Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

      Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр, Хохирогч *******, Хохирогч, шүүгдэгч Б.С-р, түүний өмгөөлөгч П.Буманзаяа, Шүүгдэгч Ж.Ү-х, Хохирогч *******, шүүгдэгч Ж.Ү-х нарын өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Туул овогт Бямбадоржийн Сансар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Ж-ы Ү-х нарт холбогдох эрүүгийн 2033000220007 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр баг, Ивээлт гэдэг газарт оршин суух, Туул овогт Б-н С-р /РД:МВ00000000/. Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, байгаль ашиглалт хяналт үнэлгээчин мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хорооны Одонт 25 дугаар гудамжны 65 тоотод оршин сууж байгаа, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3-р баг, Цагаан овоо, Ферм гудамжны 1-23 тоот иргэний үнэмлэхийн хаягтай, Чонос овогт Ж-ы Ү-х /РД:МВ00000000/. Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ж.Ү-х нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өндөр хорооллын гудамжинд Б.С-ртай маргалдаж зодолдон нүүрэн тус газарт гараараа цохиж хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.С-р нь шүүгдэгч Ж.Ү-х, Б.С-р нарын зодооныг салгахаар ирсэн гэх *******тай маргалдаж нүүрэн тус газарт гараараа цохиж хоншоор яс, зүүн талын хацар, шанаа яс, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт, 2 шүдний хазах хэсгийн эмтрэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.С-р нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан овоо 3 дугаар багийн нутагт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны орой 22 цагийн орчим шүүгдэгч Ж.Ү-хтай маргалдаж, маргааныг салгахаар ирсэн гэх Б.А-н нүүрэн тус газарт гараараа цохиж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт үйлдэл нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Б.С-рын өгсөн “...Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэн Б.С-р би Баруунбүрэн суманд төрсөн. Би 2020 оны 01 дүгээр сарын 30-ний орой 22 цагийн үед Портер машинтайгаа найзын хамтаар мөсөнд явж байсан. Түлш авах гээд төв рүү орж ирсэн. Баатархүү бид хоёр хамт явж байгаад энэ хэрэг болсон. Портертой явж байхад Цэнд гэдэг айлын гудамжинд цагаан машин зогсож байсан. Намайг зогсоосон. Намайг зогсоох явцад зодоон болж байсан. Ж.Ү-х, Батцэнгэл, Батболд, Чинзориг нар хоорондоо маргалдаад зогсож байсан. Чинзоригийг тэнд зодож байсан. Тэгээд намайг хашхирч зогсоосон. Манай найз Баатархүү хажууд Портерыг барьж явсан. Баатархүү машиныг зогсоосон. Бид хоёр машинаас буугаад наад хүнээ аллаа, болиоч гэхэд Ж.Ү-х машины араас тойрч гарч ирээд намайг мөргөсөн. Би яаж байгаа юм бэ гээд Ж.Ү-хыг барьж аваад цохих гэтэл зугтаасан. Ж.Ү-х чамайг алуулна гээд Б.А-н гэр рүү явсан. Цэнд гэдэг айлын гадаа хөдлөх гээд зогсож байхад *******г дагуулаад Ж.Ү-х хүрч ирсэн. Тэгээд ******* ирэнгүүтээ намайг буугаад ир гээд машины цонх цохисон. Би яах гэж байгаа юм бэ гэж хэлтэл ******* “чи буугаад ир пизда минь яагаад хүн цохидог юм бэ” гэсэн. Би цохиогүй ш дээ гээд машинаас буутал ******* намайг мөргөөд хавсарч унагаасан. Би яаж байгаа юм бэ гэж хэлтэл Ж.Ү-х хажуугаас орж ирээд намайг хажуугаас өшиглөөд давхар цохисон. Тэгээд Баатархүү, Ж.Ү-хыг салгаад авч явсан. ******* бид хоёр зууралдаад үлдсэн. *******г дийлдэхгүй болохоор нь би айсандаа *******г зөрүүлээд нэг цохисон. Баатархүү Портероо бариад за хөдөлье гэсэн. Тэндээс явсан. Баатархүүгийн морь манай аавын гадаа байсан учир би Баатархүүг дөхүүлж өгсөн. Тэгээд Баатархүү морио унаад гэр рүүгээ харьсан. Би машинтайгаа аавынд үлдэж тэндээ хоносон. Өглөө нь би айлын гадаа очоод зогсож байтал Б.А-н ах нь ирсэн. Тэр явцын талаар харсан гэрч болон ******* гүйж очоод намайг барьж авсан бичлэг нь Баруунбүрэн сумын Цагдаагийн хэлтэс дээр байгаа. ...Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, Хохирогч Б.А-н өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 30-ний орой манайх сар шинийн бууз хийж байсан. Би буузаа хийж дуусаад 11 цаг өнгөрч байхад үхэрт өвс өгөх гээд гадаа явж байсан. Манай хашаа руу Ж.Ү-х орж ирсэн. Ж.Ү-х орж ирэхдээ дээгүүрээ хувцас байхгүй дан цамцтай байсан. Яасан юм бэ гэж асуутал найз нь хүнд зодуулсан гэсэн. Наад цамц чинь хаана байгаа юм бэ, машинтайгаа яваа юм уу гэж асуухад машин хойно байгаа гэсэн. Тэгээд би Ж.Ү-хыг дагуулаад хашаанаас гартал гадаа Батболд зогсож байсан. Би Батболдоос яасан талаар асуухад “Үүрцайх ах хүнтэй зодолдсон” гэсэн. Хэнтэй зодолдсон юм бэ гэж асуухад тухайн үед Гэрлээ гэж хэлсэн. Гэрлээ гэдэг нь Сансарын ахтай андуурч хэлсэн байсан. Тэгээд би энэ хоёрыг дагуулаад хойшоо яваад очсон. Гудамжинд Үүрцайхын машин зогсож байсан. Би хүн байхаар нь машины цонхыг тогшсон. Тэгтэл Батцэнгэл жолоочийн суудал дээр сууж байсан. цаад талд нь Сансар сууж байсан. Би Сансарыг сайн танихгүй болохоор Батцэнгэлээс юу болсон талаар асуусан. Батцэнгэл жаахан зодолдоод гэсэн. Батцэнгэлтэй юм ярьж байхад Сансар шууд буугаад Үүрцайхтай машины урд зодолдсон. Үүрцайхыг хоёр цохисон. Үүрцайх уначихсан дээрээс нь цохиж байсан. Тэгээд Батболд бид нар нэлээн юм болж байгаад салгасан. Энэ хооронд нэг нэгнээ нэлээн цохисон. Би Сансарыг салгаж аваад цаашаа тэврээд явсан. “Намайг Үүрцайх харангуутаа чи хэн бэ гээд над руу дайрсан. Миний нүд рүү гараа хийчихлээ” гэсэн. Би хэн нүд рүү чинь гараа хийсэн юм бэ? гэж асуухад чи хийсэн гэж хэлсэн. Тэгээд над руу агсарсан. Би зүгээр бай, нэг голын хүүхдүүд байж битгий маргалдаад бай. Эрүүлдээ учраа ол гэж хэлсэн. Чи амжихгүй шүү гэж хэлээд над руу дайрсан. Би хоёр гарыг нь дараад зогссон. Тавих юм бол цохичих гээд байсан. Над руу агсраад байхаар нь би хавирч унагаагаад дээрээс нь дарж суусан. Хамт явж байсан Баатархүүг ирж ав гэж хэлсэн. Тэгээд Баатархүү ирж авсан. Батцэнгэл нарыг машиндаа суу гээд загнаж суулгасан. Үүрцайх бид хоёр юм яриад зогсож байтал хажуугаас гүйж ирээд цохичхоод зугтаасан. Би цохино гэж бодоогүй эргээд хартал цохисон. Би цохиулаад доошоо суусан. Хамраа барьтал цаашаа орчихсон байсан. Хамраас цус гоожсон. Ж.Ү-х наадахаа бариад ав гэтэл Б.С-р портертой суугаад зугтаасан. Тухайн үед эмнэлэг орсон. Эмнэлэгт орохоосоо өмнө тамирын, боксын багш дээр очсон. Хамар орчихлоо яах уу гэж асуусан. Эмнэлэг ор гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг орсон. Маргааш нь босох гэтэл даралт 190-200 хүрээд босож чадахгүй байсан. Эмнэлэг дээр очих гэтэл босгож болохгүй хэвтүүл гэж хэлсэн. Нэгний өдөр гэртээ бүтэн хэвтэж өнжсөн. Хоёрны өдөр нь Эрдэнэтийн Медипас гэдэг эмнэлэгт очиж томографикийн зураг авхуулсан. Хариуг нь авахаас өмнө нэг хувийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Намайг хавдраа буулгаад ир гэж хэлсэн. Тухайн үед би хамар л хугарсан гэж бодож байсан. Хавдраа буулгах гэж байна гэж 2-3 хоног болсон. Медипас эмнэлгээс хариугаа авсан. Тэгээд хувийн эмнэлэг дээр очтол хацар ясны хугаралтай юм байна. Хамар татаад нэмэргүй. Хот руу явж хагалгаанд ор гэсэн. Би Хотын 1-р эмнэлэг дээр очиж хагалгаанд орсон. Хацарын дээд эрүүний суурь яс хугарсан, хадах юм байна гэсэн. Тэгж байж хагалгаанд орно гэсэн. Шинжилгээ өгсөн. Замын зардал, эм тарианы мөнгө, шинжилгээ, хагалгааны мөнгө гээд 1.531.731 төгрөг гарсан байна. Би нэг сар ажилдаа явж чадаагүй. Миний нэг сарын цалин 2.200.000 төгрөг байдаг. Надад листний 200.000 төгрөг орсон байсан. Үүнийг хасаад 3.571.550 төгрөг нэхэмжилж байна. Хацар ясны хадаасыг 4-5 сарын дараа авч болно гэсэн. Цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулмаар байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, Гэрч Ш.Баатархүүгийн өгсөн “...Мөс ачих гээд Сансар бид хоёр хамт Портертоо явж байсан. Сумын төв рүү орж ирсэн. Таньдаг хуурай ах маань мөс ачъя гэсэн чинь оройтсон байна гэсэн. Тэгээд мөс ачихааргүй болсон. Тэр ахыг ээжийнд нь буулгаж өгчхөөд доошоо уруудаж яваад энэ хэдтэй таарсан. Тэгээд бид хоёрын урдуур Зоригоо /Ж.Чинзориг/ гэдэг хүн орж ирж зогсоосон. Тэгтэл Зоригоо гэдэг хүн Үүрцайх гэдэг хүнтэй зодолдож байсан юм шиг байна лээ. Сансар бууж очоод Зоригоо ах /Ж.Чинзориг/ яасан юм бэ гэтэл Үүрцайх маргасан. Маргаж байтал Үүрцайх доошоо гүйгээд явсан. Бид нар явах гээд машин дотроо сууж байсан. Амарбуян гэдэг хүнийг дагуулж ирсэн. Амарбуян, Сансарыг машинаас буугаад ир гэж хэлсэн. Тэгээд Амарбуян, Сансар хоёр заамдалцсан байсан. Энэ үед үүрээ Сансарыг хажуу талаас нь орж ирээд цохиод байсан. Би Үүрцайхыг салгаад барьсан. ...Бид нарыг хөдлөх гэтэл Үүрцайх, Амарбуяныг дагуулж ирээд Сансарыг буулгасан. Амарбуян, Сансар хоёр заамдалцаж авсан. Тэгтэл Үүрцайх хажуу талаас нь Сансарыг нүүр лүү нь цохиод, өшиглөөд байсан... ” гэх мэдүүлэг, Гэрч Ж.Батболдын өгсөн “...Намайг араас нь очиход Сансар, Үүрцайх нар муудалцаад зогсож байгаад ноцолдоод зодоон болсон. Тэгээд салгах гэтэл тэд нар салахгүй байсан. Амарбуян намайг энэ хоёр зодолдохгүй байлгүй дээ чи цаашаа байж бай би салгаадахъя гээд Сансарыг салгаад чи явж амар гээд зогсож байсан. Би гэртээ харих замаас жаахан зайтай зогсож байсан чинь Амарбуян, Сансарт хамраа цохиулчихлаа гээд ирсэн. ...Амарбуяныг цохисон гэдгийг тэнд байсан бүх хүн харсан. Өөрөө цохичихлоо гээд хамраа дараад сууж байсан...”гэх мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 149 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “1.Б.А-н биед хоншоор яс, зүүн талын хацар, шанаа яс, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт, 2 шүдний хазах хэсгийн эмтрэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 4.Б.А-н биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй.” гэх дүгнэлт хэсэг /хх-ийн 15-16/, Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 265 дугаартай нэмэлт шинжилгээний “1.Б.А-н биед учирсан нүүрний яснуудын хугарал нь нүүрний нэг талд буюу зүүн талын хэсэгт үүссэн байх ба хоншоор яс, зүүн талын хацар, шанаа яс, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт, 2 шүдний хазах хэсгийн эмтрэл бүхий гэмтэл нь хоншоор яс буюу дээд эрүүгийн зүүн талд хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчилснээс үүсэх боломжтой. 2.Б.А-н биед илэрсэн хоншоор ясны хугарал нь дангаар Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Нүүрний бусад ясны хугарал нь тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Хамрын таславчны мурийлт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт, 2 шүдний хазах хэсгийн эмтрэл нь дангаараа тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй байж болно. 3.Хүний бие бүтэц зүйн онцлогоор хоншоор яс нь бусад яснуудаас харьцангуй зузаан нүүрний яснууд хоорондоо заадсаар холбогдож нийлсэн байх тул *******д учирсан хоншоор яс, хамар ясны хугарал нь шууд хугарал бөгөөд зүүн талын хацар, шанаа яс нь шууд бус хугарал байх боломжтой. 4.Б.А-н биед илэрсэн хоншоор яс, хамар ясны хугарлын улмаас хацар, шанаа яс хугарч хамрын таславч мурийх, нүүрний цус хуралт, 2 шүдний хазах хэсгийн эмтрэл үүсэх боломжтой. 5.Б.А-н биед учирсан 2 шүдний хазах хэсгийн эмтрэл нь хоншоор ясны гэмтлийн үед үүсэх боломжтой. 6.Б.А-н биед илэрсэн дээрх гэмтэл нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр буюу хэрэг учрал гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 7.Б.А-н биед илэрсэн нүүрний олон ясны хугарал нь хүний нүүрэн тус газарт мөргөхөд үүсэх боломжгүй.” гэх дүгнэлт хэсэг /хх-ийн 113-114/ гэх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.С-рыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч Ж.Ү-х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан овоо 3 дугаар багийн нутагт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны орой 22 цагийн орчим хохирогч Б.С-ртай маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт үйлдэл нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Ж.Ү-хын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цагийн үед би хотоос ганц юмтай ирсэн байсан. Дүү Цэнгэлээг /Батцэнгэл/ дуудсан. Машин бариулсан. Би хоёр татсан. Хэсэг байж байгаад гэр хороолол орсон. Тэгээд клубийн тэнд очсон. Тэнд Батболдтой таарсан. Батболдтой юм ярьж сууж байгаад Батболд ганц хоёр татсан. Тэгээд бид гурав явах гээд байж байтал Таван шарын гадаа Чинзориг, Батдорж ах хоёртой таарсан. Тэгээд тэр хоёрыг хүргэж өгөнгөө замдаа нөгөө үлдсэн юмаа гурвуулаа /Чинзориг, Батдорж нартай/ хувааж уусан. Тэгээд байж байтал Батдорж ах “Чинзориг намайг зодоод байх юм бараг чиний аманд 5.000.000 төгрөг хийж байгаад чамайг зодно” гэсэн гэж надад хэлсэн. Тэгээд тэр хоёрыг машинаас буулгаад хүргэж өгөх хооронд тэр хоёр хоорондоо зодолдсон. Салгаад Батдорж ахыг гэрт нь оруулсан. Би Чинзоригт хэлэхдээ “чи хөгшин настай хүнийг оролдоод, зодолдоод байхдаа яадаг юм бэ” гэсэн. Чинзориг уурласан. Чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Бид хоёр хоорондоо маргасан. Хэд цохилцсон. Тэгээд би Чинзоригийг унагаачихсан юм. Тэгээд байж байтал Батболд намайг салгаад Цэнгэлээ /Батцэнгэл/, Чинзоригийг ер нь бол таны буруу ахаа, одоо зүгээр харь гэсэн. Тэгээд байж байтал цаанаас Сансар болон Баатархүү нар цагаан өнгийн портертой ирсэн. Чинзориг гүйж очоод портерыг зогсоосон. Энэ хэд намайг польдож зодоод байна гэж худал хэлсэн. Тэгээд Сансар бууж ирэнгүүтээ миний ахыг хэн зодоод байгаа юм бэ гэсэн. Би “зодоод байх юм байхгүй бид хоёр зүгээр хоорондоо маргалдсан юм” гэж хэлсэн. Тэгтэл Сансар ирээд намайг цохисон. Цохингуут нь би эргүүлээд хальт цохих гэж байхад над руу буцаад дайрангуут Батболд нар бид хоёрыг салгасан. Тэгтэл Батболд руу бас дайрсан. Тэгээд Батболд бид хоёр цаашаа зугтаасан. Би сандарсандаа найзындаа очоод *******г дуудсан. Мал янзалж таарсан юм билээ. Тэгээд *******тай буцаад очтол машин байрнаасаа хөдлөөд цаашаа Цэнд гэдэг айлын хашааны урд зогссон байсан. Хоёр машин. Тэгээд очтол Цэнгэл жолоон дээр Сансар миний машины жолоочийн хажуу талын суудалд суусан байсан. Амарбуян бид хоёр арай түрүүлж очсон. Болд /Батболд/ араас ирсэн учир сайн анзаараагүй байх. Тэгээд Амарбуян бид хоёр цонхон дээр очоод цонх тогшоод Цэнгэлээгээс юу болсон талаар асуугаад байж байтал Сансар цаанаас бууж ирээд надтай машины урд хавьцаа маргалдаад дахиж цохилцсон. Би унасан. Эд нар бөөнөөр салгасан. Сансар миний нүд рүү нэг нь гараа хийчихлээ гэж орилсон. Тэгтэл ******* чи боль эрүүлдээ учраа ол гэж хэлсэн. Чи яах гээд байгаа юм бэ гээд Амараа руу /*******/ дайрсан. ******* хавсарч унагаагаад дээр нь дараад суусан. Тэгээд Баатархүүд “чи найзыгаа ав, гэр орондоо харьцгаая, яах гэж агсан согтуу тавиад байгаа юм” гэсэн. Баатархүү, Сансарыг аваад хашааны буланд очсон. ******* бид нарыг дахиж битгий идэж уу, одоо хариараа гэсэн. Тэр үед Батболд, Батцэнгэл хоёр машиндаа сууж байсан. Би *******тай нүүр тулаад юм яриад зогсож байсан чинь дундуур хальт нэг юм орж ирээд гараад явсан. Сансар, Амарбуянг цохисон. Тэгээд Амарбуян тонгойгоод суусан. Би дагаж суугаад Амарбуянг хартал хамар нь мурийсан байсан. Тэгээд эргээд харах хооронд машин байхгүй байсан. Сансар машинтайгаа яваад өгсөн байсан. Би Амарбуянтай гэрт нь орсон. Эмнэлэг орж үзүүлсэн. ...Нийтэд тустай ажил хийлгэх ялын цагийг багасгаж өгнө үү. Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Дээрээс нь зээлтэй тул хэцүү байгаа. Мөн хоёр хүүхдээ харж байгаа...” гэх мэдүүлэг, Хохирогч Б.С-рын өгсөн: “...Намайг машинаас буусан чинь ам руу ******* мөргөсөн. ...Намайг хавсарч унагаагаад мөргөх үед миний нүд, хамраас цус гарсан ...Үүрцайх хажуунаас өшиглөөд цохисон. Тэгээд Баатархүү, Үүрцайхыг салгаж авсан. ...Надад учирсан хохирлыг *******, Ж.Ү-х хоёр хоёулаа учруулсан. Яг хамарт учирсан хохирлыг ******* учруулсан. Харин Ж.Ү-х миний шанаанд цохиж, намайг өшиглөсөн эмчилгээний болон энэ хэргийн улмаас нааш цааш явсан шатахууны зардал нийт 1.339.650 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, Гэрч Ж.Чинзоригийн өгсөн: “Би Портерт сууж байсан. Би Сансарыг явъя гээд хойшоо хаалгаар толгойгоо гаргаад /машины хаалга онгорхой байсан/ хойшоо хараад орилсон. Тэгээд жолоочийн буруу талаас харсан чинь энэ хоёр машины ард заамдалцаад зогсож байсан. Тэгэхээр нь наад хоёр чинь зууралдсан байна. Одоо нөгөө Үүрцайх нь очиж явна гэж би Баатархүүд хэлсэн. Тэгээд эргээд харсан чинь Амарбуян барьчихсан татаж мөргөж байгаа харагдсан. ...Миний нүдэнд татаж мөргөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, Гэрч Б.Батцэнгэл өгсөн: “Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн” гэх мэдүүлэг, Гэрч Ж.Батболдын өгсөн: “...Амарбуян Үүрцайх, Сансар хоёрыг салгасан. Бид хоёр хамт салгасан. Намайг Үүрцайх ахыг салгаад аваадах гэж хэлсэн. Амарбуян ах өөрөө Сансар ахыг салгаад холдсон ...Б.С-р тухайн үед ******* миний хамрыг цохиод гэмтээчихлээ гэдэг асуудал яриа гараагүй...”гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад: Хохирогч *******, гэрч Ж.Чинзориг нарыг нүүрэлдүүлсэн байцаалтад гэрч Ж.Чинзоригийн өгсөн “...Би Сансар Амарбуян нар зууралдаад мөргөх шиг болохоор нь Баатархүүг салга гэж хэлчхээд цаашаа яваад өгсөн болохоор ямар байдалтайг нь хараагүй. Яг хаашаа яаж мөргөснийг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 124/, Гэрч Б.Батцэнгэлийн өгсөн: “...Үүрээ, Батболд, Амарбуян нар ирсэн Сансар машинаас буусан тэд нар юм яриад байж байгаад Үүрээ Сансар хоорондоо ноцолдоод зодоон болсон. Тэгээд салгасны дараа Сансарын хамраас бага зэрэг цус гарсан, Үүрээгийн амны орчмоос цус гарсан байсан. Тэгээд Амарбуян Сансар нар эрүүлдээ уулзъя учраа олно гэж ярилцаад зогсож байсан. Би цаагуур хүн амьтантай уулзаад зогсож байсан юм. Миний баруун гарын сарвууны савхан яс хугарсан байсан болохоор зодолдож байгаа хүмүүс рүү ойртож очоогүй ер нь зай бариад байсан юм. ...Сансарыг Үүрцайх хаана нь хэдэн удаа яаж цохисныг нь хараагүй. Ямар ч байсан хоорондоо зодолдох үед нэг нэгнийгээ цохисон байх. Тэр хоёрын хамар амнаас цус гарсан байсан. ...Сансар Үүрцайхтай зодолдоод салсны дараа Сансарын хамраас бага зэрэг цус гарсан байсан. Үүрцайхын уруул язраад амнаас нь цус гарсан байсан...”гэх мэдүүлэг /хх-30 ар тал/ -үүд болон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 148 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “1.Б.С-рын биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Б.С-рын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт хэсэг /хх-ийн 9-10/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ж.Ү-хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүх хуралдаан дээр хохирогч Б.С-р намайг ******* мөргөж зодсон. Ганцхан Ж.Ү-хад хэргийг үүрүүлж байна гэж мэдүүлж байна. Шүүх хуралдаанд гэрч Ж.Чинзориг, хохирогч ******* Б.С-рыг мөргөсөн гэх талаар “Миний нүдэнд татаж мөргөж байгаа харагдсан” гэж мэдүүлсэн бол мөрдөн байцаалтад хохирогчтой нүүрэлдүүлсэн байцаалтад “Би Сансар Амарбуян нар зууралдаад мөргөх шиг болохоор нь Баатархүүг салга гэж хэлчхээд цаашаа яваад өгсөн болохоор ямар байдалтайг нь хараагүй” гэж мэдүүлсэн. Гэрч Ж.Чинзоригийн мэдүүлгүүд нь эргэлзээтэй мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй ба Б.С-рын хамрыг ******* мөргөсөн гэж байгааг гэрчилж чадахгүй байна. Иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч ******* эмчилгээний зардал 1.531.730 төгрөг, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 2.200.000 төгрөг нийт 3.731.730 төгрөг, цаашид гарах хамрын яс хадаас авхуулах эмчилгээний зардал нэхэмжилж байсан. Шүүх хуралдаан дээр компанийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 200.000 төгрөг өгсөн тул нэхэмжлэлийн шаардлага багасгаж 3.531.730 төгрөг болгосон. Хохирогч Б.С-р ирээдүйд гарах эмчилгээний зардал болох хамар тэгшлүүлэхэд гарах зардал 800.000 төгрөг, эмнэлэгт хэвтэх ор хоногийн зардал 250.000, эм тарианы болон шатахууны зардал 289.650 төгрөг нийт 1.339.650 төгрөг нэхэмжилсэн. Хэрэгт цугларсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад хохирогч Б.А-н гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан хохирлоо эмчлүүлэхэд гаргасан 1.531.730 төгрөгийн зардлыг гаргах үндэслэлтэй байна. Хохирогч *******г “Бүрдэл майнинг” ХХК-нд ахлах механик ажилтай, үндсэн цалин 2.200.000 төгрөг гэсэн тодорхойлолт хавтаст хэргийн 91 дүгээр хуудаст байна. Хохирогчийн харилцах дансаар орсон цалин нь “Алтан заамар” ХХК-аас сар бүр цалин орж байсан бөгөөд сард авдаг цалинг тооцоход дундажаар 1.725.579 төгрөгийн цалин авдаг гэж харагдаж байна. Хохирогч манайх нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй гэж байгаа болно. Дээрх баримтуудаас хохирогч нь ямар газар ажилладаг нь тодорхойгүй, нийгмийн даатгал төлдөггүй талаар харьяа нийгмийн даатгалын байгууллага болон компанийн санхүүгийн албан ёсны баримтгүй байна. Иймд 2.000.000 төгрөгийн талаарх нотлох баримтаа, цаашид гарах эмчилгээний зардлын хамт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.С-раас нэхэмжлэх нь зүйтэй байна. Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хохирогч Б.С-рын шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн нотлох баримтуудаас хамрын гэмтлээ үзүүлсэн гэх хавтаст хэргийн 196-р хуудаст байгаа 20.000 төгрөг, шүүх хуралдаанд ирсэн шатахууны зардал 15.000 төгрөг нийт 35.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Ү-хаас гаргуулж хохирогч Б.С-рт олгох нь зүйтэй байна. Хохирогч Б.С-р нь эмчилгээ болон шатахуун авахад зарцуулсан гэх 254.650 төгрөг, хагалгаа хийлгэх үеийн зардал 1.050.000 төгрөг зэргийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.Ү-хаас нэхэмжлэх эрхтэй болно. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “...Шүүхээс шүүгдэгч Б.С-рыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Ү-хыг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна. шүүгдэгч Б.С-рыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ж.Ү-хыг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна...“гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа “Улсын яллагч Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох саналыг оруулж байна. Б.С-рын амьдралын боломж хэцүү. Баруунбүрэн сумандаа 450.000 төгрөгийн ажил хийдэг. Өөр орлого гэх юм байхгүй. Б.С-р нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн. 14 тооны малтай. Энэ зүйл анги нь өөрөө хамгийн доод тал нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгийн ялын санкцтай учир 450 нэгжээр торгох ялыг оногдуулж өгөхийг хүсэж байна“ гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү “Шүүгдэгч Ж.Ү-х гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хэрэгт гэм буруугийн талаар маргаагүй. Үүрцайх нь бага насны хоёр хүүхэдтэй. Гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Сум орон нутагт нь өөрийн мэргэжлийн ажлыг хийх бололцоогүй учраас Улаанбаатар хотод очиж янз бүрийн ажил хийж амьдарлаа залгуулдаг. Хэргийн зүйлчлэл маань 240-700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санкцтай байгаа. Тэгэхээр 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноож өгөхийг хүсэж байна. Энэ ялыг Баруунбүрэн суманд хийгээд дараа нь Улаанбаатар хот явж ажил хийх боломжтой“ гэв. Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь хавтаст хэргийн 73- 74 дүгээр хуудаст авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.С-р, Ж.Ү-х нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.Ү-хын архи ууж согтуурсан үедээ бусдыг үл хүндэтгэн зодооныг эхлүүлж улмаар *******г дагуулан ирж зодооныг дэвэргэж байгаа зэрэг хувийн байдал нь нөлөөлсөн байх тул улсын яллагчийн 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгч Б.С-рын эрүүл мэндээрээ хохирсон байдал, амьжиргааны байдал зэргийг нь харгалзан улсын яллагчийн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял болгож шийдвэрлэлээ. Дээрх байдлыг дүгнээд шүүгдэгч Б.С-рыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.Ү-хыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй зэргийг дурдаж, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлсэн, туршилт хийсэн ажиллагааны бичлэг бүхий СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалах, хохирогч Б.С-рын эрүүл мэндийн карт, үзлэг хийлгэсэн СД зэргийг буцаан олгож шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч Туул овогт Б-н С-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Чонос овогт Ж-ы Ү-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-рыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ү-хыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ү-х нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4.Шүүгдэгч Б.С-р, Ж.Ү-х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.С-раас 1.531.730 төгрөг гаргуулж хохирогч *******д, шүүгдэгч Ж.Ү-хаас 35.000 төгрөг гаргуулж хохирогч Б.С-рт тус тус олгосугай. 

6.Хохирогч ******* нь цалингийн зөрүү 2.000.000 төгрөгт холбогдох нотлох баримтаа цаашид гарах эмчилгээний зардлын хамт шүүгдэгч Б.С-раас, хохирогч Б.С-р нь 1.304.650 төгрөгт холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ж.Ү-хаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хохирогч Б.А-н нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

7.Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

8.Энэ хэргийн хамт ирүүлсэн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлсэн, туршилт хийсэн ажиллагааны бичлэг бүхий СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалж, хохирогч Б.С-рын эрүүл мэндийн карт, үзлэг хийлгэсэн СД зэргийг буцаан олгосугай. 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

10.Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.Нарантуяа