Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 055

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч А.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, А.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие 1989-1993 он хүртэл аав ******* гэр бүлд багтаж Алдархаан сумын ******* *******д мал маллаж байсан. Дээрх он жилүүдэд хөдөлмөрлөж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Миний 1992 оны баримт бичиг, материал сумын архивтай шатсан учир архивт лавлагаа нь байхгүй байгаа болно гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.******* нь 1989 оноос 1993 онуудад Завхан аймгийн Алдархаан сумын Партизан ******* *******д мал маллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч А.******* нь 1973 оны 09-р сарын 30-ны өдөр төрсөн болох нь түүний цахим үнэмлэхээр тогтоогдож байна. Иймд түүнийг 1989 оны 09-р сарын 30-нд 16 нас хүрч хөдөлмөрлөх эрх үүссэн гэж үзэхээр байна.

Завхан аймгийн Архивын тасгийн 2013 оны 03-р сарын 25-ны өдрийн А/1032 тоот лавлагаанд А.******* нь Алдархаан сумын Партизан ******* нэгдлийн Богдын гол бригадад мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: өөрийн нэрээр тооцсон хөлс үгүй харин эцэг Агваанзундуйгийн нэрээр тооцсон хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн 70-р дансанд тусгагдсанаар жагсаавал: 1989 онд 1119,25 төг, 7-12-р сар, 1990 онд 1365,02 төг, 1-12-р сар, 1991 онд 2194,05 төг, 1-12-р сар, 1993 онд 3608,75 төг, 1-12-р сар Дээрх бригадын 1992 оны баримт шилжигдэн ирээгүй байна гэжээ.

Түүнийг эцэг эхийн хамт нэгдлийн мал маллаж байсан талаар гэрч ажиллаж байсан байдлын талаар гэрч Ж.А.******* нь сумын сургуулийн 4-р ангийг төгсөөд аав ээжийн хамт нэгдлийн мал маллаж байсан юм. Яг он сарыг нь тодорхой мэдэхгүй ч ерөнхийд нь *******ыг мэднээ. Аавыг нь Агваанзундуй гэж хүн байсан юм. Бид айл саахалт олон жил явсан болохоор би *******ыг сайн мэддэг юм. Батцэнгэл гэдэг залуутай айл гэр болоод мөн малаа малласаар өдий хүрсэн юм. Би 1976-1989 он хүртэл аймгийн 20-р баазад жолоочоор ажиллаж байгаад тэрнээс хойш одоог хүртэл ******* нийгэм хувийнхаа малыг маллаж байна гэж мэдүүлсэн,

Гэрч Ц.******* А.******* нь сумын сургуулийн дотуур байранд амьдарч дунд сургуулийн 5-р ангийг төгсөөд аав ээжийн хамт нэгдлийн мал малласан юм. Аавыг нь Агваанзундуй гэж хүн байсан юм. Би угаасаа Алдархааных сургуульд ерөөсөө суугаагүй аав ээжтэйгээ нэгдлийн мал маллаж байгаад хүнтэй суугаад мөн малаа маллаж байгаад аймаг дээр орж ирээд 10-аад жил болж байна. Манайх эднийхтэй айл саахалт олон жил явсан болохоор бид бие биеээ сайн мэддэг юм гэж мэдүүлсэн,

Гэрч Ж.******* А.******* нь сумын сургуулийн 5-р ангийг төгсөөд аав ээжийн хамт нэгдлийн мал маллаж байсан юм. Аавыг нь Жамбажавын Агваанзундуй гэж хүн байсан юм. Бид айл саахалт олон жил явсан болохоор би энэ хүүхдийг сайн мэддэг юм. Энэ хүүхэд ийш тийшээ ерөөсөө яваагүй бага ангиа дүүргээд л мал дээр гарсан, тэгээд хүнтэй суугаад олон хүүхэдтэй болсон юм байна лээ. Яг оныг нь хэлж мэдэхгүй ч ерөнхийдөө энэ хүүхдийн тухай хэлэхэд ийм л байна даа гэж мэдүүлсэн байна.

Хүсэлт гаргагч А.*******ын нэрээр архивын лавлагаа гарч ирээгүй хэдий ч тэрээр сумын сургуулийг төгсч илгээлтээр мал дээр гарч эцэг эхийн хамт нэгдлийн мал маллаж байсан болох нь дээрх гэрчүүдийн мэдүүлгүүд болон Архивын лавлагаагаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, хэсэгт заасныг баримтлан ******* овгийн ******* *******ыг 1989 оны 09-р сарын 30-ны өдрөөс 1993 оны 12-р сарын 31-нийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Алдархаан сумын Партизан ******* нэгдлийн Богдын гол бригадад мал маллаж байснаар тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ