Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,

Шүүгдэгч Э.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015000490113 дугаартай, 163/2020/0122/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 44 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, Булган аймаг Сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 307 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123.1.3, 127.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар, 2003 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил, 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Г  овогт Э.Г.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Г ийг бусдын мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г ийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлсөн гэх мэдүүлэг, эрүүгийн 2015000490113 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Э.Г  нь 2019 оны 07 дугаар сарын сүүлээр Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, ... гэх газар бэлчээрт байсан, иргэн Ж.З ын өмчлөлийн хээр зүсмийн соёолон үрээ /адуу/-г тээврийн хэрэгсэл ашиглан барьж хашиж, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт цугларсан хохирогч Ж.З ын өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын сүүлээр миний өөрийн эзэмшлийн бор азарганд явдаг цагаан үсэн “А” тамгатай, өрөөсөн бөөртэй хуучин дармал дэлтэй, улаан хээр үрээ адуунаасаа тасарч алга болсон байсан. Би алдсан адуугаа 3, 4 хоног эрэл сурал болж ойр хавийн нутаг усаар хайж байхад олдоогүй. Тэгээд Б.З  гэх хүн надад “танай хээр үрээг Э.Г , У гэх Б тай мотоцикл унаад Булган аймгийн Хангал сумын ... гэх газар айлын хашаанд хашиж байгаад У нь унаад явж байсан” гэж хэлэхийг сонсоод би шууд Э.Г  рүү залгаад “чи яах гэж миний адууг аваад явж байгаа юм бэ, авах байсан юм бол гадаа авчираад туугаад аваад явахгүй яасан юм бэ” гэхэд “би ингэсгээд танайхаар очлоо” гээд утсаа тасалсан. Удалгүй Э.Г  эхнэртэйгээ ирж уучлалт гуйгаад “танд би 10 хурга, 10 ишиг өгье” гэхээр бид хоёр тохиролцсон” гэх мэдүүлэг /хх-14-16 тал/,

Гэрч Д.О  өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын сүүлээр Булган аймгийн Хангал сумын ... гэх газарт байрлах гэртээ байж байхад манай нөхөр болох Г  нь Б аар унуулан нэг хээр зүсмийн морьтой ирсэн. Тэр морийг гэрийн гадаа 3 хоног аргамжаад байж байхад Т  гэх залуу ченж дагуулан ирж хуц ухна авч байхаар нь манай нөхөр очиж уулзчихаад “аргамжаатай байсан хээр морийг зарахаар болчихлоо” гэж надад хэлсэн. Тэгээд би тэр ченж залуугаас бэлэн 800000 төгрөг тоолж авсан” гэх мэдүүлэг /хх-24 тал/,

Гэрч Ш.Б ын өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын сүүлээр Булган аймгийн Сэлэнгэ сумын ... гэх газарт зуслан дээрээ байсан Г  гэх айлынд трактор засаж байхад Г  ах надад “З той ярьчихлаа, хоёулаа цуг очиж нэг адуу бариад аваад ирье” гээд хамт явсан. Бид хоёр Булган аймгийн Хангал сумын ... гэх газарт очоод З  гэх хүний цагаан өнгийн үсэн “А” тамгатай хээр үрээг адууны хашаанд оруулаад Г  “бугуйлдаад уначих” гэж хэлэхээр нь би бугуйлдаж унаад “Х” гэх газарт авчирч Г ийн хашаанд хүргэж өгөөд явсан” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,

Гэрч Б.Б ийн өгсөн: “...Би Г ийнхээс өөрийн хуц, ухныг аваад нийлүүлээд 300000 төгрөгөөр зарсан. Намайг зарж байх явцад Г  гэрийнхээ гадаа аргамжаатай байсан хээр үрээг ченжид үзүүлээд 800000 төгрөгөөр тохиролцож зарсан” гэх мэдүүлэг /хх-27-28 тал/,

Гэрч Б.Б ын өгсөн: “...Нэрийг нь мэдэхгүй миний очсон айлын эзэн “нэг адуу авах юмуу, энэ уяатай байгаа хээр морь” гэж зааж, би тэр хүнтэй 800000 төгрөгөөр үнэ тохиролцож худалдан авсан” гэх мэдүүлэг /хх-31-32 тал/,

Алдсан малын үнэлгээ тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №2000091 дугаартай: “1 тооны морь, зах зээлийн үнэ 900000 төгрөг” гэх дүгнэлт /хх-35-39 тал/,

Шүүгдэгч Э.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “2019 оны 07 сарын сүүлээр З  гэх хүнтэй Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд хөрөө рам дээр ажиллаж байхад нь өдрийн 14 цагийн үед уулзаад “та хээр үрээгээ зарах гэж байгаа юм уу?” гэж асуухад “зарна” гэхээр нь “би авъя” гэхэд “10 хурга, 10 ишгээр зарна, чи өөрөө манай эхнэрийн дүү Б тай хамт очоод бариад ав, Б  хээр үрээний занг сайн мэдэж байгаа” гэхээр нь би З  ахын эхнэрийн дүү болох Б ын хамт цэнхэр өнгийн “Dayun” загварын мотоцикльтой Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн “Д” гэх газарт адуундаа байхад нь хашаанд хашиж “А” үсгэн тамгатай, нэг засаатай, хуучин дармал дэлтэй, улаан хээр үрээг барьж авсан. Тэгээд морио Б аар унуулаад өөрийн гэртээ аваачиж 10 хоног аргамжиж байгаад “мал авна” гээд явж байсан махны ченжид 800000 төгрөгөөр зарсан. Тэр өдрөөс хойш хоёр хоногийн дараа З  ах, эхнэр Г ийн хамт манай гэрт ирээд “чи манай үрээг яах гэж авсан юм бэ, авах байсан юм бол хэлээд аваад явахгүй” гэхээр нь би “З  ахад хэлсэн, 10 хурга, 10 ишгээр зарна” гэхээр нь худалдаж авахаар тохиролцсон юм. Гэтэл эхнэр Гэрлээ нь “манай нөхөр надад юу ч хэлээгүй, за за тохиролцсон юм бол гээд явсан тийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-64-66 тал/ зэрэг шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Э.Г  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.З  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлснээр шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 4/117 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 “Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц,  далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Э.Г ийн үйлдэл нь шунахайн сэдэлттэй, тухайн мал нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.З од 900000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Э.Г  нь хохирлыг биет байдлаар буюу бүдүүн, нас нийлсэн хар зүсмийн морь өгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгасан байх тул төлөх төлбөргүй гэж үзнэ.

        Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Г ийн бусдын мал хулгайлсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Э.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Г ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Г эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн...”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 52-56, 72-78 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, ял шалгах хуудас,  багийн засаг даргын тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтаар Булган аймаг Сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 307 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123.1.3, 127.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар, 2003 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил, 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Булган аймгийн Хангал сумын ... эхнэр, хоёр хүүхдийн хамт мал аж ахуй эрхлэн амьдардаг болох нь тогтоогдсон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Э.Г эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, хэрэгт прокурорын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 4/09 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор битүүмжлэгдсэн шүүгдэгч Э.Г ийн эзэмшлийн 180000 төгрөгийн үнэлгээ бүхий /хх-43-48 тал/, цэнхэр өнгийн “Yingang” загварын улсын дугааргүй мотоциклийг хурааж, үнийг Улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Г  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г  овогт Э.Г ийг Эрүүгийн хуулийн тусгайангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-тзаасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж, шүүгдэгч Э.Г ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-дзаасныг баримтлан шүүгдэгч Э.Г эд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Э.Г эд сануулсугай.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгтзаасныг тус тус журамлан хэрэгт прокурорын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 4/09 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор битүүмжлэгдсэн 180000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цэнхэр өнгийн “Yingang” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-тзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Г эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД