Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2021/0660

 

 

“Н-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-Ө, хариуцагч Н.Ал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 687 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Н-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 687 дугаар шийдвэрээр: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3.4, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т заасныг тус тус баримтлан “Н-У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 250012603 дугаар актаар тогтоосон тус компанийн 2012 оны худалдан авалтын 222 571 600.00 төгрөгийн зөрчилд холбогдох 22 257 160 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгон багасгаж, 12 778 996.37 төгрөгөөр тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... “Н-У” ХХК-ийг хий бичилттэй падаан худалдан авсан гэдгийг зөв дүгнэсэн боловч Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг буруу хэрэглэн шийдвэрлэсэн.

Учир нь “Н-У” ХХК-ийн 2010-2012 онуудыг хамарсан хяналт шалгалтыг татварын улсын байцаагчид хийж, 2013 онд дүгнэлт үйлдээд Цагдаагийн байгууллагад шилжүүлснийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Энэхүү тогтоолыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 250012603 дугаартай акт үйлдэгдсэн.

“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 2.1.1-д “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг” ойлгоно гэсэн заалтаар тухайн татвар төлөгчийн хий бичилттэй падааны зөрчил нь хууль гарахаас өмнө буюу 2013 онд тогтоогдсон тул хуулийн үйлчлэлд хамаарахгүй юм.

Иймд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, түүнийг дагаж гарсан журмын үйлчлэлд хамаарахгүй, анхан шатны баримт болон прокурорын тогтоолоор хий бичилттэй падаан худалдан авч улсад төлөх татвараа бууруулсан нь тогтоогдсон зөрчилд ногдуулсан Татварын улсын байцаагчийн актыг хэвээр баталж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь “Н-У” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 250012603 дугаар актаар 222,571,600 төгрөгийн зөрчилд 22,257,160 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байх бөгөөд татвар төлөгчийн гомдлоор Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл шийтгэлийн хуудсыг хянаж, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээжээ.

Анхан шатны шүүх “... “Н-У” ХХК нь ... хуурамч падаан ашиглан нийт 222,571,600 төгрөгийн худалдан авалт хийж, төсөвт төлөх татвар ногдох орлогыг санаатай бууруулсныг Эдийн засгийн илт тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, ... 5.3.4-д заасантай нийцүүлэн шийдвэрлэж болохоор байна” хэмээн хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй, буруу тайлбарлан хэрэглэж, улсын байцаагчийн актаар тогтоосон 22,257,160 төгрөгийн нөхөн татварыг бууруулж, 12,778,996.37 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд ..., нуун дарагдуулсан ... хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын ...тайланд тусгаж, шинээр тайлагнасан, ...байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Албан татвар ногдох ...орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, ...тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, .../-д/ сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө”, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2.1 дүгээр зүйлийн 2.1.1-д “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг” ойлгоно хэмээн зохицуулжээ.

Дээрх зохицуулалтуудаас үзэхэд хувь хүн, хуулийн этгээдийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан орлогоо ил болгож, хуульд заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр тайланг шинээр гаргаж мэдүүлсэн бол хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхөөр байна.

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 250032[1] дугаар дүгнэлтээр “2012 онд “Ж” ХХК-иас ... худалдан авалт хийсэн мэтээр ... 2 падааныг хуурамчаар бүрдүүлсэн 222,571.6 мянган төгрөгийн худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 22,257.2 мянган төгрөгөөр бууруулсан зөрчилд” цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолд[2] “... “Н-У” ХХК-ийн захирал Б.Ө нь ... хий бичилттэй падаан авч ашиглан 22,257.2 мянган төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд ... өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Ийнхүү улсын байцаагчийн акт тавигдсан 222,571,600 төгрөгийн хуурамч, хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар хасалт хийж, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчил нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 250032 дугаар дүгнэлтээр тогтоогдсон, үүний дараа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчийн төлөөлөгчөөс зөрчлөө хүлээн зөвшөөрч, тайлагнахаа илэрхийлсэн байх тул хуульд заасан хариуцлага болон албан татвараас чөлөөлөх үндэслэлгүй.

Иймд хариуцагч татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч “Н-У” ХХК-ийн 2012 онд хуурамч хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар хасалт хийж, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилд нөхөн татвар ногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасантай тус тус нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийлэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 687 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 74 дүгээр зүйлийн 74.1, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н-У” ХХК-ийн гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Н.А, Ж.Н нарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 250012603 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.Батбаатар

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар тал,

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр тал,