Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2017/00045

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1987 онд Төв  аймгийн Эрдэнэ суманд төрсөн, эмэгтэй, халх,  дээд  боловсролтой, Олон улсын Бизнесийн удирдлагын мэргэжилтэй, ам бүл 4,  нөхөр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот Багануур дүүргийн 1  дүгээр хороо, 18 дугаар байрны 64 тоотод оршин суух, БНХК-д нярав ажилтай, Боржигон овогт   Орсоогийн Цолмонцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1987 онд  Багануур дүүрэгт  төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлагын мэргэжилтэй, ам бүл 1,  Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 03 дугаар байрны 15 тоотод оршин суух, МХС ТӨХК нд техникч ажилтай, Монгол овогт Эрдэнэхүүгийн Эрдэнэбаярт /УЮ87101415/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр  хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Цолмонцэцэг, хариуцагч Э.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч  О.Цолмонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Эрдэнэбаяртай Ерөнхий боловсролын сургуульд хамт нэг ангид суралцаж байгаад үерхэж нөхөрлөж явсаар 2009 онд хууль ёсны гэр бүл болсон. Том хүү Тэмүлэн 2010 онд бага охин 2012 онд төрсөн бөгөөд одоо миний  асрамжинд байгаа. Гэр бүл  болсноос хойш 7 жилийн хугацаанд бидний амьдрал хэвийн сайн сайхан байсан боловч 2014 оноос эхлэн Багануур ХК-д ажилд орсноос хойш хардаж, сүүлийн нэг жилийн хугацаанд хоёр гурван удаа  зодож биед гэмтэл учруулж байсан. Хамгийн сүүлд 2016 оны 01 сард ухаан алдтал зодож үүний улмаас гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэн 2 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан. Эрдэнэбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эцэст нь эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үедээ 2 хүүхдийнхээ эцгийг өрөвдөж, хамгаалж гомдолгүй гэж хэргийг хаалгасан. Энэ үйл явдлаас хойш бид тус тусын амьдралаар амьдарч цаашдаа хамт амьдрах боломжгүй болсон тул харилцан тохиролцож эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлэсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж 2 хүүхдийг  миний асрамжинд үлдээн, 2 хүүхдийн тэтгэмжийг эцэг Эрдэнэбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.Цолмонцэцэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2016.01 сараас эхлэн тус тусдаа амьдарч байна. Эвлэрэн хэлэлцэх хүсэлгүй байгаа, энэ хүн өөр хүнтэй гэр бүлийн харьцаа тогтоосон, 2 хүүхэд миний асрамжид байгаа, хүүхдүүдтэйгээ сардаа нэг удаа уулздаг байсан, 12 сараас хойш уулзахаа больсон, хүүхдүүдээ харж хандахгүй байгаа. Том хүүхэд сургуульд орсон, 2 хүүхдийн хэрэглээ их байгаа учраас эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.  8 жил хамт амьдарсан, 2015 онос хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болсон, 3 удаа зодуулсан, нэг удаад нь Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ өөрөө авна. Манай хүүхдүүд ааваасаа айдаг, хүүхдүүдийнхээ дэргэд зоддог байсан гэв. 

Хариуцагч Э.Эрдэнэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:  2010 онд гэр бүл болж гэрлэлтээ  батлуулж 2 хүүхэдтэй болсон. Сүүлийн 1 жилийн хугацаанд таарч тохирохоо больж тусдаа амьдарч  байгаа. Цолмонцэцэгийн бүх саналыг дэмжиж зөвшөөрч байна. Гэр бүл цуцлуулах, 2 хүүхдээ ээжийнх нь асрамжинд  байлгахыг хүлээн зөвшөөрч байна.  Тэтгэмжийн хувьд одоохондоо төлөх боломжгүй байгаа тул хойшлуулж өгнө үү. 500.000 төгрөгийн цалинтай сард зээлд 255.000 төгрөг төлдөг. Байрны түрээсэнд 200.000 төгрөг төлдөг. Сардаа 55.000-70.000 төгрөгөөр амьдрахад хүндрэлтэй байгаа тул тэтгэмжийг зээл төлж дуустал хойшлуулж өгнө үү гэв.

            Шүүхээс гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, фото зурагууд зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь :

            Нэхэмжлэгч О.Цолмонцэцэг нь хариуцагч  Э.Эрдэнэбаярт холбогдуулан

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай  нэхэмжлэлийг   шүүхэд гаргажээ.

Хариуцагч Э.Эрдэнэбаяр  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй, харин хүүхдийн тэтгэлэг төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг  гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

           Нэхэмжлэгч О.Цолмонцэцэг, хариуцагч Э.Эрдэнэбаяр  нар нь 2007 онд  гэр бүл болж 2009 оны 12 сарын 16-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа  хүү Тэмүгэнийг 2010 оны 10 сарын 19-ний өдөр,  охин Ануг 2012 оны 04 сарын 16-ны өдөр тус тус төрүүлэн эцэг эхийн үүргээ гүйцэтгэн хамтран амьдарч байсан болох нь 08 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 565, 225 тоот хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.

Зохигчид нь хоорондоо зан харьцаа, сэтгэл санаа таарч тохирохгүй, хариуцагч нь архидан согтуурч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсны улмаас 2016 оны 1 сараас тусдаа амьдарсан, нэхэмжлэгч нь гэр бүлийн хүчирхийлэлийн талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж Цагдаагийн байгууллага гомдлыг хүлээн авч 2016.01.29-ний өдөр Эрүүгийн  хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаад 2016.04.13-ны өдөр хохирогч яллагдагчтай сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хариуцагч нь гэр бүлийн насанд хүрээгүй хүүхдүүдийн дэргэд архидан согтуурч хүчирхийлэл үйлддэг байсан  болох нь Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол, Багануур дүүргийн Прокурорын газрын 2016.04.13-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 583 дугаартай тогтоол,  зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байх тул зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар 3 сар хүртэл хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэн мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан үндэслэлээр  зохигчдын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийн нас, өсөж торних орчин нөхцөл бололцоо, эхийн хайр халамж, ёс суртахууны байдал, эцэг Эрдэнэбаярын хүчирхийлэл үйлддэг байдал зэргийг нь харгалзан хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээж, эцэг Эрдэнэбаяраас  тэтгэлгийг сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэх нь  зүйтэй гэж үзлээ.  

            Гэр бүлийн тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэлгийг хуульд заасны дагуу сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлэх, Э.Эрдэнэбаяраас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд  50 дугаар зүйлийн 50.2-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг Э.Эрдэнэбаяр анхаарвал зохино.

           Тэтгэлгийн хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/9 тушаалаар тогтоосон 185.400 төгрөгөөр тооцов.

           Нэхэмжлэгч О.Цолмонцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Э.Эрдэнэбаяраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба хариуцагч Э.Эрдэнэбаяраас 1 жилийн хугацаанд төлвөл зохих тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан нөхөн төлүүлэх шүүхийн зардал 70.200 төгрөгийн хамт гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар, Боржигон овогт Орсоогийн Цолмонцэцэг  Монгол овогт Эрдэнэхүүгийн Эрдэнэбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Эрдэнэбаяр  овогтой  Тэмүгэн, Ану нарыг  эх  О.Цолмонцэцэгийн  асрамжид үлдээсүгэй.

          3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд  зааснаар  2010 оны 10 сарын 19-ний өдөр төрсөн Тэмүгэн,  2012 оны 04 сарын 16-ны өдөр төрсөн Ану нарыг  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тус тус тэтгэлгийг  тогтоон эцэг  Э.Эрдэнэбаяраас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар  шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтэст  хүргүүлэхийг шүүгчийн туслах  П.Нансалмаад  даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

        6. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

        7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг,  56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хариуцагч Э.Эрдэнэбаяраас нэг жилийн хугацаанд төлвөл зохих тэтгэлэг 2.224.800 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 50.547 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлвөл зохих тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ЦЭЦЭГДУЛАМ