Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 0617

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2008015400750 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт тоотод суух, ял шийтгэлгүй, Боржигин овогт Даваасүрэнгийн О /РД: /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Д.О нь 2020 оны 4 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Шөнийн зах”-н хажуугийн автомашины зогсоол дээрээс хохирогч Ч.Дын 53-89 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр хохирогч Ч.Дын зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугийн асуудлаар маргахгүй” гэв.

 

Эрүүгийн 2008015400750 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Насанд хүрээгүй хохирогч Ч.Дын: “Би 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр танил ахаасаа Соната-6 маркийн саарал өнгийн автомашиныг худалдаж авсан. 2020 оны 4 дүгээр сарын 06-ны 22 цаг 50 минутын үед найз Оын хамт Шөнийн захын ойролцоо явж байтал машины бензин тасалдаад байхаар нь зогсоол руу оруулж үлдээгээд харьсан. О манайд очоод миний утсаар фэйсбүүк ороод “нойр хүрэхгүй байна” гээд сууж байсан. Би 01 цаг өнгөрч байхад унтаж амарсан. Өглөө 09 цагийн үед сэрэхэд О байхгүй байхаар нь машинаа авах гээд ирсэн чинь машин алга болсон байсан. Оыг авч явсан байна гэж бодсон. Оыг хайгаад гэрт нь очсон чинь ээж, аав нь “өглөө орж ирээд хувцсаа солиод гараад явсан” гэхээр нь би гэртээ буцаж хариад хэсэг байж байгаад Оыг хайх гээд гартал орж ирж байсан. Тэгээд машины бичиг баримт, түлхүүр, гар утас зэргийг өгөхөөр нь “чи машин унаад явсан юм уу, би сая очсон чинь машин алга байсан” гэсэн чинь “би унаж яваагүй, чи надад итгэхгүй байгаа юм уу” гэсэн. Хулгайд алдагдсан байна гэж бодоод Оын хамт цагдаа дээр ирж өргөдөл бичиж өгөөд Шөнийн захын камерын билэгийг шүүж үзэхэд Отай төстэй хувцастай хүн байхаар нь “чи энэ мөн үү, миний машин хаана байгаа юм бэ, чи аваад явчихсан юм биш үү” гэх зэргээр 4-5 удаа асуусан боловч “би аваагүй, чи надад итгэхгүй байгаа юм уу” гээд уурлаад байсан. Орой нь Отай уулзах гэсэн чинь надтай уулзахгүй зугтаагаад байсан. Аавдаа миний машиныг 1 дүгээр хорооллын ард талын зам дээр дугуй хагарчихаар нь үлдээсэн гэж хэлсэн гэхээр нь замын цагдааг сураглаж байгаад Автосургуулийн журмын хашаанд байгаа болохыг нь мэдээд ирж үзэхэд машины жолооч талын крыло эвдэрсэн, зүүн урд буфер хагарсан, дугуйны шипилк хугарсан байсан. Би машины бичиг баримт, түлхүүрээ гэрийнхээ унинд хавчуулсан байсан.

...Найз О миний машиныг зөвшөөрөлгүй авч яваад буцааж өгсөн. Учирсан хохирлыг О төжл барагдуулсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-11-12, 44-45/,

Гэрч Ш.Отгонбаярын: “Тухайн өдөр гэртээ унтаж байтал хашааны хаалга дугараад, машин орж ирэх чимээ гараад О орж ирэхээр нь хэний машинтай явж байгаа талаар асуухад “найзынхаа машиныг аваад явж байна, бензин дуусчихлаа” гэхээр нь 5000 төгрөг өгөөд явуулсан. Хэсэг хугацааны дараа О буцаж ирээд хувцсаа солиод “намайг машинтай ирсэн гэж хүнд битгий хэлээрэй” гээд гараад явсан. Удалгүй хүүгийн найз Д ирээд “О ирсэн үү” гэхээр нь би “ирж хувцсаа сольчихоод гараад явсан” гэсэн чинь “машинтай явж байсан уу” гэхээр нь “машингүй явж байсан” гэсэн. Цагдаатай хамт хайгаад явж байхад “1 дүгээр хорооллын арын замаар явж байгаад дугуй нь эвдрээд үлдээчихсэн чинь алга болчихсон” гэж хэлсэн. Би Дын хамт журмын хашаанд очиж үзэхэд машин нь эвдэрсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-22-23/,

Шүүгдэгч Д.Оын яллагдагчаар өгсөн: “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхгүй. Би ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Миний буруу” гэх мэдүүлэг /хх-39-40/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний 2020.04.09-ний өдрийн 17047405 дугаар тайланд: “Үнэлгээгээр тогтоогдсон дүн 220.000 төгрөг” гэжээ /хх-24-25/,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Ч.Дын өргөдөл /хх-2/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “Насанд хүрээгүй хохирогч Ч.Дын хууль ёсны төлөөлөгч Л.Цэцэгмаад 5389 СҮЭ улсын дугаартай машиныг хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл /хх-43/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-54/, тээврийн хэрэгсэл бүртгэх маягт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-55-69/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-75, 83/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-76/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /хх-73, 79/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /хх-74, 81/, нас тоолсон тэмдэглэл /хх-87, 88/, хохирогчийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт гаргасан “О хохирол барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх хүсэлт /хх-93/, “ШТБ” ХХК-ийн “Д.О нь манай компанид 2020 оны 03 сард “Бетон шалны туслах ажилтан”-аар нэг өдрийн 30.000 буюу сарын 900.000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-104/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.О нь 2020 оны 4 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Шөнийн зах”-н хажуугийн автомашины зогсоолоос хохирогч Ч.Дын 53-89 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр хохирогч Г.Дын зөвшөөрөлгүйгээр авч явсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь насанд хүрээгүй хохирогч Ч.Дын “...О байхгүй байхаар нь машинаа авах гээд ирсэн чинь машин алга болсон байхаар нь Оыг авч явсан байна гэж бодсон. ...Аавдаа миний машиныг 1 дүгээр хорооллын ард талын зам дээр дугуй нь хагарчихаар үлдээсэн гэж хэлсэн гэхээр нь замын цагдааг сураглаж байгаад Автосургуулийн журмын хашаанд байгаа болохыг нь мэдээд үзэхэд машины жолооч талын крыло эвдэрсэн, зүүн урд буфер хагарсан, дугуйны шипилк хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-11-12/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 17047405 дугаар “Үнэлгээгээр тогтоогдсон дүн 220.000 төгрөг” гэх үнэлгээ /хх-24-25/, гэрч Ш.Отгонбаярын “...О орж ирэхээр нь хэний машинтай явж байгаа талаар асуухад “найзынхаа машиныг аваад явж байна, бензин дуусчихлаа” гэхээр нь 5000 төгрөг өгөөд явуулсан. Дын хамт журмын хашаанд очиж үзэхэд машин нь эвдэрсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-22-23, 48/, шүүгдэгч Д.Оын яллагдагчаар өгсөн “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-39-40/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Ч.Дын өргөдөл /хх-2/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-43/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Оын “Төрийн банк”-ны өмчлөлийн, Ч.Дын ашигладаг 53-89 СҮЭ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Дын тээврийн хэрэгсэлд 220.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад “О хохирол барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх хүсэлт /хх-93/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О нь иргэн Дын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг шунахайн сэдэлтгүйгээр авч явсан, улмаар тээврийн хэрэгслийн зарим эд зүйлийг эвдэж гэмтээсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /тээврийн хэрэгсэлд 220.000 төгрөгийн шууд бус хохирол учруулж төлсөн, тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /“ШТБ” ХХК-д “Бетон шалны туслах ажилтан”-аар нэг өдрийн 30.000 буюу сарын 900.000 төгрөгийн цалинтай/-ийг үндэслэн шүүгдэгч Д.Оыг 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Даваасүрэнгийн Оыг автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР