Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 07

 

 

              Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

              Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Гурванзагал сумын .... дугаар багийн иргэн Г-ын Ц-ийн нэхэмжлэлтэй, 

              Хариуцагч: Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргад холбогдох, 

             Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ц, түүний өмгөөлөгч В.Д, хариуцагч Гурванзагал сумын Засаг дарга Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр томилогдсон. Төрийн жинхэнэ алба хаах болзол шаардлагыг хангаж, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Ингээд Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан чиг үүргээ бүрэн биелүүлж, хамгийн сүүлд 2016 оны үр дүнгийн гэрээгээ “В” үнэлгээтэй дүгнүүлж ажилласан. Гэтэл сумын Засаг дарга Ч.Батдэлгэр нь томилогдсон даруйдаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/22 тоот захирамж гарган Г.Ц намайг ажлаас халсан. Захирамжаа гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.5, 6.4.8, 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтуудыг барин төсвийг буруу хуваарилсан, ажлын хариуцлага алдсан, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэсэн байсан. Миний хувьд төсөв хуваарилах эрх хэмжээтэй этгээд биш, мөн ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн асуудал байхгүй. Мөн дээд албан тушаалтнаас болон хууль хяналтын байгууллагаас арга хэмжээ авагдаж байгаагүй. Төрийн албан хаагч хуульд зааснаар төрийн албанд тогтвортой ажиллах нөхцөл баталгаагаар хангагддаг. Гэтэл улс төрийн нөхцөл байдлын улмаас Засаг дарга солигдох бүрт Тамгын газрын даргыг солих гэсэн хандлагаар хандаж болохгүй. Засаг даргын дээрх шийдвэр нь хууль бус төдийгүй миний төрийн албанд ажиллах эрхэд халдсан байх тул Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гомдлоо гаргасан. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс гомдлыг хүлээн авч, “Дүгнэлт гаргах тухай” 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 23 тоот тогтоол гаргахдаа Гурванзагал сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/22 тоот захирамжийн эрх зүйн алдаатай байна гэж дүгнэсэн. Энэ шийдвэрийн талаар Засаг даргатай уулзахад “..надад дүгнэлт албан ёсоор ирээгүй, захирамжийн эрх зүйн үндэслэлийн алдаагаа засчихвал болох юм бишүү” гэсэн тайлбарыг өгч, одоог хүртэл ажилд эгүүлэн томилоогүй. Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийн хувьд төрийн албаны хүний нөөцтэй холбоотой шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй бөгөөд дээрх тогтоолоор Засаг даргын захирамжийг хүчингүй болгоогүй тул миний бие хуульд заасны дагуу хариуг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд хандсан. Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл 7 сар 8 хоног ажилгүй байсан байна. Ажилгүй байсан хугацааны цалин 11,084,532 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг суутгаад, үлдэгдлийг нэхэмжилж байна. Иймд Гурванзагал сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/22 тоот захирамжийг хүчингүй болгож, Г.Ц намайг Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв. 

               Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гурванзагал сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгон, Г.Ц-г тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 7 сар 8 хоногийн цалин 11,084,532 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хуулийн дагуу суутгуулж, үлдэгдэл цалинг гар дээр олгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулиар цалин хөлс гэдэгт үндсэн цалин, нэмэгдэл хөлс, урамшууллаас бүрдэхээр заасан байдаг. Нэхэмжлэгчийг ажлын өдрөөс үл хамаарч 1,042,000 төгрөгийн тогтмол цалин авч байсныг хэрэгт авагдсан цалингийн картнаас харж болно.

            Г.Ц-г Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар “... 2 ба түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр ажлаас халсан байдаг.  Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх тухай Улсын дээд шүүхийн зөвлөмжөөр “2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4-т зааснаар “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасныг, 2 ба түүнээс дээш удаа зөрчил гаргасан байхыг ойлгоно” гэжээ. Давтан гаргах зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жил, хүлээгээгүй бол 6 сараас хэтрэхгүй байна гэж тайлбарласан байдаг. Албан үүрэг гэдэг нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг ойлгоно. Түүнийг хангалтгүй биелүүлсэн гэдэг нь:

             1. Эрх бүхий албан тушаалтантай байгуулсан үр дүнгийн гэрээгээр дүгнэсэн хувь хэмжээгээр тогтоогдоно. Гэтэл Г.Ц нь хэрэгт авагдсан баримтаар үр дүнгийн гэрээгээ 80,5 буюу хангалттай сайн дүгнүүлсэн байдаг.

            2. 2 ба түүнээс дээш удаа буюу ямар үүрэг даалгавар өгснийг хэрхэн биелүүлээгүйг ямар нотлох баримтаар тогтоогдсон бэ гэж асуухад хариулаагүй, зөвхөн санхүүгийн талаар өгсөн тодорхой шаардлагуудаас ерөнхийдөө төсвийн шууд захирагч учраас чамд хамааралтай гэсэн байдлаар хандаж байна гэж ойлголоо.

             3. Дүгнэлт болон албан шаардлага ирснийг Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын зөрчил гэж үзэж байгаа юм байна. Хэрвээ зөрчил гэж үзэж байгаа бол зөрчил гарснаас хойш 6 сарын дотор хариуцлага хүлээлгэх ёстой, хэзээ илрүүлсэн юм бэ, илрүүснээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авах ёстой, гэтэл бүхэл бүтэн 2 жил өнгөрч байхад арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна.

          Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг Төрийн албан тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үр дүнгийн гэрээгээр зохицуулна. Үр дүнгийн гэрээг хангалтгүй дүгнүүлсэн бол мөн хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу арга хэмжээ авна гэсэн зохицуулалт яригдана. Эцэст нь хэлэхэд Захиргааны ерөнхий хуульд хүний эрх ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах гэж байгаа эрх бүхий албан тушаалтан нотлох баримт цуглуулах, оролцогчид сонсгох, бичгээр мэдэгдэх зарчмыг хэрэгжүүлэх ёстой. Хариуцагчийн зүгээс хуульд заасан зарчмыг баримтлаагүй захирамжаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Иймд эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.  

             Хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын орлогч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сумын Засаг дарга Ч.Б нь Г.Ц-д хариуцлага ногдуулсныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

              Г.Ц-ийн гаргасан санхүүгийн зөрчилд аймгийн аудитын газрын 2017 оны 01/12 ДОА, 2017/23/СТА-ТШЗ дугаартай албан шаардлага, аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны дотоод аудиторын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг тус тус гаргасан байгаа.

            Энэ дүгнэлтийн 3 дахь хэсэгт ... Өр төлбөр үүссэн шалтгаан болон сумын төсөвт байгууллагуудын цалин хөлс тогтоох, олгох үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдаж буй эсэхэд үндэслэн шалгахад дараах зөрчлүүд илэрсэн гэж дүгнэсэн байна.

              Тухайлбал: 1. Засаг даргын Тамгын газар нь өөрийн бүтэц орон тоог 2016 онд 26 байхаар заасан нь хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгахад тус сумын хүн ам нь 2015 оны жилийн эцсээр 1344 хүн амтайгаар бүртгэгдсэн бөгөөд Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 425 дугаар тогтоолоор 1500 хүн амтай суманд ажиллах төрийн жинхэнэ албан хаагчдын орон тооны жишиг нормативыг 12 орон тоотой байхаар заасан байна. Үүнийг зөрчин 13 орон тоотой ажиллаж 1 орон тоо илүү буюу Нийгмийн ажилтан /6901.2 мянган төгрөгийн цалингийн сантай/ авч ажиллуулсан нь нормативт заасан хязгаараас давсан байна. Түүнчлэн 8 үйлчилгээний ажилтан авч ажиллуулсан нь батлагдсан орон тооноос 1 ажилтнаар /5307,4 мянган төгрөгийн цалингийн сантай/ тус тус илүү байна.

               2. Мөн сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын цалин хөлсийг тооцож олгохдоо Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолд заасан албан тушаалын зэрэглэлийг буруу тооцож олгосноос /1091,4/ төгрөгийн цалинг илүү олгосон байна.            

              3. Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолын хавсралт, Санхүүгийн албаны зохион байгуулалт чиг үүрэг, орон тооны жишиг нормативт зааснаар сумын Санхүүгийн албаны мэргэжилтний үндсэн чиг үүрэгт статистик мэдээллийг хариуцах чиг үүрэг хамаарсан байхад уг албан тушаалтанд үндсэн цалингийн 20 хувиар тооцож 677,9 мянган төгрөгийн нэмэгдлийг олгосон байна.

             4. Дээрх зөрчлүүдийн улмаас 13 сая 977,9 мянган төгрөгийн цалин хөлс түүнтэй адилтгах зардлыг илүү тооцон олгож төсөвт хүндрэл учруулсан байна. Мөн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс болон аймгийн Татварын хэлтсээс сумын Засаг даргын Тамгын газрын дансыг хаалгуулж байсан.

              Төсвийн захирагч нарт уг өрийг үүсэхээс өмнө санхүүгийн зөрчил гаргахгүй байх талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү Төрийн сангийн хэлтсээс 2015 оны 12 сарын 04-ний өдрийн 8/5077 дугаар албан бичгийг хүргүүлж байсан байна. Санхүүгийн зөрчил болох 13977,9 мянган төгрөгийг Г.Ц-ээс гаргуулах хүсэлтэй байна.

              Иймд Г.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

              Хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг дарга Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 2017 оны 10 дугаар сараас эхлэн Гурванзагал сумын Засаг даргаар томилогдож ажилласан. Намайг анх томилогдож ирэхэд Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газар нэлээд хүнд байдалтай, 60,0 гаран сая төгрөгийн өр үүссэн, бүх үйл ажиллагаанд нь төрийн санг хаасан, тийм л байдалтай төрийн ажил явагдаж байсан. Иймээс Тамгын газрын дарга Г.Ц-г ажлаас халах тухай  2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/22 дугаар захирамжийг гаргасан.  Уг захирамжийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.5, 6.4.8, 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалт, аймгийн Аудитын газрын 2017 оны 01/12 ДОА-2017/23/СТА-ТШЗ дугаартай албан шаардлага, аймгийн Санхүүгийн хяналтын албаны аудитын албаны дотоод аудиторын 2016 оны 04 дүгээр сарын дүгнэлтийг тус тус үндэслэн гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.  Энэ дүгнэлтийн 3 дахь хэсэгт “... өр төлбөр үүссэн шалтгаан болон сумын төсөвт байгууллагуудын цалин хөлс тогтоох, олгох үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдаж буй эсэхэд үндэслэн шалгахад,   тус сум нь  2015 оны жилийн эцсээр 1344 хүн амын бүртгэлтэй байсан байна. Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 425 дугаар тогтоолоор 1500 хүн амтай суманд ажиллах төрийн жинхэнэ албан хаагчийн орон тоо 12 байхаар заасныг зөрчин 13 орон тоотой ажиллаж, 1 нийгмийн ажилтан илүү  ажиллуулсан нь нормативт заасан хязгаараас давсан байна. Түүнчлэн 8 үйлчилгээний ажилтан авч ажиллуулсан нь батлагдсан орон тооноос 1 ажилтнаар  /5307.4 мянган төгрөгийн цалингийн сантай/  тус тус илүү байна. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын цалин хөлсийг Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолд заасан албан тушаалын зэрэглэлийг буруу тооцож олгосноос 1091.4 мянган төгрөгийн цалинг илүү олгосон байна.  Санхүүгийн албаны мэргэжилтний үндсэн чиг үүрэгт статистик мэдээллийг хариуцах чиг үүрэг хамаарсан байхад уг албан тушаалтанд үндсэн цалингийн 20 хувиар тооцож 677.9 мянган төгрөгийн нэмэгдлийг олгосон зэрэг зөрчлүүдийн улмаас 13 сая 977.9 мянган төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах зардлыг илүү тооцон олгож төсөвт хүндрэл учруулж байсан юм. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс төсвийн захирагч нарт санхүүгийн зөрчил гаргахгүй байх талаар 2015 оны 12 дугаар сард албан бичгийг хүргүүлж байсан байна. Мөн ажлаас халах тухай захирамжийг шууд гаргаагүй, шийдвэрийн төслийг танилцуулсан. Танилцаад, эргэж орж ирээд ажлаас хал хал гэсэн. 2 жилийн дараа арга хэмжээ авсан гэж байна. Өмнөх албан тушаалтнууд яагаад хариуцлага тооцоогүйг би гайхаж байсан.

            Иймд Г.Ц-ийн үүсгэсэн санхүүгийн зөрчил болох 13977.9 мянган төгрөгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах хүсэлтэй байна. Дээрх дүгнэлтүүд болон холбогдох хууль тогтоомжуудыг үндэслэн түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгч Г.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

             Гуравдагч этгээд С.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г.Ц нь  Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа төсвийн шууд захирагчийн хувьд санхүүгийн зөрчил дутагдал гаргасан нь аймгийн Аудитын газрын 2017 оны 01/12 ДОА-2017/23/СТА-ТШЗ дугаартай албан шаардлага, аймгийн Санхүүгийн хяналтын албаны аудитын албаны дотоод аудиторын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтээр тус тус нотлогдож байна.

              1. Засаг даргын Тамгын газар нь өөрийн бүтэц, орон тоог 2016 онд 26 байхаар заасан нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгахад тус сумын хүн ам нь 2015 оны жилийн эцсээр 1344 хүн амтайгаар бүртгэгдсэн бөгөөд Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 425 дугаар тогтоолоор 1500 хүн амтай суманд ажиллах төрийн жинхэнэ албан хаагчдын орон тооны жишиг нормативыг 12 орон тоотой байхаар заасныг зөрчин 13 орон тоотой ажиллаж, 1 орон тоо илүү буюу нийгмийн ажилтан /6901.2 мянган төгрөгийн цалингийн сантай/ авч ажиллуулсан нь нормативт заасан хязгаараас давсан байна. Түүнчлэн 8 үйлчилгээний ажилтан авч ажиллуулсан нь батлагдсан орон тооноос 1 ажилтнаар /5307.4 мянган төгрөгийн цалингийн сантай/ тус тус илүү байна.

                2. Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолын хавсралт “Санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны жишиг нормативт” зааснаар сумын Санхүүгийн албаны мэргэжилтний үндсэн чиг үүрэгт статистик мэдээллийг хариуцах чиг үүрэг хамаарсан байхад уг албан тушаалтанд үндсэн цалингийн 20 хувиар тоцож 677.9 мянган төгрөгийн нэмэгдлийг олгосон байна.

            3. Дээрх зөрчлүүдийн улмаас 13 сая 977.9 мянган төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах зардлыг илүү тооцон олгож төсөвт хүндрэл учруулсан байна .. гэх зөрчил гаргасан байхаас гадна Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс болон аймгийн Татварын хэлтсээс сумын ЗДТГ-ын дансыг хаалгуулж байсан юм.

            Миний бие 2014-2016 онд тус сумын Засаг даргын Тамгын газарт Газрын даамлаар томилогдон ажиллаж байсан, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол ханган сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/24 тоот захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.

                  Дээрх дүгнэлтүүд болон холбогдох хууль тогтоомжуудыг үндэслэн Г.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

               Нэхэмжлэгч Г.Ц нь Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын  2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/22 дугаар” Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно[1].

         Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг шинжлэн судалж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

             Хариуцагч сумын Засаг дарга Ч.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/22 дугаар захирамжаар, Г.Ц-г  ”...төсвийг буруу хуваарилан өр үүсгэж, ажлын хариуцлага алдсан, удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” үндэслэлээр ажлаас халах шийдвэрийг гаргажээ. Энэхүү шийдвэрийнхээ үндэслэлийг ... аймгийн Аудитын газрын 2017 оны 01/12 ДОА-2017/23/СТА-ТШЗ дугаар албан шаардлага, Санхүүгийн хяналт аудитын албаны  дотоод аудиторын 2016 оны 04 дүгээр дүгнэлтээр нотлогдсон хэмээн тайлбарлаж байна

             Дээрхи захирамжид үндэслэл болгосон дүгнэлтийн тухайд: аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Дамдинсүрэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн[2] дагуу, Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газарт... Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, дотоод аудиторын санхүүгийн шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь хэсэгт заасны дагуу явуулахад дараах зөрчлүүд илэрсэн талаар дурьджээ. Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 425 дугаар тогтоолоор, “1500 хүн амтай суманд ажиллах төрийн жинхэнэ албан хаагчдын орон тооны жишиг нормативыг 12 орон тоотой байхаар заасныг зөрчин 13 орон тоотой ажиллаж нэг орон тоон дээр нийгмийн ажилтан 6,901,200 төгрөгийн цалингийн сантай ажиллуулсан, мөн үйлчилгээний ажилтан авч ажиллуулснаар 5,307,400 төгрөгийн цалингийн сан илүү, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын цалин, сумын санхүүгийн албаны мэргэжилтний нэмэгдлийг буруу тооцож олгосон, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулиар төрийн албан хаагчдын цалингийн санг 10 хувиар бууруулж баталсан байхад 13 хувиар бууруулж баталснаас 7,228,000 төгрөгөөр цалингийн сан буурч дутуу батлагдсаны улмаас төсөвт 13,977,900 төгрөгийн цалин хөлс түүнтэй адилтгах зардлыг илүү тооцон олгосон... зэрэг зөрчлүүдийг гаргаж төсөвт хүндрэл учруулсан талаар, Санхүүгийн хяналт, аудитын алба, дотоод аудиторын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр дүгнэлт[3] гарсан байна. Тэрээр 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2017/23/СТА-ТШЗ дугаар бүхий албан шаардлагын[4] тухайд:  тус сумын  2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийхэд, ...жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл зэргийг хугацаа хоцроож ирүүлсэн нь ...төсвийн шууд захирагч, жилийн төсвийн гүйцэтгэл санхүүгийн тайланг дараа оны  01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлэх... зэрэг заалтыг зөрчсөн талаар дурьдаж, сумын Засаг даргад хариуцлага тооцуулах саналыг хүргүүлж, биелэлтийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор аймгийн Аудитын газарт ирүүлэхийг сумын Засаг даргад даалгасан байна.

           Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний хувьд төсөв хуваарилах эрх хэмжээтэй этгээд биш, ажлын хариуцлага алдсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн асуудал байхгүй, дээд албан тушаалтан болон хууль хяналтын байгууллагаас арга хэмжээ авагдаж байгаагүй” хэмээн тайлбарлаж байгаа болно.

            Нэхэмжлэгч нь  ...сумын Засаг даргын Тамгын газар нь 2016 онд өөрийн бүтэц, орон тоог  26 орон тоотой байхаар заасан, ... сум нь 2015 оны жилийн эцсээр 1344 мянган хүн ам бүртгэгдсэн, Засгийн газрын тогтоолын дагуу орон тоондоо баригдаад ажиллаж байсан, ... нийгмийн ажилтны орон тоог хасах гэхээр, аймгаас танай сум ганцаар нийгмийн ажилтангүй байж болохгүй, ...төсвөө өөрсдөө зохицуул гэдэг байсан, сум нь уул уурхай, газар тариалан байхгүй болохоор тодотгол хийх боломжгүй, ...үндэслэлгүйгээр хэн нэгний цалинг бууруулж болохгүй ...батлагдсан төсвийг хуваарийн дагуу захиран зарцуулах эрхтэй болохоос батлагдаад ирсэн төсвийг өөрчлөх эрхгүй, ...төсвийг хангалттай хийгээд явуулахад хасагдаж батлагддаг, төрийн албан хаагчдын цалин 15 хувиар нэмэгдсэн боловч суманд 15 хувийн нэмэгдэл нь ирээгүй, ...одоогоор төсөвт өргүй болсон талаар нөхцөл  байдлыг тайлбарлаж байгаа бөгөөд, ...энэ талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Төсвийн ерөнхий нягтлан бодогч[5] нь “...төсөв дутуу батлагдсантай холбоотойгоор өр үүссэн, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцээд, Гурванзагал сумын санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлж олгосноор сум төсөвт өргүй болсон” гэжээ.

            Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т  “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” ...бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэжээ. Хариуцагч сумын Засаг дарга дээрхи шийдвэрийг гаргахдаа  үндэслэл болгож байгаа Санхүүгийн хяналт, аудитын алба, дотоод  аудиторын дүгнэлтийн үндэслэлийг нарийвчлан судалж, ...нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын чиг үүрэгт хамааралтай эсэх, дүгнэлт гаргасан хугацаа зэргийг анхаарч, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах зэрэг ажиллагаа хийгдээгүй, ...төрийн аудитын байгууллагын “арга хэмжээ тооцуулах” албан бичиг зэргийг үндэслэл болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна.

           Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” талаар хуульчилсан. Гэтэл хариуцагч  2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Үйл ажиллагааны тухай” дүгнэлт, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг зэргийг үндэслэл болгож, сумын Засаг даргын  2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажлаас халсан шийдвэрийг гаргаж байгаа нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөн байна.

             Иймд  Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч нь Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 733863 төгрөгийн үндсэн  цалин дээр зэрэг дэвийн нэмэгдэл, нууцын, төрийн алба хаасны зэрэг нэмэгдлүүдийг тооцож сард 1,042,000 /нэг сая дөчин хоёр мянган/ төгрөгийн цалин авч  байсан талаар хариуцагчийн тодорхойлсоны дагуу[6], 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ныг хүртэлх 7 сар 8 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрын  7,687,208 /долоон сая зургаан зуун наян долоон мянга хоёр зуун найман/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

         1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Г-ын Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

              2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан,  2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ныг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 7,687,208 /долоон сая зургаан зуун наян долоон мянга хоёр зуун найм/ төгрөгийг /зохих суутгалуудыг тооцон хасаж/ нэхэмжлэгч Г.Ц-д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Гурванзагал сумын Засаг дарга Ч.Б-т даалгасугай.

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Гурванзагал сумын Засаг даргын ажлын алба-Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ц-д  олгосугай.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Б.ОЮУН

 


[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 18-р хуудас

[3] Хавтаст хэргийн 20-22-р хуудас

[4] Хавтаст хэргийн 17-р хуудас

[5] Хавтаст хэргийн 133-134-р хуудас

[6] Хавтаст хэргийн 62-р хуудас