Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 0563

 

   Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт Б.Дийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008010150497 дугаар эрүүгийн 2 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Алтайн буудай” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тогоруутан овогт Баасанцэрэнгийн Д /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Д нь 2020 оны 02 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны автомашины зогсоолд байрлуулсан иргэн Х.Хгийн 2931 УАА улсын дугаартай Тоёота Аллион маркийн автомашины 4 ширхэг обудтай 750.000 төгрөгийн үнэ бүхий дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар хулгайлан авах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 02 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө найзындаа очиж хоол идээд гарахдаа тухайн машины дугуйг харсан. Тэгээд халтууранд явж байгаад 16-ны шөнө 02 цагийн үед ирж дугуйг авсан. Машинаа хол тавьсан байсан. Миний буруу. 33-71 УНУ  улсын дугаартай машинтай явж байсан. Уг авсан дугуйны хэмжээг жижигрүүлж, өөрийн машиндаа тавьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Дугуйг буцааж өгөөд хохиролгүй болгосон” гэв.

 

Эрүүгийн 2008010150497 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Х.Хн: “...2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би ажлаасаа буугаад 2931 УАА улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Аллион” маркийн тээврийн хэрэгслийг байрныхаа машины зогсоол дээр буюу гражийн дунд баруун тал руу харуулан байрлуулаад орж амарсан. 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 07 цаг 50 минутын үед ажилдаа явах гээд машин дээрээ очиход машины дөрвөн дугуйг хулгайлчихсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би уг дугуйг 2019 оны 7 дугаар сард 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн обуд нь гоёлын, спорт загварын, шар өнгийн, 17-той 9 ж гэдэг нэртэй обуд байсан. Харин өвлийн дугуйг нь хамт нийтэд нь бодоод авчихсан. Би обудаа хараад шууд таних бөгөөд уг обуд нь Монголд гуравхан ширхэг байдаг. Ойр 5, хол 5 нүхтэй, 10 салаатай обуд байсан. Би обудаа одоо 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. 29-31 УАА улсын дугаартай тээврийн Аллион машин нь манай хамаатны дүү Б.Мөнххонгорын нэр дээр байдаг миний эзэмшлийн машин. Би 2020 оны 01 дүгээр сард дүүгээсээ авсан. Худалдаж авчихаад нэрээ шилжүүлж аваагүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-36-37, 218, 2 дугаар хавтас, хх-4/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020.03.24-ний өдрийн 503 дугаар тайланд: “17-той спорт обуд, дугуй 4 ширхэг 750.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-55-56/,

Гэрч Б.Нармандахын: “2020 оны 3 дугаар сарын эхээр эгч Дэмбэрэлнямын төрсөн хүү Д Улаанбаатар хотоос золголт хийхээр Мөрөн суманд ирсэн байсан. Д “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн, машины 4 дугуй нь 17-той, хайлшин обудтай байсан. “Чи ахтайгаа машиныхаа 4 дугуйг сольчих, зөрүүг өгье” гэсэн. Зөвшөөрөөд, зөрүү мөнгийг 4 сард өгөхөөр болж тохиролцсон. Би авсан 4 дугуйгаа өөрийнхөө машиндаа хэрэглэж байсан. Өчигдөр орой 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас ярьж байна гээд ярьснаа “Доос авсан таны машиндаа хэрэглэж байгаа дугуйнууд хулгайн дугуй байна, иймд та яаралтай буцааж явуулах шаардлагатай” гэсэн. Би Доос авсан дугуйнуудаа бүрэн бүтнээр өгч явуулсан. Би хулгайн дугуй гэж мэдээгүй. Цагдаагаас ярих үед мэдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-51-52/,

Шүүгдэгчийн фэйсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Б.Д гэх автомашины зургийг нүүр зураг болгосон хаягтай этгээд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “Автомашины обуд, дугуй авна, зарна, солино”, “Обуд дугуйн худалдаа”, “Обуд, дугуйн хамгийн том групп”, “Obudiin har zah” гэх хуудсууд руу “225 50 17 dugui 215 50 17 solii” гэсэн зарыг байрлуулсан байв” гэжээ /1 дүгээр хавтас, хх-64-67/,

Шүүгдэгч Б.Дийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 15-ны 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны 5 давхарт Түвшинбаярын гэрт очиж хоол идээд гарч яваад цагаан өнгийн “Аллион” машины 17 обудтай дугуйг харсан. Шөнийн 02 цагийн үед 3371 УНУ улсын дугаартай, улаан өнгийн “Приус-20” машинтайгаа буцаж ирээд цагаан өнгийн “Аллион” машины 17 обудтай дугуйг өөрийн машины домакрад, дроцовыг ашиглан тайлаад өөрийнхөө машиныг дугуйны хажуугаар оруулж зогсоогоод дугуйг зөөж машиндаа ачаад гэртээ орж амарсан. Ингээд би дугуйг өөрийн машинд тавиад 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймаг руу явсан. Ингээд манай хамаатны ах Нармандах “гоё дугуй байна, солих уу” гэхээр нь зөвшөөрсөн. Нармандах ахын машины 4 дугуйг өөрийн машиндаа тавиад Улаанбаатар хотод ирээд 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр намайг цагдаагийн газраас дуудаад хулгай хийснийг мэдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-1 дүгээр хавтс, хх-214-215/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020.04.09-ний өдрийн 601 дүгээр тайланд: “33-71 УНУ улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн автомашин 8.000.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-47-48/,

хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол /1 дүгээр хавтас, хх-1/, дуудлага лавлагааны хуудас /1 дүгээр хавтас, хх-3/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-5-7/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-18-27/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-28-30/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-53/, 4 ширхэг дугуй хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-59/, дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-60-62/, эд зүйл хүлээлгэн өгсөн “Б.Доос хураан авсан 4 ширхэг шаргал өнгийн спорт обуд, 215/50R17 размерийн BRIDGESTONE гэсэн бичиглэлтэй дугуйг хураан авсан байсныг иргэн Х.Хд хүлээлгэн өгөв. “Миний обуд мөн байна. Надад санал гомдол байхгүй”” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-63/, автомашин битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-5-9/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар хавтас, хх-16/, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа /2 дугаар хавтас, хх-12/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /2 дугаар хавтас, хх-13/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /2 дугаар хавтас, хх-14/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 дугаар хавтас, хх-15/, дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтас, хх-17/, зээлийн гэрээний хуулбар /2 дугаар хавтас, хх-58-62/, мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /2 дугаар хавтас, хх-63/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1 дүгээр хавтас, хх-211-212/, Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол /2 дугаар хавтас, хх-71-72/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

мөн шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гаргаж өгсөн шүүгдэгч Б.Дийн хувийн байдалтай холбоотой “Алтайн буудай” ХХК, “Ай эм бэ эм моушин” ХХК, “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн тодорхойлолт зэрэг 4 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Харин шүүгдэгч Б.Дийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020.03.24-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-47-49/-ийг шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д нь 2020 оны 02 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө иргэн Хн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж хулгайлсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй. Дид хулгайлах санаа зорилго анх 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 22 цагт үүссэн. Улмаар шөнө 02 цагт эргэн очиж хулгайлж байгаа. Ингэхийн тулд машинтайгаа очсон...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн дүгнэлтийг өмгөөлөгчийн хувьд зөвшөөрөхгүй. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй. Бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан, харин хулгайлах үйлдэл төгссөний дараа машин механизм ашигласныг ойлгохгүй. Машины 4 дугуйг тайлж тавьчихаад Лабораторийн буудлаас машинаа аваад эргээд ачаад явсныг харуулна. Камерийн бичлэгээр машин 2 минут гарангийн хугацаанд ороод гарснаас үзэхэд шүүгдэгчийн мэдүүлэг нотлогдож байна. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Д нь 2020 оны 02 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны автомашины зогсоолд байрлуулсан иргэн Х.Хн 2931 УАА улсын дугаартай “Тоёота Аллион” маркийн автомашины обудтай, 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Х.Хн “...миний машины дөрвөн ширхэг дугуйг хулгайлчихсан байхаар нь...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-36-37/, гэрч Б.Нармандахын “...Дийн унаж явсан машины 4 дугуй нь 17-той, хайлшин обудтай байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-51-52/, фэйсбүүкт үзлэг хийсэн “...Б.Д гэх автомашины зургийг нүүр зураг болгосон хаягтай этгээд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “Автомашины обуд, дугуй авна, зарна, солино”, “Обуд дугуйн худалдаа”, “Обуд, дугуйн хамгийн том групп”, “Obudiin har zah” гэх хуудсууд руу “225 50 17 dugui 215 50 17 solii” гэсэн зарыг байруулсан байв” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-64-67/, шүүгдэгч Б.Дийн яллагдагчаар өгсөн “...Аллион машины 17 обудтай дугуйг өөрийнхөө 3371 УНУ улсын дугаартай, улаан өнгийн Приус-20 машины дамокрад, дроцовыг ашиглан тайлаад өөрийнхөө машиныг дугуйны хажуугаар оруулж зогсоогоод дугуйг зөөж машиндаа ачаад...” гэх мэдүүлэг /хх-1 дүгээр хавтас, хх-214-215/, дуудлага лавлагааны хуудас /1 дүгээр хавтас, хх-3/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-28-30/, дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-60-62/, дугуй хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-59/, эд зүйл хүлээлгэн өгсөн “Б.Доос хураан авсан 4 ширхэг шаргал өнгийн спорт обуд, 215/50R17 размерийн BRIDGESTONE гэсэн бичиглэлтэй дугуйг хураан авсныг Х.Хд хүлээлгэн өгөв. Х “Миний обуд мөн байна. Надад санал гомдол байхгүй”” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-63/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Дийн 33-71 УНУ улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хохирогч Х.Хн 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгслийг ашиглаагүй, хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайн зүйлийг зөөвөрлөсөн тул машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэхгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал машин механизм ашигласан гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан машин механизм бэлтгэж ашигласныг ойлгоно. Шүүгдэгч Б.Дийн хувьд өөрийн тээврийн хэрэгслийг жолоодон тухайн өдрийн 22 цагийн орчим гэмт хэрэг үйлдэгдсэн газрын орчим найзындаа очоод гарахдаа хохирогчийн тээврийн хэрэгслийн дугуйг харсан, улмаар шөнө 02 цагийн орчим буцан ирж тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг хулгайлан тээврийн хэрэгсэлдээ ачин явсан үйл баримт нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, уг тээврийн хэрэгслийн дугуйг хулгайлан авахаар, зөөж тээвэрлэхээр урьдчилан бэлтгэн ашигласан байх тул өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг төгссөнд тооцно.            

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Хд 750.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд тухайн эд хөрөнгийг хохирогчид гэмт хэрэг үйлдэгдсэний дараа биет байдлаар хүлээлгэн өгсөн нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Миний 29-31 УАА улсын дугаартай Аллион машины 225 дугуйг Приус-20 машинд таарахгүй байхаар нь 215-тэй дугуйгаар сольж, Приус-20 машинд тавьсан юм байна лээ. Надад машины дугуй сольсонд санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-4/, эд зүйл хүлээлгэн өгсөн “Б.Доос хураан авсан 4 ширхэг шаргал өнгийн спорт обуд, 215/50R17 размерийн BRIDGESTONE гэсэн бичиглэлтэй дугуйг хураан авсан байсныг иргэн Х.Хд хүлээлгэн өгөв. “Миний обуд мөн байна. Надад санал гомдол байхгүй”” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-63/ зэргээр тогтоогдох тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Дид 4 жил хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшиж байгаа, айлын ганц хүү байгаа. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шунахайн сэдэлтээр, шөнийн цагаар тээврийн хэрэгсэл ашиглан бусдын өмчлөх эрхэнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 750.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж буй, гэр бүлийн байдал/-ыг болон шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч Б.Дид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл шүүгдэгчийн өмчлөлийнх биш, бусдын өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтас, хх-229/-аар тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэгдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулах”-аар зааснаас дүгнэхэд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн эсэхээс үл хамааран гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого буюу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг албадан гаргуулах нь хуульд нийцсэн үйл ажиллагаа бөгөөд шүүгдэгч Б.Доос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 8.000.000 /Найман сая/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.         

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар дроцов 1 ширхэг, данхраад 1 ширхгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.Д цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Тогоруутан овогт Баасанцэрэнгийн Дийг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Дийг 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нэт капитал” ББСБ-ын өмчлөлийн 33-71 УНУ улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 8.000.000 /Найман сая/ төгрөгийг шүүгдэгч Б.Доос гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн “Нэт капитал” ББСБ-ын өмчлөлийн 33-71 УНУ улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгчид нь олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар дроцов 1 ширхэг, данхраад 1 ширхгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Дийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР