Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 123/ШШ2018/0008

             Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: иргэн Д.Цэрэнбатаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдох,

“Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 05 сарын 31-ны өдрийн А/530 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Цэрэнбатаа, өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Б.Ариунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгонжаргал, гуравдагч этгээд Р.Батбаяр, өмгөөлөгч Ж.Энх-Амгалан, гэрч Б.Ганхуяг, Б.Батбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Цэрэнбатаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батсүмбэр сумын Засаг даргын 2008 оны 09  дүгээр сарын 18-ны өдрийн 170 тоот шийдвэрээр тус сумын 4-р багийн Үдлэг нэртэй газарт төмс хүнсний зориулалтаар 5 га газрыг надад 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн,  эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулсан. Уг газрыг 2009 оноос эхлэн ашиглаж, эзэмшиж байсан, 2016, 2017 онуудад тус сумын иргэн Р.Батбаяр гэгч нь газар эзэмших ямар ч бичиг баримтгүйгээр манай хөрөнгөөөр боловсруулалт хийсэн талбайг хашиж, 2 га-д хууль бусаар төмс тарьсан байсан тул би үлдсэн 3 га-д ногоон тэжээл тарьж хураан авч байсан. Газрын даамал Даваанямд утсаар энэ талаар хэлэхэд таны газрыг хураана гэж хэлсэн, би газар эзэмших эрхийг цуцалсан захирамжаа өгөөрэй гэж хэлээд утас руу нь имейл хаягаа явуулсан, надад хариу ирүүлээгүй. Иргэн Р.Батбаярын талаар сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж байсан боловч иргэдийн маргааны шинжтэй байна гээд арга хэмжээ авалгүй орхисон. Манай  эзэмшиж байсан газрын эзэмших эрхийг тус сумын Засаг дарга Ганбаяр 2016 оны 05 сарын 31-ний өдрийн А/530 тоот захирамжаар цуцалсан захирамжийн хуулбарыг сумын хэсгийн төлөөлөгчид Р.Батбаяр аваачиж өгсөн байсныг сумын хэсгийн төлөөлөгчөөс мэдсэн. Сумын Засаг даргад 2016 оны 05 сарын 31-ний өдрийн А/530 тоот захирамжтай танилцах, гомдол гаргах боломжоор хангуулах тухай хүсэлтээ 2017 оны 05 сарын 26-ны өдөр  бичгээр гаргасан боловч хариу өгөөгүй тул Төв аймгийн Засаг даргад 2017 оны 07 сарын 31-ний өдөр бичгээр хүсэлт гаргахад мөн адил одоо болтол ямар нэгэн хариу өгөөгүй. Газрын төлбөрөө хугацаанд нь төлж байсныг банкны төлбөрийн баримтаас тодорхой харагдана. 5 га газрын төлбөрт жилд 5800  төгрөг төлөх ёстой, 2015, 2016 оны газрын төлбөрийг 2015 онд хамтад нь төлсөн. Би 2015 онд газраа хагалчихаад өөрийн 5 га, Баярхүүгийн 10 газрыг хагалсан гэдгээ хэлэхэд багийн Засаг дарга Цэцэнтунсаг тэр хавиар нил газар хагалсан байна лээ гэж хэлсэн. Ингэж хэлсэн болохоор багийн Засаг даргыг намайг газраа хагалсан гэдгийг мэдлээ гэж бодсон. Суманд уринш хийсэн талаар мэдээгээ өгдөг гэдгийг мэдээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 05 сарын 31-ний өдрийн А/530 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Б.Ариунболд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Иргэн Д.Цэрэнбатаад 2008 онд тус сумын Үдлэг 4-р багт төмс хүнсний ногооны зориулалтаар 5 га газрыг эзэмшүүлсэн. Д.Цэрэнбатаа нь Р.Батбаярыг өөрийн эзэмшлийн 5 га талбай дээр 2 жил зөвшөөрөлгүй ногоо тарьж эрхийг зөрчиж байгаа талаар сумын цагдаад хандахдаа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гарсан байж магадгүй талаар мэдсэн байдаг. Үүний дараа сумын Засаг даргад 2017 онд хандсан боловч ямар нэгэн хариу ирээгүй. Мөн аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч хариу өгөөгүй. А/530 дугаартай захирамж нь дараах байдлаар хууль бус гэдэг нь тогтоогдож байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж хүчингүй болгосон. Гэтэл Д.Цэрэнбатаа нь 2009 оноос хойш гэрээнд заасны дагуу газраа ашиглаж байсан. Энэ хугацаанд тус сумын газрын даамал Эрдэнэболор нь энэ газрыг сумын иргэнд давуу эрхээр олгоно, танд өөр газар зааж өгнө, газраа ашиглахаа түр байж бай гэж хэлсэн байдаг. Ийм шалтгааны улмаас газраас ашиглахгүй байж байсан. Энэ талаар хариуцагч талаас тайлбар хэлэхгүй байгаагаас үзэхэд хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байна. Хариуцагч талаас хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтний өгсөн мэдүүлгийг үндэслэж тайлбар хэлээд байдаг ч энэ талаар нотолсон баримт байхгүй байна. Д.Цэрэнбатаа нь Д.Батхуяг болон Агрозэт ХХК зэргээр газраа 2015 онд хагалуулж, 2016, 2017 онд газартаа ногоон тэжээл тарьж байсан. А/530 дугаартай захирамжид Д.Цэрэнбатааг газрын төлбөрөө төлөөгүй гэж дурьдсан. Д.Цэрэнбатаа нь 2008 оноос хойш газрын төлбөрөө цаг тухайд төлж байсан. Энэ талаарх нотлох баримтаа шүүхэд өгсөн. Мөн газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй гэж дурьдсан. 2009 онд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж байсан. Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргах гэж байгаа талаар, цуцалсан захирамж гаргасан талаар Д.Цэрэнбатаад албан ёсоор мэдэгдээгүй. Захирамж гаргасан талаар сумын хэсгийн төлөөлөгчөөс мэдсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргасан бол эрх нь зөрчигдөж байгаа талд мэдэгдэнэ гэж заасан боловч энэ талаар Д.Цэрэнбатаад мэдэгдээгүй. Иймээс дээрх хууль бус үйлдлүүдээр Д.Цэрэнбатаа нь эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах боломжгүй байсан. Мөн Д.Цэрэнбатаагийн газар эзэмших эрхийг цуцалсан өдөр буюу 05 дугаар сарын 31-ний өдөр тухайн газрыг Р.Батбаярт эзэмшүүлсэн байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжид шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэр гартал тухайн газрыг өөр хэн нэгэнд олгохгүй гэж заасан. Гэтэл энэ хууль хэрэгжих нөхцлийг хязгаарласан байдаг. Шүүх хуралд гэрчээр оролцсон хоёр хүний мэдүүлгээр нэхэмжлэгч Д.Цэрэнбатаа нь өөрийн хүч хөрөнгөө зарцуулаад газраа хагалсан, ашиглаж байсан гэдэг нь тогтоогдож байна. Мөн захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй,  нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Р.Батбаяр төрийн байгууллагаас энэ газрыг цуцлана, хашаагаа барь гэж хэлсэн учраас хашаагаа барьсан гэж байна. Газар эзэмшүүлсэн захирамжийг гаргахаасаа өмнө хашаа бариулж байгаа үйлдэл нь хувийн журмаар хандсан гэж харагдахаар байна. Захиргааны акт нь хэзээ хүчин төгөлдөр болох вэ гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд тодорхой заасан. Гэтэл энэ зүйлд заасан үндэслэл журмыг хангаагүй байхад хүчин төгөлдөр гэж хэлж байгаа нь үндэслэлгүй. Иймд Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/530 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Батсүмбэр сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Цэрэнбатаа Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн тул сумын Засаг даргын 2016 оны 05 сарын 31-ний өдрийн А/530 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар эзэмших гэрээний заалтыг хэрэгжүүлээгүй учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Захирамж гаргахаас өмнө Д.Цэрэнбатаад газрын даамал Давааням нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусч байгаа талаар, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар утсаар залгаж мэдэгдсэн боловч хүсэлтээ өгөөгүй, газар эзэмших эрхийг цуцалсан талаар утсаар мэдэгдсэн байдаг, энэ талаар баримт авч ирж чадсангүй. Д.Цэрэнбатаа 2008, 2009 онд 2 жил дараалан газрын төлбөрөө төлөөгүй. Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж нь үндэслэлтэй гарсан. Д.Цэрэнбатаад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар багийн Засаг дарга Цэцэнтунсаг мэдэгдсэн, энэ талаар нотлох баримт байхгүй. Д.Цэрэнбатаа өмнө нь газраа ашигладаггүй, газрын төлбөрөө тогтвортой төлж байгаагүй, үйл ажиллагаа явуулдаггүй байсан. Газар эзэмшүүлэх гэрээний дагуу Д.Цэрэнбатаа өөрөө газар тариалангийн мэргэжилтэнд мэдээгээ өгөх ёстой, тариалалтын мэдээгээ өгөөгүй байсан. Газар эзэмшигч өөрөө гэрээгээ дүгнүүлж, гэрээ байгуулах ёстой, Д.Цэрэнбатаа гэрээгээ дүгнүүлээгүй, гэрээ байгуулаагүй. Ийм учраас газраа ашиглаагүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Гуравдагч этгээд Р.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 оноос эхлээд хадлангийн болон ногоон тэжээлийн газар хүсч өргөдөл гаргасан. Сумын захиргаанаас миний хүсэлтийг хүлээж авч шийдэж өгсөн, сумын татварын албанд 2 сая гаруй төгрөг төлсөн. Үүний дагуу сумаас надад газар олгосон. Д.Цэрэнбатаа нь 8 жил гаруй газраа ашиглаагүй. Д.Цэрэнбатаагийн хувьд Баярхүүгийн 10 газрыг ашигладаг. 2016 онд Баярхүүгийн 10 га газрыг гүн хагалсан, миний 5 га газар дээр сийрүүлж хагалсан байсан. Хоёр өөр  байдлаар хагалсан байж 5 га газрыг гүн хагалсан гэж худал хэлж байна. Миний хувьд 2016 онд 2 га газарт гүн хагалалт хийж, төмс тарьсан. Д.Цэрэнбатаа огт газаргүй байсан бол би газар булаацалдах шаардлага алга. Сумаас хашаа барь гэсэн, сумаас өгсөн газар болохоор 2016 оны 4, 5 сард хашаа барьж газраа хамгаалсан. Би хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Д.Цэрэнбатаа өөрийнхөө үүргийг биелүүлээгүй учраас надад энэ газрыг өгсөн. Манай хашааг эвдэж орсон хохирлыг барагдуулж өгөхийг хүсье. Үнэн зөвөөр нь шийдэж өгөөч гэжээ.

            Гуравдагч этгээдийн  өмгөөлөгч Ж.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Сумын Засаг даргын А/530 тоот захирамжийг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж байна. Д.Цэрэнбатаа нь газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь тогтоогдож байна. Мөн гэрч Б.Батбилэгийн өгсөн мэдүүлэгт тухайн газарт байгалийн согоовор ургамал ургасан байсан гэж хэлж байгаа нь газраа ашиглаагүй байсан гэдэг нь нотлогдож байна. Гэрээ газар эзэмших гэрээг Д.Цэрэнбатаа нь биелүүлээгүй.  Газар эзэмших эрхийн гэрчилгээг нь цуцалсан гэдгийг мэдэгдээгүй гэдэг ч нэхэмжлэгч нь Давааням над руу утсаар ярьж, газрыг чинь хураана гэж хэлсэн гэдгийг ярьсан. Энэ үеэс эхлээд гомдлоо гаргаад явах бүрэн боломжтой байсан. Үүнээс үзэхэд 2016 оны 04 дүгээр сарын дундуур мэдсэн гэж үзэхээр байна. Р.Батбаярыг сумаас тухайн газарт хашаагаа барьж бай гэж хэлсэн болохоор хашаа барьсан. Мөн цагдаад Р.Батбаяр өргөдөл гаргасны дараа Д.Цэрэнбатаа нь цагдаа дээр очиж газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг мэдсэн гэдэг нь нотлогдож байна. Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэх ёстой, Д.Цэрэнбатаа болон Р.Батбаяр хоёрыг дуудаж энэ талаар мэдэгдсэн байдаг. Д.Цэрэнбатаа нь хуулийн дагуу сарын дотор гомдлоо гаргах ёстой байсан боловч гомдлоо гаргаагүй. Д.Цэрэнбатаа нь газар эзэмших гэрээгээ дүгнүүлдэггүй, газрын төлбөрөө төлдөггүй гэдэг нь нотлогдож байна. Нэхэмжлэгч талаас Баярхүү гэж хүний газрыг ашигладаг тэр газрын мөнгөтэй газрын төлбөрөө нийлүүлж өгдөг гэж хэлж байгаа боловч энэ нь тогтоогдохгүй байна. Д.Цэрэнбатаа нь гомдол гаргаагүй учраас Засаг дарга нь 5 га газрыг Р.Батбаярт эзэмшүүлсэн. Р.Батбаярт өмнө нь багийн иргэдийн Нийтийн Хурлаар газар олгох тухай шийдвэрлэсэн, мөн сумын татварын хэлтэст удаа дараа мөнгө төлсөн байдлыг нь харгалзан үзэж Р.Батбаярт газар олгосон. Одоогоор шүүхийн журмаар маргаантай байгаа учраас Р.Батбаяр нь газраа бүрэн гүйцэт ашиглаагүй байгаа. Нэхэмжлэгч Д.Цэрэнбатаа нь өөрөө хууль зөрчсөн гэдэг нь харагдаж байна. Д.Цэрэнбатаа гэж хүний буруутай үйлдлээс ногоон тэжээл тарьж чадаагүй, 12 сая төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлыг гэм буруутай этгээдээс гаргаж өгөөч. Нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Гэрч Б.Ганболд шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Батсүмбэр сумын 4-р баг Нуурийн хүр гэх газарт 2016 онд 4 сард Р.Батбаярыг хашаа барихад тусалсан. Тухайн үед тус газрыг сийрүүлж хагалсан байсан гэжээ.

            Гэрч Б.Батбилэг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Батсүмбэр сумын 4-р баг нуурын хүр гэх газарт 2016 оны 04 сард Р.Батбаяр ахтай нийлж төмс тарья гэж тохиролцоод Р.Батбаяр ахын газрын 2 га газарт нь төмс тарьсан. Бид нар үрийн төмсөө тарих гэж байхад өнгөн хэсгийг хагалсан, хэсэг газар нь гүдгэр хэсгээрээ гүн хагалагдсан, зарим хэсэг нь хагалагдаагүй үлдсэн, согоовор ургасан байсан. Үрийн төмс далд орохгүй байсан учраас бид дахин хагалж төмс тарьсан. Би захирамж болон гэрчилгээг нь хараагүй. Хамаатныхаа ахад итгээд төмсөө тариалсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргийг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/530 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/530 дугаар захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2008-2015 он хүртэл 8 жил ашиглаагүй, газрын төлбөрөө тухайн жилд төлөөгүй, гэрээ байгуулаагүй” гэх үндэслэлээр иргэн Д.Цэрэнбатаад 5 га газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 170 тоот захирамжийг хүчингүй  болгож шийдвэрлэсэн байна.

1. Маргаан бүхий захиргааны актын “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2008-2015 он хүртэл 8 жил ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд:

Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 170 дугаар захирамжаар тус сумын 4 дүгээр багийн нутаг Үдлэг х-2 гэх газарт 5 га газрыг хүнсний ногоо тарих зориулалтаар иргэн Д.Цэрэнбатаад 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон,  газар эзэмшүүлэх гэрээг 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Цэрэнбатаа нь 2008-2014 онуудад өөрийн эзэмшлийн 5 га газартаа ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь нэхэмжлэгчийн “сумын газрын даамал Эрдэнэболор уг газрыг тариалан эрхэлж байсан иргэнд давуу эрхээр олгоно, танд өөр газар зааж өгнө хүлээж бай гэхээр нь 2015 он хүртэл газар дээрээ ногоо тариагүй.... ” гэх тайлбар, Батсүмбэр сумын 2013-2014 онуудын ургац, төмс, хүнсний ногоо хураалтын тайлан зэргээр тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч Д.Цэрэнбатаа нь 2015 онд болон 2016 онд /маргаан бүхий захиргааны актыг батлагдан гарахаас өмнө/ эзэмшлийн газартаа хөрс боловсруулалт, тариалалт хийж, үйл ажиллагаа явуулсан болох нь нэхэмжлэгчийн “2015 онд газраа хагалуулсан, 2016 онд 2 га газарт Р.Батбаяр тариа тарьсан тул үлдсэн 3 га газартаа ногоон тэжээл тарьсан” гэх, гуравдагч этгээд Р.Батбаярын “2016 онд уг газрыг хашиж, 2 га талбайд төмс тарьсан, газрыг гүн хагалаагүй, сийрүүлсэн байсан” гэх тайлбар, гэрч Д.Батхуягийн шүүхэд өгсөн “2015 оны 4 дүгээр сарын сүүлчээр... Цэрэнбатаа холбогдож, ...5 га газар нь атаршсан газар байсныг ...өөрийн техник МТЗ-82.1 трактороор хөмөрч хагалж өгсөн” гэх мэдүүлэг[1], гэрч Б.Ганхуягийн шүүх хуралдаанд өгсөн “2016 онд Р.Батбаяр ахтай нийлж Нуурийн хүр гэх газарт төмс тарих гэж очиход газар өнгөн хагалалттай, зарим газар нь хагалсан, зарим газар нь хагалаагүй, хагалсан газар нь дагтаршчихсан...байсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч талаас “газраа 8 жил ашиглаагүй” гэсэн үндэслэлийг маргаан бүхий актад заасан ч “Д.Цэрэнбатаа 2011, 2012, 2013, 2015, 2016 онуудад тариалалт хийгээгүй, 2014 онд 0,6 га-д төмс, 2,5 га-д хүнсний ногоо тариалсан” тухай албан бичиг[2] шүүхэд ирүүлсэн, мөн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Батсүмбэр сумын 2013-2016 онуудын тариалалтын мэдээнд “төмс, хүнсний ногоо, тариалсан, хураасан ургацын мэдээг тус тус гаргасан байх боловч “уринш хийсэн газар”-ын мэдээллийг оруулаагүй, тодруулбал уг мэдээнд “уринш хийсэн газар” гэх асуулт тусгаагүйгээс тухайн мэдээнээс уринш хийсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

Иймээс нэхэмжлэгч талын “2015 онд газраа хагалсан” гэх тайлбарыг хүлээн авч Тариалангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Уриншилсан газарт хөрсөнд чийг хуримтлуулах, хог ургамлаас цэвэрлэх зориулалтаар механик болон химийн аргаар боловсруулж өнжөөсөн тариалангийн талбай хамаарна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг эзэмшлийн газартаа уринш хийсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Ийнхүү нэхэмжлэгч Д.Цэрэнбатаа нь 2015 онд эзэмшлийн газартаа хөрс боловсруулалт хийж, 2016 онд тариалалт хийх явцад хариуцагчаас түүнд анх газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй ...” гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж тус тус заасантай нийцээгүй, тодруулбал хариуцагч нь газар эзэмшигчийг сүүлийн 2 жилийн хугацаанд газраа эзэмшиж ашигласан нөхцөл байдлыг тогтоолгүйгээр захиргааны шийдвэр гаргасан нь хууль бус болжээ.

Хэдийгээр Д.Цэрэнбатаа нь 2009 онд газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш 2009-2014 онуудад газраа зориулалтын дагуу ашиглаагүй, ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх боловч тухайн үед  Батсүмбэр сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр Д.Цэрэнбатаагийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож шийдвэрлээгүй байгаагаас гадна Д.Цэрэнбатаа нь 2015-2016 онуудад газраа эзэмшиж ашигласан байх тул шүүхээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4.1.6-д “...2 жил...” гэж заасан хугацааг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахаас өмнөх 2 жилийн хугацааны үйл баримтуудыг үнэлж дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад  сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:.. 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасныг үндэслэн Д.Цэрэнбатааг “8 жил газраа зориулалтын дагуу ашиглаагүй, тухайн жилийн газрын төлбөрөө төлөөгүй, гэрээ байгуулаагүй” хэмээн буруутгасан байх боловч нэхэмжлэгч Д.Цэрэнбатаад анх газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 170 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаа “хуульд  үндэслэх” тусгай зарчимд нийцээгүй байна.

Учир нь Газрын тухай хуулиар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр газар эзэмшигч иргэн, аж ахуй нэгж нь эзэмшлийн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, мөн газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус зааснаар сумын Засаг дарга захирамж гарган газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор, харин газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад гэрчилгээ, гэрээгээ сунгуулах хүсэлтийг газар эзэмшигч гаргаагүй бол түүний газар эзэмших эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар дуусгавар болж байхаар ялгамжтайгаар зохицуулжээ.

Гэтэл Батсүмбэр сумын Засаг дарга нь 2 өөр тохиолдлыг зохицуулсан Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлүүдийг үндэслэн Д.Цэрэнбатаад анх газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, тодруулбал түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн эсэх, мөн түүний газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэж буй эсэх нь тодорхойгүй байгаагаас тус маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим”-ыг зөрчсөн байна. Үүнээс гадна сумын Засаг даргаас газар эзэмшүүлэх болон түүнтэй холбогдох харилцааг Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан тул уг харилцаанд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэсэн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй тул хариуцагчийн төлөөлөгчийн “газар эзэмшүүлэх гэрээгээ сунгуулах хүсэлт гаргаагүй учраас газар эзэмших хугацаа нь дуусгавар болсон. Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргасан” гэх тайлбар үндэслэлгүй байна.

2. Маргаан бүхий захиргааны актын “газрын төлбөрөө тухайн жилд төлөөгүй” гэх үндэслэлийн тухайд:

Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, газрын даамал Т.Эрдэнэболор, иргэн Д.Цэрэнбатаа нарын 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээгээр ногооны зориулалттай 5 га, фермийн зориулалттай 0,44 га, 0,45 га газруудын төлбөрт жилд нийт 27992 төгрөгийг төлж байхаар заасан байх боловч маргаан бүхий 5 га газрын төлбөрт жилд төлөх төлбөрийн хэмжээг заагаагүй, харин нэхэмжлэгч “5 га газрын төлбөрт жилд 5600 төгрөг төлөх ёстой, 2015 онд 2016 оны газрын төлбөрөө хамт, 11600 төгрөг  төлсөн, Баярхүүгийн 10 га газрын төлбөрийг хамт төлж байсан” гэж тайлбар гаргасан байна.

Эдгээрээс дүгнэвэл нэхэмжлэгч Д.Цэрэнбатааг 2009-2016 онуудад 5,82 га газрын төлбөрт нийт 927992 төгрөг, харин маргаж буй 5 га газрын төлбөрт 52200 төлөх төлөх ёстой гэж үзэхээр байна. 

Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07/17 тоот албан бичигт Д.Цэрэнбатаа нь газрын төлбөрт 2010 оны 06 сарын 04-нд 5800 төгрөг, 2011 оны 12 сарын 08-нд 7568 төгрөг, 2013 оны 4 сарын 22-нд 11580 төгрөг, 2015 оны 5 сарын 06-нд 23200 төгрөг, нийт 48148 төгрөг төлсөн лавлагааг шүүхэд ирүүлсэн. Харин нэхэмжлэгчээс газрын төлбөрт 2011 оны 12 дугаар сарын 27-нд 30.000 төгрөг, 2013 оны 5 сарын 01-нд 38470 төгрөг, 2015 оны 5 сарын 06-нд 11600 төгрөг, нийт 80070 төгрөг төлсөн гэх Хаан банкны шилжүүлгийн мэдээллийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь ногооны зориулалттай 5 га, фермийн зориулалттай 0,44 га, 0,45 га, нийт 5.82 га газрын төлбөрийг 2009-2016 онуудад бүрэн төлөөгүй нь тогтоогдож байх боловч маргаан бүхий 5 га газрын төлбөрийг бүрэн төлсөн эсэх нь тодорхой байна. Тодруулбал газар эзэмшүүлэх гэрээнд 5 га газрын төлбөрт Д.Цэрэнбатаагийн төлөх төлбөрийн хэмжээг тодорхой заагаагүйгээс гадна газар эзэмшүүлэх гэрээг захиргааны байгууллагаас дүгнэж байгаагүй, мөн маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахаас өмнө газрын төлбөрөө бүрэн төлсөн эсэхийг шалгаж тогтоогоогүй байх тул шүүхээс нэхэмжлэгчийг “тухайн жилийн /2016 оны/ газрын төлбөрөө төлөөгүй” гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох” үүргээ хэрэгжүүлэлгүйгээр, тодруулбал нэхэмжлэгчийг газрын төлбөрөө бүрэн төлсөн эсэхийг шалгаж тогтоолгүйгээр шийдвэр гаргасан байх тул түүнийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5-д “... “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

3. Маргаан бүхий захиргааны актын “гэрээ байгуулаагүй” гэх үндэслэлийн тухайд:

Батсүмбэр сумын газрын даамал Т.Эрдэнэболор нь Д.Цэрэнбатаатай газар эзэмшүүлэх гэрээг 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан байх боловч гэрээний үргэлжлэх хугацааг заагаагүй[3] байх тул газар эзэмшүүлэх гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дууссан гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч “гэрээ дүгнэж байгаагүй, гэрээ дүгнүүлэхийг шаардаж байгаагүй” гэж, хариуцагчийн төлөөлөгч “газар эзэмшигч өөрөө гэрээгээ дүгнүүлэх ёстой, газрын даамал тухайн үед нь гэрээгээ дүгнүүл гэж хэлж байсан байх” гэж тайлбарласан, хариуцагч талаас гэрээ дүгнэхээр нэхэмжлэгчийг шаардсан болон гэрээг нь дүгнэсэн талаар баримт гаргаж ирүүлээгүй зэргээс үзэхэд захиргааны байгууллагаас Д.Цэрэнбатаатай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг дүгнэсэн, түүнийг гэрээ байгуулахыг шаардсан, мөн нэхэмжлэгч Д.Цэрэнбатаа газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй гэх зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн Д.Цэрэнбатаад 2008 онд маргаан бүхий 5 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн[4] байх тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэх нөхцөл байдал бий болоогүй байх тул маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан “захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд болон Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1-д тус тус заасантай нийцээгүй байна гэж дүгнэлээ.

Үүнээс гадна хариуцагч нь маргаан бүхий захиргааны акт болох Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/530 дугаар захирамжийг гаргахаас өмнө болон уг захиргааны актыг бичгээр гаргасны дараа газар эзэмшигч иргэн Д.Цэрэнбатаад мэдэгдээгүй нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “захирамжийг Д.Цэрэнбатаад гардуулж өгөөгүй, багийн Засаг даргаар дамжуулан мэдэгдсэн” гэх тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд Д.Цэрэнбатааг оролцуулаагүй,  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1-д тус тус заасныг зөрчсөн байгааг дурьдаж байна.

Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч Д.Цэрэнбатаад гардуулж өгөөгүй, мэдэгдээгүй зэргээр Газрын тухай  40 дүгээр зүйлийн 40.2-д “...Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээг эзэмшиж байсан...этгээдэд мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн. Мөн Д.Цэрэнбатаа нь тус захиргааны актыг  сумын цагдаагийн ажилтнаас мэдсэн даруй 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр сумын Засаг даргад, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Засаг даргад тус тус хүсэлт, гомдол гаргасан боловч эдгээр байгууллага, албан тушаалтнаас хариу өгөөгүй, шийдвэрлээгүй зэргээр Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “захиргааны актыг ... эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд  хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ” гэж, 98 дугаар зүйлийн 98.1-д “энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараахь захиргааны актын аль нэгийг гаргана” гэж заасныг зөрчсөний улмаас Д.Цэрэнбатаа нь маргаан бүхий захиргааны актад холбогдуулан нэхэмжлэл гаргах боломжгүй байсан байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. 

Дээрх нөхцөл байдлуудаар Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/530 дугаар захирамж хууль бус бөгөөд, уг захирамжийн улмаас нэхэмжлэгч Д.Цэрэнбатаагийн нэгж талбарын 18631352983489 дугаартай 5 га газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул тус захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цэрэнбатаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/530 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цэрэнбатаад олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ОДСҮРЭН

 

 


[1] Хавтас хэргийн 161-р хуудас,

[2] Хэргийн 36-р хуудас,

[3] Хэргийн 14-р хуудас,

[4] Хэргийн 121-р хуудас,