| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0434/Э |
| Дугаар | 515 |
| Огноо | 2020-05-28 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 515
2020 05 28 2020/ШЦТ/515
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Б.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Б.Цогтбаяр,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Э.Оюунтунгалаг,
шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт С.Г-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009004700227 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 55 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух хаягтай, урьд
2006 оны 6 дугаар сарын 19-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 05 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдлэж байгаад 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,
2018 оны 5 дугаар сарын 09-нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 592 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эдлэж дууссан, С.Г /регистрийн дугаар /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны 21 тоотод иргэн О.Чулууны цээж хэсэгт хутгалж, түүнд цээжний баруун хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд шингэн хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт “…2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би нэг шил архи аваад Амаржаргал найзтайгаа хамт очсон. Чулуун, Барсбаатар 2 нийлж Амаржаргалыг зодсон. Би Амаржаргалыг өмөөрөөд ийм хэрэг болсон. Өөр хэлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Барсбаатар Амаржаргал 2 маргалдаад Барсбаатар Амаржаргалыг газар унагачихсан зодож байсан. Тэгэхээр нь би өөрийн найз Амаржаргалыг өмөөрөөд тухайн үед Барсбаатарт боль гэж хэлсэн чинь Чулуун Барсбаатарыг өмөөрөөд миний урдуур орж ирсэн. Тэр үед би гартаа
хар өнгийн иштэй том болиулсан гэмээр хутга барьсан байсан тэрүүгээр Чулууны
цээжин тус газар нь нэг удаа хутгалсан. Тэр үед Чулууны биеэс цус гараад намайг
хутгалчихлаа гээд орилохоор нь би шууд гараад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 43-44/,
Хохирогч О.Чулууны “...2020 оны 01 дүгээр сарын 22-ны орой манай байрны Самдан гэдэг гэгч ороод ир гэхээр нь би Самдан эгчийнд Барсбаатар гэдэг хүнтэй хамт орсон...тэр үед Ганболд архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн шорон яриад агсам тавиад байсан тэгэхээр нь би зүгээр байгаарай гэж хэлээд гарлаа гэсэн чинь нэг гартаа заазуур нөгөө гартаа хутга барьчихсан над руу дайрсан тэхээр нь би цаашаа түлхсэн чинь миний цээж хэсэг рүү хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16/,
Гэрч О.Барсбаатарын "... Ганболд нь манай дүү рүү дайрсан тэр үед Ганболд нь гал тогооны өрөөнөөс хутга аваад хутгалсан байсан би мэдээгүй, манай дүү Чулуун нь надад намайг хутгалчихлаа ш дээ гээд сандал дээр сууж байхаар нь цамцыг нь сөхөж үзэхэд хутганы ором орчихсон цус гоожсон байхаар нь цусыг нь арчиж өгсөн.." гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
Гэрч Н.Буянтогтохын "... Чулуун ахын цээж хэсгээр цус гарсан байдалтай том өрөөний керейслел дээр сууж байсан тэгээд Барсбаатар Чука ахыг чинь Ганболд гэх хүн хутгалчихлаа гэсэн тэгээд намайг 103 дууд гэсэн тэгсэн манай ээж Чука ахыг чинь хутгалсан юм шиг байна гэж хэлсэн..."гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Гэрч Ч.Мандуулын "...хаалгыг нүдээд орсон. Ороход манай аав ариун
цэврийн өрөөнөөс гарч ирсэн бөгөөд авга ах Барсаа хамт гарч бөгөөд тус өрөөнөөс цусыг угаасан бололтой гарч ирсэн. Тэгээд анхан шатны тусламж үзүүлэхээр авч явсан... " /хх-ийн 22/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1861 тоот актын “…О.Чулууны биед цээжний баруун хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд шингэн хуралт гэмтэл
тогтоогдлоо. ...Дээрх цээжний шарх гэмтэл ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн
үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл
байна... амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-28/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-49/, хувийн байдалтай холбоотой баримт /хх-105-110/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-99-100/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны 21 тоотод иргэн О.Чулууны цээж хэсэгт хутгалж, түүнд цээжний баруун хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд шингэн хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь дээр О.Чулууны мэдүүлэг, гэрч О.Барсбаатар, Н.Буянтогтох, Ч.Мандуул нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №1861 дугаартай дүгнэлт, шүүгдэгч С.Гын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судалсан бичгийн бусад баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч С.Гын хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч О.Чулууны эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.Гыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч С.Гын дээрх үйлдлийн улмаас хохирогч О.Чулууны эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж баримтаар 350.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч С.Г нь төлж барагдуулсан, мөн хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Гын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогчид учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, мөн түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж, шүүгдэгч С.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн 1 ширхэг, хөх өнгийн подволк 1 ширхэг, 29 см урттай, ажлын хэсэг 17 см бариул хэсэг 12 см, ажлын хэсгийн дундаж өргөн 2.5 см хэмжээтэй хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, 29 см урттай, ажлын хэсэг нь 16.5 см, бариул хэсэг нь 12.5 см, ажлын хэсгийн дундаж өргөн 7 см хэмжээтэй хар өнгийн иштэй заазууран хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цаас 1 ширхэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
Шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.Гыг 3 (гурван) жил 5 (таван) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Год оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч С.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн 1 ширхэг, хөх өнгийн подволк 1 ширхэг, 29 см урттай, ажлын хэсэг 17 см бариул хэсэг 12 см, ажлын хэсгийн дундаж өргөн 2.5 см хэмжээтэй хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, 29 см урттай, ажлын хэсэг нь 16.5 см, бариул хэсэг нь 12.5 см, ажлын хэсгийн дундаж өргөн 7 см хэмжээтэй хар өнгийн иштэй заазууран хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цаас 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, ялтан С.Год урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР
ШҮҮГЧИД Б.ДУЛАМСҮРЭН
Б.БАТСАЙХАН