Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 127

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Д.Б , Ш.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б , Ш.Б  нарт холбогдох эрүүгийн 2015001500112 дугаартай, 163/2020/0121/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 29 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, Ө овогт Д.Б.  

Монгол улсын иргэн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт ... оршин суух, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б  овогт Ш.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б , Ш.Б  нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мотоциклийг биет байдлаар буцаан өгсөн, учирсан хохиролд 150000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015001500112 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Б , Ш.Б  нар  нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн орой 22 цагийн үед Булган аймгийн Дашинчилэн сумын ... оршин суух Д.Э ийн хашааны гадна тавьсан иргэн З.Ц ын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улбар шар өнгийн улсын дугааргүй, “Jian Ying” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт, шалтгаан учирсан хор уршгийн талаар хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн: “Уг хэрэг учрал болсон гэх газар нь Дашинчилэн сумын 4 дүгээр багийн ...уг хаалганы харалдаа хойд талд 3 орчим метрийн зайд дөрвөлжин шоо хэлбэртэй мотоциклийн дугуйны мөрнүүд байх ба хэрэг гарахын өмнө Э.Ц  ирж мотоциклио тавьсан гэх газрыг хохирогчоор заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-7 тал/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Ц ын өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 22 цагийн үед Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багийн байдаг аав Э ийн гэрийн хашааны гадна өөрийнхөө мотоцоклийг үлдээгээд ус авах гээд орсон. Тэгээд 22 цаг өнгөрч байхад гарч ирсэн чинь миний мотоцикль байхгүй байсан. Ингээд 00 цаг өнгөрч байхад найз Б гийн хамт цагдаад ирж мэдэгдсэн. Мөрийг нь мөрдөөд явахад манай гудамжны айлын хашаануудын хойд талын ёроол хэсгээр явсан мөр байсан. ... Цагдаа нар шуурхай ажиллаж миний мотоциклийг олж өгсөн, ...би мотоциклийнхоо бензин, баруун талын гарны хэсэгт байрлах толь, хянах самбарын цахилгааны утас зэргийг төлүүлнэ. Нийт 110000 төгрөгний хохиролтой, хохирлоо нэхэмжилж байна” гэх мэдүүлэг/хх-17-18/,

Гэрч Д.Э ийн өгсөн: “...Хүү Ц ыг Дашинчилэн сумын төв рүү мотоцикльтой усанд явуулсан юм. Тэгээд манай хүү төвийн гэрийнхээ хашааны гадна хойд талд мотоциклио үлдээгээд худагнаасаа ус авах гээд гэртээ орсон хойгуур мотоциклио алдсан гэсэн. ...Улбар шар өнгийн банктай, БНХАУ-д үйлдвэрлэсэн хуучин мотоцикль байгаа юм. …Ц ын мотоциклийг хулгайлж аваад нэг тольгүй, монтажных нь утсыг тасдаад хаясан байсан, бас бензингүй болгосон байсан” гэх мэдүүлэг /хх-29-31 тал/,

Гэрч Х.Б гийн өгсөн: “…2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад гар утсаар Ц  над руу залгаад “мотоциклио алдчихлаа” гэхээр нь би төвийн гэрийнх нь гадна очиход Ц  мотоциклийн мөрийг дагаад зөндөө явлаа гэсэн. ...Улбар шар өнгийн банктай,

БНХАУ-д үйлдвэрлэсэн хуучин мотоцикль байгаа юм” гэх мэдүүлэг /хх-32-33 тал/,

Гэрч Д.Д гийн өгсөн: “...Мотоциклийг зогсоон шалгаж байхад гэрэлгүй мотоцикль ирсэн. Шалгахад жолооч Б , зорчигч Б  нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд тухайн мотоциклийг хураан авч түр саатуулсан. Түр саатуулсан мотоцикль нь нөгөө алдсан мотоцикльтой адилхан юм шиг байхаар нь гомдол гаргаж байсан Э.Ц ыг дуудаж харуулахад миний мотоцикль мөн байна гэснээр Э.Ц т мотоциклийг хүлээлгэн өгч явуулсан” гэх мэдүүлэг /хх-40-41 тал/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17ны өдрийн 2100031 дугаартай: “БНХАУ-д 2013 онд үйлдвэрлэгдсэн, “Jian Ying” загварын мотоциклийн зах зээлийн үнэлгээ 810000 төгрөг” гэх дүгнэлт /хх-44-48 тал/,

Шүүгдэгч Ш.Б гийн яллагдагчаар өгсөн: “...Би Б ийг хулгай хийж байхыг нь харсан, ... ард суучих гээд байхаар нь суучихсан юм. Прокурорын тогтоолтой санал нийлж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-56-57 тал/,

Шүүгдэгч Д.Б ийн яллагдагчаар өгсөн: “...Уг тогтоолтой санал нийлж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би мотоциклийн утсыг тасдаж нийлүүлж байгаад асааж улмаар унаж явсан. Харин Б  намайг мотоцикль асааж байхад 10-20 метрийн зайтай хараад зогсож байсан. ...” гэх мэдүүлэг /хх-6162 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б , Д.Б  нарын өгсөн “мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мотоциклийг биет байдлаар буцаан өгсөн, эд хөрөнгөд учирсан хохиролд 150000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг, хохирогч Э.Ц , гэрч Д.Д  нарын өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Ш.Б , Д.Б  нарт уг тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчид буцааж өгөх санаа зорилго байгаагүй, энэ гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б , Ш.Б  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Ц  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлснээр шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 4/52 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Д.Б , Ш.Б  нарын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, мотоциклийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Д.Б , Ш.Б  нарын гэм буруутай үйлдлийн улмаас 810000 төгрөгийн шууд, 110000 төгрөгийн шууд бус хохирол учирч мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид мотоциклийг биет байдлаар хүлээлгэн өгч, эд хөрөнгөд учирсан шууд бус хохирлыг арилгуулахаар гаргасан хохирогч Э.Ц  110000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Б , Ш.Б  нарын бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндсэлэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Б , Ш.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч шүүгдэгч Д.Б , Ш.Б  нар нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-65-81 тал/ зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлыг арилгасан нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б , Ш.Б  нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ө овогт Д.Б , Б  овогт Ш.Б  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-тзаасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж,  шүүгдэгч Д.Б , Ш.Б  нарыг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-дзаасныг баримтлан шүүгдэгч Д.Б , Ш.Б  нарт оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Б , Ш.Б  нарт сануулсугай.
  5. Шүүгдэгч Д.Б , Ш.Б  нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй,бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б , Ш.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б , Ш.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНХАНД