Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 0576

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Н.Энхнаран,  

улсын яллагч Т.Мөнхжаргал,

иргэдийн төлөөлөгч Ц.Соёлмаа,

хохирогч Б.Ц, Ж.У,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чойжилсүрэн,  

шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч О.Мийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908003101748 дугаар 2 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 54 настай эмэгтэй, дээд боловсролтой, махны технологич мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт тоотод оршин суух,

урьд Дархан хотын шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

Дархан-Уул аймгийн шүүхийн 1995 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 221 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил 3 сарын хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 265 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2-т зааснаар нэмж нэгтгэн нийт 2 жилийн хорих ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 265/А дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2-т зааснаар нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2, 138 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 1 жил 4 сарын хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 581 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 870 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/1909 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ял шийтгүүлсэн, Боржигон овогт Отгоны М /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч О.М нь 2019 оны 01 дүгээр сарын 10, 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны эцэст байрлах “Хөхий” худалдааны төв дотор иргэн Д.Ад “хямдралтай үнээр мах, нүүрс авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 575.000 төгрөгийг,

2019 оны 6 дугаар сард Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Лаагийн 62-1-81 тоотод иргэн Б.Ц, Ж.У нарт “Хямд мах авч өгнө, хямдхан нөөтбүүк зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж Б.Цоос 298.000 төгрөг, Ж.Угаас 82.500 төгрөгийг,

2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Пд “Хямдхан мах зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Хаан банкны 5434040386 дугаарын данс руу 303.600 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 1.259.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргээ хүлээж байна, харамсаж байна. 1982-1998 он хүртэл Дарханы мах комбинатад ажиллаж байсан. Тэндээс мах авч зардаг байсан. Цуг ажиллаж байсан хүн “Хоёулаа нүүрс авч заръя” гэж ярьсан. Тэгээд хэдэн төгрөг нэмээд заръя гэж бодсон ч нүүрс бүтээгүй, мөнгийг нь буцааж өгсөн. Хохирогч нараас авсан мөнгөө өөрийн эрүүл мэнддээ зарцуулдаг байсан. Их гэмшиж байна, хохирлыг төлнө. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч манай гэрт ирсэн. “Мах комбинатад ажилладаг, мах хэрэгтэй бол авч өгч чадна” гэж хэлсэн. Мөн “Нотебүүк зарна” гэхээр нь бас мөнгө өгсөн. Иймд 298.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Ж.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ц эгчийнд байж байхад анх Мтэй танилцсан. Ц эгч мөнгө өгөөд мах захиад байхаар нь бас авъя гээд би мөнгө өгсөн. Хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн  1908003101748 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Нэг. Шүүгдэгч О.М нь 2019 оны 01 дүгээр сарын 10, 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны эцэст байрлах “Хөхий” худалдааны төв дотор иргэн Д.Ад “хямдралтай үнээр мах, нүүрс авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 575.000 төгрөгийг авсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Д.Аын: “Би интернэтэд “Тулга хийнэ” гэсэн зар тавьсан байсан. Тэгтэл нэг эмэгтэй 95971919 гэсэн дугаараас залгаад “хоёр тулга хийлгэх гэсэн” юм гэхээр нь ажил дээрээ дуудсан. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн орчимд манай ажил дээр ирээд өөрийгөө “Mах импекс ХХК-д ажиллаж байсан, ирэх зун тэтгэвэртээ гарах гэж байгаа, манай ажлаас тэтгэвэртээ гарах гэж байгаа хүмүүст 50 хувь хямдралтай үнээр үхрийн мах 1 кг-г 5.000, хонины мах 22 кг, 24 кг, 26 кг-тай бүтэн махнууд байна, 1 кг-г 3.800 төгрөгөөр бодож өгч байгаа, 5 тонн нүүрсийг 180.000 төгрөгөөр худалдаж ав” гэж байсан. Миний хажууд суудаг хүнд “5 тонн нүүрсийг 250.000 төгрөгөөр ав” гэх мэтчилэн ярьж байгаад надаас бэлнээр 10.000 төгрөг аваад 180х80 метрийн харьцаатай хивсэнцэрийг 45.000 төгрөгөөр бодож өгсөн. Өөрийнхөө данснаас 270.000 төгрөг шилжүүлээд 10 тонн нүүрс, 30 кг үхрийн мах, 2 гулууз хонины мах, 10 кг хонины сүүлний годон, 20 кг үхрийн өвчүү авахаар болсон. Мөнхжаргал гэх таньдаг хүнийхээ данснаас 250.000 төгрөгийг Мийн данс руу хийсэн. Надад нийт 575.000 төгрөгийн хохирол учирсан. Тэр эмэгтэй өөрийгөө Ононгийн М гэж танилцуулсан. Дансаар шилжүүлэхдээ нэрийг нь харсан чинь Отгоны М гэж байсан. Тэр эмэгтэйгийн 5100334818 тоот данс руу шилжүүлсэн. Би 575.000 төгрөгийг бүгдийг эргүүлэн авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-17, 19/,

шүүгдэгчийн Хаан банкны 5100334818 дугаар дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-34/, хохирогчийн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-35/,    

Шүүгдэгч О.Мийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын дундуур санагдаж байна зүс таних А эгчтэй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт уулзахад “хямд үнээр мах авмаар байна” гэхээр нь би “хуучин Дархан-Уул аймгийн Мах импекст ажиллаж байсан, надад 50 хувийн хямдралтай үнээр мах ирэх гэж байгаа, та хямд авбал ав” гэсэн. Махны үнэ гэж 575.000 төгрөг цувуулж авсан. Тухайн үед Дархан-Уул аймгаас мах ирэх ёстой байсан боловч ирэхгүй алга болчихсон. Удалгүй миний астма өвчин хөдлөөд эмнэлэгт хэвтсэн. Би Дархан-Уул аймгийн Мах кабинетээс мах оруулж ирж зардаг. Гэвч мах ирэхээ больсон. Би А эгчийн мөнгийг эргүүлээд өгсөн. Тухайн үед манай үйлдвэрээс ажилчиддаа нүүрс өгдөг байсан. Би нүүрс бас өгье гэж бодсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-60-62, 2 дугаар хавтас, хх-1-2/,

Хоёр. Шүүгдэгч О.М нь 2019 оны 6 дугаар сард Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Лаагийн 62-1-81 тоотод иргэн Б.Ц, Ж.У нарт “Хямд мах авч өгнө, хямдхан нөөтбүүк зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж Б.Цоос 298.000 төгрөг, Ж.Угаас 82.500 төгрөгийг авсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Б.Цын: “2019 оны 6 дугаар сарын дундуур автобус хүлээгээд сууж байх үедээ хажууд байсан эмэгтэйтэй танилцсан. Тэр эмэгтэй надад жигтэйхэн туслаад, автобус хаанаас хаашаа явах, аль автобусанд суух зэргийг зааж өгсөн. Надад тусалсан болохоор нь “надтай холбоотой байгаарай” гээд утасны дугаарыг нь аваад салцгаасан. Тэгтэл 2-3 хоногийн дараа нөгөө эмэгтэй залгахаар нь би “манай гэрт хүрээд ир” гээд дуудсан. Өөрийгөө М гэж танилцуулсан. Тэр эмэгтэйг манайд ирэхэд танил У манайд байсан. Бид нар юм яриад сууж байтал М “Мах комбинатад нядалгаан дээр ажилладаг, манайх ажилчдадаа улсын баяраар хямдхан мах өгдөг, мах хэрэгтэй бол аваад өгье” гэсэн. Тухайн үед улсын баяр дөхөж байсан болохоор У бид хоёр тэр үгэнд нь итгэж баярлаад мах авахаар болсон. Тэгээд би 1 бүтэн хонь 88.000 төгрөгөөр, үхрийн мах 75.000 төгрөгөөр, хонь, үхрийн годон 15.000 төгрөгөөр авахаар болсон. М нь “надад мөнгө байдаггүй, та 20.000 төгрөг зээлээч” гэхээр нь бас 20.000 төгрөг өгсөн. Ингээд мах авахаар нийт 178.000 төгрөгийг өгсөн, зээлүүлсэн 20.000 төгрөг гээд нийт 198.000 төгрөг өгсөн. М нь миний хажууд 1 хүнтэй яриад хямдхан нөтебүүк зарах тухай яриад байхаар нь “би тэрийг чинь авъя” гээд 100.000 төгрөг аваад өгсөн. Миний танил У уг эмэгтэйд мах авахаар бас 82.500 төгрөг өгсөн. Тэрнээс хойш М нь “одоо очлоо, маргааш очлоо, Төв аймагт эмнэлэгт хэвтэж байна” гэх мэтээр ярьсаар сүүлдээ холбогдохгүй болчихоод байгаа. ...Тэр М гэх эмэгтэй тухайн үед өөрийгөө “тэтгэвэрт гарах гэж байгаа” гээд бичиг цаас гаргаж ирж байсан боловч тэрийг нь анзаарч хараагүй. Иргэний үнэмлэхийг нь асуухад “одоогоор үнэмлэх алга байна” гэж байсан. Тухайн үед итгэчихсэн байсан болохоор тэгж нарийн бичиг баримт энэ тэр гэх зүйлийг анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-90-91/,

Хохирогч Ж.Угийн: “2019 оны зун би танил Цын гэрт байхад М гэх эмэгтэй ирсэн. Ц надад “энэ их сайн эмэгтэй байгаа юм, надад автобусны буудал дээр байхад ингэж ингэж тус болсон” гэж танилцуулсан. М нь өөрийгөө “Мах комбинатад ажилладаг, хямдхан мах авах уу” энэ тэр гэж яриад Ц мах авахаар болоод мөнгө төгрөг егөөд байхаар нь би ч гэсэн “мах авъя” гэж бодоод 15 кг үхрийн мах, годон авахаар нийт 82.500 төгрөгийг өгчихсөн. Ц хонины мах, үхрийн мах, годон зэргийг авах гээд мөнгө өгч байсан. Бас хямдхан нотебүүк авна гэж 100.000 төгрөг өгч байсан. Бид нар юм ярьж сууж байгаад “хэд хоногийн дараа мах аваад ирье” гээд явсан. Тэрнээс хойш хэд хоног өнгөрсний дараа залгахад “Төв аймагт эмнэлэгт хзвтчихсэн байна” гэж ярьж байсан сүүлдээ утсаар ч ярихгүй чимээгүй алга болсон. Цтой хааяа утсаар холбогддог байсан гэсэн. Би 82.500 төгрөг залилуулчихаад байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-94-95/,

Шүүгдэгч О.Мийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 6 дугаар сард байсан санагдаж байна. Би 40 мянгатын тэр хавьд хүнд мах өгчихөөд гэр лүүгээ харих гээд автобусны буудал дээр урьдын танил Ц гэх эгчтэй тааралдсан. Ц эгч бид хоёр өмнө нь Есүсийн сүмд хамт явдаг байсан. Бид хоёр Баянхошууны автобусанд сууж танилцаад маргааш нь гэрт нь уулзахаар болж утасны дугааруудаа солилцсон. Би маргааш нь Тэнгисийн тэр хавьд байрлах Ц эгчийн гэрт очсон. Намайг очиход У гэх эмэгтэйтэй хамт байсан. Би тухайн үед “Мах комбинатаас хямд үнээр мах авч хүмүүст зардаг” байсан. Тэр өдөр юм яриад сууж байтал Ц, У хоёр “хямд үнээр мах авмаар байна” гэж хэлсэн. Би “хямд үнээр мах авч өгье” гээд Ц эгчээс 200 гаруй мянган төгрөг, Угаас 80 гаруй мянган төгрөг авсан. Яг хэдэн төгрөг авснаа одоо санахгүй байна. Махыг нь үйлдвэрээс авч өгөх гэсэн боловч манай үйлдвэр махны үнэ нэмэгдсэн гээд мах гаргахаа больсон. Ц эгч болон Угаас авсан мөнгөө хувьдаа ашиглаад дуусгасан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-1-2/,

Гурав. Шүүгдэгч О.М нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Пд “Хямдхан мах зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Хаан” банкны 5434040386 дугаарын данс руу 303.600 төгрөгийг авсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Ц.Пгийн: “2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 8-871 тоотод байрлах гэртээ байхад хадам ээжийн найз Зулаа гэх эмэгтэй залгаад “манай найз М хонь, үхрийн мах хямдхан зарах гэж байна, чи авах уу” гээд надад Мийн 95971919 гэсэн дугаар өгсөн. Би залгаж холбогдоод “та мах хямдхан зарна гэсэн үү, би Зулаа эгчийн дүү нь байна” гэхэд М гэх эмэгтэй “мax худалдаж авах мөнгөө миний данс руу шилжүүлчих, би эндээс махнуудаа ачаад, ойролцоогоор 1 цагийн дараа хөдлөнө, тэгээд хүргээд өгье” гэхээр нь би тухайн эмэгтэйн данс руу 09 цагийн орчимд 96.000 төгрөг шилжүүлсэн. Хүлээж байгаад 12 цагийн орчимд дахин холбогдож “та ирэх болж байна уу, би мөнгөө шилжүүлчихсэн” гэхэд М гэх эмэгтэй ““энд бас өөр хүн хонины мах худалдаж авна” гээд ачуулсан боловч мөнгөө шилжүүлэхгүй хүлээлгээд байна, хэрэв энэ хүний мөнгө нэмээд шилжчих юм бол ачсан махаа аваад хөдлөх гээд байна, эсвэл хүлээж байхаар чи нэмээд энэ хонины махыг худалдаад авчих уу” гэхээр нь би зөвшөөрөөд 102.000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй М над руу 80974080 дугаараас холбогдож “энд бага зэрэг үхрийн мах үлдчихээд байна, чи нэг мөсөн худалдаад авчих уу, тэгэхгүй бол үлдэгдэл махтай учраас эндээс хөдөлж болохгүй байна” гэхээр нь би дахин зөвшөөрөөд 105.600 төгрөг шилжүүлсэн. Би 3 удаагийн шилжүүлгээр М гэх эмэгтэйн 5434040386 дугаарын данс руу 303.600 төгрөг шилжүүлсэн. Мөнгөнүүдээ шилжүүлж дуусаад тухайн эмэгтэйн над руу холбогдсон дээрх гар утасны дугаарууд руу удаа дараа холбогдоход утсаа авахгүй байгаад холбогдохгүй хариу өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-133-134/,

Гэрч Ц.Зулцэндийн: “Миний бие Мтэй анх 2004 онд танилцаж байсан. Миний бие Мийн талаар сайн мэдэхгүй, Мах комбинатед Баттөмөрийн хамт ажилладаг байсан хүн гэдгээс өөр зүйл мэдэхгүй. 2004 оноос хойш нэг ч удаа уулзаагүй. 2, 3 хоногийн өмнө Мтэй Боловсролын яамны ойролцоо дайралдсан. Өнөөдөр гэртээ байхад над руу М 95971919 гэсэн дугаараас залгаад “дүү нь ажил дээрээ байна, манай үйлдвэр ажилчдадаа хямдхан мах өгч байна, та авах уу” гэсэн. “Хонины мах 4800 кг-аар, 20 кг, 22 кг-тай байна” гэсэн. Би “авч чадахгүй, эгч нь мөнгөгүй байна” гэсэн. Над руу маш олон утасдсан. “Та хэдэн хүнд хэлээд өгөөч, надад мах цохолттой гарчихлаа, та туслаад хүмүүст хэлээд өгөөч” гэсэн. Ганц найзтайгаа ярьж үзье гэсэн. Найз Оюундэлгэртэй холбогдоод “Миний муухан таньдаг хүн хямдхан мах зарна гэж байна” гэсэн. Манай найз хүүхдүүдээсээ асууя гэсэн. Тэгээд буцаж Оюундэлгэр залгаад “манай хүргэн авъя гэнэ” гэсэн. Тэгэхээр нь би Мийн 95971919 дугаарыг өгсөн. Би Мийн утас руу залгаад ярихад “би одоо гарах гэж байна, пүүн дээр зогсож байна” гэсэн. Би дахиж залгахад миний утсыг авахаа больсон. Тэгээд би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-142-144/,

Шүүгдэгч О.Мийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 8 дугаар сард санагдаж байна зүс таних Зулцэнд гэх эмэгтэйтэй тааралдсан. Юм ярьж байгаад “би хямд үнээр мах зарж байгаа, авахгүй биз” гэж асуухад “би мах авахгүй, харин манай нэг найз мах авч магадгүй” гээд тэр найзынхаа дугаарыг өгсөн. Тэгээд би маргааш нь Зулцэндийн өгсөн дугаар луу залгаж ““би хувиараа хямд үнээр мах зардаг юм, Зулцэнд өөрийг чинь хямд үнээр мах авах байх” гээд дугаарыг чинь өгсөн юм” гээд би тэр эмэгтэйд хямд үнээр мах зарахаар болж өөрийн 5434040386 дугаарын дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авсан. Би тухайн үед мах зарахаа болиод тухайн мөнгө өгсөн хүнтэй дахин холбогдож “мах авч өгч чадахааргүй боллоо, мөнгийг эргүүлээд шилжүүлчихье” гэсэн. Миний бие муудаж эмнэлэгт хэвтээд тухайн мөнгийг нь хувьдаа ашиглаад дуусгасан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-1-2/,

Гэрч Н.Алтан-Эрдэнийн: ““Мах импекс” ХХК-д хүний нөөцийн ажилтан. Отгоны М гэх хүнийг үндсэн ажилтнуудын бүртгэлд хайж үзэхэд огт бүртгэгдээгүй байсан. Манай байгууллага тэтгэвэрт гарсан хүмүүст хямд, хөнгөлөлттэй үнээр мах худалдан борлуулдаггүй. Харин одоо үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүст хамгийн дээд талдаа 22 кг махыг үйлдвэрийн үнээр өгдөг. Үүнд тэтгэвэрт гарсан хүмүүс хамрагдах боломжгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-6/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019.04.03-ны өдрийн 19/052 дугаар тодорхойлолтод: “Хивсэнцэр /1,8х0,8 метрийн хэмжээтэй/ 45.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-38/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020.03.17-ны өдрийн 20/012 дугаар тодорхойлолтод: “Хонины мах 6980, үхрийн мах 8.745 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-41/, 

Дарханы махкомбинатын даргын 1982.07.05-ны өдрийн 201 дүгээр “Ажилд томилох ба цалинжуулах тухай” тушаал /1 дүгээр хавтас, хх-29-31/, “Юнител” ХХК-ийн албан бичиг /1 дүгээр хавтас, хх-170-171/, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар /1 дүгээр хавтас, хх-50-55, 198-209, 215-218, 237-241, 2 дугаар хавтас, хх-31-39/, “Мах импекс” ХК-ийн “О.Мийг манай компанийн хиамны цех болон мал нядалгааны цехэд ажиллаж байсан эсэхийг шалгаж үзэхэд бүртгэлтэй мэдээлэл гарч ирээгүй” гэх тодорхойлолт /2 дугаар хавтас, хх-5/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /1 дүгээр хавтас, хх-221/, Нийгмийн даатгалын хэлтсийн “О.Мийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг талаарх мэдээллийн баазад байхгүй” гэх албан бичиг /1 дүгээр хавтас, хх-226/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-212/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-177, 197/, ялын тооцоо /2 дугаар хавтас, хх-30/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч М нь 3 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1.259.100 төгрөгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Үйлдлийн арга, сэдэлт, хэлбэр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж гэж үзлээ...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч нь 3 удаагийн үйлдлээр төөрөгдөлд оруулж, хуурч, 1.259.000 төгрөг авсан. Ад хохирол төлсөн тул түүнд төлөх төлбөргүй. Бусад хохирогчийн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Биеийн байдал нь тааруу байгаа, удаан хугацаагаар хорих ял эдлэх боломжгүй. Залилсан мөнгөө эрүүл мэнддээ зарцуулж ирсэн...” гэж,

иргэдийн төлөөлөгч “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.М нь Сонгинохайрхан дүүргийн 17, 25 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдэд 2019 оны 01 дүгээр сараас 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогч Д.А, Б.Ц, Ж.У, Ц.П нарт “Махны үйлдвэрт ажилладаг, хямдхан мах зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч нараас нийт 1.259.100 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч О.Мийн 3 удаагийн үйлдлээр хохирогч Д.А, Б.Ц, Ж.У, Ц.П нарт “Махны үйлдвэрт ажилладаг, хямдхан мах зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, итгэл төрүүлж нийт 1.259.000 төгрөгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Залилах гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ад 575.000 төгрөгийн, хохирогч Б.Цт 298.000 төгрөгийн, хохирогч Ж.Уд 82.500 төгрөгийн, хохирогч Ц.Пд 303.600 төгрөгийн тус тус хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би бүх хохирлоо нөхөн төлүүлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-17, 19/-ийг, мөн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гаргаж өгсөн “Ж.У 85.200 төгрөг, Ц.П 303.600 төгрөг, Б.Ц 298.000 төгрөг тус тус хүлээж авлаа” гэх баримтыг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч О.Мт 5 жил хорих ял оногдуулах, өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 7 жил 6 сар 21 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. 71 хоног цагдан хоригдсон. Учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, биеийн эрүүл мэндийг харгалзан 7 сарын хорих ял оногдуулж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо эмчилгээндээ зарцуулсан, бусад байдлаар амьдралын эх үүсвэр болгосон/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /4 хохирогчид 1.259.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирол төлөгдсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд 8 удаагийн ял шийтгэлтэй, тэр дундаа залилах гэмт хэрэг үйлдэж, ялаа эдэлж байгаа, 54 настай, биеийн эрүүл мэндийн байдал/ болон шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан шүүгдэгч О.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хорих ялын доод хэмжээ болох 5 жилийн гуравны хоёроос багагүй буюу 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

Шүүгдэгч О.Мт энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/1909 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч О.Мийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 6 /зургаа/ жил 21 /хорин нэг/ хоногоор тогтоож, дээр тогтоогдсон үндэслэлээр хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байна.  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаар захирамжаар О.Мт 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Харин 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас ирүүлсэн ялын тооцоо /2 дугаар хавтас, хх-30/-д О.Мийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон тооцсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолж, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулах тооцох нь зүйтэй гэж үзэв. /1 дүгээр хавтас, хх-248, 2 дугаар хавтас, хх-19/.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Боржигон овогт Отгоны Мийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч О.Мийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Мт энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/1909 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч О.Мийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 6 /зургаа/ жил 21 /хорин нэг/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Мийн цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.М бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР

 

 

           ШҮҮГЧИД                                  Т.АЛТАНТУЯА

 

 

                                                                                      Ц.УРАНГУА