Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 113

 

Д.Насанжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/01041 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Насанжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5 дугаар байр, 04 тоот орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагааг хүчингүй болгож, орон сууцанд буцаан оруулахыг даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Б.Дэлгэрмөрөн нь 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5 дугаар байр 04 тоот орон сууцыг албадан чөлөөлөхдөө өмчлөгч болох Д.Насанжаргалыг оролцуулахгүй, мэдэгдэлгүйгээр албадан чөлөөлсөн болохыг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гүйцэтгэх баримт бичигтэй танилцан мэдсэн.

Уг орон сууцтай холбоотой маргаан үүсэж 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 201301042322 дугаар Сүхбаатар дүүргийн прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд одоо болтол шалгагдаж байна.

Дээрх эрүүгийн хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд даргын 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2/56, 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2/27 тоот хариу мэдэгдэх хуудсаар эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1993 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай мэдэгдсэн.

Гэтэл ажиллагаа түдгэлзсэн байхад хууль зөрчин албадан чөлөөлөх ажиллагаа явуулжээ. Иймд хууль бус Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 5 дугаар байр 04 тоот орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагааг хүчингүй болгож, орон сууцанд буцаан Д.Насанжаргалыг оруулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, шийдвэр гүйцэтгэгчийн буруутай хууль бус ажиллагаа явуулсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1993 дугаар шийдвэрээр Д.Насанжаргалаас Сүхбаатар 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5 дугаар байрны 4 тоот 3 өрөө орон сууцыг чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамж 492 450 төгрөгийг гаргуулж М.Жаргалсайханд тус тус олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах явцад Д.Насанжаргал болон дээрх орон сууцанд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байсан төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонжаргал нарт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай дараах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн. Үүнд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2/403, 2012 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2/2865, 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2/4363, 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2/5432, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2/11091, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2/16589, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2/18319, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2/992, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2/8172, 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2/17655, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1/25526 дугаартай мэдэгдлүүдээр тус тус мэдэгдсэн.

Төлбөр төлөгч Д.Насанжаргалтай шийдвэр гүйцэтгэгч Б.Дэлгэрмөрөн нь 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр уулзаж шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, биелүүлэх боломжгүй гэдэг тайлбар өгсөн. Албадан чөлөөлөх ажиллагааны талаар урьдчилж мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гараагүй, ажиллагаа үргэлжлээд явагдаж байсан. Албаны дэд дарга нарын албан бичиг бол гомдолд хариу өгч байсантай холбоотой асуудал. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5 дугаар байрны 4 тоот 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5 дугаар байр, 04 тоот орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагааг хүчингүй болгуулж, орон сууцанд буцаан оруулахыг даалгах тухай Д.Насанжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181\ШШ2016\01041 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1993 дугаартай шийдвэрээр Д.Насанжаргалаас Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 5 дугаар байрны 4 тоот гурван өрөө орон сууцыг чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамж 492 450 төгрөгийг гаргуулж, М.Жаргалсайханд тус тус олгохоор шийдвэрлэсэн болно.

Гэвч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Б.Дэлгэрмөрөн нь 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 хороо, 11 дүгээр хороолол 5 дугаар байр, 04 тоот орон сууцыг албадан чөлөөлөхдөө өмчлөгч болох Д.Насанжаргалыг оролцуулахгүй, мэдэгдэлгүйгээр албадан чөлөөлсөн болохыг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гүйцэтгэх баримт бичигтэй танилцаж мэдсэн.

Уг орон сууцтай холбоотой маргаан үүсэж 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 201301042322 дугаар Сүхбаатар дүүргийн прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд одоо болтол шалгагдаж байна.

Дээрх эрүүгийн хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд даргын 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2\56, 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2\27 тоот хариу мэдэгдэх хуудсаар эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1993 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай мэдэгдсэн. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйл 15.2, 15.2.4-т заасны дагуу эрх бүхий албан тушаалтнаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр албан бичиг гарсаар байхад шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэгч Б.Дэлгэрмөрөн нь 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 хороо, 11 дүгээр хороолол, 5 дугаар байр 04 тоот орон сууцыг албадан чөлөөлөхдөө өмчлөгч болох Д.Насанжаргалыг оролцуулахгүй, мэдэгдэлгүйгээр албадан чөлөөлсөн нь илт хууль бус, дээд шатны албан тушаалтаны гаргасан буюу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд даргын 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2\56, 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2\27 тоот хариу мэдэгдэх хуудсаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсээр байхад шүүх нэхэмжлэлииг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус үндэслэлгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181\ШШ2016\01041 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Насанжаргал нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5 дугаар байр, 04 тоот орон сууцыг албадан чөлөөлсөн ажиллагааг хүчингүй болгож, орон сууцанд буцаан оруулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1993 дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5 дугаар байр, 04 тоот орон сууцыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу Д.Насанжаргалын хууль бус эзэмшлээс чөлөөлж, орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг Д.Насанжаргалд даалгаж шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 85 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хэргийн 3-6 дугаар тал/

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай шийдвэрийг хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэнэ.” гэж заасны дагуу төлбөр төлөгч Д.Насанжаргал болон дээрх орон сууцны түрээслэгч нарт “орон сууцыг тогтоосон хугацаанд чөлөөлөх, хэрэв сайн дураар чөлөөлөөгүй тохиолдолд албадан нүүлгэж, холбогдон гарах зардлыг нөхөн төлүүлэх тухай” мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн болох нь 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл болон албан бичгүүдээр тогтоогдож байна. Үүнийг нэхэмжлэгч үгүйсгэсэн тайлбар, баримтыг гаргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.”, 11.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заажээ.

 

Гэтэл төлбөр төлөгч Д.Насанжаргал нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны орон сууцыг чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг биелүүлээгүй болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй үзлээ.  

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5 дугаар байр, 04 тоот орон сууцыг албадан чөлөөлсөн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт “Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай хугацаатай мэдэгдлийг биелүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан нүүлгэх өдөр, цагийг тогтоосон мэдэгдлийг нүүн гарвал зохих этгээдэд өгөх ба тухайн этгээд байхгүй байгаа нь шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүй.”, 68.5 дахь хэсэгт “Нүүн гарах этгээд албадан нүүлгэх мэдэгдэлд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилга, орон байранд байхгүй байвал түүний эзгүйд эд хөрөнгийг нь битүүмжлэн, зохих этгээдэд хадгалуулахаар хүлээлгэн өгч, барилга, орон байрыг чөлөөлнө.” гэж заасантай нийцсэн ба 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” 362 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэгт заасны дагуу түдгэлзсэн байхад хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд даргын 2014 оны 2/56, 2/272 тоот албан бичгүүд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлсэн эрх зүйн акт биш байна.

 

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонжаргал, өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/01041 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонжаргал, өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

 

                                             ШҮҮГЧИД                               Ш.ОЮУНХАНД

 

                                                                                             С.ЭНХТӨР