| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0124/Э |
| Дугаар | 131 |
| Огноо | 2020-06-10 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 131
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын ахлах өмгөөлөгч М.Найдан,
Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О т холбогдох эрүүгийн 1915005920094 дугаартай, 163/2020/0124/Э индекстэй хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Х ХХК-д жолооч, мод ачигч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн Хангал сумын ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ц овогт С.О Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.О нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Х ” ХХК-д ******** дугаарын мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу мод бэлтгэхдээ дур мэдэн гэрээ, эрхийн бичигт заасныг зөрчиж талбайн тусгаарлалт хийгдээгүй Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг Т давааны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүй Хуш төрлийн 20.641 м3 хэмжээтэй хэрэглээний хуурай мод бэлтгэж **-** ХӨА улсын дугаартай ЗИЛ 131 загварын тээврийн хэрэгслээр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон руу тээвэрлэж байгаль экологид 838521 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О ын өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Байгаль экологид учруулсан хохирлоо төлсөн байгаа гэх мэдүүлэг болон эрүүгийн 1915005920094 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.О нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Х ” ХХК-д ******** дугаарын мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу мод бэлтгэхдээ дур мэдэн гэрээ, эрхийн бичигт заасныг зөрчиж талбайн тусгаарлалт хийгдээгүй Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг Т давааны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүй Хуш төрлийн 20.641 м3 хэмжээтэй хэрэглээний хуурай мод бэлтгэж, **-** ХӨА улсын дугаартай ЗИЛ 131 загварын тээврийн хэрэгслээр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон руу тээвэрлэж байгаль экологид 838521 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэргийн газарт буюу “Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг “Т даваа” гэх газарт байх бөгөөд GPS төхөөрөмжөөр цэгийг тогтооход уртраг 49.41.07.15, өргөрөг 103.51.10.03 солбилцолд зааж байсан ба 55 ширхэг модны хожуулд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зэд хантайн бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хашаанд байрлах 43 ш модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх15-18, 19-20 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.М ын өгсөн: “Манай байгуулагаас “Х ” ХХК-ийн мод бэлтгэлийн гүйцэтгэлийн ажилд хяналт тавихаар Сэлэнгэ сумын 2 дугаар багийн “Т даваа” гэх газар луу шалгалт хийхэд тусгаарлалт хийлгэсэн талбайгаас өөр талбайд мод бэлтгэсэн байсан. Энэ зөрчлийг тусгай хамгаалалтын захиргааны мэргэжилтэн О тухайн газарт нь очиж зөрчлийг илрүүлсэн. ...Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-38-39 тал/,
Гэрч Б.О гийн өгсөн: “Би 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн үед Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд мод бэлтгэх эрх авсан “Х ” ХХК-ийн мод бэлтгэх ажлын гүйцэтгэлд хяналт тавихаар явсан. Т пост дээр ирэхэд цас их орж даваа руу гарах боломжгүй болсон. Тэгээд байгаль хамгаалагчийнд байж байтал ЗИЛ-131 загварын машинд ачиж ирсэн модыг шалгаж тоолсон. ...Маргааш нь тусгаарлалт хийсэн талбайг шалгахаар явахад тусгаарлалт хийсэн талбай руу нэг ч машины мөр байхгүй байсан. Шөнө явсан ЗИЛ 131 машины мөрөөр цааш явсаар нөгөө эвдэрсэн машин дээр очсон. Тэгтэл тусгаарлалт хийсэн талбайгаас бус өөр газраас хуш мод бэлтгэсэн байсан. ...Өмнөх машинд 53 ширхэгийг ачсан байсан, эвдэрсэн машинд 51 мод байсан боловч 43 ширхэгийг ачиж ирсэн байсан. Мөс хөлдөж авах боломжгүй байсан учраас 8 ширхэг модыг авчраагүй ууланд нь орхисон байсан. Тусгай хамгаалалттай газраас тусгаарлалт хийсэн талбайгаас БУА 024405 дугаарын эрхийн бичгээр хуш мод бэлтгэх байсан боловч тусгаарлалт хийгээгүй талбайгаас 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хуш мод бэлтгэсэн. БУА 024404 дугаарын эрхийн бичгээр мод бэлтгээгүй байгаа. ЗИЛ-131 загварын машинаар нэг ачаа сайн ачихад 8 метр куб ачдаг. Тийм учраас 8 метр куб мод байсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-46-47 тал/,
Гэрч Г.Г гийн өгсөн: “...Төлөвлөгөөний дагуу Сэлэнгэ сумын 3 дугаар багийн “Т даваа” гэх газарт тусгаарлалт хийсэн газраас мод бэлтгэхээр манай ажилчид явсан. Мод бэлтгэх ажлыг ахалж явсан О гэх хүнд ажилчдаа хариуцаад тусгаарлалт хийсэн талбай руу ороорой гэж сануулсан. Модоо хийгээд ороод ирэхээр нь “тусгаарлалт хийсэн талбайгаасаа мод бэлтгэсэн үү” гэж О аас асуутал “тиймээ тусгаарлалт хийсэн талбайгаасаа бэлдсэн, ууланд дахиад нэг машин мод байгаа маргааш очиж авна” гэж хэлсэн.
Тэгээд тухайн үед би онц зүйл бодоогүй. Маргааш нь тусгай хамгаалалтын мэргэжилтэн О залгаж “танайх тусгаарлалт хийгээгүй талбайгаас мод бэлтгэсэн зөрчил гаргалаа” гэж би сонсоод О аас асуутал “тусгаарлалт хийсэн талбайгаасаа бэлтгээгүй өөр газраас бэлтгэсэн” талаараа надад хэлсэн. О уулнаас бууж яваад тусгай хамгаалалтын газрын О тэй таарч шалгуулаад “өөрсдийнхөө талбайгаас авсан уу” гэхээр нь “тиймээ тусгаарлалт хийсэн талбайгаасаа авсан гэж худлаа хэлсэн юм” гэж надад хэлсэн. Тусгаарлалт хийхэд нь хүртэл О надтай хамт явж байсан болохоор тэр газрыг сайн мэдэж байгаа. Тэгтэл О дур мэдэж өөр газраас бэлдсэн байсан. О ын эхний ачиж ирсэн 53 ширхэг мод нь нийт 8 метр куб мод байсан...” гэх мэдүүлэг /хх-48-51 тал/,
Гэрч Э.Ц ын өгсөн: “...О “хөгшин нь эмчилгээний мөнгө олох хэрэг байна, чиний машинтай модонд явах гэсэн юм, машинаа өгөөч” гээд гуйгаад байхаар нь би машинаа өгөөд явуулсан. 2019 оны 10 сарын дунд үеэр байхаа цаг хугацааг нь сайн санахгүй байна. Ажилд явах гээд байна гэхээр нь л өгөөд явуулсан. Тэгээд удалгүй маргааш нь билүү нөгөөдөр нь над руу залгаад цагдаад баригдсан талаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-52-53 тал/,
Гэрч С.Г ын өгсөн: “...Сэлэнгэ сум 2 дугаар багийн “Т даваа” гэх газарт очиж мод бэлтгэсэн. Би жолоочийн үүргийг гүйцэтгэж явсан. О “эндээс мод хийнэ” гэхээр нь л талбайн тусгаарлалт хийсэн газар мөн юм байх гэж бодоод мод бэлтгэсэн. Тээврийн хэрэгсэл нь Ч.Ч гэх хүний эзэмшилд байдаг. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд 50 гаруй мод ачсан байсан шиг санаж байна. Би модыг Хялганат тосгон руу оруулж буулгаад О т хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-55-56, 61-62/ тэл,
Гэрч Б.Л ын өгсөн: “Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг “Т даваа” гэх газарт очиж мод бэлтгэсэн. ”Х ” ХХК-иас Г нь тусгаарлалт хийсэн талбайг сайн заан өгч, тэнгэр хангай муу байсан учраас аюулгүй байдлаа сайн хангаж ажиллах талаар хэлсэн. ...Надтай хамт О , А, Г нарын хамтаар явсан. О эндээс хийнэ гэхээр нь л нөгөө талбай нь мөн юм байх гэж бодоод мод бэлтгэсэн” гэх мэдүүлэг /хх-57-58 тал/,
Гэрч Б.А ын өгсөн: “Сэлэнгэ сумын 2 дугаар багийн “Т даваа” гэх газарт очиж мод бэлтгэсэн. “Х ” ХХК-ийн модыг бэлтгэсэн. Тэгээд бэлтгэж дуусаад буцаж явах замдаа цагдаагийн байгууллагад шалгагдсан.
Тухайн үед ууланд очоод тугаарлалт хийсэн талбайгаа олохгүй байсан. Тэгтэл О “эндээс бэлдэнэ” гэж хэлээд тухайн газраас бэлдсэн. Би бол ачигчийн үүрэг гүйцэтгэж явсан. …О ыг эндээс хийнэ гэхээр нь л талбай нь мөн юм байх гэж бодоод мод хийсэн” гэх мэдүүлэг /хх-59-60 тал/,
Байгаль экологид учирсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ тогтоосон Хялганат тосгон дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “уг шинжлэгдэж буй мод нь хуш төрлийн хэрэглээний хуурай мод байна. Хуш хуурай мод 8.123 м3, 2.853 м3. Нийт 64 ширхэг 4м урттай хуш /хуурай/=10.976 м3, модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 563068 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-71-72 тал/,
Байгаль экологид учирсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ тогтоосон Хялганат тосгон дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “уг шинжлэгдэж буй мод нь хуш төрлийн хэрэглээний хуурай мод байна. Хуш /хэрэглээний бөөрөнхий хуурай мод/ 9.665 м3, 43 ширхэг, 1 м3 модны үнэлгээ 28500 төгрөг, 9.665 м3 х 28500 = 275453 төгрөг. Иймд нийт модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 275453 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-77 тал/,
Хохирлын үнэлгээг тооцсон байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Экологи эдийн засгийн үнэлгээг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу 3 дахин өсгөн тооцоход 2.515.563 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-80 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч С.О ын гэм буруугаа хүлээж өгсөн: “Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай “Х ” ХХК-ийн захирал Г нь намайг “модонд яваад ир” гэж хэлээд мод бэлтгэх эрхийн бичиг болон мод бэлтгэх газрыг зааж өгөөд явуулсан. Би өөрийн танил Ц гэх хүнээс Зил 131 загварын **-** ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг “эрхийн бичигтэй модонд яваад ирье” гэж гуйгаад авсан. Модонд явахдаа Л , А нарын хамтаар явсан ба тухайн үед цас шуурч байсан болохоор захирал Г гийн зааж өгсөн газраас хэтрээд өөр газраас мод бэлтгэж ачаад уулнаас бууж яваад Сэлэнгэ сумын Зэд хантайн бүтээлийн нурууны дархан цаазат газрын ажилчин О гэх хүнд баригдаж саатуулагдсан. Миний мод бэлтгэсэн газарт талбайн тусгаарлалт хийгдээгүй байсан…” гэх мэдүүлэг /хх-90-93 тал/, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн бензин моторт хөрөө зэрэг шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх болон гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэх гэдэгт иргэн, аж ахуй нэгж байгууллага ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэх болон тээвэрлэхдээ эрх бүхий байгуулагаас зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдлийг тус тус ойлгоно.
Мод бэлтгэх тусгай зөвшөөрлийн дагуу мод бэлтгэхдээ дур мэдэн эрхийн бичигт заасныг зөрчиж талбайн тусгаарлалт хийгдээгүй улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойд мод бэлтгэж хууль зөрчсөн байна.
Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан орших Зэд-Хантай-Бүтээлийн нурууд, тэдгээрийн орчмын газар нутгийг дархан цаазат газрын ангилалаар Монгол Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байх бөгөөд шүүгдэгч С.О нь тус бүс нутгаас хууль бусаар мод бэлтгэсэн болох нь хэргийн газрын үзлэгийн “...Уг газар нь Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг Т даваа гэх газарт байх бөгөөд GPS төхөөрөмжөөр цэгийг тогтооход уртраг 490.41.07.15, өргөрөг 1030.51.10.03 солбилцолд зааж байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15, 21/, Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/579 дугаартай албан бичиг /хх-103/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Шүүгдэгч С.О ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 838521 төгрөгийн шууд, 2515563 төгрөгийн шууд бус хохирол учирсан байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч
С.О ын мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас өөр газар буюу талбайн тусгаарлалт хийгдээгүй улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэргийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 2515563 төгрөгийн /хх-130-131 тал/ хохирол, нөхөн төлбөрийг төлсөн нь нотлогдож байх тул түүнийг төлөх төлбөргүй гэж үзэх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж хуульчилсан учраас шүүгдэгч С.О ын хохиролд төлсөн 2515563 төгрөгийг Булган аймгийн Сэлэнгэ сумын Зэд Хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын төрийн сангийн 100040913001 тоот данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгуулах нь зүйтэй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.О ын хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч С.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүдэгч С.О ын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн 108 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, түүний хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудыг судалж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Хэрэгт мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** ХӨА улсын дугаартай “ЗИЛ-131” загварын тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-97/, Булган аймгийн автотээврийн төвийн тодорхойлолт /хх-104/, иргэний нэхэмжлэгч Э.Ц ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-42/ зэрэг нотлох баримтуудаар Э.Ц ын эзэмшил, өмчлөлд байгаа болох нь тогтоогдож байгаа тул мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгонд оршин суух Э.Ц ын эзэмшилд, түүнчлэн “ЗИЛ 131” загварын **-** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... оршин суух Ч.Ч ын эзэмшилд байгаа болох нь түүний иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Булган аймгийн автотээврийн төвийн лавлагаа /хх-45, 98, 106/ зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдвол хууль ёсны эзэмшигчид нь олгож, тээврийн хэрэгслийн үнийг гэм буруутай этгээдээс албадан гаргуулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зохицуулсан байна.
Иймд шүүгдэгч С.О аас “Тольдох Оюуны өгөөж” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №200004 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон **-** ХӨА улсын дугаартай “Зил 131” загварын тээврийн хэрэгслийн үнэ 1.800.000 төгрөг, **-** ОРА улсын дугаартай “ЗИЛ 131” загварын тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 төгрөг болон 51 ширхэг буюу 12.518 м3 хэмжээтэй хуш мод, 72000 төгрөгийн үнэлгээ бүхий моторт цахилгаан хөрөөг хурааж үнийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд тус тус олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч Ц овогт С. О ыг Эрүүгийнхуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-тзаасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч С.О ыг 1 /нэг/, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-дзаасныг баримтлан шүүгдэгч С.О т оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч С.О т сануулсугай.
Энэ хэрэгт шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч С.О ын хохиролд төлсөн 2515563 /хоёр сая таван зуун арван таван мянга таван зуун жаран гурав/ төгрөгийг Төрийн сан дахь 100040913001 дугаар данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгуулсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзаасныг журамлан 51 /тавин нэг/ ширхэг буюу 12.518 м3 хуш мод, 72000 /далан хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий моторт цахилгаан хөрөөг тус тус хурааж үнийг; **-** ОРА улсын дугаартай “Зил-131” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... оршин суух Ч.Ч т, **-** ХӨА улсын дугаартай “ЗИЛ-131” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигч Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгонд оршин суух Э.Ц ад тус тус үлдээж, шүүгдэгч С.О аас тээврийн хэрэгслүүдийн үнэ, нийт 3300000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд тус тус шилжүүлсүгэй.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээрзүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД