Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2021/0662

 

Ж.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээд Ч.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 671 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Ж.М-ын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 671 дүгээр шийдвэрээр: 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.4, 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.М-ын гаргасан “ Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 22б хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн Ү-2205030559 дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг илт хууль бусд тооцуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “ ... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж 2.1-2.8 хүртэл дугаартай дүгнэлтээ зөв гаргасан боловч “2.8 ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тухайн үед эд хаөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт явуулсан 1/0602 дугаар албан бичгийн агуулгаас үзвэл Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 22б хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь буюу 3 давхар конторын зориулалттай барилга, газрыг дагалдах эд хөрөнгийн хамт иргэн Ч.Д-ын нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлд бүртгэж өгөхийг хүссэн агуулгатай байх тул тухайн объектын өмчлөх эрхийг бүхэлд нь Ч.Д, Г.А нарын дээр бүртгэсэн услын бүртгэгчийн үйл ажиллагааг буруутгах үндэслэл байхгүй байна гэж үзлээ” гэж буруу дүгнэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичигт нь барилгын давхар, зориулалтыг дурдсан, хэний нэр дээр бүртгүүлэхийг хүссэн агуулгууд л байна. Тэнд барилгын хэмжээг огт дурдаагүй, 789 м2 гэж нотлоогүй. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан тоотын агуулгууд нь өмчлөх эрхийн улсын бүртгэлд уг барилгын хэмжээг 789 м2-аар бүртгэх үндэслэл огт биш бөгөөд үүргээ хууль зөрчин хэрэгжүүлсэн улсын бүртгэгчийн үйлдлийг шүүх зөвтгөх шалтгаан ч бас биш юм.

Шүүх барилгын хэмжээг зөрүүтэй тодорхойлсон бүх үйл баримтыг тогтоосон төдийгүй, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8, 15 дугаар зүйлийн 15.4 дэх заалтуудыг дурьдсан.

Гэвч анхан шатны шүүх тогтоосон үйл баримт, дурьдсан хууль, зөв хийсэн дүгнэлтээсээ ухарч “2.9, 2.10, 2.11” гэж маш ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь тун харамсалтай байна. Эргэлзээ гэдэг нь үнэн биш, зөрүү гэдэг нь алдаа гэсэн ойлголт юм. Тооцоолсон бүх хэмжээг шүүх эргэлзээтэй үйл баримт, зөрүүтэй тооцоолол гэж тогтоосон.

Улсын бүртгэл үнэн байхыг хууль шаарддаг. Гэтэл улсын бүртгэгч нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 22б хаягт байрлах 3 давхар оффисын барилгыг өмчлөх эрхийн улсын бүртгэлд 2 удаа бүртгэхдээ дээр дурдсан үүргүүдээ хэрэгжүүлэлгүйгээр зөвхөн мэдүүлэг гаргагчийн хүсэл таашаалд нийцүүлэн, түүний санаанаасаа зохиосон 789 м2 гэх хэмжээгээр буюу гэрээнд тусгасан 254 м2 гэх хэмжээнээс даруй 3 дахин их зөрүү бүхий хэмжээг улсын бүртгэлд тусгасан үйлдэл нь 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8, 15 дугаар зүйлийн 15.4-д заасан “хэлцэлд заасан хэмжээ, мэдүүлэгт заасан хэмжээ хоорондоо зөрүүтэй байгаа нь мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж улсын бүртгэгч нь уг хөрөнгийг бүртгэхээс татгалзаж, бүх баримт материалуудыг нь татгалзсан үндэслэлийн тайлбартайгаа хамт буцаах” хуулийн зохицуулалттай огт нийцэхгүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, эрхийн улсын бүртгэлийг илт хууль бусд тооцож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.М-аас “Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 22б хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Ү-2205030559 дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг илт хууль бусд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... дуудлага худалдаагаар Ч.Д, Г.А нарт 254 м.кв-аар тооцон худалдсан болох нь албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээгээр нотлогддог. Гэтэл хариуцагч уг хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд 789 м.кв-аар бүртгэн гэрчилгээ олгосон ... ингэснээр талбайн зөрүү болох 535 м.кв талбай бусдад үнэгүй шилжсэн” хэмээн тайлбарлажээ.

Маргаан бүхий Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 22б хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг анх Ч.Д, Г.А нарын өмчлөлд 789 м.кв, 85 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгаар 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030559 дугаарт бүртгэсэн, үүний дараа уг барилгыг 100 хувь гүйцээн барьж, 789 м.кв талбайтай 3 давхар барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргасны дагуу конторын зориулалттай, 789 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдөр бүртгэж тус тус гэрчилгээ олгогдсон байх бөгөөд Ч.Д, Г.А нарын гаргасан үрэгдүүлсэн гэрчилгээ дахин шинээр авах хүсэлт, мэдүүлгийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 000676369 дугаартай гэрчилгээ олгогдсон байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай”, 9.1.2-т “бичгийн хэлбэрээр гаргасан захиргааны актыг батлан гаргасан байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй”, 9.1.3-д “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан”, 9.1.4-д “захиргааны актыг гүйцэтгэх субъект тодорхой бус”, 9.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 9.1.6-д “нийтийн ёс зүйн хэм хэмжээг илт зөрчсөн”, 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.8-д “захиргааны акт гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн”, 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” бол захиргааны актыг илт хууль бусд тооцохоор буюу ямар тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах үндэслэлүүдийг нарийвчлан зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны эд хөрөнгийг хураах тогтоолд[1] “3 давхар дутуу баригдсан барилга”, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолын 3 дугаар хавсралтад[2] “Боса худалдааны төвийн дэргэд байрлалтай ... оффисын 3 давхар барилга нийтэд нь үнэлэгдсэн”, шүүхийн гүйцэтгэх хуудсанд[3] “... шийтгэх тогтоолын 3-т дурдагдсан битүүмжлэгдсэн эд хөрөнгийн дуудлага худалдаагаар борлуулах”, дуудлага худалдааны зард[4] “энэхүү объектыг дуудлага худалдаагаар худалдана”, Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолд[5] “3 давхар дутуу баригдсан оффисын объект”, Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээнд[6] “...Байршил: 3 давхар барилга, талбай: 254 м.кв”, төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг Ч.Д, Г.А нарт шилжүүлсэн тухай актад[7] “... 3 давхар дутуу баригдсан оффисын барилга”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт явуулсан 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/0602 дугаар албан бичигт[8] “...3 давхар конторын зориулалттай барилга, газрыг дагалдах эд хөрөнгийн хамт” хэмээн тус тус тусгагдсан байна.

Дээрхээс үзвэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох 3 давхар барилгыг бүхэлд нь битүүмжлэн, хураан авч, дуудлага худалдаанд оруулж, худалдсан байх тул барилгын зөвхөн 254 м.кв талбайг тусад нь салган авч үзэх үндэслэлгүй байна.

Дээрх баримтуудыг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас Ч.Д, Г.А нарын өмчлөлд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамжны 22б тоотод байршилтай 789 м.кв талбайтай 85 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг Ү-22005030559 дугаарт бүртгэсэн, улмаар 100 хувийн гүйцэтгэлтэй барилгын хувьд өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /2002/ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар илт хууль бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.  

            Тодруулбал, дээр дурдсанаар Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээ, төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг Ч.Д, Г.А нарт шилжүүлсэн тухай акт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт явуулсан албан бичигт “3 давхар барилга” хэмээн тусгагдсан энэ тохиолдолд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.8-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол” гэж зааснаар мэдүүлэгт тусгасан үндэслэл, хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй гэж үзэхгүй.

            Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх бүртгэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002/ хуулийн 9 дүгээр зүйлд заасан аль үндэслэлд хамаарна гэж үзэж илт хууль бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа нь тодорхойгүй, энэ талаараа давж заалдах гомдолд мөн дурдаагүй болно.

Анхан шатны шүүх “...тухайн объектын өмчлөх эрхийг бүхэлд нь Ч.Д, Г.А нарын нэр дээр бүртгэсэн улсын бүртгэгчийн үйл ажиллагааг буруутгах үндэслэл байхгүй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 671 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 168 дугаар тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 167 дугаар тал,

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 120 дугаар тал,

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 118 дугаар тал,

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 171 дүгээр тал,

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар тал,

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр тал,

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар тал,