Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0640

 

Б.Ч-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагч П.Б нарыг оролцуулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Б.Ч-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр: “...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.8, 8 дугаар зүйлийн 8.1.1, 52 дугаар зүйлийн 52.1, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ч-ийн “Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 34/05/01 дугаар актын Б.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байх хугацаандаа Нийтлэг үйлчилгээний албаны ажлыг зохих ёсоор сайн зохион байгуулж хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ажил үүрэг зорилгоо бүрэн биелүүлж ажиллаж ирсэн тул ажлын үр дүнг үндэслэн аймгийн Засаг дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд мөнгөн урамшуулал олгосон юм.

Засаг даргын зөвлөлийн гишүүдэд мөнгөн урамшуулал олгох тухай Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/762 дугаар захирамжийн хавсралтад миний нэр орсон нь хэлтсийн дарга нарын нэгэн адил тодорхой нэгж хамт олныг удирдан зохион байгуулж байгаа удирдах албан тушаалтан гэж үзсэнтэй холбоотой байх. Үүнийг ямар ч хамааралгүй хүнд мөнгөн урамшуулал олгосон гэж шүүх хэт нэг талыг барьж тайлбарлан дүгнэлт хийж байгаад гомдолтой байна.

Түүнчлэн аймгийн Засаг дарга нь миний ажлын үр дүнг үнэлэн төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гарган мөнгөн урамшуулал олгосон байхад намайг буруутган 2000000 төгрөгийн мөнгөн урамшууллыг буцаан төлүүлэхээр надад акт тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөнгөн урамшуулал тухайн үед Тамгын газрын нийт ажиллагсдад олгогдсон бөгөөд аль нэг захирамжаар дээрх мөнгөн шагнал надад олгогдох л байсан. Энэ актыг үндэслэн намайг ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичиж өг гэж Засаг даргын Тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Болор-Эрдэнэ удаа дараа шаардаж дарамталж байснаас үзэхэд улс төрийн зорилготой тавигдсан акт гэж үзэхээс өөр аргагүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  

Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Буруу олгосон мөнгөн урамшууллыг нөхөн төлүүлэх тухай” 34/05/01 дугаар актаар Б.Ч нар нь аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/762 дугаар захирамжаар Засаг даргын нөөцөөс Засаг даргын зөвлөлд байхгүй нэр бүхий албан тушаалтнуудад мөнгөн урамшуулал олгосон нь хяналт шалгалтаар тогтоогдож байна хэмээн буруу олгосон мөнгөн урамшуулал болох 7.500.000 төгрөгийг Б.Ч нараар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Ч “...өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...би өөртөө мөнгөн урамшуулал олгоогүй, аймгийн Засаг даргын шийдвэрээр намайг шагнаж олгосон мөнгө тул надаас төлбөр гаргуулахаар акт тогтоосон нь үндэслэлгүй ... Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б ажил, албан тушаалаа авсан өдрөөс эхлэн намайг ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгд гэж дарамт, шахалт үзүүлсээр ирсэн ... акт тогтоож байгаа нь улс төрийн зорилготой” хэмээн тайлбарлан маргасан байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 14.2.3-т “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах;” 16 дугаар зүйлийн 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;” гэж зааснаас үзэхэд төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, түүнд хяналт тавих үүрэгтэй” талаар хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нь Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн баталсан Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт санхүүгийн хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр онцгой байдал зарласан үед Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нарт мөнгөн урамшуулал олгосон байдалд санхүүгийн шалгалт хийж, уг шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу буруу олгосон урамшуулал болох 2,000,000 төгрөгийг Б.Ч-ээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд нөхөн төлүүлэх дүнтэй талууд маргаагүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргаагүй, Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажил болон хөдөлмөрийн гэрээнд тусгасан зорилго, зорилт, чиг үүргээ хангалттай биелүүлсэн учир мөнгөн урамшуулал олгосон гэж тайлбарлах боловч аймгийн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаагүй буюу анхнаасаа мөнгөн урамшуулал авах эрхгүй этгээд байсан нь тогтоогдож байх энэ тохиолдолд нэхэмжлэгчээр буруу олгосон мөнгөн урамшууллыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүйн дээр нэхэмжлэгчийг тухайн мөнгөн урамшууллыг авах үндэслэлтэй байсан гэж үзэхгүй. 

Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/762 дугаар захирамжаар 2016-2020 оны ажлын үр дүнгээр эрхэлсэн асуудлын хүрээнд амжилттай ажилласан Засаг даргын зөвлөлийн нэр бүхий гишүүдэд 22.000.000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэж, Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/440 дүгээр захирамжаар Засаг даргын зөвлөлийг баталсан байх ч уг зөвлөлийн бүрэлдэхүүнд нэхэмжлэгч Б.Ч-ийн нэр багтаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн “намайг ажлаас халах үндэслэл олохын тулд аймгийн Засаг даргын мөнгөн урамшуулал олгосон захирамжийг шалгаж, улс төрийн захиалгаар акт үйлдсэн” гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлах бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1- “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзэхэд захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх бөгөөд энэ тохиолдолд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                Н.ДОЛГОРСҮРЭН 

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ