Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 0590

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Г.Я нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Яыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008013130655 дугаар хэргийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилтай, ам бүл 4, эх, дүү, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хул овогт Ганболдын Я /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Г.Я нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 хорооны нутаг дэвсгэр “Call” төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг иргэн Ю.Оийн гар утасны лангууны худалдагчаар ажиллаж байхдаа Самсунг, Айфоне, Хуйвай, Нөөт, ЛЖ зэрэг маркийн гар утсыг итгэмжлэн хариуцан авч борлуулсан боловч борлуулалтын орлого, гар утсыг хувьдаа завшиж 25 ширхэг гар утасны үнэлгээгээр тогтоогдсон 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Я шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гар утасны тоо, үнийн дүн дээр маргахгүй. Ажиллаж байх хугацаандаа мөнгийг нь үрчихсэн. Хохиролд 960.000 төгрөг төлсөн” гэв.

 

Эрүүгийн 2008013130655 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Оийн: “Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн хажуу талд байрлах Call center гap утас худалдааны төвийн лангуун дээрээ Г.Янжиндулам гэдэг эмэгтэйг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажиллуулсан. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Г.Яыг өөрийг нь байлцуулан тооллого хийсэн чинь 3.330.000 төгрөгийн гap утас дутсан. Яаас асуухад “надад мөнгө хэрэг болоод би ажиллах хугацаандаа гар утас болон утас зарсан мөнгийг ашигласан, би дутаасан 3.300.000 төгрөгөө 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна” гэсэн боловч одоог болтол төлөөгүй алга болсон. “Самсунг эс-7” гар утас 2 ширхэг, нийт 440.000 төгрөг, “Самсунг эс-5” гар утас 2 ширхэг, нийт 240.000 төгрөг, “Хуавей ps” гap утас 1 ширхэг 260.000 төгрөг, “Note4” гap утас 1 ширхэг 150.000 төгрөг, “Grand g2” гap утас 1 ширхэг 130.000 төгрөг, “Самсунг Trend 2” гap утас 2 ширхэг, нийт 120.000 төгрөг, “iPhone 6” /пингергүй/ 1 ширхэг 230.000 төгрөг, “IPhone 6” /пингертэй/ 1 ширхэг 280.000 төгрөг дутагдуулсан.

Хамгийн анх 2019 оны 8 дугаар сард тооллого хийхэд “Самсунг эс-8” гар утас 1 ширхэг, 350,000 төгрөг, “Самсунг гранд 2” гар утас 4 ширхэг, нийт 360.000 төгрөг, “Ай фонь-6 плас” гар утас 1 ширхэг, 250.000 төгрөг, утаснууд алга болж 960.000 төгрөгийн хохирол учруулсан. Яаас асуухад огт тайлбар хэлээгүй, төлнө л гэж байсан. Үүний дараа 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр би тооллого хийхэд “Самсунг эс-7 active” 1 ширхэг, 180,000 төгрөг, “Самсунг эс-6” гар утас 1 ширхэг, 180.000 төгрөг, “Самсунг эс-5” гар утас 2 ширхэг, нийт 300.000 төгрөг, “Самсунг нөүт-4” гap утас 1 ширхэг, 150.000 төгрөг, “LG” маркийн “К-8” гар утас 1 ширхэг, 120.000 төгрөг, “Самсунг нөүт-5” гар утас 1 ширхэг, 200.000 төгрөг, “Самсунг эс-7” гар утас 1 ширхэг, 220.000 төгрөг, нийт 8 ширхэг гар утас дутаж байсан. Яд хэлэхэд “би зээлтэй учраас зээлээ төлөх гээд дээрх дутаж байгаа утасны мөнгийг зээлэндээ өгчихсөн, 8 ширхэг гар утасны мөнгө 1.350.000 төгрөгийг cap бүр цалин дээрээсээ төлж барагдуулъя” гэж хэлсэн. Ингээд 2019 оны 10 дугаар сард 463.000 төгрөг, 11 дүгээр сарын 23-ны өдөр 397.000 төгрөг, нийт 860.000 төгрөгийг цалин дээрээс нь суутгаж авсан. Дахин цалин дээрээс нь мөнгө төгрөг суутгаж огт аваагүй. Үүний дараа 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дахин тооллого хийхэд 11 ширхэг гар утас дутаж 1.850.000 төгрөгийн хохирол учирсан. Я надад нийт 4.160.000 төгрөгийн хохирол учруулаад байгаа. 860.000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 3.300.000 төгрөгийг төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-10-11, 12-13/,

Гэрч Т.Эрдэнэбатын: “...К.Оь эгч намайг “Call center” гap утас худалдааны төвд 2016 онд лангуу түрээслэн ажиллах үед л лангуу түрээслээд гар утас зарж байсан. Г.Я гэдэг эмэгтэй миний мэдэхийн 2019 оны 2 билүү, 3 сараас К.Оь эгчийн лангуун дээр сууж гар утсыг нь зардаг байгаад 2019 оны сүүлээр ажиллахаа больсон. Сүүлд К.Оь эгчээс сонсоход “хэд хэдэн удаа тооллого хийсэн чинь Я утас зараад мөнгөө өөртөө хэрэглэсэн байна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

Гэрч Э.Лхамжавын: “...Г.Я гэдэг охин 2019 оны 3 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын хооронд К.Оь эгчийн лангуун дээр сууж гар утас зардаг байсан. К.Оь эгчээс сонсоход “хэд хэдэн удаа тооллого хийсэн чинь Я утас зараад мөнгөө өөртөө хэрэглэсэн байна” гэж ярьж байсан. Я нь лангуун дээр сууж гар утас зарж цалин авдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-27-28/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020.03.18-ны өдрийн Ц-230 дугаар тайланд: “8 нэр төрлийн 11 ширхэг гар утас 1.590.000 төгрөг” гэжээ /хх-31-34/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020.04.15-ны өдрийн Ц-479 дүгээр тайланд: “10 нэр төрлийн 14 ширхэг гар утас 2.310.000 төгрөг” гэжээ /хх-38-39/,

Шүүгдэгч Г.Яын яллагдагчаар өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд “Сall center” гap утас худалдааны төвд Оь эгчийн лангуун дээр гар утас зарж байсан. Энэ хугацаанд Оь эгч 3 удаа тооллого хийсэн. 2019 оны 8 дугаар сард шиг санаж байна. Энэ өдөр тооллого хийхэд “Самсунг эс-8” гар утас, “Самсунг гранд 2” гар утас 4 ширхэг, “Ай поне 6” гар утас дутаж, 960,000 төгрөгийн өрөнд би орсон. 2019 оны 9 дүгээр сард дахин тооллого хийхэд “Самсунг эс-5” гар утас 2 ширхэг, “Самсунг эс 6” гар утас, “Самсунг эс-7” гар утас, “Самсунг нөүт-4” гар утас, “Самсунг нөүт-5” гар утас, “LG” маркийн К-8 гар утас, “Самсунг эс-7 active” гap утас зэрэг нийт 8 ширхэг гар утас дутагдаж, 1.350.000 төгрөгийн өрөнд орсон. Хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сард тооллого хийхэд “Самсунг эс-7” гap утас 2 ширхэг, “Самсунг эс-5” гар утас 2 ширхэг, “Хуавей ps” гap утас, “Note 4” гap утас, “Grand g2” гap утас, “Самсунг Trend 2” гap утас 2 ширхэг, “iPhone 6” /пингергүй/ гap утас, “iPhone 6” /пингертэй/ гap утас зэрэг нийт 11 ширхэг утас дутсан. Ингээд нийт 25 ширхэг гар утас дутсан. Оь эгч “яагаад тооллого хийх болгонд гар утаснууд дутаад байгаа юм бэ” гэж асуухаар нь “надад мөнгөний хэрэг гараад би дээрх утаснуудыг зараад мөнгийг нь өөртөө зарцуулчихсан” гэдгээ хэлсэн. Өөртөө ойр зуур хэрэглээд дууссан. Би цалингаасаа нийт 860.000 төгрөгийг суутгуулж төлсөн. 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр бэлнээр 100.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө төлөөгүй байгаа. Би одоо Еден ХХК-д үйлдвэрийн туслах ажилтнаар ажилд орчихсон байгаа. Сард 600.000 төгрөгийн цалинтай учраас би сар бүр хохирлыг бага багаар өгөөд байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-50-51/,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан иргэн Ю.Оийн өргөдөл /хх-4/, барааны үлдэгдэл дуусгавар болгох тухай гэх гар бичвэр /хх-17/, гэрч Г.Балцолын мэдүүлэг /хх-22/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-53/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-55/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /хх-57/, Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн “Г.Я нь Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй Еден ХХК-д 2016 оны 3 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй Монруд ХХК-д 2020 оны 01 дүгээр сард тус тус нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан байна” гэх албан бичиг /хх-59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62/, “Еден” ХХК-ийн “Г.Я нь тус компанид үйлдвэрийн туслах ажилтнаар ажилладаг. Цалин нь 600.000 төгрөг” гэх тодорхойлолт /хх-63/, гар утас болон дагалдах хэрэгслийн худалдаа эрхлэгчдэд талбай түрээслүүлэх гэрээ /хх-66-71/, дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-74-79/, хохирол төлөх тухай нотариатаар гэрчлүүлсэн “...860.000 төгрөгийг ажиллаж байх хугацаандаа цалингаасаа төлсөн, 3.040.000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор Ю.Оьт бүрэн төлж барагдуулна” гэх баталгаа /хх-80/, хохирогчийн “Г.Я нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр надад 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 2.940.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна” гэх хүсэлт /хх-81/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Я нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 хороо, “Call” төвийн 2 давхарт иргэн Ю.Оийн гар утасны лангууны худалдагчаар ажиллаж байхдаа Самсунг, Айфоне, Хуйвай, Нөөт, ЛЖ зэрэг маркийн гар утсыг итгэмжлэн хариуцан авч борлуулалтын орлого, гар утсыг хувьдаа завшиж 25 ширхэг гар утасны үнэлгээгээр тогтоогдсон 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Оийн “...Г.Янжиндулам гэдэг эмэгтэйг 2019.03.21-ний өдрөөс 2019.12.17-ны өдрийг хүртэл ажиллуулсан. Нийт 25 ширхэг гар утас дутагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-10-11, 12-13/, гэрч Т.Эрдэнэбатын “...К.Оь эгчээс сонсоход “хэд хэдэн удаа тооллого хийсэн чинь Я утас зараад мөнгөө өөртөө хэрэглэсэн байна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/, гэрч Э.Лхамжавын “...К.Оь эгчээс сонсоход “хэд хэдэн удаа тооллого хийсэн чинь Я утас зараад мөнгөө өөртөө хэрэглэсэн байна” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-27-28/, шүүгдэгч Г.Яын яллагдагчаар өгсөн “...Оь эгчийн лангуун дээр гар утас зарж байсан. Надад мөнгөний хэрэг гараад би дээрх утаснуудыг зараад мөнгийг нь өөртөө зарцуулчихсан...” гэх мэдүүлэг /хх-50-51/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан иргэн Ю.Оийн өргөдөл /хх-4/, барааны үлдэгдэл дуусгавар болгох тухай гэх гар бичвэр /хх-17/, гар утас болон дагалдах хэрэгслийн худалдаа эрхлэгчдэд талбай түрээслүүлэх гэрээ /хх-66-71/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо. 

Иймд шүүгдэгч Г.Яын хохирогч Ю.Оийн эзэмшлийн гар утасны лангууны худалдагчаар ажиллаж байхдаа 3.900.000 төгрөгийн үнэ бүхий гар утаснуудыг завшсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ю.Октбярт 3.900.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 960.000 төгрөгийг төлсөн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч Ю.Оийн “Г.Я нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр надад 100.000 төгрөг төлсөн бэлнээр өгсөн. Одоо үлдэгдэл 2.940.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна” гэх гар бичвэр /хх-81/ зэргээр тогтоогдлоо. Иймд үлдэх 2.940.000 төгрөгийг шүүгдэгч Г.Яаас гаргуулж, хохирогч Ю.Октбярь /Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 56-72 тоотод оршин суух, РД:ти79110706, утас 99159988/-т олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Я нь иргэн Оийн гар утасны лангууны худалдагчаар ажиллаж байхдаа эд хөрөнгө завшсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох гар утас, түүнийг зарж борлуулсан орлогын мөнгийг завшсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 25 ширхэг гар утасны үнэ 3.900.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохиролд 960.000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл хохирол төлөгдөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, гэр бүлийн байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Г.Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Я цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хул овогт Ганболдын Яыг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Яыг 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Я нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Я цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Яаас 2.940.000 /Хоёр сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ю.Оь /Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 56-72 тоотод оршин суух, РД:ти79110706, утас 99159988/-т олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Яд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР