| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2020/00025/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2020-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүгдэгч хохирогч Д.Б-р, Шүүгдэгч хохирогч М.А-а , Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Цэрэнбат, Д.Даваахүү, Гэрч *******, М.Мөнхзориг, Б.Түмэнбаатар, Нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хангал овогт Д-н Б-р, Шарнууд овогт М-н Ал-а нарт холбогдох 2033000090004 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 04 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1.Монгол Улсын иргэн, 1960 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын техникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Жаргалант сум Улаан уул баг 4-2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй Хангал овгийн Дн Бр /РД:MK00000000/, 2.Монгол Улсын иргэн, 1966 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгон 1 дүгээр баг Хангал өртөөнд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шарнууд овгийн Мн Аа /РД:ФБ00000000/ Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б-р, М.А-а нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 07-ноос 2020 оны 01 дүгээр сарын 08- нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хангал өртөө гэх газарт байрлах Д.Б-рын гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Д.Б-р нь М.А-а г түлхэж унагаан эрүүл мэндэд нь баруун талын 9 дүгээр хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан, М.Аа нь Д.Бн зүүн гуя тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Б-р, М.А-а нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 07-ноос 2020 оны 01 дүгээр сарын 08- нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хангал өртөө гэх газарт байрлах Д.Б-рын гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Д.Б-р нь М.А-а г түлхэж унагаан эрүүл мэндэд нь баруун талын 9 дүгээр хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан, М.А-а нь Д.Б-рын зүүн гуя тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь: 1.Хохирогч М.А-а гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би босож чадахгүй гэртээ 3-4 хоног хэвтсэн. Маргааш нь босож чадахгүй байсан. Миний цээж даагдахгүй байсан. Би хавирга хугарсан гэж мэдээгүй. Тэгээд Эрдэнэт орсон. Эмнэлэгт очиж рентген зураг авхуулсан. Таны хавирга хугарсан байна гэсэн. Миний 9-р хавиргыг хугарсан байна гэсэн. Тэгээд эм бичиж өгсөн. Тэр эмчийг нь авч уусан. Би хүн хутгалчихсан учир өөрийгөө тоогоогүй. Санаа зовоод Д.Б-рын гэрт очсон. Би“сэтгэл санаа хүнд явж байна. Бие чинь яаж байна. Эмчилгээний чинь мөнгийг өгье. Нэг бяруу өгье. Хүүхдүүд 500.000 төгрөг өгье гэж байна. Адгийн зарга 10 хоног гэж байдаг. Хоёулаа энэ тэр газраар яваад яахав” гэж хэлсэн. Тэгтэл эхнэр нь “би явдаг газраар нь явна. Цаашид нь хөл нь буглараад юу ч болох юм билээ. Одоо чамаас мөнгө төгрөг авахгүй” гэсэн. Тэгээд шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулна гэж хэлсэн. Намайг Орхонтуулын хэсгийн төлөөлөгч дуудсан. Тань дээр эрүүгийн хэрэг үүсгэж байгаа. Та хүн хутгалсан байна гэсэн. Би энэ хэрэг яг юунаас болж гарсан талаар мэдүүлсэн. Тэгээд миний хавирга хугарсан гэж хэлтэл та ч гэсэн гэмтсэн хүн байна. Шүүх эмнэлгийн магадалгаа гаргуул гэж хэлсэн. Тэгээд би шүүх эмнэлгийн магадалгаа гаргуулсан. Би 377.000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн. Одоо хоорондоо харилцан тохиролцоод би Д.Б-раас нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, 2.Хохирогч Д.Б-рын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би М.А-а гаас 200.000 төгрөг авсан. М.А-а 80.000 төгрөгөө авахгүй гэсэн. Би нийт 505.750 төгрөгний баримт гаргаж өгсөн. Манай эхнэр хамаагүй мөнгө нэхээгүй. Надад одоо М.А-а гаас нэхэмжлэх зүйл байхгүй. Хүн гүтгээд байгаа болохоор ийм асуудалд хүрчихлээ. Одоо үнэн зөвөө олчихвол боллоо. Бид нар нэг дошин дээр олон жил амьдарсан гэсэн мэдүүлэг, 3.Гэрч Б.Түмэнбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр би ажилтай байсан. Ажлаа тараад байж байтал манайд орой 17 цагийн үед М.А-а эгч орж ирсэн. Дарханаас манай гэр бүлийн хүн ирсэн байсан. Манай хүн ёлкоор ирж чадаагүй гээд бид гурав нэг шил архи уусан. Архи дуусангуут манай эхнэр, М.А-а эгч хоёр гараад явсан. Би маргааш өглөө нь ажилтай байсан учир унтаад өгсөн. Орой суудлын алдад манай эхнэр орж ирсэн. Суудлаар явлаа шүү гэж хэлсэн. Би за гэж хэлчхээд унтаад өгсөн. Намайг унтаж байхад шөнийн 02 цагийн үед миний утас дуугарсан. Дээд талын М.А-а эгч намайг дуудсан. Батхуяг манайд орж ирчхээд байна. Жаахан согтуу байна. Хоёулаа Батхуягийг Д.Б-рынд дөхүүлж өгье гэсэн. Би за гээд гэрээс гарсан. М.А-а эгчийн гэрт ороход М.А-а эгч өөрийнхөө орон дээр суучихсан байсан. ******* наана нь жижиг сандал дээр суусан байсан. М.А-а эгч “******* гарахгүй байна. Хоёулаа Д.Б-рын гэрт дөхүүлж өгье” гэж хэлсэн. Манайх М.А-а эгчийн доод талд буюу 1 давхарт байдаг. Энэ хоёр түрүүлээд гарсан. Би гэртээ ороод куртик, гутлаа өмсөөд хойноос нь гарсан. Д.Б-рынх манайхаас 100 метрийн зайнд байдаг. Намайг Д.Б-рынд ороход М.А-а эгч, *******, Д.Б-р нар байж байсан. Д.Б-р гэрийнхээ зүүн талын орон дээр сууж байсан. М.А-а эгч наад талд нь орыг нь түшээд хагас суугаа байдалтай байсан. Батхуяг ах нөгөө талын орных нь наад талд сандал дээр сууж байсан. Д.Б-р ах урд талын ширээ шиг юман дээр нэг шил архи тавьсан байсан. Архины дээрээс жаахан уусан байсан. М.А-а эгчид архинаас хийж өгсөн. М.А-а эгчийг уусан үгүйг би мэдэхгүй байна. М.А-а эгч “Д.Б-р миний хөгшин мөнгөө өгнө байгаа, удчихлаа гэсэн. Д.Б-р ах ам руу нь салаавч гаргасан. М.А-а эгч өөдөөс нь чи ямар солиотой хулгайч вэ гээд өөдөөс нь самардсан. М.А-а эгч зуураад авсан. Д.Б-р ах цааш нь түлхсэн. М.А-а эгч унасан. М.А-а эгч босож ирээд чи яасан эмэгтэй хүн дээрэлхэж ханадаггүй юм бэ гээд үглээд намайг тойроод энэ талд /зүүн гар талыг тойруулж цааш заав/ эргэнэг байсан. Тэр эргэнэг рүү явсан. Би наана нь байсан. Тэгээд М.А-а эгч над руу ойртвол хохино шүү гэсэн. Д.Б-р ах, М.А-а эгч рүү очсон. Гар хүрэх шиг болсон. Маш хурдан болсон. Гар хөлөө барилцаж амжаагүй. Гарыг нь барих гэхэд хутга нь халтирсан уу, яасан зоогдсон. Би Д.Б-рын өмдийг тайлж үзсэн. М.А-а эгч намайг гэртээ очоод боох юм байвал аваад ир гэж хэлсэн. Би гэрээсээ аптек авчирч өгсөн. Шилтэй архинаас ариутгаж дусааж өгсөн. Тэгээд би гараад явсан. Өөр зүйл мэдэхгүй гэсэн мэдүүлэг, 4.Гэрч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр Хангал өртөөн дээр ажиллаж байсан. Ажил тарсан. Бид нар хэсгийн амрах байранд байрлаж байсан. Голын эргийн бэхэлгээ хийж байсан. Ганбаатар гэдэг ажлын хүний төрсөн өдөр болсон. Би Ганбаатартай нэг шил архи уусан. Би харанхуй болж байхад суудлаас өмнө Д.Б-рынд орсон. Д.Б-р, Билэгдэмбэрэлтэй архи уугаад сууж байсан. Намайг ороод удаагүй байхад Билэгдэмбэрэл гараад явсан. Баатар бид хоёр үлдсэн. Манай шавь Сансар гэдэг хүн надад нэг шил архи оруулж ирсэн. Нэг удаа би гарч бие зассан. Бие засах газар нь жаахан зайтай байдаг тул би наана нь зам хүрээд бие засчхаад ирсэн. Тэгэхэд би ухаантай байсан. Тэгээд эргээд орсон. Энэ үеэс хойш би санахгүй байна. Яаж М.А-а гийнд орсноо санахгүй байна. Тэгээд би М.А-а тай хамт доошоо буусан. Б.Түмэнбаатартай хамт бид нар Д.Б-рынх руу явсан. Д.Б-рын гэрт ороход Д.Б-р орон дээр сууж байсан санагдаж байна. Би яг бичлэг байхгүй биш согтолттой байсан. Хоромхон зуур л ийм юм болсон. Намайг яваад ороход миний урд шар сандал байсан. Канистр байсан. Тэрийг зайлуулаад баруун талын орон дээр гарч суусан. Тэрний дараа удаагүй Д.Б-р май гээд хэлж байсан. Тэгээд Алтантуяа “би чамайг хутгалчихлаа, чи Цагдаадаа хэлэхгүй юу гэж” дуугарч байсан. Дараа нь М.А-а хутгаа пийшингийн өмнө хаяж байхыг мэдэж байна. Яаж хутгалж, яаж хаанаас хутга авсныг би хараагүй. Би мэдэхгүй байна. Хоймроос хойшоо янз бүрийн юм болоогүй. Миний мэдэх зүйл бол энэ гэсэн мэдүүлэг, 5. Гэрч М.Мөнхзоригын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн орой 21 цагийн үед буюу хэрэг гарахаас 1 цагийн өмнө М.А-а эгч согтуу өөрийнхөө хаалгыг тогшоод, унаж тусаад байж байсан. Би өөрөө хараагүй. Манай эхнэр Мөнхгэрэл, хүүхэд хоёр дурангаараа харсан. Тэгээд энэ талаар надад хэлж байсан гэсэн мэдүүлэг, 6. Гэрч Ж.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би уг өдөр Хангал өртөөний ард байх ажилчдын байранд гэртээ амарч байсан. Тухайн өдрийн шөнийн 01-02 цагийн орчим гүүр хоолойн бригадын дарга Батхуяг нь манай гэрт орж ирсэн. Би орж ирэхэд нь хаалга онгойлгож өгсөн юм. Батхуяг гэдэг хүн нь орж ирээд ээжтэй чинь уулзая гэсэн. Ямар шалтгаанаар ирсэн талаар сайн мэдээгүй. Асууж тодруулаагүй. Батхуяг нь манай ээж хоёр хоорондоо найзууд улс юм. ...манай хадам ээж Алтантуяа 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө биеийн байдал муу болон биеэ өвдөж байгаа талаар огт ярьж байгаагүй. Хадам ээж 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг гарснаас хойш 2-3 хоног байсан. Үүний дараа Эрдэнэт рүү биеэ үзүүлнэ гээд 1-2 хоног яваад ирсэн. Хэзээ ирснийг нь сайн мэдэхгүй байна. Хэрэг гарсан шөнө хадам ээж гэрээс хэнтэй гарсныг нь мэдэхгүй байна. Тухайн шөнө 02 цагийн үед Батхуяг гэх хүн манай гэрт орж ирсэн. Би хаалга тайлаад унтаад өгсөн. Тэр шөнө хадам ээж архи уусан боловч биеэ авч явах чадвартай байсан. Би эхэндээ хавирга нь хугарсан талаар мэдээгүй. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өглөө ажилдаа яваад орой 19 цаг 40 минутын үед гэртээ орж ирэхэд ээж “миний хүү малаа хашаагүй байгаа шүү, ээжийнх нь бие цээж хэсгээр өвдөөд байна, өндийж чадахгүй байна гэж хэлж байсан. Харин дараа нь Эрдэнэт явж биеэ үзүүлээд ирэхэд хавирга хугарсан байна гэж хэлэхэд нь мэдсэн. Тэр хэрэг гардгийн маргаашаас нь бие нь өвдөөд байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 122-123-рт/ 7. Гэрч Г.Баасанжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 2020 оны 01 дүгээр сарын 15-ны хооронд М.А-а тай нэг удаа таарсан. Хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Надтай хамт Эрдэнэт рүү машинд цуг явсан. Ингэж явахдаа харин М.А-а нь эмнэлэг орно гэж явсан. Тухайн үед хамт явж байхад М.А-а нь урд талын суудал дээр сууж явсан. Миний хавирга өвдөөд хөдөлж болохгүй байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 127-128-рт/ 8. Гэрч Р.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Алтантуяа тухайн үед нилээн халамцуу байсан. Харин биеэ удирдан авч явах чадвартай байсан. Тухайн үе манайд орж ирэхдээ биеийн байдал гайгүй байх шиг байсан. Харин маргааш нь надад хэлэхдээ хавирга өвдөөд байна, эвгүй болчихсон юм шиг байна гэж хэлээд манайхаас гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 131- 132-рт/ 9. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5-рт/ 10. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7-рт/ 11. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 107 дугаартай шинжээчийн 1.Д.Б-рын биед зүүн гуяны урд дунд хэсэгт шарх үүсжээ. 2.Уг гэмтэл нь хурц үзүүрт иртэй зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /х.х-ийн 30-рт/ 12. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 138 дугаартай шинжээчийн 1.М.А-а гийн биед баруун талын 9 дүгээр хавирганы хугарал үүсчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Нэг хавирганы хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-рт// 13. Гэрч Н.Анхзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймаг дахь нэгдсэн эмнэлэгт өөрийн ажлын байран дээр байсан. Би энэ өдөр Алтантуяа гэх хүнийг рентгенд цээжийг нь харж цээж зураг авч дүгнэлт бичсэн. Цээжний зураг авч үзэхэд баруун талын 9 дүгээр хавирганы суганы арын шугамаар хугарсан байсан. Тухайн гэмтлийг ямар хүчин зүйлийн улмаас гэмтсэн талаар би хэлж мэдэхгүй. Ер нь хүний хавирга унахад, гадны хүчтэй хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас хугарах боломжтой, эсхүл ирмэгтэй зүйл хүчин зүйл нөлөөлсний улмаас хавирга хугарах боломжтой. М.А-а гийн биед үүссэн гэмтэл Шинэвтэр гэмтэл байсан. Тухайн үед уг хүний хавирганы орчим гүйцэт бороо үүсээгүй байсан. Ер нь хүний биеийн онцлогоос шалтгаална. Гэхдээ 54 настай хүний хувьд гүйцэт бороолж эдгэхэд 1 сар орчим орно. Бороо үүсээгүй гэмтлийн тухайд тухайн гэмтлийг хэзээ үүссэнийг тогтоох боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42-рт/ 14. Шинжээч Ч.Буянзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Алтантуяа гэх хүний биед үзлэг хийж дүгнэлт гаргасан шинжээч эмч. М.А-а гийн биед хавирганы хугарлаас өөр гэмтэл байхгүй. М.А-а гийн биед учирсан 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үүссэн байж болохыг үгүйсгэхгүй ба боломжтой. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой. М.А-а нь биеийн баруун талаар унах үед үүсэх боломжтой. М.А-а гийн биед үүссэн 9 дүгээр хавирганы хугарал нь эмчилгээг цаг тухай бүрт нь хийлгэж, дэглэмээ сайн барьж чадвал 1 сарын дотор бүрэн эдгэрэх боломжтой. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн рентген зургаас үзэхэд борооны талаар дурьдаагүй байна. Тус гэмтэл нь шинэ гэмтэл байсан. М.Алтантуягийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой. Мохоо зүйл гэдэг нь үзүүл ирмэгтэй зүйлээс бусад бүх зүйл орно..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45-рт/ 15. Шүүгдэгч М.А-а гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ний өдөр шилжих шөнө би гэртээ унтаж байсан. 07- ний өдөр Б.Түмэнбаатарын эхнэр Дарханаас ирсэн. Өглөө нь ирээд орой нь явах байсан. Тэгээд 0.5 граммын нэг шил Улаанбаатар архи авчирсан. Тэр архийг өгөхдөө Ёолкны юм шүү эгчээ гэж хэлсэн. Бид хоёр үдээс хойш 15 цагийн үед тэр архийг уусан. Б.Түмэнбаатар уугаагүй. Тэр архийг уугаад дахиж би архи уугаагүй. Орой нь би үхэр малаа тэжээгээд тэжээл өгсөн. Гэртээ унтаж амарсан. Тэгээд шөнийн 02 цаг өнгөрч байхад ******* манай хаалгыг нүдсэн. Манай хүргэн хаалгыг онгойлгож өгсөн байсан. Би үүдээ хаагаад жижиг өрөөндөө унтаж байсан. Хүн орж ирэхийг мэдээгүй. Хүргэн, ээжээ хүн уулзъя гэж хэлсэн. Намайг сэрээд харахад ******* зогсож байсан. Намайг босоод ир, хоёулаа Д.Б-рын гэрт очъё гэж хэлсэн. Яах гэж байгаа юм бэ, цаг хэд болж байгаа юм бэ гэж асуусан. Тэгтэл хүргэн 02 цаг өнгөрч байна гэсэн. Би ийм орой яаж айлд очих юм бэ гэж хэлсэн. ******* хэлэхдээ “Баатар бид хоёр архи ууж байна. Хоёулаа явъя” гэж хэлсэн. Би явахгүй гэсэн. Манайхаас гарахгүй бараг 30 минут суусан. ******* нэлээн согтуу байсан. Би утсаар Б.Түмэнбаатарыг дуудсан. Миний дүү манайд хүрээд ир. Манайд согтуу хүн орж ирээд гарахгүй байна. Хоёулаа хүргэж өгье. Д.Б-рын очно гэж байна. Хоёулаа *******ийг тэнд хүргэж өгье гэж хэлсэн. Тэгээд Б.Түмэнбаатар манайд орж ирсэн. *******ийг, Д.Б-рын гэрт хүргэж өгсөн. Тэр үед Д.Б-р 0.5 граммын нэг шил архийг дөнгөж задалчхаад сууж байсан. Д.Б-р согтуу байсан. ******* нэлээн согтуу байсан. Ер нь согтолтын хувьд хоёулаа адилхан байсан. Намайг ороход нэг рунк архи хийж өгсөн. Б.Түмэнбаатар угаагүй. Би ч гэсэн уугаагүй. Тэгээд би “за найзаа улс тэтгэврээ тэглэлээ. Миний хөгшин нөгөө 80.000 төгрөгөө тэгж байгаад өгөөрэй” гэж хэлсэн. Би хэрүүл хийгээгүй. Эвтэйхнээр хэлсэн. Тэгээд намайг гарах гээд сууж байтал Д.Б-р учир зүггүй нүүр ам руу салаавч гаргасан. Намайг босоход миний цээж рүү цохисон. Би араараа унасан. Миний дотор хачин болоод цээж хэмхэрчих шиг болсон. Амьсгаа авч чадахгүй байсан. Би бараг мөлхөх шахуу үүд рүү гарах гэж явтал Д.Б-р араас сандал шидээд хүрээд ирсэн. Ална даа гээд үг нь мэдэгдэхгүй л юм яриад байсан. Эргээд хартал миний ард ирчихсэн байсан. Үүдэнд цагаан эргэнэг /шүүгээ/ байсан. Түүн дээр хутга байсан. Би өөрийгөө хамгаалахын тулд айлгах санаатай хутгыг авсан. Би ойртвол хохь чинь шүү Д.Б-раа гэж хэлсэн. Тэгтэл Баатар хүрч ирээд миний хутгатай гартай ноцолдсон. Би аль болох хутгаа доош нь дарсан. Тэгээд Д.Б-р намайг хутгалчихлаа гэсэн. Би айсан. Би хутгаа шидчихээд гарч явсан. Б.Түмэнбаатар араас гарч ирсэн. Би яана аа миний дүү гэхэд Б.Түмэнбаатар хоёулаа орж үзье гэсэн. Би буцаж Д.Б-рынд орсон. Түүний өмдийг шувталж үзэхэд хутга орчихсон байсан. Арай ч цус гоожоогүй байсан. Б.Түмэнбаатар гэрээсээ аптек авчирсан. Спирт байхгүй байсан. Би ууж байсан архины талыг нь асгаж байгаад Д.Б-рт боолт хийж өгсөн. Тэгээд би харьж амарсан. Өглөө нь би Д.Б-рынд очиж уулзсан. Эмчилгээний мөнгө авах уу, одоо яах уу. Миний буруу. Мөнгө байхгүй учир нэг бяруу авах уу. Хүүхдүүд маань 500.000 төгрөг өгье гэж байна гэж хэлсэн. Тэгтэл эхнэр нь Д.Б-рын хөл гар нь яах ч юм билээ. Бид нар шүүхээрээ явна. Ядаж байхад чи эрүүл хөлийг нь хутгалсан байна. Өвчтэй хөлийг нь хутгалсан бол одоо яахав. Энэ хүн хөлгүй болбол яах юм. Ямар ч байсан шүүхээр явна гэсэн. Эхнэр нь надаас 4-5 сая төгрөг хүртэл нэхэмжилсэн. Шүүх эмнэлгийн магадалгаа гаргасан байсан. Над дээр эрүүгийн хэрэг үүсгэж дуудсан. Би өөрийнхөө хавиргыг хугарсан талаар хэлсэн. Тэгтэл та бас намайг хохирсон байна гэсэн. Би Энхболд төлөөлөгчөөс бичиг хийлгэж авсан. Тэгээд өөр дээрээ шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Тэрнээс биш би шүүхээр явъя гэж бодоогүй. Намайг шүүхэд өгчихлөө гэж эд нар буруу ойлгоод байх шиг байна. Д.Б-рын эхнэр нь одоо надаас дааж давахгүй их мөнгө нэхээд байгаа. Надаас эмчилгээний мөнгө нэхсэн. Би 280.000 төгрөг өгсөн. Би дэлгүүрээ зараад жил гаран болж байна. Намайг дэлгүүртэй байхад надаас Д.Б-р 80.000 төгрөгийн зээл авсан. Д.Б-р бид хоёр хамт архи ууж үзээгүй. Би хүмүүсээс өрөө нэхээд юу гэж хутга бариад явах юм бэ. Д.Б-р бид хоёр нэг дошин дээр хамт 30 жил болж байна. Д.Б-р өөрөө архи уухаараа хэцүү характертай. Эхнэр, хүүхдээ байнга зодож байдаг. Эхнэрийнхээ хурууг тас хазаад хаяж байсан. Манай нутгийн хүмүүс энэ талаар мэдэж байгаа. Д.Б-р намайг урд нь хүн хутгалж байсан гэж ор үндэсгүй гүтгэж доромжилсон. Би гомдолтой байгаа. Нэр төрөө сэргээлгэж авмаар байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, 16.Шүүгдэгч Д.Б-рын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 07-ны орой байсан. Суудал 10 цаг 30 минутад ирдэг. Суудлын дараа манайд Билэгдэмбэрэл орж ирсэн. Нэг 0.5 граммын архи оруулж ирсэн. Хангалд миний хэдэн мал байдаг. Би маргааш нь Эрдэнэт явах байсан учир архи уухгүй гэсэн. Архинаас би 2-3 татсан. Би хойшоо амбаар руу орох гээд түлхүүрээ хайж байсан. Тэгтэл ******* ороод ирсэн. Б.Түмэнбаатар орж ирсэн. Энэ М.А-а хамгийн сүүлд орж ирсэн. Би хувцсаа угаагаад хоёр баганын хооронд тохсон байсан. Би М.А-а д 4 сарын архины өр болох 80.000 төгрөгийн өртэй байсан. Тухайн үед би М.А-а г түлхээгүй. М.А-а цагаан шүүгээнээс хутга авсан. Тухайн үед би орон дээр дутуу суусан байсан. М.А-а хутга барьсан. Би, Алтантуяаг чи яах гэж байна аа гэж асуухад энэ рүү /гараараа хөл рүүгээ заав/ жирс хийх шиг болсон. М.А-а хутгаа шидчихээд гараад гүйсэн. Би өмдөө шувтлаад үзсэн. Тэгээд цус гарсан байсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай агуулгын хувь зөрүүгүй үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтыг хууль ёсны гэж дүгнэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Б-р, М.А-а нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв. Шүүгдэгч Д.Б-р нь М.А-а гийн биед учирсан гэмтлийг учруулаагүй гэж, түүний өмгөөлөгч нь Алтантуяа урьд орой нь согтуу гэрийнхээ үүдэнд 2 давхарт хаалга онгойлгож чадахгүй зогсож байхыг өртөөний дарга Уянга, хөрш амьдардаг Мөнхгэрэл нар харсан байдаг. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан зарчмыг үндэслэн Д.Б-рын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруугүй гэж үзэж байна гэж мэтгэлцэж байна. Хавтаст хэрэгт авагдсан бүхийл нотлох баримтыг шинжлэн судлахад 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Д.Б-рын гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Д.Б-р нь М.А-а г түлхэж унагаан баруун талын 9 дүгээр хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримтыг үгүйсгэсэн болон эргэлзээтэй нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. М.А-а гийн биед учирсан хөнгөн гэмтэл буюу 9-р хавирганы хугарал нь шүүгдэгч Д.Б-рын хохирогчийг түлхэн унагаасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх үзлээ. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ. Шүүгдэгч Д.Б-р нь М.А-а г түлхэж унагаан эрүүл мэндэд нь баруун талын 9 дүгээр хавирганы хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан, М.А-а нь Д.Б-рын зүүн гуя тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна. Иймд Д.Б-р, М.А-а нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ. Прокуророос шүүгдэгч Д.Б-р, М.А-а нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна. Шүүгдэгч М.А-а нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Иргэний нэхэмжлэлийн хувьд: Хохирогч Д.Б-р, М.А-а нар бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын талаар : Шүүгдэгч Д.Б-р, М.А-а нар нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна . Шүүгдэгч Д.Б-р, М.А-а нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан болно. Шүүгдэгч Д.Б-р өндөр насны тэтгэвэрт гарсан, шүүгдэгч М.А-а цалин орлогогүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Д.Б-рт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ял, М.А-а д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоолоо. Шүүгдэгч Д.Б-р, М.А-а нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй, 31 см ахуйн хэрэглээний хутгыг устгаж, ширээ/ шалны өр/-г Д.Б-рт буцаан олгож, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа бэхжүүлсэн, туршилт хийсэн ажиллагааны бичлэг бүхий СД-1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч Д.Б-р, М.А-а нар бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хангал овогт Д-н Б-р, Шарнууд овогт М-н А- нарыг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д. Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр, М.А-а г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Д.Б-т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ял, М.А-а д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Б-р, М.А-а нарт мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй, 31 см ахуйн хэрэглээний хутгыг устгаж, ширээ/ шалны өр/-г Д.Б-рт буцаан олгож, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа бэхжүүлсэн, туршилт хийсэн ажиллагааны бичлэг бүхий СД-1 ширхэгийг хавтаст хэрэгт хавсаргасугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-р, М.А-а нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА