Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга М.Р

Улсын яллагч Л.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Д.Я нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Я-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 06 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д аймгийн Э суманд төрсөн, эмэгтэй, ... настай, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, Б овогт Д.Я

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Д.Я нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд худалдааны төвийн харъяа ... дүгээр зөрлөгт ажиллаж байхдаа өөрийн хариуцсан барааны борлуулалтын орлогоос 2,088,038 төгрөг 91 мөнгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Я мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төвийн Замын-Үүд хэсгийн ... дүгээр зөрлөгийн худалдагчаар 2019 оны 09 сарын 02-ны өдөр ажилд орсон юм. Ойролцоогоор 4 сар орчим л ажилласан. Уг ... дүгээр зөрлөгийн дэлгүүр нь хүнсний бүтээгдэхүүн зардаг дэлгүүр байгаа юм. Дэлгүүрийн барааг Замын-Үүдээс сар бүрийн сүүлээр авчирч өгдөг юм. Дэлгүүрийнхээ орлогыг орлого орсон тухай тухай бүр нь байгууллагад тушаачихдаг байсан. Ихэвчлэн сарын дунд болон сарын төгсгөлд тушаачихдаг байсан. Миний хариуцсан зөрлөгийн дэгүүрээс төмөр замын ажилчид сар бүр л тодорхой хэмжээний зээл хийж цалин буухаараа буцаагаад төлөөд явдаг л даа. Хамгийн сүүлийн тооллого буюу 2020 оны 01 сард хийсэн тооллогоор би нийтдээ төмөр замын 18 ажилчдад 935,100 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр өгсөн байсан бөгөөд уг 18 хүнээсээ төлбөрөө аваад байгууллагад тушаачихсан бөгөөд надаас зээл авсан хүмүүс бүгд зээлээ төлөөд дуусчихсан байгаа. Ингээд зээл авсан хүмүүсийн 935,100 төгрөгийг хасахаар миний нэр дээр 2,088,038 төгрөгийн дутагдал үлдэж байгаа. Уг дутагдал маань миний хариуцсан дэлгүүрийн барааны үнийн төлбөр юм. Би 2,088,038 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг хувьдаа хэрэглэчихсэн нь л зөрчил байгаа юм. Тэрнээс биш дэлгүүрийн барааны орлогын мөнгийг нь хувьдаа ихээр нь ашиглачихсан зүйл байхгүй. Миний нэр дээр үүссэн 2,088,038 төгрөгийн барааг гэр бүлийн хүнсний хэрэгцээнд хэрэглээд зарцуулчихсан. Би өөрийнхөө нэр дээр үүссэн дутагдлыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа гэжээ. /хх-ийн 112-116/          

Шүүгдэгч Д.Я шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэрэгт өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Улаанбаатар төмөр замын нэгж болох Сайншанд худалдааны төвийн Замын-Үүд хэсгийн ... дүгээр зөрлөгийн худалдагч Д.Я нь ажиллах хугацаандаа байгууллагад нийтдээ 2,088,038 төгрөгийн дутагдал үүсгэсэн талаар Сайншанд худалдааны төвөөс цагдаагийн байгууллагад хандсан байсан. Уг асуудлыг Сайншанд худалдааны төвийн дарга, нягтлан нараас тодруулан санхүүгийн баримтуудыг нь тулгаж үзэхэд худалдагч Д.Я нь 2,088,038 төгрөгийн бараа дутаасан гэж үзэхээр байна. Мөн дотоод аудит, хяналтын албанаас гаргасан дүгнэлтээр мөн л Д.Я-н 2,088,038 төгрөгийн дутагдал үүсгэсэн гэж дүгнэсэн байсан. Иймд Улаанбаатар төмөр зам дээрхи төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байна гэжээ. /хх-ийн 25-27/  

Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төвийн Замын-Үүд хэсгийн ... дүгээр зөрлөгийн худалдагч Д.Я нь 2019 оны 09 сарын 02-ны өдөр анх ажид орсон. Тэгээд уг худалдагч нь 2020 оны 01 сарын дундуур өөрийн хүсэлтээр ажлаасаа гарах өргөдөлөө өгч Замын-Үүд хэсгийн нягтлан З.М ажлыг нь хүлээлцэхээр бараа материалын тооллого явуулахад 2019 оны 12 сарын дутагдал 118,464.76 төгрөгний дутагдал дээр 2,301,456 төгрөгний дутагдал гарч нийт 2,419,920.76 төгрөгний дутагдал гарсан. Уг дутагдалаас 2 сард Д.Я-н 1 дүгээр сарынх нь шагнал цалин 331,881.85 төгрөг бууж уг мөнгийг суутгаснаар 2,088,038.91 төгрөгний дутагдал үлдэж байгаа юм. Уг асуудлаар нь ярилцаж ямар учраас тухайн дутагдал гарсаныг лавлахад ар гэрт асуудал гараад мөнгөний хэрэг болоод хэрэглэчихсэн юм, одоогоор  баргадуулах мөнгө төгөрг байхгүй явдаг газраараа явъя гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 35-36/

Гэрч П.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Д.Я нь Замын-Үүд суманд Жинчин зоогийн газарт угаагчаар ажилж байгаад ажил хэцүү байна ажлаа хөнгөвчилмөөр байна цаашид худалдагчаар ажилламаар байна гэж хүсэлт тавьсны дагуу ... зөрлөгийн худалдагчаар ажиллуулах болсон. Өмнө нь ... зөрлөгийн худалдагч байсан учраас туршлагатай, алдаа дутагдал гаргахгүй байх гэж бодсон. Манай байгууллага 2019 оны 09 сарын 02-ны өдрөөс Д.Я-н ажлыг хүлээлцээд өгөөд тэр өдрөөс 2020 оны 01 сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Тэрнээс хойш манай нягтлан бодогч тооцоо гаргахад 2,088,038.91 төгрөгний дутагдал гаргасан байсан. Манай байгууллага сар бүрийн эцсээр өөрсдийн биеэр очиж тооллого хийдэг. Манай тооллогын комисст нягтлан, нярав, худалдааны мэргэжилтэн нар томилогдон ажилладаг гэжээ. /хх-ийн 38-40/

Гэрч З.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийн хариуцсан Замын-Үүд хэсгийн ... зөрлөгт 2019 оны 12 сард тооллого хийхэд 1,889,000.87 төгрөгний дутагдал заагдахад нь тодруулж авлагын жагсаалттай нь тулгахад 600,000 гаруй төгрөг үлдсэн. Энэ мөнгийг яасан талаар асуухад 300,000 гаруй төгрөгийг нь өөрийн гэртээ идэх, уух юмандаа зарцуулсан, үлдсэн 300,000 төгрөгийг яаснаа мэдэхгүй байна гэж хэлж байсан. Тэгээд 2020 оны 01 сард ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргахаар нь ... зөрлөгт очиж тооллого хийхэд 2,301,456 төгрөгний дутагдал гарсан. Энэ нь өмнө саруудын дутагдалуудыг дараа сарын орлогоосоо нөхөж хийж явсаар байгаад эцсийн тооллого хийхэд бүгд нийлж ийм их хэмжээний дутагдал гарч байгаа юм. Жишээ нь 12 сарын дутагдал 1,889,000.87 төгрөгийг 1 дүгээр сарын орлогоос нөхөж хийгээд авлагын жагсаалтанд байсан хүмүүс өрөө өгөхөөр нь дансанд тушаалгүй хувьдаа зарцуулсан гэсэн үг. Тэгж явсаар эцсийн бараа бүтээгдэхүүний тооллогоо хийхэд ийм их хэмжээний дутагдал заагдсан гэжээ. /хх-ийн 42-44/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол / хх-ийн 01/

Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төвийн 2020 оны 61/64 дугаартай албан тоот, санхүүгийн баримтууд /хх-ийн 02-18/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 20/

Улаанбаатар төмөр замын дотоод аудит хяналтын албаны аудиторын дүгнэлт /хх-ийн 48-49/

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52-53/

Дансны дэлгэрэнгүй, дутагдалын төлөлт болон үүссэн дүн /хх-ийн 58-60/

Д.Я-н ажилтны анкет, шүүгдэгчийн ажилд авах тухай 2019 оны Б-I-97 дугаартай Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төвийн даргын тушаал, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2020 оны Б-I-08 дугаартай даргын тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт, аюулгүй ажилгааны зааварчилгаа /хх-ийн 61-82/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 119-120/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Д.Я нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд худалдааны төвийн харъяа ... дүгээр зөрлөгт худалдагчаар ажиллаж байхдаа өөрийн хариуцсан эд хөрөнгө буюу 2,088,038 төгрөг 91 мөнгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т “...Сайншанд худалдааны төвийн Замын-Үүд хэсгийн ... дүгээр зөрлөгийн худалдагч Д.Я нь ажиллах хугацаандаа байгууллагад нийтдээ 2,088,038 төгрөгийн дутагдал үүсгэсэн талаар Сайншанд худалдааны төвөөс цагдаагийн байгууллагад хандсан байсан. Уг асуудлыг Сайншанд худалдааны төвийн дарга, нягтлан нараас тодруулан санхүүгийн баримтуудыг нь тулгаж үзэхэд худалдагч Д.Я нь 2,088,038 төгрөгийн бараа дутаасан гэж үзэхээр байна. Мөн дотоод аудит, хяналтын албанаас гаргасан дүгнэлтээр мөн л Д.Я-н 2,088,038 төгрөгийн дутагдал үүсгэсэн гэж дүгнэсэн байсан.” гэх мэдүүлэг, гэрч Т.О “...нягтлан З.М ажлыг нь хүлээлцэхээр бараа материалын тооллого явуулахад 2019 оны 12 сарын дутагдал 118,464.76 төгрөгний дутагдал дээр 2,301,456 төгрөгний дутагдал гарч нийт 2,419,920.76 төгрөгний дутагдал гарсан. Уг дутагдалаас 2 сард Д.Я-н 1 дүгээр сарынх нь шагнал цалин 331,881.85 төгрөг бууж уг мөнгийг суутгаснаар 2,088,038.91 төгрөгний дутагдал үлдэж байгаа юм.” гэх мэдүүлэг, гэрч З.М “... зөрлөгт 2019 оны 12 сард тооллого хийхэд 1,889,000.87 төгрөгний дутагдал заагдахад нь тодруулж авлагын жагсаалттай нь тулгахад 600,000 гаруй төгрөг үлдсэн. Энэ мөнгийг яасан талаар асуухад 300,000 гаруй төгрөгийг нь өөрийн гэртээ идэх, уух юмандаа зарцуулсан, үлдсэн 300,000 төгрөгийг яаснаа мэдэхгүй байна гэж хэлж байсан. Тэгээд 2020 оны 01 сард ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргахаар нь ... зөрлөгт очиж тооллого хийхэд 2,301,456 төгрөгний дутагдал гарсан. Энэ нь өмнө саруудын дутагдалуудыг дараа сарын орлогоосоо нөхөж хийж явсаар байгаад эцсийн тооллого хийхэд бүгд нийлж ийм их хэмжээний дутагдал гарч байгаа юм.” гэх мэдүүлэг, Улаанбаатар төмөр замын дотоод аудит хяналтын албаны аудиторын дүгнэлт /хх-ийн 48-49/, дансны дэлгэрэнгүй, дутагдалын төлөлт болон үүссэн дүн /хх-ийн 58-60/, ажилтны анкет, шүүгдэгчийн ажилд авах тухай 2019 оны Б-I-97 дугаартай Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төвийн даргын тушаал, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2020 оны Б-I-08 дугаартай даргын тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн харицулагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт, аюулгүй ажилгааны зааварчилгаа /хх-ийн 61-82/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Я нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд худалдааны төвийн харъяа ... дүгээр зөрлөгт худалдагчаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж үзэх үндэслэлтэй. Бусдын итгэмжлэн хариуцуулсан гэдэг нь хувь хүн, байгууллагаас өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн байхыг хэлэх бөгөөд итгэмжлэн өгсөн эд зүйлс, эд хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж юм. Шүүгдэгч Д.Я-н үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Иймд шүүгдэгч Д.Я-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүхийн шатанд шүүгдэгч нь нийт 1,380,040 төгрөгийг төлж барагдуулсан нь Х банкны депозит дансны хуулга, мөнгөн шилжүүлэг, орлогын мэдүүлэг, Улаанбаатар Төмөр замын Сайншанд худалдааны төвийн 2020 оны 61/126 дугаартай албан тоот зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгч нь үлдэх хохирол болох 707,998 төгрөг 91 мөнгийг 2020 оны 08 сарын 30-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн болно.   

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрт 1,380,040 төгрөгийг төлж барагдуулж, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 2020 оны 08 сарын 30-ны дотор гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэн шийдвэрлэв.  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Д.Я нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-г ялаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Я-т 2020 оны 08 сарын 30-ны дотор гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Я-с 707,998.91 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төвд олгосугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Я-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Э.Б