Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 525

 

 

 

 

 

 

 

     2020          06           02                                      2020/ШЦТ/525

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

            улсын яллагч Ш.Хосбаяр,

            шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Т.А-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009009730459 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай Т.А /регистрийн дугаар /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Т.А нь 2020 оны 3 дугаар сарын 18-наас 3 дугаар сарын 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамж, 2-04 тоотод оршин суух хохирогч Н.Намжилтуяагийн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхыг хагалж нэвтэрч Скайворд загварын зурагт, мөн МНБС төхөөрөмж, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хулгайлан авч бусдад 311.960 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би Б.Амартүвшингийн ээжийн байшингийн цонхыг хагалж ороод дотроос нь хананд өлгөөтэй байсан 40 инчийн Скайворч загварын зурагт, мнбс төхөөрөмж болон самсунг загварын хар өнгийн гар утас хулгайлсан хэрэг үйлдсэн минь үнэн..” гэсэн мэдүүлэг /хх-59-61/,

 

              Хохирогч Н.Намжилтуяагийн “…Би Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамж, 2-04 тоотод амьдардаг, 2020 оны 3 сарын 19-ний өдөр 14:00 цагийн үед хоёр зээ хүүгийнхээ төрсний гэрчилгээг авахаар гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, танихгүй гутлын мөр байсан, чигээрээ яваад охины гэр руу ороход амбаарын хаалга нь онгорхой, гэрийн хаалга нь онгорхой эвдэрсэн байсан, ийш тийш харахад өчигдөр орхиж явсан байдал хэвээрээ байсан, толины шургуулгаас хүүхдийн гэрчилгээ аваад гэрээс гараад өөрийнхөө байшин руу очиход танихгүй гутлын мөр байсан, хартал цонх хагархай цаад тал нь онгорхой байсан, том өрөөнд байсан зурагт, төхөөрөмж хамт байхгүй байсан, мөнгөн бугуйвч алдагдсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/,        

 

              Иргэний нэхэмжлэгч Ш.Гантулгын “...намайг ажил дээрээ өглөө ирэхэд ажлын үүдэн дээр намхан бор залуу зурагт тэвэрсэн зогсож байсан, зурагт нь асахгүй гэмтэлтэй байхаар нь асахгүй байна хэдэн төгрөгөөр өгөх юм гээд асуусан, би 30.000 төгрөгөөр худалдаж авсан, 30.000 төгрөгөө нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30, 36/,            

 

              Гэрч Б.Амартүвшингийн  “…Т.Аг Зайсангийн барилга дээр ажиллаж байгаад бие биеэ мэддэг болсон, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Т.Атай тал шил архи, тал савтай пиво уусан, ээж гаднаас орж ирээд цагдаа дуудаад намайг өгөөд явуулсан, Т.А хулгай хийсэн гэдгийг эрүүлжүүлэхээс гарч ирээд хартал гутлынхан мөр нь байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/,          

 

              Хэргийн газарт үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл /хх-5-7/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-15/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-21/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-22/, Эд зүйлийн үнэлгээ /хх-43/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-64/, хорооны тодорхойлолт /хх-72/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-62/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-68-71/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-77-78/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Т.А нь 2020 оны 3 дугаар сарын 18-наас 3 дугаар сарын 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамж, 2-04 тоотод оршин суух хохирогч Н.Намжилтуяагийн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхыг хагалж нэвтэрч Скайворд загварын зурагт, мөн МНБС төхөөрөмж, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хулгайлан авч бусдад 311.960 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Н.Намжилтуяагийн мэдүүлэг, гэрч Б.Амартүвшингийн мэдүүлэг, шүүгдэгч Т.Агийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Т.Агийн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Агийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Н.Намжилтуяа нь 175.960 төгрөгийн үнэлгээ бүхий Скайворд загварын зурагт, 51.000 төгрөгийн үнэлгээ бүхий MNBC хүлээн авагч төхөөрөмж /хуучин хэрэглэж байсан/, 85.000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн бугуйвч /хуучин хэрэглэж байсан/ зэрэг нийт 311.960 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг хулгайд алдсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хулгайд алдсан эд зүйлсээс 175.960 төгрөгийн үнэлгээ бүхий Скайворд загварын зурагтыг биет байдлаар буцаан авсан, мөн шүүхийн шатанд 51.000 төгрөгийн үнэлгээ бүхий MNBC хүлээн авагч төхөөрөмж /хуучин хэрэглэж байсан/, 85.000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн бугуйвч /хуучин хэрэглэж байсан/ зэргийн үнэ болох 136.000 төгрөгийг тус шүүхийн тамгын газрын 100900005406 дугаартай хохирлын дансанд тушаасан байна.

Иймд шүүгдэгч Т.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Т.Агийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, мөн түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс шүүгдэгч Т.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Агийн урьдчилан цагдан хоригдсон 73 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1.Шүүгдэгч Т.А-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Түмээгийн Азааг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 100900005406 дугаартай хохирлын данснаас нийт 136.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Намжилтуяа /РД: /-д олгосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Агийн цагдан хоригдсон 73 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэг Т.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, ялтан Т.Агийн эдлэх ялыг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР