Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2017/00052

 

 

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

      хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

     хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “Хишиг-Уул” ХК-ийн байранд байрлах,  Төрийн банкны Багануур салбарын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол 24 дүгээр байрны 2 тоотод  оршин суух, Бундага овогт Норовсамбуугийн Ганбаатар, Урайнхад овогт Гочоогийн Мажигсүрэн нарт  холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт  896.904.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр  сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

            Нэхэмжлэгч Төрийн банкны Багануур салбараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Тус банкнаас Норовсамбуугийн Ганбаатар, хамтран зээлдэгч Гочоогийн Мажигсүрэн нар нь 2013 оны 08 сарын 26-ны өдрийн 132 тоот зээлийн гэрээгээр 11.610.000 төгрөгийн цалингийн зээл авч 36 сарын хугацаатай сарын 1.4 хувь, жилийн 16.8 хувийн хүүтэй зээл авсан. Зээлдэгч нийт 14.045.828.43 төгрөг төлснөөс үндсэн зээлд 10.802.076.38 төгрөг, зээлийн хүүд 3.238.201.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5.550.46 төгрөг  тус тус төлсөн. Н.Ганбаатар нь Хилийн цэргийн 0252 дугаар ангид Соёлын төвийн даргаар ажиллаж  байгаад 2014 оны 04 сард ажлаасаа гарсан. Зээлийн гэрээний хуваарийн дагуу сар бүрийн 25-нд төлөх ёстой зээлийн төлбөрийг 2016 оны 07 сарын 25-ны өдрөөс хугацаа хэтэрч хуваарьт төлбөрөө төлөгдөөгүй, цаашид хэзээ  төлөх нь тодорхойгүй байна. Иймд Н.Ганбаатар болон түүний хамтран зээлдэгч Г.Мажигсүрэн нарын цалин болон түүнтэй адилтгах орлого, бусад хөрөнгөөс 896.904.13 төгрөг, үүнээс 807.923.62 төгрөгийн үндсэн зээл, 77.097.39 төгрөгийн хуримтлагдсан хүү, 11.883.12 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү зээлийн төлбөр 26.076 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Ганбаатар, Г.Мажигсүрэн нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Бид Төрийн банкны Багануур салбараас 2013 оны 08 сарын 26-ны өдөр 11.610.000 төгрөгийн цалинтай зээл авсан.  Энэ хугацаанд үндсэн зээл 10.802.076.38 төгрөг төлж, зээлийн хүүд 3.238.201.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5.550.46 төгрөг төлсөн байна. Одоо цалингийн зээлийн үлдэгдэл 896.904.13 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийг төлөхдөө 3 сарын 10-15-ны хооронд 448.452.6 төгрөг,  4 сарын 10-15-ны хооронд 448.452.6 төгрөгийг тус тус төлөх боломжтой  байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золоо шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч нарын гаргасан тайлбартай танилцлаа. 896.904.13 төгрөгийг графикийн дагуу төлөхөд татгалзах зүйлгүй байна гэжээ.

Шүүх зохигчдоос  бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээг уншиж судлаад:

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Багануур салбар нь хариуцагч Н.Ганбаатар, Г.Мажигсүрэн нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 896.904.13 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэл гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд  ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь  хэсэгт  заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төрийн банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Бундага овогт Норовсамбуугийн Ганбаатар, Урайнхад овогт Гочоогийн Мажигсүрэн нар нь   зээлийн гэрээний үүргийн биелэлт  896.904.13 төгрөгөөс 3 сарын 10-15-ны хооронд 448.452.6 төгрөг , 4 сарын 10-15-ны хооронд 448.452.6 төгрөгийг тус тус төлөхийг  хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.076 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 13.038 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч  Н.Ганбаатар, Г.Мажигсүрэн нараас 13.038 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкын Багануур салбарт  олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч нь сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.  

 

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       П.ЦЭЦЭГДУЛАМ