Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 72

 

Ж.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал           

Прокурор                                       Н.Идэр

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Б.Чинбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 257 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч Б.Б-ын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж-ын Д-д холбогдох эрүүгийн 1718000070007 тоот, 1 хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай С- овогт Ж-ын Д- /РД:**********/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Ж.Д- нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сая сая баялаг” нарийн боовны цехийн гадна иргэн Б.Б-тай маргалдаж заазуураар цээж, гаран тус газар нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 257 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч С- овогт Ж-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Хохирогч Б.Б- нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-г 1000 нэгж /мянган нэгж/-тэй тэнцэх хэмжээ буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох  ял шийтгэж,

-Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус зааж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.28-ны өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолыг хохирогч миний бие дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байгаа талаар:

Шүүгдэгч Ж.Д- нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр намайг заазуурдаж, алах шахсан боловч өнөөдрийг хүртэл 4 сарын хугацаанд үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй, өөртөө дүгнэлт хийгээгүй, ямар нэгэн байдлаар надаас уучлалт гуйгаагүй тул миний бие маш их гомдолтой байна. Шүүгдэгч Ж.Д- нь анхан шатны шүүхээс торгуулийн ял авчихаад гарч ирэхдээ “чи надад ял өгүүлж чадахгүй ш дээ. Энэ муу ганц сая төгрөгийг төлөхөд надаас хорогдох юм байхгүй, чи намайг яаж ч чадахгүй ш дээ, үхээгүйдээ баярлаад л надаас холхон явж бай, шүүх цагдаа гэж гүйсэн, юм үзээгүй хөгийн эр” гэх мэтээр надад ихэрхэж, бардам байснаас үзэхэд түүнийг хийсэн гэмт хэрэгтээ огт гэмшээгүйг харуулж байна гэж бодож байна.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг буюу заазуур хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн ба би хөл сайтай, залуу хүн тулдаа л заазуураар цавчсан үйлдлээс бултаж, зугтасны хүчинд гурван хэсэг газарт заазуурдуулсан болохоос биш надаас өөр хүн байсан бол амиа алдах нөхцөл байдал бүрэн бүрдсэн байсан.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг миний амь насанд аюул заналхийлж, зэвсэг хэрэглэн үйлдсэн нөхцөл байдлыг харгалзалгүй, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай тохироогүй дүгнэлт хийж, хөнгөн ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.

Ер нь хүнийг хэд хэдэн удаа заазуурдаж, 3 шарх үүсгэж, хүн алах шахсан хүнийг 1 сая төгрөгөөр торгосон нь дахиад гэмт хэрэг хийсэн ч болно гэж толгойг нь илж байгаагаас ялгаагүй хөнгөн шийтгэл гэж үзэж, үнэхээр гомдолтой байна. Цээжний шарх бол эмнэлэг дээр очоод тогтохгүй, маш их цус алдсан.

Шүүгдэгч Ж.Д-гийн гэмт үйлдлийн улмаас миний хувьд хэдийгээр бие махбодийн шарх эдгэж, сорвитой үлдсэн боловч өнөөдрийг хүртэл надад учирсан сэтгэл санааны хохирол, хор уршиг арилаагүй.

Иймд давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ял шийтгэлийг нь хүндрүүлж өгнө үү гэж энэ гомдлыг гаргаж байна” гэжээ.

Шүүгдэгч Ж.Д- давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Хохирогч болох Б.Б- нь давж заалдах гомдолдоо намайг үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй, өөртөө дүгнэлт хийгээгүй, уучлалт гуйгаагүй, мөн намайг “чи надад ял өгүүлж чадаагүй ш дээ, энэ муу ганц сая төгрөгийг төлчихөж чадна, чи намайг яаж ч чадахгүй ш дээ” гэх мэт үгээр хохирогч Б-ыг доромжилсон мэтээр бичжээ. Уг гомдолд бичсэн эдгээр зүйл нь ор үндэсгүй бөгөөд шүүх хуралдаан дээр болон шүүх хуралдаанаас гарч ирсэний дараа хохирогч Б-аас эхнэрийн хамт уучлалт гуйсан ба энэ талаар шүүхийн тэмдэглэлд тусгагдсан байх ёстой.

Мөн шүүх хуралдаанаас гарч ирээд ингэж хэлээгүй талаар манай эхнэр гэрчилнэ. Энэ хэргийн талаар давж заалдахгүй байх талаар уучлалт гуйсан боловч Б- нь хотоос 2 өмгөөлөгч авчирч давж заалдана гэсэн.

Уг хэрэг цагдаа болон прокурорын шатанд байх явцад хохирогч Б-аас өмнө зөндөө уучлалт гуйх гэж утсаар залгаж байсан боловч нэг ч удаа утсаа аваагүй. Мөн Б- нь “Монгол улсын шүүх, хууль чихрийн цаас болсон байна” гэх мэтээр хуулийг үл ойшоож байсан. Үүний дараагаар тухайн өдрөө эмнэлэг дээр эхнэртэйгээ явж байхад Б- нь манай эхнэрийг дуудаж “Сантайн” гээд хоолны газар уулзсан бөгөөд Б- нь “17 дугаар сургуулийн хажууд байдаг хүүхдийн асрамжийн газарт миний нэр дээр 4.0 сая төгрөг хандивлачих, тэгвэл би давж заалдахгүй” гэж хэлсэн байсан. Уулзаж байхдаа манай эхнэрийг “утсаараа бичлэг хийгээд байгаа юм уу утсаа гаргаад тавьчих” гэх мэтээр сүрдүүлсэн байсан. Тэгэхэд нь манай эхнэр “мөнгийг бүтнээр өгөх боломжгүй, хуваагаад өгч болох уу” гэхэд зөвшөөрөөгүй.

Б.Б- нь анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэх хохирол байхгүй гэсэн нь хэрэгт харагдаж байгаа. Ийм байтал шүүхээс гадуур сүрдүүлж мөнгө нэхсэн нь хууль бус үйлдэл гэж бодож байна. Миний бие урд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдэж үйлдэлдээ гэмшиж байгаа бөгөөд анхан шатны шүүхээр оногдуулсан торгуулийн ялыг миний үйлдэлд тохирсон гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Би уг торгуулийг бүрэн төлөх боломжтой юм” гэжээ.

Прокурор Н.Идэр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Ж.Д- нь хэргийн нөхцөл байдал, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн хэрэг нь хөнгөн хэрэг, хохирогчийн хууль бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 28-ны өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх шаардлагыг хангасан байна. 

Тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Д-г 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сая сая баялаг” нарийн боовны цехийн гадна иргэн Б.Б-тай маргалдаж заазуураар цээж, гаран тус газар нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, шүүгдэгч Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хохирогч Б.Б- нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Ж.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлавал хохирогч Б.Б-, гэрч Н.Лувсанцэрэн, Л.Яргуйцэцэг нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №707 дугаартай хохирогч Б.Б-ын биед гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт, хэрэгт авагдсан бусад баримтуудаар шүүгдэгч Ж.Д- нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сая сая баялаг” нарийн боовны цехийн гадна иргэн Б.Б-тай маргалдаж заазуураар цээж, гаран тус газар нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Д-гийн үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, түүнд оногдуулсан ял шийтгэл нь үйлдсэн хэргийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,   хохирогч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                              ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                              ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                           Ц.АМАРЖАРГАЛ