Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 181/2017/02777/И |
Дугаар | 001/ХТ2018/01119 |
Огноо | 2018-06-29 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2018/01119
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/03139 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 555 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “К” ХХК, “М” ХХК-д холбогдох,
“М” ХХК болон “К” ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т/07/141 тоот Зээлийн барьцааны гэрээний “А” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блью скай хотхоны 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булганы гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, хариуцагчийн өмгөөлөгч Г.Чинбат, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч “А” ХХК нь 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “М Кей Ай” ХХК-тай “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г харилцан тохиролцож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот 132 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 184 800 ам.доллар буюу 221 760 000 төгрөгөөр үнийг бүрэн төлж худалдан авсан. Үүний дагуу “М Кей Ай” ХХК-иас орон сууцын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч “А” ХХК-ийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсан боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7161 дугаартай шийдвэрээр “А” ХХК -ийг Хан-Уул дүүргийн 11-р хороо, 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот 132 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон.
Нэхэмжлэгч “А” ХХК нь дээрх 7161 дугаартай шийдвэрийг үндэслэн, үнэ төлбөрийг нь бүрэн төлж худалдан авсан орон сууцны өмчлөх эрхийг компанийнхаа нэр дээр бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандсан боловч бүртгэлийн газраас орон сууц нь “М” ХХК болон “К” ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй байна гэх үндэслэлээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан.
Хариуцагч “М” ХХК нь “К” ХХК-иас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “К” ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа хууль ёсны өмчлөгчөөс зөвшөөрөл авалгүйгээр, өмчлөгчид огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот 132 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчийн хувьд “К” ХХК-ийн өмнө аливаа үүрэг, хариуцлага хүлээгээгүй, “М” ХХК болон “К” ХХК-ийн хооронд үүссэн зээл, зээлийн барьцааны харилцаанд огт хамааралгүй этгээд байх тул “А” ХХК-ийн өмч хөрөнгийг хууль ёсны өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд “К” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан “Зээлийн барьцааны гэрээ”-ээр “А” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот 132 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалсан гэрээний хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч “А” ХХК нь “М Кей Ай” ХХК-тай 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулж гэрээний дагуу “М Кей Ай” ХХК-иас дээрх орон сууцыг 184 800 ам.доллар буюу 221 760 000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж худалдан авсан. Ийнхүү “А” ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж тус шүүхийн 2015 оны 101/ШШ2016/07161 дүгээр захирамжаар “А” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж Блью скай хотхоны 44Б байрны 6 дугаар давхрын 23 тоот, 132 мкв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон.
“М” ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани “К” XXК-иас нийтдээ 15 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, авто зогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 27 орчим тэрбум төгрөгийг тус банкинд төлсөн боловч, “К” ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50 хувиар үнэгүйдүүлж авах, ам.доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтанд хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан.
Иймд нэхэмжлэгчийн “М” ХХК болон “К” ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, Блью скай хотхоны 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хууль бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагч “К” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:
“К” ХХК нь “М” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, 1 400 000 ам.долларыг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, “Си Эм Эс Эл” ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын өдөр Т07/208 тоот зээлийн гэрээг байгуулж, 1 500 000 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар тус тус зээлсэн.
Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн барьцааны гэрээг “Си Эм Эс Эл” ХХК-тай байгуулж нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. “К” ХХК-ийн “М” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Кны хувьд Т07/208 тоот барьцааны гэрээг 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан зохих журмын дагуу бүртгүүлсэн.
“К” ХХК нь Хөх тэнгэр хотхоны 44Б байрны 23 тоот орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус орон сууцны өмчлөгчийн гэрчилгээ нь “М” ХХК-ийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан.
Мөн “М” ХХК дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж, автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газрын гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан.
Дээрх үйл баримтаас харахад “М” ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 44Б байрны 23 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, К нь 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч этгээд болох “Мфис капитал” ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин “А” ХХК нь дээрх барьцааны эрхээс хойно Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон учир К нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Түүнчлэн барьцаа үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж шалгаж, танилцах үед тухайн автозогсоолыг ашиглах нөхцөл бүрдээгүй байсан. Учир нь улсын комисс 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан.
Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл бүрдээгүй байх учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М Кей Ай” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:
“М Кей Ай” ХХК нь “А” ХХК-тай 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууц худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 44Б байрны 23 тоот хаягт байрлах 132 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, түүний өмчлөх эрхийг шилжүүлэх, худалдан авагч тал нь нийт 184 800 ам.доллар буюу 221 760 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн.
Худалдагч талын хувьд “М Кей Ай” ХХК нь гэрээний үүргээ биелүүлж, заасан орон сууцыг худалдан авагч талд шилжүүлэн 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байр хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгсөн. “Алтай хүдэр” ХХК нь дээр дурдсан гэрээний дагуу өмчлөх эрхээ иргэн В.Бат-Эрдэнэд шилжүүлэн өгсөн.
“М” ХХК нь “М Кей Ай” ХХК-тай 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44Б байрны 23 тоот 128.61 мкв орон сууцыг 225 067 500 төгрөгөөр тооцон худалдахаар тохиролцсон. Уг гэрээнд “Си Си Ай Эм” ХХК нь орон сууц захиалах гүйцэтгэх гэрээний эрх шилжүүлэгчийн хувьд баталгаажуулж гарын үсэг зурсан. Уг гэрээний 3.1-д “2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “М” ХХК болон “Си Си Ай Эм” ХХК-ийн хороонд байгуулсан Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээг цуцалж, “М Кей Ай” ХХК-иас “Си Си Ай Эм” ХХК-д энэхүү гэрээний нөхцлийн дагуу гэрээний үнийн дүнг шилжүүлэхээр 3 тал тохиролцов” гэж заасан.
Ингээд “Си Си Ай Эм” ХХК-ийн нэр дээр байсан Хан-уул 11 хороо, 44Б байрны 23, 24 тоот орон сууцуудыг хүлээн авахаар тохиролцсон. Энэ гэрээний 2.2-т “Пи Ай Эм Эм” ХХК нь “М Кей Ай ХХК-ийн нэрийн өмнөөс түүний төлөх дээр заасан 225 067 500 төгрөгийг “Си Си Ай Эм” ХХК-нд харилцан төлөх үүрэг хүлээсэн. “Си Си Ай Эм” ХХК нь “М” ХХК-д 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн төлбөрийн даалгавраар 249 309 ам.долларыг байрны үнэд шилжүүлсэн.
Иймд “М” ХХК-ийн Ктай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний хавсралтад авагдсан Хан-Уул дүүрэг, 11 хороо, 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот орон сууцыг барьцаалсан гэрээний хэсгийг бусдын өмч хөрөнгийг хууль ёсны өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж гуравдагч этгээд үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/03139 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар 56.1.8-д зааснаар “М” ХХК болон “К” ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блью скай” хотхоны 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот хаягт байрлах, 132 мкв талбайтай 4 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “А” ХХК-иас 196 550 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 555 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/03139 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...Нэхэмжлэгч “А” ХХК нь 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “М Кей Ай” ХХК-тай харилцан тохиролцож, Хан-Уул дүүргийн 11-р хороо, 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот 132 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 184 800 ам доллар буюу 221 760 000 төгрөгөөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулж, үнийг бүрэн төлж худалдан авсан. Уг орон сууцыг “М Кей Ай” ХХК нь 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээний дагуу худалдан авсан хууль ёсны өмчлөгч болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний хуулбараар нотлогддог. “А” ХХК нь уг орон сууцны өмчлөгч бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан сонирхогч этгээд атал нэхэмжлэгчийг “М” ХХК болон “К” ХХК-тай эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх ...хэт нэг талыг барьж, хариуцагч “К” ХХК-ийн тайлбарт хөтлөгдөн үйл баримтыг үнэн зөв дүгнээгүй гэж үзэхээр байна. Учир нь хариуцагч “М” ХХК нь 2010 оны 05 сарын 12-ны өдөр дээрх орон сууцыг 3 талт гэрээгээр орон сууц захиалах, гүйцэтгэх эрх шилжүүлэн авсан “М Кей Ай” ХХК-д мэдэгдэхгүйгээр өөрийн өмчлөлд хууль бусаар бүртгүүлэн, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан талаар шүүх хуралдаан дээр тайлбарладаг, улмаар К нь орон сууцыг ашиглалтанд орсноос хойш 4 сарын дараа буюу 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “90 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай” гэж худал бүртгэл хийлгэн, өмчлөгч “М Кей Ай” ХХК-иас зөвшөөрөл авалгүй өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч зээлийн барьцаанд барьцаалсан.
Энэхүү үйлдэл нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан барьцаа хөрөнгө, барьцаа хөрөнгийг газар дээр очиж, нэг бүрчлэн үзэх шаардлагыг зөрчсөн байна. Мөн Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг ноцтой зөрчиж барьцааны зүйлийн өмчлөгч бус харин өмчлөгч болох эрх нь үүссэн “М Кей Ай” ХХК-ийн эд хөрөнгийг түүнд мэдэгдэлгүй бусдад барьцаалсан нь хууль бус байна.
...Өмчлөгчийн эрхийг зөрчиж, өмчлөх эрхгүй этгээд бусдын хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн”, 56 дугаар зүйлийн 56.1.8-д “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар заасан тул “М” ХХК, Кны хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээний “Хан-Уул дүүргийн 11-р хороо, 44Б байрны байрны 6 дугаар давхрын 23 тоот 132 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “К” ХХК, “М” ХХК-д холбогдуулан тэдгээрийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн барьцааны гэрээний “А” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот 132 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргажээ.
Хариуцагч “М” ХХК нь шаардлагыг зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзаагүй бол хариуцагч “К” ХХК барьцааны гэрээ нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэж маргасан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “А” ХХК нь 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр “Эм Кей Ай” ХХК-иас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блю скай” хотхоны 44Б байрны 23 тоот 132 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 184 000 000 төгрөгөөр худалдан авч, төлбөрөө 2011 оны 04 дүгээр сараас 2011 оны 10 дугаар сарын хооронд хэсэгчлэн төлж барагдуулсан байна.
Түүнчлэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 7161 дүгээр шийдвэрээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгожээ.
Маргааны зүйл болж буй орон сууцны 44Б барилга нь 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 55%-ийн гүйцэтгэлтэйгээр, уг байрны 23 тоот 4 өрөө орон сууц 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 90% гүйцэтгэлтэйгээр “Мфикскапитал” ХХК-ийн өмчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
Орон сууцны барилгыг барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, акт гаргасан байна.
Хариуцагч “Мфикскапитал” ХХК болон “К” ХХК-ийн хооронд зээлийн барьцааны гэрээ 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагджээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь, бодитойгоор, харьцуулан судлан шинжилж, хариуцагч “Мфикскапитал” ХХК болон “К” ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээг өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийгдсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээгүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан шаардлагыг зөрчөөгүй байна. Уг барьцааны гэрээ байгуулагдах үед орон сууцны өмчлөгчөөр “Мфикскапитал” ХХК улсын бүртгэлд бүртгэгдсэн, нэхэмжлэгч “А” ХХК-ийн өмчлөх эрх үүсээгүй байсан гэх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгч “А” ХХК нь 2011 онд гуравдагч этгээд “Эм Кей Ай” ХХК-иас барьцааны эрхээр хязгаарлагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/03139 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 555 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН