Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 167

 

“Хар бамбай” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2016/00999 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хар бамбай” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Нархан” СӨХ-нд холбогдох

 

Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээний үүрэгт 6 030 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Санчиндорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хар бамбай” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр харуул хамгаалалтын гэрээг “Нархан” СӨХ-той байгуулж 1 хамгаалагчийн төлбөр 550 000 төгрөг байхаар тохирч, 2 постон дээр 24/48 цагаар ээлжлэн гаргах 6 хамгаалагчтай байхаар нийт 3 300 000 төгрөгийг cap болгон төлж байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Харуул хамгаалалтын гэрээний дагуу 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх буюу гэрээ дуусгавар болоод “Нархан” СӨХ-д харуулын цэгүүдийг хүлээлгэж өгснөөр энэ өдөр хамгаалалтын гэрээг дуусгавар болж, хамгаалалт дууссан. Ингээд “Нархан” СӨХ нь 5 дугаар сарын төлбөрийн үлдэгдэл 10 хоногийн 1 200 000 төгрөг, 6 сард бүтэн 3 300 000 төгрөг, нийтдээ 4 500 000 төгрөг болсон бөгөөд төлөхийг удаа дараа шаардахад манай оршин суугч нар зуслан гарсан. Зуслангаас айлууд орж ирэхээр нь СӨХ-ны мөнгөө авч байж өгнө гээд өгөөгүй. Манайх 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл буюу нэхэмжлэл гарах хүртэл хүлээсэн. Тийм учраас 4 500 000 төгрөг дээр алданги 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нэг өдрийн 22 500 төгрөг, нийт 1 860 000 төгрөгийн алданги, нийтдээ 6 030 000 төгрөгийг нэхэмжилж байна. Манайх хамгаалалтаа зохих ёсоор биелүүлснийг хоёр тал акт үйлдэж хүлээж авсан. Төлбөр дээр “Нархан” СӨХ нь маргадаггүй. Дугуй, мотоцикл алдагдсан талаар “Нархан” СӨХ нь цагдаагийн байгууллагад хандаж, цагдаагийн байгууллагаас шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Өөрөөр хэлбэл “Хар бамбай” ХХК-д хариуцлага хүлээлгэх боломжгүй гэсэн гэжээ.

 

Хариуцагчийг төлөөлж П.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг СӨХ-ны захирал байсан н.Галбадрах 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хаяад яваад өгсөн. Өмнө нь манайх 2 жилийн хугацаанд маш сайн ажилладаг “Ус залаат” гэдэг харуулын үйл ажиллагаа явуулдаг компанитай нэг харуулын 300 000 төгрөгөөр тохирч ажилладаг байсан. Гэтэл н.Галбадрах нь хоёр жил маш сайн ажиллаж байсан энэ газраасаа татгалзаж нэг харуулыг 550 000 төгрөгөөр цалинжуулна гэж удирдах зөвлөл, хяналтын зөвлөлд мэдэгдэхгүйгээр “Хар бамбай” ХХК-тай гэрээтэй хийсэн гэсэн. Энэ хугацаанд айлд хулгай орж, гадаадын иргэний мотоцикл, хүүхдийн унадаг дугуй, машины 4 толь алга болсон. н.Галбадрахтай л хариуцлага тооцох ёстой. Н.Галбадрах дээрээс нь “Нархан” СӨХ-г 49 000 000 төгрөгийн өрөнд оруулчихаад би болилоо гээд хаяад явсан. Манайх мөнгөгүй, нийгмийн даатгалаас Хаан банкны данс хаасан. Төлбөрийг зөвшөөрөхгүй байна. Үүнийг н.Галбадрахаас нэхэмжлэх ёстой. “Хар бамбай” ХХК нь манай өмнөх хамтарч ажилладаг байсан харуулын үйлчилгээнээс 250 000 төгргөөр илүү хийсэн харуулын ажлаа хийж чадсангүй. “Нархан” СӨХ-ны бүх гишүүд л санхүүг мэддэг гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Нархан” СӨХ-ноос 6 030 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хар бамбай” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 111 430 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Нархан” СӨХ-ны захирал З.Ганбатад гардуулж эрх, үүргийг танилцуулсан байна. Хариуцагч “Нархан” СӨХ нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 16/08 тогтоолоор гүйцэтгэх захирал З.Ганбатыг чөлөөлж, П.Энхтуяаг томилсон. Гүйцэтгэх удирдлага солигдсон талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байхад П.Энхтуяад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэг танилцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуульд зааснаар хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны журмыг зөрчөөгүй боловч, алдангийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Хар бамбай” ХХК нь хариуцагч “Нархан” СӨХ-нд холбогдуулан хамгаалалтын гэрээний үүрэгт 6 030 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

            Зохигчдын хооронд 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 01-076 тоот Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхон дахь объектын аюулгүй байдлыг хангахаар нэг жилийн хугацаатай, сарын хөлсөнд 3 300 000 төгрөгийг хариуцагч төлөх, хөлс төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоногт 1.5 хувийн алданги тооцохоор талууд тохиролцсоныг шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, нэхэмжлэгч ажлын хөлс шаардах эрхтэй талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн нь зөв хийжээ.

 

Уг гэрээг нэхэмжлэгч талаас “Хар бамбай” ХХК-ийн захирал Б.Гансүх, нөгөө талаас “Нархан” СӨХ-ны гүйцэтгэх захирал Н.Галбадрах нар баталгаажуулж гарын үсэг зурсан Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэрээний харилцаа цуцлагдсан талаар зохигчид маргаагүй ба гэрээний хөлсөнд 4 500 000 төгрөг төлөх үлдэгдэлтэй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.

 

            Харин нэхэмжлэгч хамгаалалтын бүсээс эд зүйлс хулгайд алдаж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ нөхцөл байдал тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Хэрэгт гэрээний дагуу хүлээсэн үүргээ нэхэмжлэгч зохих ёсоор биелүүлээгүй буюу гэрээний үүргийг нэхэмжлэгч зөрчсөн талаар баримт авагдаагүй тул хариуцагч хөлс төлөх үүрэгтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6-д “...Хамгаалалт үйлчилгээний төлбөрийг төлөх ёстой хугацаандаа төлөх ба тодорхойгүй шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд нийт төлбөрийн 1.5 хувьтай тэнцэх алданги төлнө” гэж тохиролцсон нь алдангийн хэмжээ хоногийн 0.5 хувиас хэтрэхгүй байх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчсөн байхад шүүх, алданги тооцохоор тохиролцсон хүсэл зориг байна гэж дүгнэж, хариуцагчаас ажлын хөлс 4 500 000 төгрөгийн төлбөрт, 73 хоногийн алданги 1 530 000 төгрөгийг тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл талуудын гэрээгээр тохиролцсон алдангийн тохиролцоо нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.

 

Иймд хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус гэрээний заалт нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй тул нэхэмжлэгч алдангийг хариуцагчаас шаардах эрх үүсэхгүй.

 

Шүүх нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч 9 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, мөн өдөр хариуцагчийн төлөөлөгч З.Ганбатад нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгчээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Нархан” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 16/08 тоот тогтоолоор даргын үүрэг гүйцэтгэгч З.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, гүйцэтгэх захирлаар П.Энхтуяаг томилсны дагуу тэрээр шүүхэд хариу тайлбар гарган хариуцагчийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

/хэргийн 18 дугаар тал/

 

Шүүх 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлүүдэд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, шинээр нотлох баримт гаргах эсэхийг асууж, тодруулахад хариуцагчийн төлөөлөгчөөс эрх, үүргээ ойлгоогүй болон нэмж тайлбарлуулах, шинээр нотлох баримт гаргахтай холбоотой ямар нэг хүсэлт гаргаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүх зохигчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2016/00999 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 4 500 000 төгрөгийг хариуцагч “Нархан” СӨХ-ноос гаргуулж, нэхэмжлэгч “Хар бамбай” ХХК-д олгож, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 1 530 000 төгрөгийг хэсрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “хариуцагчаас 111 430 төгрөг” гэснийг “хариуцагчаас 86 950 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмөөлөгч Ц.Ариунзулын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 430 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                  ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

 

                                              С.ЭНХТӨР