Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0649

 

 

 

 

 

 

 

Ё.Т-ын гомдолтой

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 48 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, Ё.Т-ын гомдолтой, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр: “...Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 57 дугаар зүйлийн 57.2.5-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ё.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн үйлдсэн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176480 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан гомдол гаргагч Ё.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан Ё.Т-д олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх маргааны үйл баримтад хэрэглэх ёсгүй журам, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-д “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Энэхүү маргааны хувьд хуульд санал авахаас 20-оос доошгүй хоногийн өмнө зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчил болохоос тухайн зардлын дансанд төвлөрсөн болон түүнийг хуульд заасан зориулалтын дагуу зарцуулсан эсэх талаарх тайланг төрийн аудитын байгууллагад ирүүлэхтэй холбоотой зөрчил биш болохыг шүүх анхаарч үзээгүй.

Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд сонгууль болохоос өмнө бүртгүүлсэн байх үүрэгтэй холбоотой, нөгөөх нь сонгууль болсны дараа зардлын дансанд төвлөрсөн болон зарцуулсан талаарх тайланг аудитаар баталгаажуулан бүртгүүлэхтэй холбоотой 2 тусдаа үйл баримтын ялгаа заагийг зөв тодорхойлоогүй.

“Увс” ХХК-аар сонгуулийн зардлын дансанд нийцлийн аудит хийлгэсэн тайлан, дүгнэлт нь сонгууль болсны дараа тухайн сонгуулийн үеэр зардлын дансан дахь орлого, зарлагын зарцуулалт нь зөрчилгүй /зориулалт бусаар зарцуулсан эсэх/ гэсэнтэй холбоотой болохоос хуулиар тусгайлан заасан санал авахаас 20-оос доошгүй хоногийн өмнө зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ зөрчсөн гэх зөрчлийг үгүйсгэх, тухайн холбогдогчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Гэтэл шүүх “...зардлын дансны дугаар, банкны нэрийг хуульд заасан хугацааны дотор бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа Увс аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан журам гэж үзэж, Ё.Т- хууль зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл шүүхийн дүгнэлт өөрөө хуулиар тусгайлан зөрчил гэж заасан зөрчлийг үгүйсгэж, холбогдогч хуульд заасан зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, түүнийгээ үгүйсгээгүй байхад захиргааны актыг хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэлгүй.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагч Ё.Т-аас “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176480 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх “...нэр дэвшигч Ё.Т-ын хувьд нам нь сонгуулийн зардалд ашиглахаар нээлгэсэн дансны мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлж бүртгүүлээгүй” гэсэн дүгнэлт хийсэн атлаа гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасантай нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбаруудаас үзэхэд Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176480 дугаартай шийтгэлийн хуудсаар “нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтыг зөрчсөн нь холбогдогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогдож байна хэмээн үзэж 10.000 нэгжээр торгожээ.

Дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргагчаас “...би нэр дэвшигчийн хувьд өөрийн сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах дансны дугаар, банкны нэрийг санал хураах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө фэйсбүүкийн чатаар Ардчилсан намд хүргүүлсэн, Ардчилсан нам ямар шалтгаанаар мэдээллийг хүргүүлээгүй хоцроосныг мэдэхгүй байна ... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь заалтыг харахад сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг нэр дэвшигч нь заавал өөрийн биеэр бүртгүүлэхийг үүрэгжүүлээгүй ... өөрийн сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Ардчилсан намд хугацаандаа хүргүүлсээр байтал шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлгүй” хэмээн маргажээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд тухайн сонгуульд нэр дэвшигчид өөрт нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэхийг шууд үүрэг болгосон, ийнхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тодорхой хуульчилсан байна.

Гэвч Увс аймгийн Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 3 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ё.Т- нэр дэвшигчийн зардлын дансыг “Хаан банк” ХХК-д нээлгэсэн боловч сонгуулийн зардлын дансаа төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хуульд заасан хугацааны дотор бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан гомдол гаргагчийн “би энэ дансыг бүртгүүлэх талаар мэдэхгүй байсан” гэсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон хариуцагчийн тайлбар, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын нийцлийн аудитын тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул гомдлын шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч Ё.Т нь 2020 оны ээлжит сонгуулиар Увс аймгийн Ховд сумын 3 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн зардлын дансаа хуульд заасны дагуу Увс аймаг дахь төрийн аудитын газарт өөрийн биеэр мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй болохоо үгүйсгэж маргаагүй, энэхүү зөрчил нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Гомдол гаргагч “сонгуулийн зардлын дансны дугаар, банкны мэдээллээ сумын Ардчилсан намд фэйсбүүкийн чатаар хүргүүлсэн, сумын Ардчилсан нам аймгийн Ардчилсан намд хүргүүлсэн боловч аймгийн Ардчилсан нам тухайн мэдээллийг төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлээгүй” гэх боловч энэ нь хуулиар нэр дэвшигчид өөрт нь хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүйд ногдуулсан шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх “үйл баримтын хувьд орон нутгийн 2020 оны ээлжит сонгуулийн үеэр Увс аймгийн Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан намаас нэр дэвшигч Ё.Т нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг хуульд заасан хугацааны дотор Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлээгүй боловч дансны мэдээллийг намын байгууллагадаа өгсөн байна ... Увс аймгийн Ардчилсан намын хороо анхан шатны намын байгууллагын шийдвэрийг аймгийн Төрийн аудитын байгууллагад уламжилж, ... нэр дэвшигчдийн дансны мэдээллийг хуульд заасан хугацаанд хүргүүлж, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүй байна” гэх дүгнэлт хийж, “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх” бие даасан зөрчлийн шинжийг “зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах” гэсэн өөр зөрчлийн шинжээр үгүйсгэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болох тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 48 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ё.Т-аас Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176480 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ