Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 072

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Д.Бэгзжавын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Бэгзжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1956 онд Завхан аймгийн Сантмаргаз суманд төрж тус сумын Баясгалант Амьдрал нэгдэлд 1981 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарыг дуустал тасралтгүй 10 жил мал малласан. 2009 оноос Төв аймгийн Аргалант суманд шилжин ирж амьдарч байна. Дээрх мал малласан хугацааны лавлагааг аймгийн архиваас гаргуулахад 1981-1984, 1986, 1988 онуудын ажилласан хугацаа бүрэн гарч, бусад онуудын баримт аймгийн архивт шилжин ирээгүй байна.

Иймд Д.Бэгзжав намайг Завхан аймгийн Сантмаргаз сумын Баясгалант Амьдрал нэгдлийн Баян-Улаан бригадад 1981 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын дуустал тасралтгүй мал малласан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Бэгзжав нь Завхан аймгийн Сантмаргаз сумын Баясгалант Амьдрал нэгдлийн Баян-Улаан бригадад 1981 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарыг дуустал мал маллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Д.Бэгзжав Завхан аймгийн Сантмаргаз сумын Баясгалант Амьдрал нэгдлийн Баян-Улаан бригадад 1981 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-нийг дуустал мал маллаж байсан болох нь он, сар, өдөр, дугааргүй 1981 оноос 1990 он хүртэл бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр, аймгийн архивын тасгийн 2016 оны 09-р сарын 28-ны өдрийн А/721 тоот лавлагаа зэрэг баримт бичгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийг дээрх хугацаанд мал маллаж байсан талаар мэдүүлсэн гэрч

С.Батбаатарын ... Бэгзжав намайг 1981 онд цэргээс халагдаж ирэхэд Завхан аймгийн Сантмаргаз сумын Баясгалант Амьдрал нэгдлийн Баян-Улаан бригадад мал маллаж байсан юм. Тэрнээс өмнө ч гэсэн мал маллаж байсан. Хөдөө илгээлтээр гарсан санагдаж байна. Нэгдэл тартал мал маллаж байгаад, нэгдэл тарснаас хойш хувийнхаа малыг маллаж байгаа. Би тус нэгдэлд нярав хийдэг байсан юм. Тухайн үед Баясгалант-Амьдрал нэгдлийн дарга нь Түдэв гэж хүн байсан юм. Бэгзжав бог мал маллаж байсан. Малаа гайгүй сайн маллаж байсан хүн. Аав нь насаараа мал малласан хүн байсан. Нэгдэл 1993, 1994 оны үеэр л татан буугдаж компани болж байсан юм... гэсэн,

гэрч М.Даваагийн ... Бэгзжав 1980 оноос хойш 1990 оныг дуустал Завхан аймгийн Сантмаргаз сумын Баясгалант-Амьдрал нэгдлийн Баян-Улаан бригадад мал маллаж байсан хүн байгаа юм. Тухайн үед Баясгалант-Амьдрал нэгдлийн дарга нь Түдэв гэж хүн байсан юм. Бригадын дарга нь хэн байсныг сайн санахгүй юм. Бэгзжав нэгдлийн сувай мал маллаж байсан. Мөн бог мал маллаж байсан. Малаа гайгүй сайн маллаж байсан хүн. Баясгалант-Амьдрал нэгдэл 1992, 1993 оны үеэр л татан буугдаж компани болж байсан юм... гэсэн,

гэрч В.Алтайхүүгийн ... Бэгзжав 1981 оноос 1990 он хүртэл Сантмаргаз сумын Баясгалант-Амьдрал нэгдлийн Баян-Улаан бригадад мал маллаж байсан. Тэгээд хотруу шилжээд явсан юм. Тэр үед Баясгалант-Амьдрал нэгдлийн дарга нь Түдэв байсан юм болов уу даа. Бэгзжав бог мал малладаг байсан, мал маллаад шагнуулж байсан эсэхийг нь мэдэхгүй. Малаа боломжийн л маллаж байсан. Баясгалант Амьдрал нэгдэл 1990 оны үеэр л татан буугдсан. Тэгээд хувьчлал болсон... гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Д.Бэгзжавыг 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Завхан аймгийн Сантмаргаз сумын Баясгалант Амьдрал нэгдлийн Баян-Улаан бригадад мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ