Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2017/00064

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:  Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 23 тоотод оршин суух, Дагиймаагийн Бат-Очирт холбогдох саатуулах байрны төлбөр 4150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар  сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:

                                     ТОДОРХОЙЛОХ нь

           Нэхэмжлэгч Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Бат-Очир нь архидан согтуурч, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1664 картанд бүртгэгдэн саатуулагдаж, тодорхой бус шалтгааны улмаас саатуулах байрны төлбөр 4150 төгрөгийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

                                      ҮНДЭСЛЭХ нь

          Нэхэмжлэгч Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс нь хариуцагч Д.Бат-Очирт холбогдуулан саатуулах байрны төлбөр 4150 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Бат-очир нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж 4150 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Хаан” банкны 200212001 тоот дансанд тушаасан баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар 4150 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2275 төгрөгийн улсын  тэмдэгтийн хураамжид төлүүлж улсын орлогод оруулах  нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлтэй, Дагиймаагийн Бат-Очирт холбогдох саатуулах байрны төлбөр 4150 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Бат-Очироос улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг гаргуулан улсын орлогод  оруулсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

 

 

                                            ШҮҮГЧ                              П.ТУЯА