Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 00026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 Н.Улсболд

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 С.Сувдаа

              Шүүгдэгч                                          Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын  зөвлөх Э.Гантулгаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Хүчит чуулган овогт Түдэвийн Эд холбогдох 1932002410012 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн,51 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цооног өрөмдөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодохой ажилгүй, *тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хүчит чуулган овогтой Түдэвийн Э РД. *

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Яллагдагч Т.Э нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан "машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтанд оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл гэрчилгээ авсан байх" гэсэн хуулийн заалтыг зөрчин зөвшөөрөлгүйгээр хөрөө рам ажиллуулж, иргэн Г.Оыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан "Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэсэн хуулийн заалтыг тус тус зөрчин ажиллуулсны улмаас зүсэж байсан мод нь харваж хэвлий тус газарт цохисны улмаас биед нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ: Тухайн өдөр нэг хүн 20 боодол прус мод авъя гээд 20 банз ачиж ирээд зүссэн юм. Тэгээд би машинаа гаргах гээд машин хий эргээд байхаар нь урагшаа хойшоо холхиулж байгаад гаргаж ирээд эргээд зогссон чинь О уначихсан байсан юм. Юу болсон бэ гэхэд мод харвачихлаа гэсэн. Цамцыг нь сөхөөд үзхэд ямар ч гадна талдаа шарх сорви байгаагүй. Тэгээд өргөөд модон дээр суулгаад биеийг нь асуухад шар ногоон юмаар бөөлжөөд байхаар нь эмнэлэг явах уу гэхэд жаахан байж бай гээд жаахан сууж байгаад бүр их өвдөөд эвхрээд болохгүй болохоор нь эмнэлэг аваад явсан юм. Шууд эмнэлэгт авч яваад өвчин нгамдаах тариа хийгээд эход харуултал яаралтай хагалгаанд оруулах хэрэгтэй гээд шууд хоёр цагийн үед хагалгаанд орсон боловч маргааш нь бас болохгүй байна гээд гэмтэл рүү 13 аваад явсан юм. Би өөрөө гэмтэл рүү маргааш нь авч явсан юм.Гэмтэлд дахиж хагалгаанд сайхан болсон юм гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Оын өгсөн: "...2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр намайг гэртээ байж байхад 11 цаг 00 минутын орчим Т.Э надруу залгаад хүн брүс /мод/ авахаар захиалга өгчихлөө чи ирээд хорин боодол брүс зүсээд өг мөнгийг нь өгье гэж хэлсэн. Би зөвшөөрөөд Т.Эий тавцантай дугуй хөрөө ажиллуулдаг хашаанд яваад очсон. Намайг очиход Т.Э, Б.Дб миний төрсөн ах Ганбаатар гурав байж байсан. Манай ах Г.Ганбаатар тэнд сахиул хийдэг юм. Ганбаатар ах түлээ хөрөөдөөд завгүй байсан. Ингээд Б.Дб бид хоёр 30x15 хэмжээтэй 4 метрийн урттай 3 ширхэг палк зүсэж 5x5 брүс гаргахаар болсон. Ингээд палкаа зүсээд дуустал 14 ширхэг брүс дутсан. Өөр рам дээрээс 20 ширхэг бандгар зах банз авяраад дахиад брүс зүссэн. Тэгтэл нэг бүдүүн яртай банз зүстэл ярыг нь хөрөө гүйцэд давж хөрөөдөөгүй. Б.Дб бид хоёр банзаа хажуу тийш хөрөөний тавцан дээр авч тавиад дутуу хөрөөдөгдсөн яртай талыг салгах гээд би өөрийнхөө талыг татаад салгаад Дбт ахын дүү наад хэсгээ салгачих гэтэл Дб банзыг хоёр тийш нь салгасан. Тэгтэл салгасан яртай талын хэсэг нь хөрөөнд ороод миний хэвлий тус газар цохьсон. Ингээд би босох гэтэл хэвлийгээр өвдөөд босч чадахгүй байсан. Энэ үед Т.Э ах ирээд яав юу болов гээд намайг өргөж босгоод модог дээр суулгасан. Би модон дээр сууж байтал дотор муухайраад шар өнгөтэй зүйлээр хоёр удаа бөөлжсөн. Ээ ах болохоо болилоо гээд намайг эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг эхогоор хараад нарийн гэдэс тасарсан байна гээд намайг 14 цагийн орчим хагалгаанд оруулсан... Дб бид 2 банзныхаа хоёр талаас цуг салгасан. Бид хоёрыг банзаа салгаж байхад банз холбироод хөрөөнд ороод намайг онож гэмтэл учруулсан. Ээ ах миний эмчилгээний зардлыг бүрэн гаргаж байгаа учир надад Ээ ахаас нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Дбын өгсөн: "...Өнөөдөр би 3-р багийн байрны ард үйл ажиллагаа явуулдаг "Ээ гэх а^ын дугуй хөрөөн дээр О ахын хамт өдөр 11 цагаас эхлэн бандгар хэрэгцээний зах банз зүсэж брүс мод бэлтэгж байсан. Тэгээд өдөр 12 цагийн үед нэг бандгар зах банзыг хөрөөнд оруулсан чинь уг зах банз нь яртай байгаад хөрөөний ир банзны ярыг давж гараагүй юм. Тэгэхээр нь О ах бид 2 хөрөөнд оруулсан бандгар зах банзаа хөрөөний хажуу талын тавцан дээр гаргаад ярандаа баригдаад дутуу зүсэгдсэн банзыг хуулж авах үед уг мод маань холбироод асаалттай байсан хөрөөрүү орсон. Тэгээд хөрөөнд орсон мод буцаж хүстэй харваж түлхэгдээд О ахын гэдэс, хэвлий орчим цохьсон. Тухайн үед О ах эвхэрч унаад босож ирсэнээ шар юмаар бөөлжөөд байсан. Намайг яаж байна гэхэд зүгээр зүгээр одоо ингэж байгаад зүгээр болох байх гэсэн. Тэгээд сүүлдээ зүгээр болохгүй өвдөөд байна гэхээр нь Ээ ах эмнэлэг явъя гээд О ахыг аваад эмнэлэг явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №7 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Г.Оын биед нарийн гэдэсний тасралт, чацархайн няцралт, цусан хураа, хурц цус алдалт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх  боломжтой.
  2. Г.Оын эрүүл мэндэд учирсан гэмтэл хэрэг учрал болох үед үүсгэгдсэн байх боломжтойг тогтоох боломжгүй. Анхны хагалгааг хийсэн мэс заслын эмчээс тодруулах боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." /хх-ийн 28-р хуудас/ болон  

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 72 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 73 дугаар хуудас/, яллагдагчийн гарын хурууны дардас /ХХ-ийн 76 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 77 дугаар хуудас/, захиргааны зөрчил шалгах хуудас /ХХ-ийн 78-82 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан "машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтанд оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл гэрчилгээ авсан байх" гэсэн хуулийн заалтыг зөрчин зөвшөөрөлгүйгээр хөрөө рам ажиллуулж, иргэн Г.Оыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан "Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэсэн хуулийн заалтыг тус тус зөрчин ажиллуулсны улмаас зүсэж байсан мод нь харваж хэвлий тус газарт цохисны улмаас биед нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Оын мэдүүлэг  /хх-ийн 15-17-р хуудас/, гэрч Б.Дбын мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №7 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/, яллагдагч Т.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Т.Эийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан "машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтанд оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл гэрчилгээ авсан байх" гэсэн хуулийн заалтыг зөрчин зөвшөөрөлгүйгээр хөрөө рам ажиллуулж, иргэн Г.Оыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан "Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэсэн хуулийн заалтыг тус тус зөрчин ажиллуулсны улмаас зүсэж байсан мод нь харваж хэвлий тус газарт цохисны улмаас биед нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан   гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Эийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Т.Эд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан  хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурьдаад

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Хүчит чуулган овогтой Түдэвийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эд хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Т.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг  тус тус дурьдсугай. 

5. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Б.АЛТАНЦЭЦЭГ