Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 0592

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2008008640632 дугаар хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ах, эгч, дүү нарын хамт оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн, Их мэргэд овогт Ганболдын А /РД: /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Г.А нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 2 дугаар гудамжны 1 тоот хашааны гадна Ц.Бтой хөзөр тоглох асуудлаас үүдэн маргалдаж нүүрэн тус газарт нь мөргөж эрүүл мэндэд нь хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.  

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Би нилээн согтуу байсан. Хохирол нэхэмжлэхгүй гэсэн. Дахиж алдаа гаргахгүй” гэв.

 

Эрүүгийн 2008008640632 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ц.Бын: “2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 2, 3 дугаар гудамжны үзүүр орчимд зүс таних А гэдэг залуутай тааралдсан. А архи уусан байсан. Бид хоёр уулзаад хамт хөзөр тоглох юм ярьж байгаад би “чи согтуу тоглоод яах юм бэ, архиа гаргачих, дараа тоглоё” гэж хэлсэн. Би 3-4 удаа “согтуу байхад чинь хөзөр тоглохгүй” гэж хэлсэн. Бид хоёр муудалцсан. А над руу агсраад байхаар нь болиулах гэж түлхээд, зууралцаж аваад, харилцан 1-2 удаа цохилцсон. Болиод зогсож байсан чинь А нүүр лүү мөргөөд хөмсөг сэтлээд, цус гоожсон чинь А “хөгшин банди минь, чиний цусаар чинь нүүрийг чинь угаана, ганц мөргөлтийн ая даахгүй үхлээ шүү дээ чи” гээд байхаар нь уур хүрээд цагдаагийн байгууллагад хандсан. ...Надад учирсан гэмтэл өөрөө эдгэрээд зүгээр болсон. А надаас 10 гаран насаар дүү мөртлөө ёс зүйгүй үйлдэл гаргаж, миний биед халдаж, элдвээр харааж, заналхийлсэнд гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /хх-22/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.02.04-ний өдрийн 2079 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Ц.Бын биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-30-31/,

Шүүгдэгч Г.Аын яллагдагчаар өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 4 дүгээр гудамжинд 1 шил архи Далай гэдэг хүнтэй уучихаад 17 цагийн үед явж байгаад 2 дугаар гудамжны үзүүрт Их наранд дугуй засвар ажиллуулдаг Бтой тааралдсан. Би Б ахыг “хөзөр тоглоё” гэсэн чинь “намайг архи уусан байна, архиа гаргачихаад тогло” гэж хэлснээс болж бид хоёр муудалцаад, би нэг удаа мөргөсөн чинь хөмсөг нь сэтрээд цус гарсан. Би гэр лүүгээ орсон чинь цагдаа нар ирээд авч явж эрүүлжүүлэх байранд хийсэн” гэх мэдүүлэг /хх-39-41/,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Ц.Бын өргөдөл /хх-6/, илтгэх хуудас /хх-9/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-50-51/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, торгох ял төлсөн баримт /хх-55-57/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.А согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 2 дугаар гудамж, 1 тоот хашааны гадна иргэн Ц.Бтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж зодон, хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ц.Бын “...А архи уусан таарсан. Маргалдаад нүүр лүү мөргөөд хөмсөг сэтлээд, цус гоожсон...” гэх мэдүүлэг /хх-22/, шүүх эмнэлгийн 2079 дүгээр “1.Ц.Бын биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-30-31/, шүүгдэгч Г.Аын яллагдагчаар өгсөн “...Б ахыг ...нэг удаа мөргөсөн чинь хөмсөг нь сэтрээд цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-39-41/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Ц.Бын өргөдөл /хх-6/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Аын хохирогч Ц.Быг үл ялих зүйлээр шалтаглан зодож, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол, хор уршигтай холбоотой хохирлын баримт гаргаж өгөөгүй бөгөөд түүний “...Надад учирсан гэмтэл өөрөө эдгэрээд зүгээр болсон...” гэх мэдүүлэг /хх-22/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 29-нд иргэн Бтой маргалдан мөргөж, хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, хэргийн зүйлчлэлээр маргаангүй. 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.     

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан хохирогчтой маргалдан мөргөж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их мэргэд овогт Ганболдын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР