| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/01215/И |
| Дугаар | 1281 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 1281
| 2016 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 151/ШШ2016/01281 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Цээл сум, Хүүлэйхан, 5 дугаар багт оршин суух, 25 настай, эмэгтэй, Боржигон овогт Сэрээтэрийн Мөнхцэцэг /РД:НЩ91090105/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Цээл сум, 2 дугаар баг, Талын хайрхан аж ахуйн хашаа, 3 гудамж 23 тоотод оршин суух, 26 настай, эрэгтэй, Хатиган овогт Бямбаагийн Нямдорж /РД:НЩ88082873/-д холбогдох,
хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.Нямдоржтой 2011 онд танилцаж, гэрлэлтээ албан ёсоор батлуулж амжаагүй байсаар тусдаа амьдарсан. Бидний дундаас 2013 оны 5 дугаар сарын 29-нд охин Н.Анухатан төрсөн, одоо охин 3 ойтой. Бид 2015 оноос тусдаа амьдарч байна. Бид гэрлэлтийн баталгаа байхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй, охин Н.Анухатанг миний асрамжинд үлдээж эцэг Б.Нямдоржоос хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Мөнхцэцэг нь Б.Нямдоржид холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2012 онд танилцаж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байх хугацаанд тэдний дундаас 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр охин Н.Анухатан төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 6/-аар тогтоогдож байна.
Хамтран амьдрагчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, охин Н.Анухатан нь 3 /настай/, бага насны, төрснөөс хойш эх С.Мөнхцэцэгийн асаргаанд хамт амьдарч байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж, охин Н.Анухатанг эх С.Мөнхцэцэгийн асрамжинд үлдээж, эцэг Б.Нямдоржоор хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч С.Нямдорж нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч С.Мөнхцэцэг нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан зэрэг байдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус заажээ.
Иймд С.Нямдорж нь С.Мөнхцэцэгтэй гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч гэсэн дундаас төрсөн охин Н.Анухатанг тэжээн тэтгэх үүрэгтэй ба цаашид элэг бүтэн амьдрах эрхийг үүгээр хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгч С.Мөнхцэцэгт буцаан олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, хариуцагч Б.Нямдоржоос 28209 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Хатиган овогт Нямдоржийн Анухатанг 18 насанд хүртэл эх Боржигон овогт Сэрээтэрийн Мөнхцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Н.Анухатанг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ -тай болон насан хүрээгүй боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Нямдоржоор тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч С.Мөнхцэцэгт буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Нямдорж 28209 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч Б.Нямдорж сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ