Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2017/00051

 

                                                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                       биелүүлснийг  баталж, хэргийг

                                                            хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах,  “Багануур Дулааны станц” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, “Багануур-Ус” ОНӨААТҮГ-т холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 36.692.086.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Багануур Дулааны станц ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь 2016 оны 02 сарын 16-ны өдөр “Багануур-Ус” ОНӨААТҮГ-тай  дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулан ажиллаж байна. Багануур-Ус ОНӨААТҮГ нь дулааны эрчим хүч  хэрэглэсэн төлбөрөө төлж барагдуулахгүй одоогийн байдлаар үндсэн төлбөр 34.517.485.08 төгрөг, алданги 2.174.601.56 төгрөг нийт 36.692.086.64 төгрөгийн  өр төлбөрөө төлөхгүй манай  компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Манай компани нь санхүү эдийн засгийн хувьд маш хүнд  байгаа БЗӨБЦТС ТӨХК цахилгааны төлбөрөө нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл, хүсэлт гаргаж манай харилцах дансыг хаагаад байна. Иймд “Багануур-Ус” ОНӨААТҮГ-аас дээр  дурдсан дулааны эрчим хүчний төлбөрийг яаралтай гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь заалтад заасны дагуу хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч “Багануур Дулааны станц” ТӨХК-иас  “Хариуцагч “Багануур-Ус” ОНӨААТҮГ нь худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 36.692.086.64 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бүрэн төлж барагдуулсан” гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Багануур-Ус ОНӨААТҮГ нь худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 36.692.086.64 төгрөгийг нэхэмжлэгч Багануур Дулааны станц ТӨХК-д төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Багануур Дулааны станц” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Багануур-Ус ОНӨААТҮГ-т холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 36.692.086.64 /гучин зургаан сая зургаан зуун ерин хоёр мянга наян зургаан төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 227 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч байгууллагын дансны хөдөлгөөнийг зогсоосон  шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж дансны хөдөлгөөнийг нээсүгэй.   

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  341.411 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 107.705 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Багануур-Ус ОНӨААТҮГ-аас 107.705 төгрөгийг  тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн    74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.   

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         П.ЦЭЦЭГДУЛАМ