар сарын алданги төлбөрт 3 000 000 төгрөг, нотариатын зардал 8 000 төгрөг, нийт 8 914 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Гантуул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авто осол нь “Арвин шар зам” хоршооны жолооч Л.Бямбадорж зорчигч тээвэрлэж таксинд явж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2, 9.3, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 3.5 дахь заалтыг зөрчсөний улмаас гарсан. Л.Бямбадорж нь хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн ч 105-101 ш хурдтай явж байгаад тээврийн хэрэгслийн хурдыг хасаагүй, зогсох арга хэмжээ аваагүй тул осол гаргах шалтгаан болсон гэж түүнд Цагдаагийн байгууллагаас захиргааны арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл, харилцан буруутай болохыг тогтоосон байгаа юм. Даатгалаас 5 000 000 төгрөгийг Л.Бямбадоржид гаргаж өгсөн. Миний машинд 6 698 000 төгрөгийн хохирол гарсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Уг тээврийн хэрэгслийг хүнээс худалдаж авсны дараа барьцаалаад, барьцаалсан хүний нэр дээр бүртгэл нь хийгдсэн. Энэ машин нь миний машин мөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч Ж.Гантуулаас 2 572 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Арвин шар зам” хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 342 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэггийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ж.Гантуулаас 56 102 төгрөг гаргуулан “Арвин шар зам” хоршоонд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00885 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч “Арвин шар зам” хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бямбадорж нь хариуцагч Ж.Гантуулаас гэм хорын хохиролд нийт 13 914 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Мандал женерал даатгал” ХХК-аас даатгалын мөнгө 5 000 000 төгрөг олгогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөг хасаж үлдэх 8 914 000 төгрөгийг хариуцагч Ж.Гантуулаас гаргуулахаар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Жолооч Л.Бямбадорж нь “Арвин шар зам” хоршоонд хувь хөрөнгө нийлүүлж, хоршооны гишүүнд элсэж, хоршоо нь хот хоорондын тээвэр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсанаар хот хоорондод зорчигч тээвэрлэн, тээвэрлэлтийн орлогоосоо хоршоондоо хувь нийлүүлэх замаар хамтран ажилладаг байна.

Хоршооны гишүүн Л.Бямбадорж нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос 12 65 ОРХ улсын дугаартай авто машиндаа 4 хүн суулган Орхон аймаг руу гарсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг хоёр даваа /Броу гоулдын даваа/ өгсөөд явж байтал гэнэт эсрэг урсгалаас приус маркийн автомашин урсгал сөрж ирэн мөргөлдсөн. Харин аз болоход 4 зорчигчийн биед гэмтэл учраагүй, машинд маш их хэмжээний гэмтэл учирч дахин хүн тээвэрлэлт хийх боломжгүй болсон байна.

Авто ослыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтэс шалгасан, хэрэг шалгах явцад Замын цагдаагийн хэлтсийн байцаагч ослын дүгнэлт гаргаж 35 64 улсын дугаартай приус маркийн автомашины жолооч Ж.Гантуулыг Замын хөдөлгөөний дүрмийн 8 дүгээр зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг заалтыг зөрчсөний улмаас автомашины осол гарахад шууд нөлөөлсөн буруутай гэж дүгнэсэн.

Автомашины осол гарахад жолооч Ж.Гантуул буруутай болохыг цагдаагийн хэлтсийн шинжээч тогтоосон байтал анхан шатны шүүх жолооч Л.Бямбадоржийг буруутган Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дахь хэсгийг зөрчсөн нь зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй гэж хохирлыг талуудад тэнцүү хэмжээгээр хариуцуулсан нь буруу гэж үзэж байна.

Анхан шатны шүүх жолооч Л.Бямбадоржийг буруутгасан үндэслэлээ шүүхийн шийдвэрт тайлбарлахдаа “... Авто тээврийн үндэсний төвийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 3/170 тоот албан бичгээр жолооч Л.Бямбадорж зам тээврийн осол болох үед 101 км/цагийн хурдтай явж байсныг тогтоосон” гэжээ.

Автомашины осол 13 цагийн үед болсон харин автомашины хурдыг тодорхойлсон газар осол болохоос өмнө тухайлбал 12 цаг 22 минутын орчим 101 км/цаг гэж гарсан байдаг, машины хурдыг хэмжигч төхөөрөмж бүх замын турш ажилладаггүй харин осол болохоос 30 минутын өмнө заасан байдаг. Осол болох үед жолооч Л.Бямбадорж хоёр даваа буюу Броу голдын даваа өгсөж явсан тул 101 км/цагийн хурд буурах ёстой. Даваа өгсөж яваа авто машины хурдаа хасдаг.

Хэрвээ хурд хэтрүүлж явсан бол замын цагдаагийн хэлтсийн байцаагч дүгнэлт гаргахдаа жолооч Л.Бямбадоржийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзээгүй. Гэтэл жолооч Ж.Гантуулыг хурд тохируулж яваагүй гэж шинжээчийн дүгнэлтээр үзсэн.

Жолооч Ж.Гантуулын өмгөөлөгчийн гомдлоор Авто тээврийн үндэсний төв хурд хэмжигч ажиллаж байх үед 101 км/цаг хурдтай явж байсан гэж үзсэнийг Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар хариу мэдэгдэх хуудсаар ... хэрэгт цугларсан нотлох баримтаар таны үйлчлүүлэгч Ж.Гантуул замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс уг осол гарсан болох нь хангалттай тогтоогдож байх тул дахин шинжээч томилох нөхцөл байдал шалтгаан тогтоогдохгүй байна гэсэн хариу өгч жолооч Л.Бямбадоржийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу 19 200 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан.

Осол болохоос өмнө хурд хэтрүүлэн явсан нөхцөл байдал зам тээврийн осол гарахад ямар ч хамааралгүй. Ослын улмаас учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа нь буруу. Осол гарахад хэн буруутай замын хөдөлгөөний дүрмийг аль жолооч зөрчсөнөөс осол болсон, ослын улмаас учирсан гэм хорыг хэн хариуцах нь шинжээчийн дүгнэлт буюу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч хариуцах ёстой.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэлийн шаардлагаас 3 770 000 төгрөгийн хохирол бодитоор, тээврийн хэрэгслийн осолтой шалтгаант холбоотойгоор учирсан үйл баримт тогтоогдоогүй, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч тал нотолж чадаагүй болно” гэжээ.

Хэрэгсэхгүй болгосон нотлох баримтуудыг дараах байдлаар нотолж мэтгэлцэж байгаа.

Үүнд: 1. Зам тээврийн осол болсоны дараа жолооч Л.Бямбадоржийн машин замын хөдөлгөөнд оролцох ямар ч боломжгүй тиймээс хээр гадаа байгаа машиныг крантай машин хөлслөн ачиж явахаас өөр ямар ч арга байхгүй. Ингээд крантай машин 500 000 төгрөгөөр хөлслөн Баруунхараагаас Эрдэнэт /Орхон/ аймагт авчирсан. Энэ зардал осолтой холбоотой зардал мөнөөсөө мөн. Зам тээврийн осол болоогүй бол автомашиныг крантай машинаар ачиж явах уу, эсвэл машин замын хөдөлгөөнд оролцох боломжтой болтлоо осол болсон зам дээрээ хэвтэж байх ёстой юм уу. Шүүгч ингэж үзэж байгаа бололтой. Хэргийн материалын 32 дугаар хуудсанд н.Батжаргалын тодорхойлолтоор нотлогдох үндэслэлтэй.

Автомашин бензинээр явдаг учир шатахууны зардлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Машинд бензин хийснийг нотолж шатахуун түгээх газрын баримт, тухайн жолоочийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэргийг хэрэгт өгсөн. Өөр ямар нотлох баримт хэрэгтэй болохыг шүүхийн шийдвэрт дурьдсангүй.

Жолооч Л.Бямбадоржийн буюу “Арвин шар зам” хоршооны олох ёстой байсан орлогыг тээврийн хэрэгслийн осолтой шалтгаант холбоогүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй гэж шийдвэрт дурьджээ.

Хоршоо гэдэг нь Хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ.

“Арвин шар зам” хоршоо нь хуулийн дагуу байгуулагдсан, үйл ажиллагаа нь хот хоорондын зорчигч тээвэрлэн ашиг олох зорилготой. Хэрэгт авагдсан баримтаар хоршооны олгосон замын хуудсыг явж байгаа чиглэлдээ бүртгүүлнэ, тооцооны хуудас гэсэн баримтаар Авто тээврийн үндэсний төвийн харъяа Сонгинохайрхан дүүргийн Авто тээврийн төв буюу бидний хэлж сурсанаар Дргаон төвд УБ хотоос гарахдаа тээврийн зардлыг тушааж, дараа нь уг төв “Арвин шар зам” хоршооны дансанд ХААН банкаар гуйвуулсан болох нь дансны хуулга зэрэг нотлох баримтаар хангалтгай нотлогдож байхад шүүх хэдэн тээврийн хэрэгслээр зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг, ямар чиглэлүүдэд явдаг, тогтмол орлогын дунджийг тодорхойлох боломжгүй түүн дотроо 12-65 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл сул зогссоноор хэдэн төгрөгийн орлого алдаж байгааг тогтоох боломжгүй гэжээ.

Хэргийн 87-91 дүгээр хуудаснуудад байгаа нотлох баримтаар 12 65 ОРХ улсын дугаартай автомашин сард хэдэн удаа тээвэр хийсэн нь тодорхой л байх юм. Мөн байгууллагын товчоо тайлан гэсэн баримтанд 12 65 ОРХ автомашин сард хэдэн удаа тээвэрлэлт хийж байгааг тогтоох боломжтой.

Хэдэн хүн нэгдэж байгуулсан хоршоо өөр ямар баримт гаргаж өгөх юм бүү мэд. Өмгөөлөгчийн хувьд тэдгээр нотлох баримтыг хангалттай л гэж үзэж байгаа. Харин хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн орлогыг тодорхойлох хэцүү байдаг.Энэ хоршоо харин ч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, гишүүд нь ашигтай, орлоготой байгаа нь тодорхой байна.

Харин шүүх ямар өнцгөөс яаж хараад нэхэмжлэлийн шаардлагаас ихэнх хувийг хэрэгсэхгүй болгож байгаа, замын цагдаагийн хэлтсийн шинжээчийн зам тээврийн осол дээр тогтоосон дүгнэлтийг хэрхэн үнэлж байгааг хуульчийн хувьд гайхаж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадсангүй гэж үзэж гомдол гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 181/ШШ2016/00885 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж “Арвин шар зам” хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бямбадоржийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 6 342 000 төгрөгийг хариуцагч Ж.Гантуулаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Арвин шар зам” хоршоо нь хариуцагч Ж.Гантуулд холбогдуулж гэм хорын хохирол 13 914 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 3 дугаар багийн 2 даваа гэх газарт зам тээврийн осол гарсан талаар маргаагүй ба харин зам тээврийн осол хэний гэм буруутай үйлдлээс болсон талаар маргаж байна.

 

Хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол, үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 122 тоот шинжээчийн дүгнэлт, 12 65 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо”-ны 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, автомашины техникийн үнэлгээний тайлан, “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ОРА-1642 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан, үнэлгээ хийлгүүлэхэд зардал төлсөн зэрэг бичгийн баримтуудын хуулбар нь нотариатчаар гэрчлүүлсэн байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасныг шүүх зөрчжээ.

/хэргийн 13-23 дугаар тал/

 

Иймд давж заалдах шатны шүүх дээрх зөрчлүүдийг арилгаж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00885 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                          

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                    С.ЭНХТӨР