| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2020/0187/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/189 |
| Огноо | 2020-06-22 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/189
2020 06 22 2020/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Б.Төрболд
Шүүгдэгч Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .............. овогт Цд холбогдох 2021002600205 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт үнэлгээчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Оюу Их Ундрах” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт теллерээр ажиллаж байсан, ам бүл 2, хүүгийн хамт ..................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................. овогт Ц /РД: ................../.
Шүүгдэгч Ц нь Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр байранд байрлах “Оюу Их Ундрах” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байхдаа 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хуурамч баримт бичиг бүрдүүлэх, санхүүгийн баримтан дээр хүний нэр, овог, регистр зохиож эд зүйл барьцаалан мөнгө авсан байдлаар бүртгэж, дээрх зохиосон хүний нэр дээр зээл гаргасан мэтээр өөртөө мөнгө авах, барьцаанд тавьсан гар утсыг бусдад зээлээр өгөх, ломбардны мөнгөнөөс бусдад баримтгүй өгөх зэрэг аргаар 6.484.000 төгрөгийг хувьдаа завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ц нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр надад хандаж захирлаа би 5 өдрийн чөлөө авъя гэхээр нь ажлыг нь хүлээж авахаар тооллого хийж баримтуудыг барьцаатай нь тулгаж үзэхэд 3 хүний нэр дээр ямар ч барьцаагүй 360.000 төгрөгний баримт илүү гарсан бөгөөд барьцаанд тавьсан эд зүйлийг хайгаад олохгүй асуухад Ц нь өөрөө авч хэрэглэсэн гэдгээ хүлээсэн. Мөн тэрнээс гадна сейфэнд байсан бэлэн мөнгөнөөс найз залуудаа 300.000 төгрөгийг хэлэхгүй өгч явуулсан гэдгээ хэлсэн ба тухайн өдрийн тооцооноос 324.500 төгрөгийг дутаасан байсныг Ц өөрөө авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ингээд тооллого хийж дуусаад Цийг ажлаас нь чөлөөлж байна гэдгээ хэлээд дутаасан мөнгөө даруй өгч дуусгаарай гээд явуулсан. Тэр үед Цтэй цуг ажилладаг байсан ******* гэх охиныг Ц нь гуйж байгаад хуурамч баримт бичүүлсэн байсан учир хуйвалдаж хуурсан гээд *******ийг бас ажлаас нь гаргасан. Гэтэл М нь гэртээ очсон даруйдаа эгчээ миний буруу би Цийг гуйгаад байхаар нь баримт бичиж өгсөн. Ций асуудал энүүгээр дуусахгүй их байгаа танай нохойны идүүрийг мөнгөн аяганы оронд боож хийгээд мөнгө авсан, бас утасны кейснүүдийг цаасан уутанд хийж гар утас гэж бичээд зөндөө мөнгө авсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш нь ажилдаа очоод *******ийг дуудаад сейфэнд байгаа бүх гар утас, мөнгөн аягануудыг гаргаад гаднаас нь барьж үзэхэд утас байхгүй шинжтэй цаасан ууттай гар утаснуудыг баримтуудтай нь тулгаж үзсэн. Үүнд: ******* нэр дээр S8+ гэж бичээд уутан дотор 2 ширхэг утасны кейс хийж наагаад 220.000 төгрөг, ******* нэр дээр S7 гэж бичээд цаасан уутан дотор 1 ширхэг утасны кейс хийж 130.000 төгрөг, ******* нэр дээр J6plus гэж бичээд цаасан уутан дотор 1 ширхэг утасны кейс хийж 250.000 төгрөг, ******* нэр дээр S8+plus гэж бичээд цаасан уутан дотор 1 ширхэг кейс хийгээд 250.000 төгрөг, ******* нэр дээр iphone-7 гэж бичээд цаасан уутан дотор кейс хийгээд 250.000 төгрөг, ******* нэр дээр А6 гэж бичээд цаасан уутан дотор нь эвдэрхий гар утас хийгээд 250.000 төгрөг, нэр дээр А6+19 он гэж бичээд цаасан уутан дотор эвдэрхий гар утас хийгээд 280.000 төгрөг, нэр дээр J6+ гэж бичээд цаасан уутан дотор нь 1 ширхэг кейс хийгээд 250.000 төгрөг буюу нийт 1.880.000 төгрөгийг хуурамч барьцаа тавьж авсан байсан. Үүнээс гадна гэх нэр дээр 2.1 гр монетон бөгж гэж бичээд 120.000 төгрөг /бөгж нь байхгүй/, гэх нэр дээр мөнгөн аяга 2 ширхэг гэж бичээд 120.000 төгрөг /2 ширхэг аяга нь байхгүй/, гэх нэр дээр мөнгөн аяга 2 ширхэг гэж бичээд 120.000 төгрөг /2 ширхэг аяга нь байхгүй/, гэх нэр дээр мөнгөн аяга 1 ширхэг гэж бичээд 130.000 төгрөг /оронд нь манай нохойны идүүрийн аягыг хийсэн байсан гэх/, гэх нэр дээр хуурамч аяга гэж бичиж хийгээд 60.000 төгрөг /оронд нь хуурамч аяга хийсэн байсан гэх/, мөн нэр байхгүй мөнгөн аяга гэж бичсэн 100.000 төгрөгний баримт гарч ирсэн /мөнгөн аяга нь байхгүй/ тус тус дээрх эд зүйлийг хуурамчаар бичиж нийт 650.000 төгрөгийг авсан байсан. Мөн Ц нь ажиллаж байх хугацаандаа хугацаа нь дуусаад борлуулж байсан гар утаснаас өөрийн танил найз нөхөддөө зээлээр өгөөд байсан бөгөөд нийт 1.450.000 төгрөгний 10 ширхэг гар утсыг 10 хүнд зээлээр өгсөн мөнгийг нь аваагүй гэж хэлж байсан. Үүнээс гадна гэх эгчдээ 500.000 төгрөгийг барьцаагүй бичүүлж авчихаад нь мөнгөө буцааж өгөхөд нь баримтаа хаахгүйгээр дундаас нь мөнгийг нь авч хэрэглэсэн байсан. Мөн өөрийнхөө нэр дээр 390.000 төгрөгийг барьцаагүй бичүүлж авсан байсан. Тэрнээс гадна байр түрээслэнэ гээд 300.000 төгрөг надаас урьдчилж гуйж авсан боловч өгөөгүй. Гэрийнхээ зурагтаа 350.000 төгрөгөнд авчирч тавьчихаад мөнгөө төлөөгүй байж зурагтаа буцаагаад аваад явчихсан байсан. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн орой тооллого хийж байхад надад миний толгой өвдөөд байна, эмийн сан ороод ирье гэж гараад манай салбар болох Ундрах-2 ломбард дээр очоод ажиллаж байсан ээс өглөө гийн данснаас аваад өгье гээд 500.000 төгрөг авсан байсан. Мөн ажлын хариуцлага алдаж эвдэрхий хагархай утсыг 140.000 төгрөгөөр барьцаанд авсан байсан. ...цагдаад өргөдлөө өглөө гэж байж 3.000.000 төгрөгийг Ций ах нь миний дансанд хийсэн. ...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 850.000 төгрөг бэлнээр авчирч өгсөн. Тэгэхдээ гэрийнхээ TSL маркийн 42 инчийн зурагтыг 450.000 төгрөгөнд бодож өрнөөсөө хасуулсан. Мөн Цээр дамжуулж гар утасны зээл авсан хүмүүсээс 779500 төгрөгийг өгсөн байдаг. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1000.000 төгрөгийг Цагдаагийн газарт бэлнээр хүлээлгэж өгсөн. ...Шинжээч Д.Дамдимаа нь Ций хуурамчаар барьцаа бичиж авсан мөнгөнд хүү бодсон байх шиг байна. Би уг хүүний мөнгө болох 764.200 төгрөгийг Цээс нэхэмжлэхгүй. Надад Ций бэлнээр өгсөн 5.300.000 төгрөг болон гар утас зээлээр авсан хүмүүсээс 779.500 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо Цээс 400.000 төгрөг авах дутуу байна ...” гэжээ. /хх-ийн 22-23 тал/
Гэрч Ө.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Улмаар би жинхэлж ажилд ороод тооцоогоо хүлээж авахаар болж 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тооллого хийхээр болсон юм. ...Тухайн өдөр Ц даргыг ирэхээс өмнө оройныхоо тооллогод бэлдэнэ гээд сандарч гүйгээд байсан юм. Мөн Ц өөрийнхөө цүнхнээс одоо миний санаж байгаагаар ойролцоогоор 10-аад ширхэг баримтны шар хуулбар гаргаж ирээд Рояалд ажилладаг өөрийнхөө найзаас мөнгө авч тус авсан мөнгөө орлого руу хийгээд тус баримтуудаа хааж байсан юм. Тэгээд тооллого хийгээд мөнгөний зөрүү гарахаар нь дутсан мөнгөө тааруулахын тулд надаар 00002904 дугаартай баримт дээр 120.000 төгрөг, 00004328 дугаартай баримт дээр 250.000 төгрөг, 00004272 дугаартай баримт дээр 250.000 төгрөг, 00004326 дугаартай баримт дээр 250.000 төгрөг тус тус бичүүлээд өөрөө тус баримтныхаа дагуу гар утас хийдэг цагаан өнгийн цаасан уутан дотор утасны кейс орлуулж хийх талаар хэлж байсан юм. ...Тэгээд даргыг түр гараад явсан хойгуур Ц их сандарсан байдалтай байсан бөгөөд өмнө нь хуурамчаар хийж байсан мөнгө авсан баримтныхаа оронд даргын тэжээдэг нохойны идүүрийг гялгар уутанд хийж боогоод дээр нь цаас наагаад хийж байсан юм. Удалгүй О дарга ирээд тооллого хийхэд Ций хуурамчаар баримт үйлдсэн данснууд дутсан...” гэжээ. /хх-ийн 31-33 тал/
Санхүүгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10 тоот дүгнэлтэд:
1. Ц нь “Оюу их ундрах” ХХК-ий барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, хуурамч барьцаа тавьж 4.410.000 төгрөг, ямар ч баримтгүйгээр 300.000 төгрөг, барьцаанд тавьж мөнгө зээлдсэн гар утсыг зээлээр зарсан 1.450.000 төгрөг, бэлэн мөнгөний дутагдал 324.000 төгрөг, нийт 6.484.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт тусгагдсан барьцаат зээлийн үйлчилгээний 15 ширхэг баримт, иргэн Д.О-ийн гараар бичиж өгсөн өргөдөл, мэдүүлэг, Ций өөрийнх нь мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
2. “Оюу их ундрах” ХХК-ий барьцаалан зээлдүүлэх газрын эзэн Д.О нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тооллогоор уг барьцаанд тавьсан эд зүйлс нь хуурамч болохыг мэдэж уг дутагдлыг илрүүлсэн ба 6.484.000 төгрөгийн нэхэмжлэлд 764.200 төгрөгийн хүү ногдуулсныг оруулж тооцоогүй байна.
3. Ц нь “Оюу их ундрах” ХХК-ий барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, хуурамч барьцаа тавьж авсан 4.410.000 төгрөгөнд 764.200 төгрөгийн хүү ногдуулж барьцаат зээлийн үйлчилгээний 1683 тоот баримтанд 175.000 төгрөг, 3628 тоот баримтанд 105.000 төгрөг, 4272 тоот баримтанд 70.000 төгрөг, 4326 тоот баримтанд 70.000 төгрөг, 4328 тоот баримтанд 70.000 төгрөг, 4305 тоот баримтанд 78.400 төгрөг, 2904 тоот баримтанд 9.600 төгрөг, 0070 тоот баримтанд 8.000 төгрөг, 0100 тоот баримтанд 9.600 төгрөг, 0105 тоот баримтанд 9.600 төгрөг, 0361 тоот баримтанд 13.000 төгрөг, 0369 тоот баримтанд 35.000 төгрөг, 0484 тоот баримтанд 22.000 төгрөг, баримтын дугааргүй А. 50.000 төгрөг, баримтын дугааргүй Ц 39.000 төгрөгийн хүүг тус тус бичиж баримтанд тусгасан ба нэхэмжилж буй дүнд оруулаагүй байна. “Оюу их ундрах” ХХК-аас Ций учруулсан хохиролд ямар ч алданги тооцоогүй байна. Нийт 764.200 төгрөгийн бодогдсон хүүг төлөх нь хавтаст хэрэгт хавсаргасан 15 ширхэг баримтаар нотлогдож байна.
4. Ц нь “Оюу их ундрах” ХХК-ий барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавигдсан гар утсыг 10 удаагийн үйлдлээр буюу 10 хүний нэрээр 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт хавсаргагдсан иргэн Д.О-ийн гараар бичиж өгсөн өргөдөл, мэдүүлэг, Ций өөрийнх нь мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
5. “Оюу их ундрах” ХХК-ий барьцаалан зээлдүүлэх газарт 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Ц нь ажиллаж байх хугацаандаа нийт 7.248.200 төгрөгний хохирол учруулсан ба 4 удаа нийт 5.300.000 төгрөгийг төлж барагдуулсан ба одоо 1.948.200 төгрөгийг төлөх нь нотлогдож байна. Уг хохирлын 1.184.000 төгрөг нь үндсэн төлбөр, 764.000 төгрөг нь 15 ширхэг баримтанд тусгаж Ций тооцоолж бичсэн хүүний төлбөр болно.
6. Шинээр илэрсэн зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 35-38 тал/
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 20/
Гэрч Ё.М-ийн мэдүүлэг /хх-ийн 28-31/
Ций яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-45/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47/
“Оюу Их Ундрах” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 51/
Бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 52-53/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Цд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэм аюултай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ............. овогт Ц нь Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр байранд байрлах “Оюу Их Ундрах” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байхдаа 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хуурамч баримт бичиг бүрдүүлэх, санхүүгийн баримтан дээр хүний нэр, овог, регистр зохиож эд зүйл барьцаалан мөнгө авсан байдлаар бүртгэж, дээрх зохиосон хүний нэр дээр зээл гаргасан мэтээр өөртөө мөнгө авах, барьцаанд тавьсан гар утсыг бусдад зээлээр өгөх, ломбардны мөнгөнөөс бусдад баримтгүй өгөх зэрэг аргаар 6.484.000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч Д.О, гэрч Ё.М, Ө.М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Санхүүгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10 тоот дүгнэлт, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хууль бусаар ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд оруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч Цд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Цийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ций үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Ций хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийсэн, хохирогч Б.О-т 5.300.000 төгрөгийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгч Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “Оюу Их Ундрах” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын захирал Д.О-т 7.248.200 төгрөгийн хохирол учирсан болохыг санхүүгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10 тоот дүгнэлтээр тогтоосон байх бөгөөд хохирогч Д.О нь шүүгдэгч Цээс түүний завшсан 6.484.000 төгрөгт бодогдсон 764.200 төгрөгийн хүүг нэхэмжлэхгүй, зөвхөн бодитоор завшсан 6.484.000 төгрөгийг нэхэмжилж байгаагаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлжээ.
Шүүгдэгч Ц нь гэмт хэргийн улмаас учруулсан 6.484.000 төгрөгийн хохирлоос 5.300.000 төгрөгийг өөрөө төлж барагдуулж, түүний гар утас зээлээр өгсөн хүмүүсээс 779.500 төгрөгийг хохирогч Б.О-т өгч, нийт 6.079.500 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн байна. Иймд шүүгдэгч Цээс гэмт хэргийн улмаас учирсан гэмт хорын хохиролд нөхөн төлөхөө илэрхийлсэн 404.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.О-т олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч............. овогт Цийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Цд тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Цд мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Цээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 404.500 /Дөрвөн зуун дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч “Оюу Их Ундрах” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын захирал .............. овогт Д.О- /............. /-т олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоод хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА