Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 413

 

    

                                                           

 

 

 

2020         05         29                                    2020/ШЦТ/413

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр, 

Улсын яллагч Ц.Хулан

шүүгдэгч М.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цоогон овогт Мэндбаярын Зт холбогдох эрүүгийн 2011 008320388 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, яс үндэс халх, тусгай дунд  боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайт 6-62 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Цоогон овогт Мэндбаярын З /РД:___________/,

Шүүгдэгч М.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.З нь 2020 оны 02 дугаар сарын 29, мөн оны 13 дугаар сарын 29-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Алтанцэцэгээс “түрээсийн төлбөр нэхэгдээд байна, манай захирал яаралтай танаас авчих гэсэн" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч М.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх

Шүүгдэгч М.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Мөнгөн завъяа” дэлгүүрийн хажууд байрлах “Тулга Гоёл” нэртэй дэлгүүрийн дотор байдаг Хятад иргэний түрээслүүлэн ажиллуулдаг алт мөнгөний дарханы хийсэн үнэт эдлэлийг худалдан борлуулах ажил хийдэг байсан. Тэгээд ажиллаж байсан чинь Хятад захирал Ян Су Мин нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн нутаг руу буцаж явсан. Тэгээд түүнээс хойш ажилгүй болж өөрийн 57-06 УБҮ улсын дугаартай “Хонда Инсайт” маркийн машинаар такси үйлчилгээнд явахаар болсон юм. Би Улаанбаатар хотод өөрийн гэсэн тогтсон орон гэр байхгүй болохоор түрээсийн байранд амьдарч түрээсийн мөнгө хоол унд гээд мөнгөний хэрэгцээ их байсан. Тийм учруус Ян Сун Мин-ий түрээсийн мөнгийг Алтанцэцэг эгчээс авах байсныг олж мэдээд мөнгийг нь авч ашиглачихаад Ян Сун Мин -ийг ирэхээс нь өмнө хурдхан эргүүлээд хийнэ гэж бодож байсан болохоор 2020 оны 02 дугаар сарын сүүлээр Алтанцэцэг эгчтэй очиж уулзаад Ян Сун Мин -ий түрээсийн мөнгийг хиймээр байна танаас аваад хийчих гэж байна гэсэн чинь Алтанцэцэг эгч өөрөөсөө өгнө гэдгийг мэдэж байсан. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын түрээсийн мөнгө болох 1,400,000 төгрөг аваад бид хоёр хамтдаа Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн хажуугийн бэлэн мөнгөний машин руу очиж ямар данс руу шилжүүлэх вэ гэхээр нь би Ундармалсувд гэсэн танил хүнийхээ “Хаан” банкны дансны дугаарыг өгсөн юм. Дараа нь дахин Ундармалсувдаас авсан өр нэхэгдээд байхаар нь аргагүй эрхэнд 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мөн л Алтанцэцэг эгч рүү 3-р сарын түрээсээ төл гэж хэлээд мөн л Алтанцэцэг эгчийн хамт Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн хажуугийн бэлэн мөнгөний машинруу очиж 1,400,000 төгрөгийг өртэй байсан Ундармалсувдын Хаан банкны 5516002484 дугаартай дансруу шилжүүлсний дараа Алтанцэцэг эгч би мөнгө шилжүүлэн авсан хүнтэй чинь ярина утасны дугаарыг нь өг гэхээр нь 99123309 дугаарын утсыг өгөөд яриулсан энэ утас нь манай Байгалмаа нягтлан эгчийн дугаар ба урьдчилаад Байгалмаа эгчид ийм хүн ярьвал тэгж хэлээрэй гэж хэлээд үг зааж өгсөн байсан. Би 2,250,000 төгрөгийг өөрөө авч хувьдаа хэрэглэсэн нь үнэн миний буруу. Би мөнгөнөөс 550,000 төгрөгийг Чимэдлхамын дансруу шилжүүлж төлсөн байсан одоо 2,250,000 төгрөгийг Алтанцэцэгт өгч хохиролгүй болгосон байгаа ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” /хх-ийн 30-31х/,

Хохирогч С.Аптанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мин Хуа ХХК-ийн худалдагч ажилтай З нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр манай ажил дээр орж ирээд манай хятад захирал 2020 оны 01 дүгээр сард Хятад руу явсан юм одоо Тулга Гоёл ХХК-аас надаас түрээсийг нь нэхээд байна манай захирал танай Хятад захиралтай ярьсан гэж байна 2 дугаар сарын түрээсийн мөнгө болох 1,400,000 төгрөгийг яаралтай танаас аваад түрээсээ төл гэж байна төлөхгүй бол гаргана гэж байна хоёулаа хамт аваад дансанд нь хийе гэхээр нь Зын хамт Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн Хаан банкны бэлэн мөнгөний машин руу очиж 1,400,000 төгрөгийг өөрийнхөө данс руу хийчихээд Заас за нөгөө мөнгө түрээс нэхээд байсан Тулга гоёл ХХК-ийн хүний дансны дугаарыг өгчих гэсэн чинь Бямбадорж эвогтой Ундармалсувд гэх хүний Хаан банкны 5516002484 гэсэн дансны дугаарыг өгсөн би түүний дагуу дээрх дансруу нь 1,400,000 төгрөг шилжүүлчихээд... дараа нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр З манай ажил дээр ирээд дахиад түрээсээ өг гэж байна мөн л манай захирал танаас авчих гэж хэлсэн... мөн л Зын хамт 1,400,000 төгрөг авч гараад Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн бэлэн мөнгөний машин руу очиж Ундармалсувд гэх хүний Хаан банкны 5516002484 дугаартай данс руу 1,400,000 төгрөг шилжүүлсэн... би Зын утас руу залгаад чи бид хоёр Мин Хуа ХХК-ийн түрээсийн мөнгийг надаас авч хийсэн биздээ гэсэн чинь З нь эгчээ уучлаарай би 2,100,000 төгрөгийг нь хэрэглэсэн 700,000 төгрөгийг түрээсийн дансанд хийсэн юм гэж хэлсэн...”, “...би гомдол гаргах үедээ түрээсийн 2,800,000 төгрөгөөс 700,000 төгрөг өгчихсөн учраас хасаад 2,100,000 төгрөг нэхэмжилсэн..." /хх-ийн 16-18х/,

Гэрч В.Байгалмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...З нь миний утас руу залгаад Сувдаад түрээсийн мөнгө байгаа гэж байна тэгээд төлөхгүй байгаад байна гэж надад худал хэлж байсан байна лээ. Тэр үед нь би Зыг Мэн-Тэгийн хүүхэн болох Алтанцэцэгээс мөнгө авч байгаа талаар мэдээгүй намайг Тулга гоёлын захирал байна гээд яриад өгчих гэж гуйгаад байсан...” /хх-ийн 21х/,

Гэрч Б.Сувд-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...З бид нар Хятад улс руу Ян Сү Мин-тэй холбогдоод Тулга гоёл ХХК-аас 2, 3 дугаар сарын түрээсийн мөнгө нэхэгдээд байна гэж удаа дараа ярьсан чинь за би утсаар ярьж байгаад түрээсийн мөнгөө зохицуулъя гэж хэлээд Алтанцэцэгээс нийт 2 сарын түрээсийн мөнгө болох 2,800,000 төгрөг зээлж авсан гэж байсан үүнийг З надаас урьдчилж мэдээд Аптанцэцэг эгч рүү очиж Тулга гоёл ХХК-аас түрээсийн мөнгөө нэхсэн Ян Сү Мин-тэй ярьсан танаас авчих гэж байна гэж хэлээд нийт 2,800,000 төгрөгийг аваад... Ян Сү Мин гэдэг Хятад иргэн одоо Монгол Улсад дахин ирэхгүй гэсэн. Тулга гоёл ХХК-аас ч гэсэн түрээсийг нь зогсоож өөр хүнд түрээслэхээр болж байх шиг байна лээ...” /хх-ийн 22х/,

Гэрч Б.Ундармалсувд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байсан чинь манай нутгийн танил дүү З нь гэнэт миний утасруу залгаад ...миний данс хаагдчихсан танд Хаан банкны данс байна уу гэхээр нь байна гэсэн чинь тэгвэл дүү нь нэг хүнээс мөнгө шилжүүлээд авъя гэхээр нь өө тэг тэг гэж хэлээд түүнд өөрийн Хаан банкны 5516002484 дугаартай дансны дугаараа өгсөн юм. Тэгтэл удалгүй Ян Сун түрээс гэсэн утга бүхий 1,400,000 төгрөг миний данс руу орж ирсэн. Тэгтэл З дахин миний утас руу залгаад эгчээ нөгөө мөнгөө хурдхан шиг манай аавын данс руу шилжүүлээд өгөөч аавын Хаан банкны карт нь надад байна гэсэн. Тэгээд би түүний хэлж өгсөн 5516103095 дугаартай Хаан банкны данс руу шилжүүлэн өгсөн. Түүнээс хойш З надтай холбогдохгүй байж байгаад 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дахин миний утас руу залгаад эгчээ таны дансны дугаар надад бэлэн байхаар нь би хүнээс авах мөнгөө хийлгэчихлээ шүү одоо та аавын 5516103095 дугаартай данс руу шилжүүлээд өгөөч гэхээр нь тухайн дансруу нь 1,000,000 төгрөгөөр нэг удаа 395,000 төгрөгөөр нэг удаа 2 хуваагаад шилжүүлсэн учир нь миний дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байсан...” /хх-ийн 24х/,

Гэрч Г.Чимэдлхам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ян Су Мин нутаг руугаа явчихаад ирье гээд явсан түүнээс хойш 2, 3 дугаар сарын түрээсийн мөнгө болох 2,800,000 төгрөг төлөгдөөгүй байж байгаад 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 350,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 200,000 төгрөг нийт 550,000 төгрөг шилжүүлэн өгсөн ингээд 2 сарын түрээсийн мөнгө болох 2,800,000 төгрөгнөөс 550,000 төгрөгийг өгсөн харин одоо 2,250,000 төгрөг төлөгдөөгүй байгаа..." /хх-ийн 25х/,

Шүүгдэгч М.Зын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34х/ болон  хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч М.Зыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.    

Шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.З нь хохирогч С.Алтанцэцэгт 2,100,000 төгрөг шилжүүлэн өгч хохиролгүй болсон тухай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга бүхий баримт гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                        ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Цоогон овогт Мэндбаярын Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг баримтлан шүүгдэгч М.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлсүгэй.

 3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД