Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа

Хохирогч Р.Б

Шүүгдэгч П.Л

Гэрч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Л-д холбогдох 1916001320131 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч  П.Л: Монгол Улсын иргэн, Д овогтой П-н Л гэв.

Шүүгдэгч П.Л нь Говь-Алтай аймгийн бага сургуульд захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “багш, ажилтнуудад хоолны мөнгө олгох тухай” А/24 дугаартай тушаал гарган өөртөө 94.000 төгрөг, Л.Б-д 34.000 төгрөг, Б.М, Х.Ц, Ж.Б, М.У, Т.С, П.М, М.Б нарт тус бүр 128.000 төгрөгийг олгож, давуу байдал бий болгон улсад нийт 1.024.000 төгрөгийн хохирол учруулж, цалингийн сангаас хоолны мөнгө олгон төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргүүдэд холбогдуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл П.Л-н Говь-Алтай аймгийн бага сургуульд захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “багш, ажилтнуудад хоолны мөнгө олгох тухай” А/24 дугаартай тушаал гарган цалингийн сангаас хоолны мөнгө олгон төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдэл нь төсвийн захирагч төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч П.Л гэм буруутай болох нь:

Шүүгдэгч П.Л-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Тушаал нь нэг хоногийн дараа гарсан байсанг ажигласан уу. Энэ явдал 2017 онд болсон. Манай байгууллага сумын төв дээр ирж гүйлгээ хийдэг. Сумын төв дээр гүйлгээ хийх гээд ирэхэд хоол, унааны мөнгө олгоно гэдэг шийдвэр гарсан. Нягтлан дүнг нь гаргасан байсан. Би тухайн үед нягталж, хянаж шалгаж үзээгүй. Бугат сумын дунд сургуулийн гаргасан тушаалыг үндэслээд гаргасан. 2017 оны 12 дугаар сард цалин бодох гээд ирэхэд хүн бүрт хуваарилагдах мөнгөн дүн батлагдсан байсан. Намайг буруутай байна гэж шалгасны дараа мөнгө нь нэг хоногийн өмнө ороод тушаал нь нэг хоногийн дараа гарсан байсан ... Намайг тэр өглөө ирэхэд Бугат сумын сургууль, цэцэрлэг энэ хоолны мөнгө олгосон байсан. Тэгээд танайх үлдсэн байна. Бугат сумын сургууль цэцэрлэг адилхан бодсон гээд гаргасан байсан...” гэсэн мэдүүлэг / шүүх

Хохирогч Р.Б-н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тэр процесс болох үед би өвчтэй байсан. Төсвийн мөнгийг захиран зарцуулах нь тодорхой, тогтоол журмын дагуу зарцуулдаг журамтай. Ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарах талаар байнга чиглэлүүд өгөгддөг. Тухайн байгууллага дотоод журамдаа зохицуулан зааж өгсөн бол шийдэж болох асуудал. Тухайн үед би өвчтэй байсан мөн миний албан тушаалыг өөрчлөөгүй байсан учир шийдвэр хойно урд гарсан байх тохиолдлыг үгүйсгэхгүй ... Төсвийн мөнгө юунд зарцуулах нь тухайн жилд төлөвлөөд шат шатандаа Их хурлаар батлагдаад шийдвэрлэгддэг. Хувь хүнд хохирол учраагүй...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Л.Б-н шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Тухайн үед надад олгогдоогүй байсан. Сүүлд 34000 төгрөг орсон байсан. Тухайн үед санхүү тасгаас өгөхөд хоолны мөнгө орж ирээгүй ...Төлбөр бүгд төлөгдсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Л.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Хоолны мөнгө гэж нэ хүнд 128.000 төгрөг цалин дээр нэмж тусад нь П.Л-н тушаалаар олгосон байсан. П.Л-тай нийлээд 9 хүн тухайн мөнгийг авсан байдаг...т Хоолны мөнгө гэж тусдаа зардал, төсөв аль нь ч сургуульд байхгүй... Цалингийн сангийн мөнгийг бол зөвхөн ажилчдын цалин, хөлсөнд зарцуулахаас өөрөөр зарцуулах  хуулийн заалт байхгүй юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ106-109/

Гэрч Д.А-н мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн байгууллагын батлагдсан төсөвт унаа хоолны хөнгөлөлт олгох зардал батлагддаггүй. Манай байгууллагаас жил болгоны эхэнд  батлагдсан  төсөвтэй   холбоотой   чиглэлийг  хүргүүлдэг  тухайн   чиглэлдээ сургуулийн багш, ажилчид ажил үүргээ гүйцэтгэх үедээ унаа, хоолны хөнгөлөлт олгох боломжгүй талаар тусгайлан зааж өгдөг юм. Тухайн байгууллагын унаа, хоолны хөнгөлөлт   гэсэн   зардлын   зүйл   дээр   төсөвт   батлагдцаггүй...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ72-73/,

Гэрч М.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Тус бага сургуулийн захирлын тушаалаар 2017 оны 12 дугаар сарын цалин дээр хоолны мөнгө 128.000 төгрөг Хаан банкны 5555555555555 дугаарын дансаар орсон ... Би дахин сургуулиас хоолны мөнгө аваагүй, өмнө нь бас авч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ75/,

Гэрч Б.М-н мөрдөн байцаалтад өгсөн “... сургуулийн захирлын тушаалаар хоолны мөнгө болох 128.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Төрийн банкны 22222222222 дугаарын дансаар авсан. Манай байгууллагын багш ажилтнууд ганцхан удаа 2017 оны 12 дугаар сард хоолны мөнгө авсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ78/,

Гэрч Ж.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би Говь-Алтай аймгийн бага сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/24 дугаар тушаалаар хоолны мөнгө авсан. Тухайн мөнгийг өөрийн эзэмшлийни Хаан банкны 555555555555 дугаарын дансаар авсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ78/,

Гэрч Т.С-н мөрдөн байцаалтад өгсөн “... Бугат сумын Тахийн талын бага сургуулийн захирлын тушаалаар 128.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Төрийн банкны 222222222222 дугаарын дансаар авсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ79/,

Гэрч П.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би Говь-Алтай аймгийн бага сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/24 дугаар тушаалаар хоолны мөнгө авсан. Тухайн мөнгийг өөрийн эзэмшлийн Төрийн банкны 2222222222222 дугаарын дансаар авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ80-81/,

Гэрч Э.Ө-н мөрдөн байцаалтад 2 удаа өгсөн “...Хоолны мөнгийг цалингийн сангаас гаргасан... Цалингийн цэстэй хамт бодогдож, цалингийн данс руу шилжүүлсэн... Хоолны мөнгийг сүүлийн 3 сараар ажлын хоногоор 1 өдрийн 2000 төгрөгөөр бодож олгосон. Мөн сахилга хариуцлагыг дээшлүүлэх урамшуулалд 1 хүнд 300,000 төгрөгийг бодож, 10 хувь  болох  30,000 төгрөгийг хувь  хүний  орлогийн  албан  татварт суутгаж, цалингийн дансаар 270,000 төгрөг олгосон...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ33-34/,

Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалт хийсэн дүнгийн танилцуулга /1-р ХХ144-149/,  П.Л-г   Говь-Алтай   аймгийн   бага сургуулийн захирлын ажилд томилсон, чөлөөлсөн шийдвэрийн хуулбар /1-р ХХ 26, 28/, бага сургуулийн 2017 оны 12 дугаар сарын цалингийн хүснэгт /1-р ХХ60/, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/24 дугаартай Говь-Алтай аймгийн бага сургуулийн захирлын тушаал, хавсралтын хуулбар /1-р ХХ13-14/, Б.М-н    222222222    дугаарын    данс,    Ж.Б-н 5555555555555    дугаарын    данс, Х.Ц-н     5555555555    дугаарын    данс, М.У-н 55555555555555 дугаарын данс, М.Б-н 5555555555 дугаарын данс, Т.С-н 22222222222222 дугаарын данс, Л.Б-н 2222222222222 дугаарын данс, П.М-н 222222222222 дугаарын данс, П.Л-н 222222222222222 дугаарын дансны хуулгууд /2-р ХХ24, 40, 42-43, 45, 51, 54, 57, 59/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

  Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч П.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан төсвийн захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Харин аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Л нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “багш, ажилтнуудад хоолны мөнгө олгох тухай” А/24 дугаартай тушаал гарган өөртөө 94.000 төгрөг, Л.Б-д 34.000 төгрөг, Б.М, Х.Ц, Ж.Б, М.У, Т.С, П.М, М.Б нарт тус бүр 128.000 төгрөгийг олгож, давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Учир нь Авилгын эсрэг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг гэж, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж тус тус хуульчилан тайлбарласан байна.

Шүүгдэгч П.Л нь Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэж зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарч байгаа боловч албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Өөрөөр хэлбэл албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, өөрт болон бусдад давуу байдал олгосон гэж үзэхэд эргэлзээ төрж байх бөгөөд улсын яллагч яллах дүгнэлтдээ шүүгдэгч нь албан тушаалын байдлаа ямар зорилгоор, хэрхэн урвуулан ашиглаж, хэнд ямар давуу байдал бий болгосныг тодорхойлоогүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, яллагдагч, гэрч, хохирогч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэсний үндсэн дээр шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийлээ.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

  Шүүхээс шүүгдэгч П.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан төсвийн захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч П.Л-н нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн талаарх шүүгдэгч,  хохирогч, гэрч Л.Бэлэгдэмбэрэл нарын мэдүүлгүүдийг үндэслэн шүүгдэгч П.Л-г гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн гэж үзэн тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт ирсэн 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14,36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Д овгийн П-н Лхамдавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч П.Л-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч П.Л-н нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт ирсэн 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА