Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 0627

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,  

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008013430646 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хүргэлтийн жолооч ажилтай гэх, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Амаржаргалын А /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч А.А нь 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 47 дугаар гудамж, 02 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Патай “банкны карт олж өгсөнгүй, өөр хүнтэй хардлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон бие махбодид нь “зүүн дээд, доод зовхинд цус хуралт” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хохирогчтой одоо хамт амьдарч байгаа. Өмнө нь гар хүрч байгаагүй. Уучлаарай, цаашид анхаарах болно” гэв.

Эрүүгийн 2008013430646 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ц.Пын: “А.А гэх хүнтэй 2014 оноос хойш хамтран амьдарч, охин, хүүтэй болсон. Манай нөхөр 2017 онд гэр бүлээс гадуур харилцаатай болоод, өөр хүнтэй суугаад хүүхэдтэй болсон. Тэр үед бид хоёр 1 жил гаруй салаад тусдаа амьдарсан. 2019 оны 3 дугаар сард нөхөр А намайг гуйгаад, хоёулаа болж бүтнэ гээд хамт амьдарч эхэлсэн. 2020 оны 3 дугаар сарын 07-ны өглөө А өөрийнхөө ээжтэй банкнаас зээл авахаар гарсан. Удалгүй зээл бүтээгүй гээд А ээждээ уурлаад байсан. Тэгтэл А надаас “миний банкны виза карт хаана байна” гэж асуухаар нь “мэдэхгүй, ойрд харагдахгүй байна” гэтэл намайг загнаад “чи гай минь дандаа гай болж байх юм” гээд бид хоёр маргалдахад А миний баруун хацар луу нэг удаа алгадаад, үргэлжлүүлээд зүүн нүд рүү нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тухайн үед цагдаа дуудах гэсэн боловч А уучлалт гуйгаад өнгөрсөн. Маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр дуудлага өгсөн. Би нөхөр Атай одоогоор хамтран амьдарч байгаа. Надаас уучлалт гуйсан. Би эмнэлэгт үзүүлээгүй, эм тариа аваагүй, эмчилгээ хийлгээгүй өөрөөрөө эдгэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-18, 21/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.03.09-ний өдрийн 3483 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ц.Пад зүүн дээд, доод зовхинд цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-29/,

Гэрч Д.Амаржаргалын: “...2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүү А бэрийн хамт хоёулаа гарч банк орох ажилтай явсан. Өдөр гэртээ буцаж ирсэн. Орж ирэхдээ хэрүүл маргаан үүсгээгүй. Яагаад гэнэт хэрүүл маргаан болсныг би ойлгоогүй. Манай хүү эхнэрээсээ картаа сурахад бэр “би яаж мэддэг юм бэ” гэж хариулж байгаа бололтой байсан. Тэгтэл гэнэт манай хүүхэд эхнэрийнхээ нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Би “боль боль” гээд дундуур нь ороод салгасан...” гэх мэдүүлэг /хх-27/,

Гэрч А.Оюунцэцэгийн: “Ц.Па Атай суугаад олон жил болж байна. Тэр хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй. Па надад болон манай гэрийнхэнд зодуулж, цохиулсан талаараа өмнө нь, сая энэ асуудлыг ч ярьж хэлээгүй. Өнөөдөр мэдэж байна. Па А хоёрын гэрт ороход эвтэй найртай сууцгааж байгаа харагддаг. Яагаад ийм асуудал болсныг мэдэхгүй байна. Нөхөр А нь төлөв томоотой залуу харагддаг. Үр хүүхдүүддээ хайр халамжтай байнга сургуульд цэцэрлэгт нь зөөж байдаг...” гэх мэдүүлэг /хх-25/,

Шүүгдэгч А.Аын яллагдагчаар өгсөн: “2020 оны 3 дугаар сарын 07-ны өглөө ээж Амаржаргалын хамт банк орж мөнгө авах зорилгоор гарсан. Банк дээр очиход ээжийн дансанд мөнгө ороогүй байсан. Тэгэхээр нь бид хоёр гэртээ харисан. Гэртээ ороод эхнэр Ц.Паас “Хаан банкны карт хаана байна” гэж асуусан чинь “би мэдэхгүй, чи өөрөө олохгүй юу, би хайж өгч чадахгүй” гэж хэлсэн. Тэгээд бас өмнөх амьдрал яриад “чи тэр хүүхэнтэйгээ одоо болтол хамааралтай, чи уулздаг, чи тэр хүүхэнтэйгээ амьдар” гэхээр нь уур хүрээд алгадаад, гараараа зүүн нүд рүү нь нэг удаа цохичихсон. Өөрийнхөө хийсэн алдааг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-49-51/,

аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-35-37/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-38-41/, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-42-43/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-56/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-59-60/, эрүүгийн хариуцлага хүлээж  байсан эсэхийг шалгах хуудас /хх-61/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.А нь 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 47 дугаар гудамж, 02 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Ц.Патай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ц.Пын “...А баруун хацар луу нэг удаа алгадаад, миний зүүн нүд рүү нэг удаа гараа атгаж байгаад цохисон...” гэх мэдүүлэг /хх-18, 21/, шүүх эмнэлгийн 3483 дугаар “1. Ц.Пад зүүн дээд, доод зовхинд цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-29/, гэрч Д.Амаржаргалын “...манай хүүхэд эхнэрийнхээ нүүр лүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-27/, шүүгдэгч А.Аын яллагдагчаар өгсөн “...миний уур хүрээд алгадаад, мөн гараараа зүүн нүд рүү нь нэг удаа цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-49-51/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Аын хамтран амьдрагч Ц.Патай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан 1 удаа алгадаж, 1 удаа цохин зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Пын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-18, 21/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А нь хамтран амьдрагч Пыг гэртээ зодож, хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй. Ажил эрхэлдэг талаар нотлох баримтуудаар хэрэгт авагдаагүй. Тогтоогдохгүй байгаа” гэж,

шүүгдэгч “Ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хувийн таарамжгүй харилцаа, үл ялих зүйлээр шалтаглан маргалдаад алгадаж, цохин хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, баримтаар нэхэмжилсэн болон төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, хүргэлтийн жолооч хийдэг гэх боловч хэрэгт баримт авагдаагүй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Амаржаргалын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР