Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 112

 

С.Уртнасангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2016/00801 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Уртнасангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Лежендари Феникс” ХХК-д холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Уртнасан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шинэбаяр, Э.Уугантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Уртнасан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Уртнасан миний бие “Лежендари Феникс” ХХК-д 2011 оны 6 дугаар сард Дэлгүүрийн зөвлөх албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Тус байгууллагад ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Ажиллаж байх хугацаандаа 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр жирэмсний амралтаа аваад, үргэлжлүүлээд хүүхдээ харах чөлөө авсан. Би 2016 оны 02 дугаар сард байгууллагынхаа нягтлан бодогч н.Уугантуяа, менежер н.Уянгатай холбогдон ажилдаа эргэж орох хүсэлтэй байгаагаа хэлэхэд надад эргээд хариу хэлнэ гээд хэлээгүй. Ингээд би 5 дугаар сард байгууллагатайгаа дахин утсаар холбогдон ажилдаа орох хүсэлтэй байгаагаа хэлэхэд нягтлан бодогч н.Уугантуяа надад таныг ажлаас халсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг зогсоосон, ажлын шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар дээрх шийдвэрийг гаргасан гэж мэдэгдсэн.

Ингээд миний бие 2015 оноос огноолсон тушаалд хуулбар гаргаад ирэхээр нь миний бие 2015 онд ажлаасаа халагдсан юм бол энэ хугацааны Нийгмийн даатгалаа төлүүлэх тухай хэлэхэд засаад 2014 он болгоод хуулбарыг нь надад өгсөн. Би тус байгууллагад 2011 оноос хойш хугацаанд ажиллахад байгууллагын зүгээс тайлан тооцоогоо гаргуулдаггүй, тооцоо нийлж ажилладаггүй байсан бөгөөд намайг жирэмсний амралтаа аваад чөлөөтэй байх хугацаанд намайг байлцуулалгүйгээр байгууллага дээр аудитын шалгалт хийгдээд тодорхой хэмжээний өр төлбөр гарсан байсан. Сүүлийн 3 жилийн хугацаанд ердөө шалгалт оруулж байгаагүй, тухайн үед манай байгууллага дээр олон худалдагч халагдаж, солигдож байсан.

Гэтэл байгууллагын зүгээс аудитын дүгнэлтээр гарсан өр төлбөрийг надад болон хамт ажилладаг 3 хүнд л хариуцуулж төл гэж сүүлийн листээ өгөх гээд очиход хэлсний дагуу хэдийгээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч хүүхэд нялх тул хэрүүл маргаан хийгээд яахав гээд төлсөн. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар байгууллагатай харьцаагүй. Өнөөдөр миний бие ахиад 4 сартай жирэмсэн. Ингээд ажлаас халсан гэдгийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр очоод мэдсэн бөгөөд намайг тушаалаа өгөөч гэхэд хуулбарыг нь өгөөд эх хувийг нь өгөх боломжгүй гэсэн болно. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлүүлж, нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулж өгнө үү.

Хүүхэд маань сая 2 нас хүрсэн. Би одоо 8 сартай жирэмсэн. Миний бие зөвхөн нийгмийн даатгалаа төлүүлэх хүсэлттэй байна. Бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ийг хүртэл нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч “Лежендари Феникс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2014 оны 7 дугаар сарын 23-наас 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгалын төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Ажлаас халсан тушаал 2015 оны 7 дугаар сарын 23-нд гарсан. Захирлын тушаалыг нягтлан бодогч дур мэдэн өөрчлөх эрхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн ажлаас халсан тушаалыг гаргасан. Аудитын шалгалтын дүнгээр өр төлбөртэй гэж гарсан. Энэ өр төлбөрөө нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөд төлсөн байдаг. Дутагдал гаргасан нь ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл тул ажлаас халсан тушаал үндэслэлтэй. Энэ хугацаанаас хойшхи нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч өөрийнхөө жирэмсний амралттай байсан хугацаагаа хамааруулж байна. Жирэмсэн байсан нь ажлаас халах үндэслэл болохгүй. Жирэмсэн байхад нь ажлаас халж болдог үндэслэл хуульд заагдсан байгаа гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч “Лежендари Феникс” ХХК нэхэмжлэгч С.Уртнасанг ажлаас буруу халсан болохыг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч С.Уртнасан нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалин ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүх хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч С.Уртнасангийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг “Лежендари Феникс” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Уртнасан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Лежендари Феникс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манай компани анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэхгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчсөн шийдвэр гаргасан.

Шийдвэрийн Тодорхойлох хэсэгт: “...Хүүхэд маань сая 2 нас хүрсэн. Би одоо 8 сартай жирэмсэн. Миний бие зөвхөн нийгмийн даатгалаа төлүүлэх хүсэлтэй байна. Бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна...” гэсэн байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 3-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч С.Уртнасангийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг “Лежендари Феникс” ХХК-д даалгасугай” гэсэн байна.

Нэхэмжлэгч тал эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, бичилт хийлгэх талаар нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх сайн дураар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимттэлийг давхар төлөхийг даалгасан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч С.Уртнасан шүүхэд худал мэдүүлэг өгч байхад түүнийг харгалзаж үзэлгүй шийдвэрээ гаргасан тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч С.Уртнасан нь хариуцагч “Лежендари Феникс” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, анхан шатны шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн зарим шаардлага болох ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсныг, хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, ажлаас халагдсан өдөр болох 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, үлдэх хугацааны  шимтгэлийг төлөхөөс татгалзаж маргасан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “Аудитын шалгалтын дүгнэлтээр нэхэмжлэгч өр төлбөртэй гарсан нь ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч “Лежендари Феникс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын /огноо засвартай/ 2014 оны 7 дугаар сарын 23-ний өдрийн 1/23 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 5.3.7 дахь заалтыг тус тус үндэслэн худалдагч С.Уртнасанг худалдааны зөвлөхийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх бөгөөд уг тушаал нь 2015 онд гарсан талаар зохигчид маргаагүй байна. /хэргийн 27, 70 дугаар тал/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг дотоод аудитын шалгалтын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлтээр 1 332 363 төгрөгийн өр төлбөртэй нь тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлан маргаж байх боловч уг дүгнэлтэд нэхэмжлэгчийн буруугаас хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байгаагаас гадна, 9 сарын дараа буюу 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийг худалдааны зөвлөхийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчжээ. 

 

Түүнчлэн, нэхэмжлэгч С.Уртнасан нь 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хариуцагч “Лежендари Феникс” ХХК-д дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байгаад 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байсан талаар хариуцагч маргаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “Жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална” гэж заасныг хариуцагч “Лежендари Феникс” ХХК нь зөрчиж нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна. /хэргийн 4-6 дугаар тал/

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй.”, 46.2 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасны дагуу хариуцагч “Лежендари Феникс” ХХК нь нэхэмжлэгч С.Уртнасангийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байсан нь хариуцагч түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 

Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа ажлаас буруу халсныг тогтоолгох гэсэн нь нэхэмжлэлийн шаардлага бус үндэслэл болж байхад шүүх ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар төлүүлэх хугацааг шийдвэртээ тодорхой заагаагүй нь тус тус буруу болжээ.

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                     

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2016/00801 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, “2” дахь заалтыг “1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Уртнасангийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

“3” дахь заалтыг “2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Уртнасангийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагч “Лежендари Феникс” ХХК-д даалгасугай.” гэж, “4” дэх заалтыг “3” гэж, “5” дахь заалтыг “4” гэж, “6” дахь заалтыг “5” гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЗОЛЗАЯА  

                       

                                                          ШҮҮГЧИД                            Ш.ОЮУНХАНД     

                    

                                                                                          С.ЭНХТӨР