Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн танхимд Нарийн бичгийн дарга: Б.Ариунбаяр Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан Шүүгдэгч Ц.Ц-л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц-лд холбогдох 1933001360019 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхон сум, Шар-Ус 1-р баг, Рашаант тосгонд оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагналгүй, Борлууд овогт Цагаачийн Ц-л /РД:ОО000000/ Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч Ц.Ц-л нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Рашаант тосгоны Ган зам дэлгүүрийн урд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай маргалдаж улмаар түүнийг зодон үүдэн дээд хоёр шүдийг унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц-лын өгсөн: “…2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Рашаант тосгонд баяр наадам болж байсан. Тэгээд баяр наадам тарсан. Би эхнэр, хүүхдийн хамт Ган зам гэдэг дэлгүүрээс чихэр, жимс авах гээд явж байсан. Тэгээд гарч иртэл Жамбал согтуу над руу агсраад дайраад байсан. Би Жамбалаас яасан юм бэ ахын дүү гэж асуусан. Тэгээд бид хоёр маргалдсан. Жамбалын ах нар нь салгаад аваад явсан. Жамбал зугтаад бууж ирэнгүүтээ миний машины толийг хага цохисон. Тухайн үед би хүүхдээ өвөр дээрээ суулгаад авч явж байсан. Хүүхэд нүд рүү шил орчихлоо гэж орилонгуут нь би буугаад зодолдсон. Тэгээд зодолдоод дууссаны дараа өөрөө миний шүд уначихлаа гэсэн. Тухайн үед манай эхнэр хүүхдийнхээ нүдийг очиж эмнэлэгт үзүүлсэн. ...гэх мэдүүлэг. Эрүүгийн 1933001360019 тоот хавтаст хэргээс Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Орхонтуул сумын хуучин төвийн наадам болсон. Уг наадмаар манай ах нарын адуунууд айрагдсан юм. Тэгээд би тэд нартай хамт архи уусан. Ингээд бид морьдоо ачаад төмөр замын Ган зам дэлгүүрийн урд очиж зогссон. Би дэлгүүрээс пиво авах гээд буусан чинь Ц-л гэх этгээд нь согтуу байж байсан. Тэгээд тэр хүн намайг дуудсан. Тэгээд би очтол Ц-л гэх хүн нь над руу томроод байсан. Үүний улмаас бид хоёр маргалдаж эхэлсэн. Ингээд хартал Дорлиг гэх хүн нь Пробокс машинтай ирчихсэн зогсож байсан. Ингээд би Ц-лтай муудалцаж байхад Дорлиг гэх хүний хүүхэд Алтангэрэл нь намайг зодсон. Алтангэрэл гэх хүн нь намайг зодож байхад Ц-л нь бас зодсон. Энэ хоёр хүн намайг зодсоны улмаас миний үүдэн хоёр шүд унаж хажуу талын нэг шүд хөдөлсөн...” гэх мэдүүлэг /Хх-ийн 40-41 дүгээр хуудас/, Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Тухайн өдөр Орхонтуул сумын Рашаан тосгоны наадам болж байсан бөгөөд би тэр өдөр 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво Орхонтуул сумын наадам дээр байсан хүмүүс болон Норов, Сумъяа гэх хүмүүстэй хувааж уусан. Би архи уугаагүй хүмүүстэй пиво хувааж уусан учраас их согтоогүй үйлдлээ хянах чадвартай бага зэргийн согтолттой байсан. Тухайн үед би Норлоогийн машинтай Жамсранжав, Норлоо, Жигдэн Жигдэнгийн нөхөр Балдорж нарын хамтаар Рашаант тосгоноос гарахдаа пиво авъя гээд Рашаант тосгоны Ган зам дэлгүүрийн үүдэнд очсон. Тухайн үед дэлгүүрийн үүдэнд Дорлиг машинтайгаа, Ц-л машинтайгаа зогсож байсан. Тэр үед баяр болж байсан учраас хүмүүсийн хөдөлгөөн нэлээд байсан. Зодоон болох үед дээрх хүмүүс бүгд байсан. Би дэлгүүрийн үүдэнд очоод машинаас буухад Ц-л намайг дуудсан. Тэгээд би Ц-л дээр очоод Ц-л бид хоёр муудалцаад хэрэлдээд байж байтал нэг залуу ирээд гараа атгаад 2,3 удаа нүүр рүү цохиод миний үүдэн дээд талын нэг шүдийг унагаж, нэг шүдийг хөдөлсөн. Тэр үед тэр залууг нэг нь салгах шиг болсон. Тэгэхээр нь унасан шүдээ аваад Жигдэнд өгсөн. Тэгтэл Ц-л миний нүүр рүү цохиж Алтангэрэлийн хөдөлгөсөн шүдийг унагасан. Ц-л болон үл таних залуу хоёр намайг ямар нэгэн зүйлээр цохиж зодоогүй. Тэр үед тэнд байсан хүмүүс намайг зодсон залууг Дорлиг гэдэг хүний хүүхэд Алтангэрэл гэдэг залуу гэж хэлсэн. Жигдэн гэдэг нь манай бэр, Норлоо, Жамсранжав Балдорж нар нь манай аавын талын хамаатнууд буюу манай авга ах нар байгаа юм. Миний унасан шүд одоо надад байгаа бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар тооцуулмаар байна. Надтай хамт явсан Норлоо, Жамсранжав, Жигдэн нар мэднэ. Балдорж ах согтуу байсан учраас мэдээгүй. Би хэн нэгнийг цохиж зодоогүй. Харин Ц-л намайг зодчихоод явах гэхээр нь уурандаа явуулахгүй гэж Ц-лын машины буруу талын шилнээс татаж хагалсан. Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Би Дархан-Уул аймгаар явж 2 хувийн эмнэлэгт шүдний үнэ асуухад шүдэнд бэхэлж суулгадаг шүд хийхэд нэг шүд 800 000 төгрөг, буйланд суулгадаг шүд 2 400 000-2 500 000 төгрөгийн хооронд үнэтэй байсан. Тийм болохоор 5 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /Хх-ийн 42-44 дүгээр хуудас/, Хохирол төлбөр төлсөн баримт /Хх-ийн 47 дугаар хуудас/, Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хиймэл шүдийг 50 000-1 200 000 төгрөгийн хооронд байдаг юм. Манай эмнэлэгт суулгацтай буюу имплант шүдийг 2 500 000 төгрөгөөр хийдэг...” гэх мэдүүлэг /Хх-ийн 50 дугаар хуудас/, Гэрч Д.Алагаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би уг өдөр Ц.Элбэгбаяр гэх хүүхдийн биед үзлэг хийсэн. Тухайн үед уг хүүхдийн нүд рүү нь шил орсон гэж манайд хандаж ирсэн. Үзлэг хийхэд тухайн хүүхдийн биед ил харагдах гадны нөлөөтэй шарх байгаагүй. Нүд рүү нь шил орсон зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /Хх-ийн 52 дугаар хуудас/, Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 07 сарын 07-ны өдөр Рашаант тосгоны баяр наадам үзээд явж байсан. Би тухайн үед өөрийн дүү Норлоо, Жамбал, Жамсранжав нарын хамт явж байсан. Би тэр үед машиндаа сууж байсан. Гэтэл Жамбал Ц-л нар нь хоорондоо муудалцсан. Энэ үйл явдал дэлгүүрийн урд болсон. Энэ хоёр нь хоорондоо муудалцаж бие биенээ түлхээд байж байтал Дорлиг гэх хүний хүүхэд машинаас бууж ирээд уг хоёр хүний голоор орж Жамбалыг цохисон. Тэгтэл Жамбал нь Жигдэн эгчээ миний шүдийг унагачихлаа гээд газар унасан шүдээ заагаад тэр шүдийг нь би авсан. Гэтэл дахиад Ц-л гэх хүн нь Жамбалыг цохиод авсан. Тэгээд мөн ялгаагүй дахиад нэг шүд нь унасан. Би тэр үед Жамбалын 2 шүдийг цаасанд боосон...” гэх мэдүүлэг, /Хх-ийн 54 дүгээр хуудас/, Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...******* гэх залуугийн аав нь манай нөхрийн авга ах нь байгаа юм. Харин Ц.Ц-л нь манай нутгийн айл саахалт хүмүүс юм. Алтангэрэл гэх залууг би танихгүй сүүлд нь манай нутгийн Дорлиг гэх хүний хүүхэд гэдгийг мэдсэн. Эхлээд Алтангэрэл гэх залуу нь *******ыг цохисон. Тэгтэл ******* шүд уначихлаа гээд надад шүдээ авч өгсөн. Тэгтэл Ц-л ирээд Жамбалыг цохисон. Тэгээд дахиад нэг шүд нь унасан. Жамбал Ц-л нар нь хоорондоо муудалцаж байхад Алтангэрэл гэх залуу ирээд Жамбалыг цохиод авсан. Тэгээд зодоон болсон. Харин Жамбал хэн нэгнийг зодсон зүйл байхгүй. Ц-л машинтайгаа явах гэтэл машиных нь жолоочийн эсрэг талын цонхыг хагалсан. Жамбал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Жамбал бага зэргийг согтолттой байсан. Харин Ц-л нь мөн ялгаагүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба бага зэргийн согтолттой байсан. Алтангэрэл гэх залуу нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /Хх-ийн 55 дугаар хуудас/, Гэрч Т.Норлоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн. “...Уг өдөр наадам болж байсан. Надтай хамт явж байсан манай хамаатны дүү Жамбал нь Ц-л гэх хүнтэй маргалдсан. Би тэр хоёрыг боль гэж хэлсэн. Удалгүй Ц-л болон Дорлиг гэх хүний хүүхэд нийлж байгаад Жамбалыг зодсон. Тэгтэл Жамбал шүд унагачихлаа гэсэн. Тэгээд хартал хамар амнаас нь цус гараад шүд нь унасан байсан. Дорлиг гэх хүний хүүхэд Жамбалыг 2,3 удаа цохисон. Ц-л 2-3 цохисон...” гэх мэдүүлэг /Ххийн 57 дугаар хуудас/, Гэрч Т.Норлоогийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...******* нь манай аавын төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Ц.Ц-л, ******* бид нар нэг нутагт олон жил айл саахалт болсон хүмүүс байгаа юм. Тэрнээс өөр төрөл садангийн холбоо байхгүй. 2019 оны 07 сарын 07-ны өдөр манай хамаатнууд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгоны баяр наадмаар баярлачхаад буцахдаа Рашаант тосгоны төвд байдаг Ган зам нэртэй дэлгүүр орохоор очсон. Тэгээд би дэлгүүр ороод гарч ирэхэд *******, Ц.Ц-л нар муудалцаад зодолдох маягтай зогсож байсан. Тэгтэл Дорлигийн хүү Алтангэрэл хүрч ирээд Жамбалыг зодоод авсан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Тэгж байтал Ц-л Жамбал нар барилцаад авсан байсан бөгөөд Жамбал миний шүд уначихлаа гэж хэлсэн. Яг Ц-л Алтангэрэл нарын хэнийх нь цохилтоос болж Жамбалын шүд нь унасныг мэдэхгүй. Зодоон болж дууссаны дараа Жамбалын шүд унасан. Жамбал хэн нэгнийг цохиж зодоогүй. Харин Ц-лыг явах үед машиных нь буруу талын хаалганы шилийг хагалсан...” гэх мэдүүлэг/Хх-ийн 58 дугаар хуудас/, Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 07 сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгоны эрүүл мэндийн төв дээр ажил дээрээ байсан. Би өдрийн цагаар ээлжтэй ажилладаг. Тухайн өдөр 2 хүн үзүүлсэн. Өөр хүн үзүүлээгүй. Манай эмнэлэгт тухайн үед 5 хүн хэвтэн эмчлүүлж байсан. Нэг нь манай Орхонтуулын иргэн. Нэрийг нь сайн мэдэхгүй. Харин нэг ирсэн залуу нь манай нутгийн хүн биш байсан. Тухайн хүний гар нь цус болсон байсан. Шилэнд зүсэгдсэн байсан. Тэр хүний гарт цэвэрлэгээ хийж гарт боолт хийсэн...” гэх мэдүүлэг /Хх-ийн 59-60 дугаар хуудас/, Гэрч Б.Жамсранжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг өдөр Рашаант тосгоны баяр наадам болсон. Бид нар ах дүү нарын хамт наадамлаад явж байгаад Ган зам дэлгүүр орж ойр зуурын юм авсан. Бид дэлгүүр ороод гараад иртэл Ц-л нь Жамбалтай муудалцаж байсан. Юунаас болж хоорондоо муудалцсан талаар би сайн мэдэхгүй байна. Тэгээд би тэр хоёрыг боль гээд салгах гэсэн. Би салгаж дийлэхгүй болохоор нь хаясан. Тэгтэл цаана зогсож байсан цагаан пробокс машинаас Дорлиг гэх хүний хүүхэд бууж ирээд Жамбалыг цохисон. Үүний дараа Ц-л бас цохисон. Жамбал миний шүд унагачихлаа гэсэн. Тэгээд тэнд бужигналдаад эхэлсэн. Жамбал нь Ц-л гэх хүний машины цонхыг хагалаад гараа зүссэн. Ц-л гэх хүн нь согтуу байсан. Дорлиг гэх хүний хүүхэд хэвийн байсан. Архи уугаагүй...” гэх мэдүүлэг /Хх-ийн 62 дугаар хуудас/, Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ц-лын машины жолоочийн эсрэг талын цонхыг буюу хаалганы шилийг сольж өгсөн ...” гэх мэдүүлэг /Хх-ийн 63 дугаар хуудас/, Гэрч Ц.Ц-лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 07 сарын 07-ны өдөр Орхонтуул сумын баяр наадам тараад Ган зам дэлгүүр ороод ус, ундаа аваад гарч ирсэн. Гэтэл Жамбал гэх залуу нь согтуу ирээд агсам тавиад дайраад байсан. Чамайг боож ална дайрч ална гээд дайраад байсан. Тэгэхээр нь чи одоо яагаад байгаа юм бэ гээд боль гээд машин тойроод алхсан. Тэгсэн чинь Жамбал гэх залуутай хамт явсан Норлоо гэх залуу Жамбалыг машинд суулгасан. Тэгтэл Жамбал нь машинаас бууж ирээд намайг хавсарч унагаасан. Тухайн үед миний хөл хугархай байсан болохоор би таягтай байсан. Тэгээд байж байтал үл таних нэг залуу Жамбалыг машинд нь дахиад аваачиж суулгасан. Тэгээд тэр хооронд эхнэр машин бариад хөдлөх гэтэл Жамбал нь дахиж ирээд машины толь хагалсан. Тэгэхэд манай хүүхэд нүд рүү шил орчлоо гэж орилохоор нь би буугаад Жамбалыг түлхээд цохиод авсан. Тэгтэл Алтангэрэл гэх залуу хажуугаас Жамбал гэх залууг салгаж авсан. Би цээж рүү нь цохисон. Тэгж байтал Алтангэрэл ирээд салгасан. Жамбал гэх залуу нь тухайн үед нэлээд согтуу байсан. Унаж тусаад байсан. Хүн болгонтой маргалдаад яваад байсан. Алтангэрэл нь бид хоёрыг салгасан. Жамбал гэх залуугийн биед халдсан зүйл огт байхгүй. Хавар болсон баяраар Жамбал намайг тэнд байгаа мотоцикл руу хүргээд өгөөч ах гэж гуйхаар нь би хүргэж өгтөл энийг чирээд яв, ачаад яв гэхээр нь би хаяад яваад өгсөн. Ийм асуудал байгаа. Өөр зүйл байхгүй. Манай эхнэр цагдаа дуудаад бид нар хүлээж байсан. Тэгтэл цагдаад өөр дуудлага ирээд ирж чадаагүй. Тэгтэл Жамбал нь цагдаагаар яах вэ хүүхдийн чинь нүд гайгүй бол та яв даа. Бид ч гэсэн явлаа гэсэн...” гэх мэдүүлэг /Хх-ийн 64-65 дугаар хуудас/, Гэрч Б.Мөнх-Учралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр би өөрийн нөхөр Ц-л болон хоёр хүүхэдтэйгээ хамт явж байсан. Ингээд бид нар дэлгүүр орох гээд Ган зам дэлгүүр орсон. Тэгээд дэлгүүр орчхоод гарч ирэхэд манай нөхрийн хажуу талд нэг танихгүй залуу байсан. Тэгээд тэр залуу манай нөхөр рүү учир зүггүй дайраад байсан. Ингээд байж байтал танихгүй залуутай хамт явж байсан хүмүүс тэр залууг машиндаа олон суулгасан. Би тухайн үед бас тэр залууг миний дүү чи согтуу байна машинаа суу гэж хэлтэл миний урдаас нөхрийг чинь алаад жалганд хаяна, гол руу хаяна, 4 хүүхдийг чинь өнчрүүлнэ, чи янхан биз дээ чамайг би мэднэ гэх зэргээр намайг доромжилсон. Ингээд би өөрийн нөхрөө салгаад машиндаа суугаад хөдлөх гээд цонхны шилээ дээшлүүлж байтал цонх цохиод хагалсан. Ингээд манай нөхөр уурлаж буугаад хоорондоо зодолдсон. Тухайн залуу машины цонхыг хагалснаас болж манай хүүхдийн нүд рүү нь шил ороод би тухайн зодооныг сайн харж чадаагүй. Ямар ч байсан тухайн зодооныг танихгүй залуутай хамт явж байсан Анчаа, Норлоо, Алтангэрэл нар салгасан. Тиймээ архи уусан байсан. Танихгүй залуу ч мөн согтуу байсан. Би хүүгээ Рашаант тосгоны эмнэлэгт үзүүлэх гээд очтол танихгүй залуу гараа боолгож байсан. Тухайн үедээ над руу аашлаад байсан. Танай нөхрийг ална гээд байсан...” гэх мэдүүлэг /Хх-ийн 68-69 дүгээр хуудас/, Гэрч Б.Мөнх-Учралын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Би тухайн үед 13-09 СБА улсын дугаартай цагаан өнгийн портер машиныг унаж явсан. Уг машины жолоочийн эсрэг талын толь, хаалганы шилийг Жамбал хагалсан. Тэгээд сэлбэгийг нь авч өгөөд Рашаант тосгонд байдаг Жудгай гэдэг хүнээр хийлгэсэн. Манай хүүхдийн биед гэмтэл учраагүй. Манай хүү 5 настай мэдүүлэг өгөх чадваргүй...” гэх мэдүүлэг /Хх-ийн 70-71 дүгээр хуудас/, Гэрч Д.Мөнхөөгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн үед хөндлөнгөөс харж байсан. Би хэн хэн зодолдож байсан талаар мэднэ. Тухайн хүмүүсийг би танина. Нэг нь манай хамаатан Ц-л гэх ах нэг үл таних залуутай зодолдож байсан. Намайг харж байхад үл таних залуу нь нэлээн согтуу Ц-л ах руу агсраад дайраад байсан. Тухайн үед би наанаас харж байхад Ц-л ахыг алнаа новш минь, 4 хүүхдийг чинь өнчрүүлнэ, гэх зэргээр занал хийлээд байсан. Тэгээд хүмүүс салгаад хоёр тийшээ болгоод тухайн хоёр хүнийг машин машинд нь суулгасан. Тэгтэл тэр үл таних залуу нь сууж байсан машинаасаа бууж ирээд Ц-л ахын машиных нь цонхыг хага цохисон. Тэгээд Ц-л ах бууж ирээд энэ хоёр хүн нь хоорондоо зодолдсон. Ц-л ах үл таних залуутай л зодолдсон. Бусад хүмүүс салгах гэж хичээсэн. Надтай хамт манай хамаатны Ядмаа гэх ах явж байсан. Надтай хамт хараад байж байсан. Миний дүү Алтангэрэл тухайн үед энэ хоёр хүнийг л салгаж явсан. Хүн амьтан зодож цохисон зүйл байхгүй. Тухайн үед Ц-л ах хэд хэдэн удаа үл таних залууг цээж болон нүүр рүү цохисон. Харин нөгөө залуу нь мөн ялгаагүй Ц-л ахыг цохисон. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /Хх-ийн 72 дугаар хуудас/, Гэрч Н.Зинагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би манай нөхөр болон хүүтэйгээ дэлгүүр орох гээд явж байсан. Гэтэл дэлгүүрийн гадаа зогсож байтал зодоон болох гэж байсан. Тэгээд манай Алтангэрэл бууж салгасан. Ц-л гэх залууг танина, Нөгөө залууг танихгүй. Үл таних залуугийн ам хамар нь их цус болсон байсан. Үл таних залуу нь согтуу байсан. Би машинд сууж байсан болохоор сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /Хх-ийн 73-74 дүгээр хуудас/, Гэрч Д.Дорлигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Жамбал гэх залууг сайн танихгүй. Гэхдээ уг залуутай дандаа согтуу байх үед нь таардаг. 2019 оны 07 сард хуучин төвийн наадмаар Ган зам дэлгүүрийн урд Жамбал гэх залуу нь Ц-л гэх залуутай зодолдож байсан. Тухайн үед уг зодооныг би өөрийн эхнэр Зина болон хүү Алтангэрэлтэй хамт харж байсан. Манай хүү Алтангэрэл салгасан. Би зүгээр харж байсан. Тухайн үед Жамбал гэх залуугийн нүүр болон гар нь цус болсон байсан. Хоёулаа согтуу байсан...” гэх мэдүүлэг /Хх-ийн 76 дугаар хуудас/, Гэрч Б.Одхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр Орхонтуул сумын наадам болсон. Зодооны талаар би дараа нь мэдсэн. Би дэлгүүр орохоор ирсэн чинь зодоон болсон байсан. Намайг очиход манай нутгийн Ц-л гэх хүн нь үл таних залуутай зодолдсон байсан. Тухайн үед тэнд байсан машины цонх нь хагарсан байсан. Би Ц-л гэх хүнийг танина. Манай нутгийн хүн. Нөгөө залууг нь зүс танина. Нэрийг нь сайн мэдэхгүй байна. Намайг тэнд очиход зүс таних залуу “шүдийг маань унагаачихлаа” гээд л байсан. Амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /Хх-ийн 77 дугаар хуудас/, Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед би Улаанбаатар хотоос амралтаараа Орхонтуул суманд ирсэн байсан. Тухайн үед Орхонтуул сумын наадам болж байсан ба наадмын орой би гэрийнхэнтэйгээ Орхонтуул сумын 1 дүгээр баг Ноён булагт байдаг гэр рүүгээ буцах гэж байтал аав дэлгүүрээс чихэр, жимс авна гээд Ган зам дэлгүүрийн урд очиж зогссон. Дэлгүүрийн үүдэнд байж байхад Ц-л гэх нь үл таних залуутай муудалцаж байсан ба Ц-лын эхнэр нь Ц-лыг машиндаа аваад суулгасан. Энэ үйл явдлыг би машинаасаа ээжтэйгээ хараад сууж байсан. Харин үл таних залууг Анчаа гэх залуу машиндаа авч суусан. Ингээд бүгд машиндаа сууцгаасан. Тэгтэл үл таних залуу нь дахиж машинаас бууж ирээд Ц-л гэх залуутай муудалцаад хоорондоо хэрэлдээд байсан. Ц-л машиндаа суутал машиныг нь түүний эхнэр Учрал гэх эмэгтэй жолоодож хөдөлсөн чинь үл таних залуу машины жолоочийн эсрэг талын цонхыг хагалсан. Ингээд Ц-л гэх хүн нь машинаас буугаад үл таних залуутай хоорондоо зодолдсон. Би ингээд машинаас буусан чинь нөгөө талын машинаас Анчаа гэх залуу буусан. Ингээд бид нар уг хоёр хүнийг салгасан. Анчаа нь үл таних залууг машиндаа суулгаад явсан ба Ц-лын эхнэр Учрал нь хүүхдийн нүд рүү шил орчихлоо гээд эмнэлэг рүү явсан. Ийм л үйл явдал болсон...” гэх мэдүүлэг Ххийн 78 дугаар хуудас/, Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сард Орхонтуул сумын наадам очиж үзсэн юм. Ингээд би наадмын дараа аав ээжтэйгээ хамт Орхонтуул сумын Ган Зам дэлгүүр ороход миний зүс таних Жамбал Ц-л нар нь маргалдаж байсан. Энэ маргаан нэлээд удаан үргэлжилсэн. Ц-лыг түүний эхнэр нь салгаж авч байсан. Харин Жамбал гэх залууг нь хамт явж байсан залуучуудаас Анчаа гэх залуу салгаж авсан. Үүний дараагаар энэ хоёр хүн ахиад муудалцаж байгаад хоорондоо зодолдсон. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Ингэж байтал Ц-лын эхнэр нь “хүүхдийн нүд рүү шил орчихлоо” гээд хүүхдээ эмнэлэг рүү дагуулаад явсан. Энэ үйл явдал ингээд дууссан. Үүнээс хойш 3 сарын дараа буюу 10 дугаар сарын үед Жамбал гэх залуу нь миний аав Дорлиг гэх хүнийг санаатайгаар алахыг завдаж, машиндаа суулгаж согтуугаар машинаа жолоодож хөдөө аваачиж хоолойг нь боон зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан байдаг. Энэ хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж эхлэхэд өөрийн хийсэн хууль бус үйлдлээ булзааруулж эхлэн 7дугаар сард зодуулсан хэрэгтээ намайг зодсон болгон оролцуулж намайг гүтгэж эхэлсэн юм. 2019 оны 07 сард Жамбал нь Ц-лтай зодолдож байхад тухайн үед тэнд байсан Учрал, Мөнхөө, Ядмаа, Анчаа, Жигдэн энэ хүмүүс бүгдээрээ энэ хоёр хүнийг салган явуулсан байхад намайг зодсон болгож миний үүдэн хоёр шүдийг Ц-л Алтангэрэл нар нь нэг нэгээр нь унагаасан гэж намайг хэрэгт гүтгэж байна. Хэрэв надад зодуулж тухайн үед шүд нь унасан бол цагдаагийн байгууллагаар шалгуулж явах байсан байх гэж бодож байна. Үүнээс харахад хэрэг гарснаас хойш 3-4 сарын дараа гомдол гаргаж байгаа нь өөрийн хийсэн үйлдлээ булзааруулж намайг хэрэгт гүтгэж байгаа юм. Тухайн хүмүүсийн зодоон болж дууссаны дараа би ийм асуудал гарч магадгүй гэж бодоод би тухайн үед өөрийн утсаараа зураг дарж авсан юм. Энэ зургаа хавтаст хэрэгт хавсаргуулсан байгаа. 2019 оны 07 сарын тэр өдөр Жамбал, Ц-л нар нь зодолдох болсон шалтгаан нь гэвэл Ц-л машиндаа суугаад хөдлөх гэтэл түүний сууж явсан машиных нь шилийг Жамбал хагалсан. Ингээд зодоон эхэлсэн. Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Жигдэн, Жамсранжав, Норлоо гэх нэр бүхий хүмүүс бүгдээрээ Жамбал гэх хүнтэй ойрын хамаатан хүмүүс. Тийм учраас энэ хүмүүс намайг хэрэгт унагаах гэж бүгдээрээ мэдүүлгээ нийлж өгч байна. Анх Жамбал нь Ц-л гэх хүнтэй унасан 2 шүдэндээ тохиролцож гомдол саналгүй болсон хэрнээ 2019 оны 10 дугаар сард манай аав Дорлиг гэх хүнийг зодсон гэх хэргээр шүүхээр ял авсан. Үүнээс үүдэлтэй намайг энэ хэрэгт оролцоотой болгож эхэлсэн. Би Жамбал гэх хүнийг зодсон цохисон асуудал огт байхгүй. Харин Жамбал Ц-л нар зодолдоод янз бүр болох вий гэж голоор нь орж салгасан ийм л зүйл байна...” гэх мэдүүлэг /Хх-ийн 80 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 9 дүгээр хуудас/ Хохирогч *******ын Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэс гаргасан өргөдөл /Хх-ийн 10 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /Хх-ийн 11- 12 дугаар хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. *******ын биед шинээр үүссэн гэмтэл тогтоогдсонгүй. 2. *******ын биед үүдэн дээд 2 шүд үгүй байдал, баруун гарын шуун дахь соривнууд тогтоогдлоо. 3. *******ын биед илэрсэн үүдэн дээд 2 шүд үгүй байдал, баруун гарын шуун дахь соривнуудыг хэдийд үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. /Хх-ийн 16-17 дугаар хуудас/, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. *******ын биед үүдэн 2 шүдний булгарал, баруун гарын шуунд сорви гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь дээд үүдэн 2 шүдний булгарал нь мохоо зүйлийн нэг удаагийн баруун гарын шууны сорви нь ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. *******ын биед учирсан баруун гарын шуунд үүссэн сорви нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. *******ын биед учирсан баруун гарын шуунд үүссэн сорви нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******ын дээд үүдэн 2 шүдний булгарал нь хэзээ үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. 4. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. /Хх-ийн 22-24 дүгээр хуудас/, Дархан-Уул аймгийн “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгөнд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /Хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг баримтыг оролцогч талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын нотлох баримтаар шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ц.Ц-лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай зөвшилцсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасныг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: 

1. Шүүгдэгч Борлууд овогт Цагаачийн Ц-лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-лыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Ц-л торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Ялтан Ц.Ц-лд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Ялтан Ц.Ц-л нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Ц-лд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА