| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 123/2020/0028/З |
| Дугаар | 221/МА2021/0627 |
| Огноо | 2021-11-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2021/0627
“А” ХХК,
“Б” ХХК, “Д” ХХК-иудын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч “А” ХХК, “Б” ХХК-ийн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагч нарын өмгөөлөгч А.М нарыг оролцуулан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын төлөөлөгчдийн давж заалдах гомдлоор, “А” ХХК, “Б” ХХК, “Д” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баян сумын Засаг дарга болон Баянжаргалан сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК, “Б” ХХК, “Д” ХХК-иудын Төв аймгийн Баян сумын 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 85 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ... ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариуг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
“Б” ХХК, “Д” ХХК-иудын Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хандсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр №03/20 тоот Хүсэлт гаргах тухай албан бичигт хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэж тус тус гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын төлөөлөгчдөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 10 дахь талд “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 39.1.3-д “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай “санал гаргасан” бол газар эзэмших эрх дуусгавар болохоор хуульчилсан байхад тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулж байгаа талбайн газар ашиглах асуудлаар хуульд заагаагүй үндэслэл дурдан газар эзэмших эрхийг дуусгавар болгож өгнө үү гэсэн нь үндэслэлгүй байна.” гэжээ. Хариуцагч талаас “газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй” гэсэн хариуг албан тоотоор өгсөнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болсон гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл нэхэмжлэгчийг хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэл гаргасан мэтээр шүүхээс буруу дүгнэлт өгсөн байна. Газар эзэмших эрх дуусгавар болчихсон байгаа талаар шүүх дүгнэсэн атлаа хариуцагч “газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй” гэсэн хариу өгч байгаа нь ямар учраас үндэслэлтэй талаар шүүхээс дүгнээгүй байна.
Хариуцагч талаас газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариу өгснийг хууль бус болохыг тогтоолгосноор цаашид Сумын Засаг даргын зүгээс газар эзэмших эрх хүчинтэй гэж үзэн гэрээ байгуулахыг хууль бусаар шаардах, төлбөр нэхэмжлэх зэргээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчих үр дагавар үүсэхгүй байх юм. Иймд газар эзэмших эрхийг дуусгавар болгохгүй гэсэн Сумын Засаг даргын хариу хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхгүй байх эрх зүйн хамгаалалт үүснэ.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 12 дахь талд “албан тоотын хариуг амаар өгсөн тул хуульд заасан эс үйлдэхүй тогтоогдохгүй” гэсэн байна.
Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа бичиг хэрэг хөтлөлтийн албан стандартын дагуу бичгээр гардаг. Тэр тусмаа газар эзэмшихтэй холбоотой төр, хувийн хэвшлийн харилцаа гэрээ, гэрчилгээ зэрэгт үндэслэн үүсдэг тул уг асуудлаар гаргасан албан тоотын хариуг “амаар хариу өгөх” байдлаар төрийн ажил явагдах үндэслэлгүй.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 44 дугаар тогтоолын 18-д “.. уурхайн эдэлбэр газарт бүхэлд нь бус, харин ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа хэсэгтээ гэрээ байгуулж, төлбөр төлөхөөр байтал хариуцагчийн зүгээс уурхайн эдэлбэр газрыг бүхэлд нь хамруулж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан үйл баримтад эрх зүйн зохицуулалттай уялдуулж дүгнэлт өгөх нь зүйтэй” гэсэн байна. Нэхэмжлэгч талын зүгээс мөн уурхайн үйл ажиллагаа явуулж бодитой ашиглаж талбай дээрээ Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу газар, ус ашиглах гэрээ байгуулах байр суурьтай байдаг.
Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “А” ХХК, “Б” ХХК, “Д” ХХК-иудаас Төв аймгийн Баян сумын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар хариу хүргүүлэх албан бичгээр “ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй” гэсэн хариу хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Д” ХХК, “Б” ХХК-ийн Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хандсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Хүсэлт гаргах тухай” №03/20 тоот албан бичигт хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу 2020 онд газар эзэмших гэрээ байгуулаагүй нэхэмжлэгч компаниудын ашиглагдаагүй газар ашиглах эрх дуусгавар болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.18, 4.1.19, 35 дугаар зүйлийн 5.3.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн уурхайн эдэлбэрийн зөвхөн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомжийн дагуу газар ашиглах гэрээ байгуулах хуулийн үндэслэлтэй ... захиргааны байгууллагаас нэхэмжлэгч байгууллагын ашиглагдаагүй тусгай зөвшөөрлийн талаар газар эзэмших эрх дуусгавар болоогүй гэж үзэж байна. Цаашид нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр газрын төлбөр нэхэмжилж хууль ёсны эрхийг зөрчих үр дагавар үүснэ ... гэтэл нэхэмжлэгч компаниудын газар эзэмшүүлсэн гэрээ дууссан, дахин сунгагдаагүй учир дуусгавар болсон... бид тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхөөс гадна орон нутгийн байгууллагад газрын төлбөр төлж байгаа нь бодитой ашиглаж байгаа уурхайн эдэлбэр газар, усны хувьд гэрээ байгуулах гэж заасантай нийцэхгүй байна ... ” гэж тайлбарлан маргажээ.
1.Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй” гэж мэдэгдсэн бус харин “А” ХХК-д “...ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан газрын төлбөр төлөгч тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 4-д заасан хувь хэмжээгээр газрын төлбөр төлөх үүрэгтэй. Хуульд заасан үндэслэлээр газрын гэрээ байгуулж, төлбөр төлөхийг...” мэдэгджээ.
Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, 7.2-т “Газрын төлбөрийн хэмжээ, түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, зарцуулах журмыг хуулиар тогтооно”, 32 дугаар зүйлийн 32 .1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлж, гэрээ байгуулан гэрчилгээ олгогдсон байх бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор газрын төлбөрийн хэмжээг тогтоон тооцож байгаа тул газрын төлбөрийн хэмжээг өөрчлөх эрх хэмжээ хариуцагч сумын Засаг даргад хуулиар олгогдоогүй тул хуульд заасан үндэслэлээр газрын гэрээ байгуулж, төлбөр төлөхийг мэдэгдсэн агуулгатай Баян сумын Засаг даргын 2020 оны 85 дугаар албан бичгийг хууль бус гэж үзэх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч “Д” ХХК, “Б” ХХК-иудаас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03/20 дугаар албан бичгээр Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад “өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн ашиглаагүй хэсэгт гэрээ байгуулах шаардлагагүй, иймд газар эзэмших эрхийг дуусгавар болгож өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлт гаргасан, хариуцагч Баянжаргалан сумын Засаг даргаас уг хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэж, хариу өгөөгүй байна.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч Баянжаргалан сумын Засаг дарга нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөх үүрэгтэй бөгөөд хуульд зааснаар даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч хариуцагч захиргаанд буюу шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд тодорхой асуудлаар хандсан боловч захиргаа хууль бусаар татгалзсан эсхүл огт шийдвэр гаргахгүй эс үйлдэхүй гаргасан байх тохиолдол бодитоор бий болсон, шүүх тэрхүү татгалзал эсхүл эс үйлдэхүй нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон тохиолдолд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжтой.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч Баянжаргалан сумын Засаг дарга нэхэмжлэгч нарын хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдож байх хэдий ч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “Баянжаргалан сумын Засаг дарга амаар уг албан бичигт хариу өгсөн бөгөөд уг хариундаа эхлээд 2019 оны газрын төлбөрөө төлж дуусга, дараа нь энэ асуудлыг авч хэлэлцье” гэж тайлбарласан, хариуцагчаас мөн энэ талаар хариу тайлбартаа дурдсаныг маргааны үйл баримттай нэгтгэн дүгнэвэл хоёр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын тухайд ижил байр суурьтай байх тул Баянжаргалан сумын Засаг даргад хариу өгөхийг даалгах шаардлагагүй бөгөөд даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдсан эсэхээс үл хамааран энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан, нэхэмжлэгч компаниуд тусгай зөвшөөрлийн ашиглагдаагүй талбайг дараа ашиглахаар нөөцөд байлгах сонирхолтой, өмнөх онуудад газрын төлбөрийг бүрэн төлж байсан, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосноос хойш тусгай зөвшөөрөл бүхий бүх талбайн хэмжээгээр газрын төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаагаас үзвэл “тусгай зөвшөөрлийн төлбөрийг эзэмшиж буй талбайн хэмжээгээр жил бүр төлдөг тул тухайн талбайн ашиглагдаагүй хэсэгт давхцуулан дахин газар эзэмших гэрээ байгуулж төлбөр төлөх үндэслэлгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, энэ талаар анхан шатны шүүхийн “нэхэмжлэгчийн зүгээс одоо эзэмшиж байгаа газрын хэмжээ, түүний дотор гэрээгээр төлбөр ногдуулах гэсэн газрын хэмжээ, ямар үндэслэл шалтгаанаар хэрхэн байдлаар өөрчлөлт оруулах гэсэн тодорхой санал, улмаар гэрээгээ шинэчилж хийх агуулгаа тодорхой тусгасан хүсэлт гаргаагүй тохиолдолд нэхэмжлэгчийн дээрх байдлаар гаргасан хүсэлтэд хариуцагчийн албан бичгээр өгсөн энэ хариуны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхол шууд хөндөгдөхөөргүй байна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин газрын төлбөртэй холбоотой асуудлаар маргах эрхийг энэхүү шийдвэрээр хязгаарлахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын төлөөлөгчдөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ