Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 56

 

Ж.Чимэдцэрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/01079 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жамц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1488 дугаартай шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 96 дугаартай тогтоолоор “Тахько” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон.

“Тахько” ХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрт заасан гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн авлаа гэсэн аман мэдээллийг 2011 оны 7 сард шийдвэр гүйцэтгэлд хүргүүлж, надад цалин шилжүүлсэн баримтыг хүргүүлсэн.

Энэ мэдээллийн дагуу миний бие шийдвэр гүйцэтгэгчийн хамт гүйцэтгэх захирлын албан ажлаа хүлээн авахаар “Тахько” ХК дээр 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдөр очиход тус компани нь гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлгэн өгөлгүй, компанийн ТУЗ-ийн 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлын албан тушаалыг түдгэлзүүлсэн гэж хэлсэн. Миний бие энэхүү 15 тоот тогтоолыг эс зөвшөөрөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1651 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар магадлалаар тус тус “Тахько” ХК-ийн ТУЗ-ийн 2011 оны 15 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.

Гэтэл мөн “Тахько” ХК нь ТУЗ-ийн 2011 оны 15 дугаар тогтоолыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, миний урьд эрхэлж байсан гүйцэтгэх захирлын ажлыг надад өгөөгүй учраас дахин албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Д.Оюунцэцэг нь “Таньд “Тахько” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээлгэн өгөх ажиллагаа хоёр шүүхийн шийдвэрээр явагдах боломжгүй, иймээс өмнөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгаад дараагийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар албан тушааыг хүлээлгэн өгнө” гэж хэлж надаар 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 1651 дүгээр шийдвэрийг дуусгавар болгуулах тухай хүсэлтийг бичүүлэн шийдвэр гүйцэтгэгчийн 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол”-ыг миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэрийг гаргасан.

Дээрх шийдвэрээ шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс өнөөдрийг хүртэл надад албан ёсоор гардуулаагүй тул энэ тухай миний бие нь танай шүүхэд “Тахько” ХК-д холбогдох иргэний хэргийг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэл бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн болно.

Тухайн үед гүйцэтгэх захирлаар томилох талаар ТУЗ-ийн шийдвэр гаргаж байсан гэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн албаны ёсны шийдвэр бол гараагүй.

Иймд 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол”-ыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч “Тахько” ХК-ийн ТУЗ нь 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар тогтоолоор маргаан бүхий 07, 08 тогтоолыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 363 333 төгрөгийг төлбөр авагч Ж.Чимэдцэрэнгийн дансанд шилжүүлсэн.

Ж.Чимэдцэрэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгах хүсэлтээ өөрийн: гараар бичин гаргасан ба үүнд хөндлөнгөөс нөлөөлсөн зүйлгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 67 дугаар зүйлийн 67.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгах тухай 266 дугаар тогтоол үйлдэж гүйцэтгэх баримт бичгийг хаасан болно.

Нэхэмжлэлд дурдсан 1651 дүгээр шийдвэрээр “Тахько” ХК-ийн ТУЗ-ийн “Компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоож, Гүйцэтгэх захирал Ж.Чимэдцэрэнг ажлаас нь түдгэлзүүлэх тухай” 15 дугаар тогтоолыг хүчингүй болгосны дагуу 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн.

Дээрх ажиллагаатай холбогдуулан “Тахько” ХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон шийдвэр гүйцэтгэгч надад холбогдуулан “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн болохыг тогтоолгох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн 00403 дугаар тогтоолоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг тогтоосон ба тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа юм.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг одоо хүртэл Ж.Чимэдцэрэнд гардуулж өгөөгүй, гэхдээ тогтоол гарсныг нэхэмжлэгч тал сайн мэдэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Чимэдцэрэн нь 2013 онд тогтоол гарах үед хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан. 266 тоот тогтоолыг мэдээгүй байсан, одоо мэдээд нэхэмжлэл гаргаж буй мэт тайлбарласан бөгөөд 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өөрийн гараар гүйцэтгэх баримт бичгийг хаалгах хүсэлт гаргасан байдаг юм.

“Тахько” ХК-ийн ТУЗ-ийн 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Ж.Чимэдцэрэнг гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 363 333 төгрөгийг олгосноор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 67 дугаар зүйлийн 67.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон.

Иймд хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, гомдол гаргах хугацааг сэргээгүй, шүүхийн шийдвэрт зааснаар гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн авсан нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай” тогтоолыг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй болно.

Учир нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1488 дугаар шийдвэрээр Ж.Чимэдцэрэнг “Тахько” (ХК) компанийн гүйцэтгэх захирлын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх нөхөн олговорт 1 333 333 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас тавьсан шаардлагын дагуу түүний асуудлыг “Тахько” (ХК) компанийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг өгсөн.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаартай тогтоолын талаар нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэн мэдээгүй, мэдэх боломжгүй байсан байх үндэслэлгүй юм. Тэрээр шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтээ ирүүлэхийг удаа дараа шаардаж, 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 1651 дугаартай шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгуулах хүсэлтийг бичүүлж авсан гэж шүүх хуралдаанд тайлбар өгсөн.

Дээрх өдөр хүсэлт бичиж өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон бөгөөд өөрийн бичиж өгсөн хүсэлтийн үр дагаврыг мэдэхгүй байсан, мэдээгүй өнгөрсөн гэж үзэх боломжгүй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргах журмын талаар зохицуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг түүний гаргасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гаргана гэж заасан.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн 266 дугаар тогтоолын талаар 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн гэж мэдүүлсэн ба хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэн шийдвэр гүйцэтгэгч Д.Оюунцэцэгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоолд 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах ёстой байжээ.

Гэтэл Ж.Чимэдцэрэн нь 2016 оны 5 дугаар сард Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан гомдол гаргаж, уг байгууллагаас 5 дугаар сарын 23-ны өдөр хариу мэдэгдэх хуудсаар түүний гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

Нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаанд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байхад шүүх энэ нөхцөл байдлыг шалгалгүйгээр “...нэхэмжлэгч тал ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрийг хэзээ хүлээн авсан нь тодорхойгүй, шүүхэд нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гаргасан байгаа боловч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн...” гэсэн илт үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч 2016 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгч өөрийн эрх хэмжээний хүрээнд хүлээн авч шийдвэрлэсэн тул шүүхээс гадуурх урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд тавигдах хөөн хэлэлцэх хугацаанд дүгнэлт өгөх шаардлагагүй...” гэж дүгнэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгч Д.Оюунцэцэгийн 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 266 тоот тогтоол гарсныг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдээд, 2016 оны 5 дугаар сард гомдол гаргаж, хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нэхэмжлэгчийн үйлдэлд ямар нэгэн дүгнэлт өгсөнгүй.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “..Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна...” гэж заасан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргах хугацааны талаар зохицуулсан,

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “...Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно...” гэж заасан ба нэхэмжлэгч нь өөрийн эрх зөрчигдсөнийг . 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн тул гомдол гаргах хугацааг энэ өдрөөс эхлэн тоолох ба Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “...хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна...” гэсэн учраас нэхэмжлэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дууссан байна.

Шүүх дээрх нөхцөл байдлыг шалгалгүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн тул сэргээлээ гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байгаа тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэн нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар эс зөвшөөрч маргасан байна.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Ж.Чимэдцэрэнгийн “Тахько” ХК-д холбогдуулан гаргасан тус компанийн ТУЗ-ийн 2010 оны 07, 08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 333 333 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1488 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1144 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 96 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, “Тахько” ХК-ийн ТУЗ-ийн 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 12 дугаар тогтоолоор Ж.Чимэдцэрэнг гүйцэтгэх захирлын албан тушаалд нь эгүүлэн томилж, шийдвэрт заасан 1 363 333 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны данс руу шилжүүлсэн боловч “Тахько” ХК-ийн ТУЗ-ийн 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоож, гүйцэтгэх захирал Ж.Чимэдцэрэнгийн бүрэн эрхийг түдгэлзүүлснийг тэрээр эс зөвшөөрч хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1651 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар магадлалаар хангаж шийдвэрлэжээ. /хэргийн 50, 56, 70-76 дугаар тал/

 

Мөн дээрх 1651 дүгээр шийдвэр, 12 дугаар магадлалыг “Тахько” ХК нь сайн дураар биелүүлж, тус шийдвэртэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7917 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 210 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2016/00403 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлэсэн байна. /хэргийн 81-104 дүгээр тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” 266 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т “Төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гарган, гүйцэтгэх баримт бичгийг хаана” гэж заасан үндэслэлээр төлбөр төлөгч “Тахько” ХК төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 1488 дугаар шийдвэр, 119 дугаартай гүйцэтгэх баримт бичигтэй “Тахько” ХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсон нь үндэслэлгүй болжээ.

/хэргийн 5 дугаар тал/

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 1488 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2010 оны 1144 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2011 оны 96 дугаар тогтоолуудаар нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэнг “Тахько” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 333 333 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээс гуравдагч этгээд “Тахько” ХК-ийн зүгээс 1 333 333 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

Харин нэхэмжлэгчийг тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг эс биелүүлсэн талаар маргаж байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт “Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан буюу өөр ажилд шилжүүлсэн ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэх тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлнэ”, 67.3 дахь хэсэгт “Мэдэгдлийг хүлээн авсан хариуцагч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдахь ажилд нь эгүүлэн тогтоосноор шийдвэр биелэгдсэнд тооцно” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй байна. /хэргийн 162 дугаар тал/

 

“Тахько” ХК-ийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр Л.Энхсайхан нь 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс хойш бүртгэлтэй байгаа болохыг тодорхойлсон болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 14/9817 тоот албан бичгээр тогтоогдож байна. /хэргийн 107-108 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэнг “Тахько” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд нь эгүүлэн томилсон тус компанийн ТУЗ-ийн 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар тогтоол бодитой хэрэгжсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч нь “Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 1488 дугаартай шийдвэрээр олгогдсон 1 333 333 төгрөгийг хүлээн авсан тул гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү, харин шинээр шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх Чингнэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 3104 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг өгсөн болно” гэсэн хүсэлтийг дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг гарснаас хойш буюу 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчид гаргасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.3-т зааснаар дуусгавар болсон гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” 266 дугаар тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид гардуулж өгөөгүй талаар маргаагүй ба нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэнгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариуг ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3/362 тоот мэдэгдэх хуудсаар мэдэгдсэний дагуу тэрээр 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь мөн хуулийн 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэгт “Дээд шатны албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргаж болно.” гэснийг зөрчөөгүй байна. /хэргийн 6 дугаар тал/

 

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/01079 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Тахько” ХК гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.НАРАНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                              А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                        С.ЭНХТӨР