Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 0619

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,  

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Булгантамир,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008000000585 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, ажилтай, ам бүл 1, оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 249 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, Боржигин овогт Батбаярын Б /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын 54б байрны 61 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Бтай хардалтын улмаас маргалдан, хутга шидэн хүний эрүүл мэндэд зүүн гарын бугуйд шарх бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 3 дугаар сарын 08-нд Бтай архи уусан. Хоорондоо маргалдаад энэ хэрэг болсон байна. Архины асуудлаа засна гэж амалж байна. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хохирол төлсөн. Уучлалт гуйгаад эвлэрсэн. Одоо тусдаа амьдарч байгаа” гэв.

 

Эрүүгийн 2008000000585 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Г.Бгийн: “2020 оны 3 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын 54б байрны 61 тоотод хамтран амьдрагч Б.Бын хамтаар 2 шил архи ууж байсан чинь Б өмнөх юмаар шалтаглан хардаад хэл амаар доромжилж байгаад гал тогооны ширээн дээр байсан хар хуванцар иштэй хутга аваад над руу шидсэн. Гараараа хутгыг хаасан чинь зүүн гарын бугалганы хэсгийг оноод цус гарсан. Тэгтэл Б бинтээр цусыг тогтоогоод боосон. Тэгээд надаас уучлалт гуйгаад би өөрөө маш их согтсон байсан болохоор унтаад амарсан. Б хэдэн өдөр миний гарыг ариутгаж боож байсан. Миний гар эдгэрч өгөхгүй байхаар нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ГССҮТ-д очиж гараа үзүүлсэн чинь хэвтэж эмчлүүлэхгүй бол болохгүй гэхээр нь дүүг дуудсан чинь “та өргөдөл бичиж цагдаагийн байгууллагад өг” гэхээр нь өргөдөл бичиж хүргүүлсэн. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Б.Боос нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-8-9, 10-12/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.04.08-ны өдрийн 4379 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Г.Бгийн биед зүүн гарын бугуйнд шарх гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.5. Дээрх гэмтэл хуучин гэмтэл байна. /ГССҮТ-н 00669 тоот өвчний түүхээс үзэхэд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой./ 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. 6. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-28-29/,

Гэрч Г.Бат-Өлзийн: “...2020 оны 3 дугаар сарын 16-ны орчим манай дүү Т.Бошигтхаан залгаад “Б эгч ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа, Б ах эгч рүү хутга шидсэн гэж байна” гэхээр нь би Хэнтий аймгаас ирсэн. Тухайн үед би хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-14-15/,

Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн: “2020 оны 3 дугаар сарын 08-09-ний шилжих шөнө 02 цагийн орчим хамтран амьдрагч Г.Бгийн хамтаар 3 шил архи хувааж уусан. Би болсон зүйлийн талаар сайн санахгүй байна. Би өглөө Бгаас “юу болсон бэ, чи яагаад гараа боосон байгаа юм” гэж асуусан чинь “чи шөнө миний гарыг боож өгсөн шүү дээ, чи над руу хутга аваад шидсэн” гэхээр нь би “чи тэгээд одоо эмнэлэг орохгүй юм уу” гэсэн чинь Б “эмнэлэг орохгүй, харин шараа тайлж архи ууя” гэхээр нь бид хоёр үргэлжлүүлээд архи уусан. Тэгээд бид хоёр гэртээ хэдэн өдөр архи уусан. 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Б “ГССҮТ-д гараа үзүүлнэ” гээд явсан. Маргааш нь Бг эмнэлэгт хэвтсэн талаар мэдсэн. Б нь 2019 оны 10 дугаар сарын орчим манай гэрт архи ууж байгаад манай найз Баатарсүхтэй хамт нэг оронд ороод, шалдан унтаж байсан. Би тухайн үед согтуудаа тухайн зүйлийг яриад Бтай маргалдаад, хутга аваад шидсэн. Б нь надтай амьдарч байхдаа “Дархан явчихаад ирье” гээд Баасанням гэх залуутай хэд хэдэн удаа зочид буудалд хоносон байсан. Би Бд хэлэхээр “чамд ямар хамаа байдаг юм” гэх зүйл яриад байдаг...” гэх мэдүүлэг /хх-49-53/,

гэрч Т.Бошигтхааны мэдүүлэг /хх-20/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-75/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-56/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-59-61, 66-72/, аюулын зэргийн үнэлгээ, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-80-87/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Б.Быг 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн гүйцэтгэх баримт бичиг тус газрын цахим мэдээллийн санд бүртгэлгүй” гэх албан бичиг /хх-63/, шүүгчийн “Б.Бын гар утас нь холбогдох боломжгүй, гэрийн хаягаар очиход эзэнгүй байсны улмаас гүйцэтгэх хуудас хүргэгдээгүй” гэх албан бичиг /хх-65/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /хх-76/, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа /хх-77/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гаргаж өгсөн бакалаврын дипломны хуулбар, “Их саян” ХХК-ийн “Б.Б эмийн санд түгээгч-жолоочоор ажиллаж байгаа” гэх тодорхойлолтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ 2020 оны 3 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын 54б байрны 61 тоот гэртээ хамтран амьдрагч Г.Бтай хардалтын улмаас маргалдан, түүн рүү хутга шидэн зүүн гарын бугуйд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Г.Бгийн “...Б өмнөх юмаар шалтаглан хардаад хэл амаар доромжилж байгаад гал тогооны ширээн дээр байсан хар хуванцар иштэй хутга аваад над руу шидсэн. Гараараа хутгыг хаасан чинь миний зүүн гарын бугалганы хэсгийг оноод цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-8-9/, шүүх эмнэлгийн 4379 дүгээр “1.Г.Бгийн биед зүүн гарын бугуйнд шарх гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ /хх-28-29/, гэрч Г.Бат-Өлзийн “...Т.Бошигтхаан залгаад “Г.Б эгч ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа, Б.Б ах эгч рүү хутга шидсэн гэж байна” гэхээр нь...” гэх мэдүүлэг /хх-14-15/, шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...Бтай маргалдаад хутга аваад шидсэн...” гэх мэдүүлэг /хх-49-53/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бын хамтран амьдрагч Г.Бг хардан хутга шидэж, зүүн гарын бугуйнд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-10-12/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б согтуурсан үедээ 2020 оны 3 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө гэртээ Бтай маргалдан хутга шидэн хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож  байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэх саналтай. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Үйлдэлдээ гэмшээгүй хохирогчийг дахин зодсон...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бусдад төлөх төлбөргүй. Учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Торгох ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хардалтын улмаас хутга шидэж, хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол нэхэмжилсэн зүйлгүй, төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, тэр дундаа 2020 оны 2 дугаар сард хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан ял шийтгэгдсэн, уг ялыг биелүүлээгүй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ял оногдуулж өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг доор дурдсанаар үндэслэлгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг биелүүлээгүй болох нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Б.Быг 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн гүйцэтгэх баримт бичиг тус газрын цахим мэдээллийн санд бүртгэлгүй” гэх албан бичиг /хх-63/, шүүгчийн “Б.Бын гар утас нь холбогдох боломжгүй, гэрийн хаягаар очиход эзэнгүй байсны улмаас гүйцэтгэх хуудас хүргэгдээгүй” гэх албан бичиг /хх-65/-ээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ял болон энэ тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Батбаярын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод энэ тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР