| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0128/Э |
| Дугаар | 136 |
| Огноо | 2020-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 136
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга П.Жаргалмаа,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т т холбогдох эрүүгийн 2015000000123 дугаартай, 163/2020/0128/Э индекстэй хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, Ч овогт А.Т.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Т ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т ийн өгсөн: Гэм буруугийн талаар маргахгүй, миний буруу. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг, эрүүгийн 2015000000123 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн нутагт эхнэр Б.Ц нь нөхөр А.Т ийг “эмэгтэй хүнтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна” гэснээс үүдэлтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцад А.Т нь Б.Ц гийн бие, эрх чөлөөнд халдаж түүний биед зүүн, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун дал, зүүн шуунд цус хуралт, зүүн долоовор, дунд хуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Б.Ц гийн өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манай нөхрийн 10-н жилийн ангийн уулзалт болоод гэрлүүгээ харих замд буюу сумын төвийн хороололд нөхөртэйгөө хэрүүл маргаан хийсэн.
Тухайн үед нөхөр маань миний нүүр, толгой баруун гарын мөрөн тус газар гараараа 3-5 удаа цохисон. ...Ямар шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж зодсон гэвэл, би нөхрийнхөө гар утсыг шаалгасан чинь эмэгтэй хүнтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас тухайн асуудлаас болж гэр бүлийн маргаан гарч дээрх асуудал гарсан. Өмнө нь гэр бүлийн маргаан гарч байсан, гэхдээ нэгнийгээ зодсон, цохисон асуудал гарч байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-11-13 тал/,
Гэрч Ж.Н өгсөн: “...Миний бие цагдаагийн газарт хандан дуудлага мэдээлэл өгсөн шалтгаан нь миний зээ охин болох Ц г гэр бүлийнх нь хүн болох Т 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зодож биед нь гэмтэл учруулсан байна лээ. Тухайн хэрэг явдлын талаар сүүлд Ц гоос дуулж мэдсэн. ...Зээ охины минь хэлж ярьснаар хээр хөдөө нөхрийнх нь ангийн уулзалт болоод тарж, буцах замдаа хөдөө хээр миний охиныг зодсон байна лээ. Ер нь хэрүүл маргаан гараад байгаа сураг гарч байсан. ...гэх мэдүүлэг /хх-14-16 тал/, Гэрч А.Т ийн өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр миний хүү Т Булган аймгийн төвд орж ирээд намайг гэрээс аваад хөдөө Ар булаг руу явах замд нь “хүүгийнхээ гэр орноор ороод гаръя, яаж амьдарч байгааг харъя” гээд орсон. Гэтэл Ц нь нүдний шил зүүчихсэн, толгойдоо алчуур зангидчихсан байдалтай байсан. Болсон асуудлын талаар тодруулахад Ц нь “хүүгээ намайг яаж нүдсэнийг харах гэж орж ирлээ” гэсэн. Тэгэхээр нь би “та нарын асуудлыг би яаж мэдэх вэ” гэж хэлэхэд “балай авгай минь зайл” гээд намайг хөөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон “Б.Ц гийн биед зүүн, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун дал, зүүн шуунд цус хуралт, зүүн долоовор, дунд хуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 142 дугаартай дүгнэлт /хх-27-28 тал/,
Шүүгдэгч А.Т ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Тухайн үед би хөдөө Орхон сумын “Ар булаг” гэх газар байж байтал эхнэр залгахаар нь 20 цагийн үед гэртээ ирэхэд манай найзууд намайг болон эхнэр Ц г дагуулаад Орхон гол орж юм ярьж, хоол цай хийж идсэн. Б ын машин дотор Б , Г , Б , А , Ц , бид нар нэг нэг пиво бариад ууж байхад манай эхнэр Ц машинаас буугаад гадаа миний утсыг оролдоод байж байсан. Би пивоо ууж дуусаад машинаас буусан чинь эхнэр намайг “харих уу” гэж хэлэхээр нь би “тэгье” гэж хэлээд өөрсдийнхөө хөх өнгийн Портер загварын машинд суугаад гэртээ харихаар явсан. Гэрлүү харих замд эхнэр “чи надаас өөр хүн амьтантай ярьсан байна” гэж хэлээд машины түлхүүрийг сугалаад авахаар нь би машинаа зогсоосон. Тэгсэн чинь Ц миний баруун талын шанаа хэсэгт зүүн гараараа 2-3 удаа цохиод, хоёр гараараа миний үсийг үсдэхэд нь миний уур хүрээд баруун гарынхаа сарвууны ар хэсгээр Ц гийн хамарны нуруу хэсэг рүү 3 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-25-25 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Ц гийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч А.Т ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч А.Т ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон, хэрэг үйл баримт болсон шалтгаан, нөхцөлийн талаар хохирогч Б.Ц гийн “...2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манай нөхрийн 10-н жилийн ангийн уулзалт болоод гэрлүүгээ харих замд буюу сумын төвийн хороололд нөхөртэйгөө хэрүүл маргаан хийсэн. Тухайн үед нөхөр маань миний нүүр, толгой баруун гарын мөрөн тус газар гараараа 3-5 удаа цохисон. Ямар шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж зодсон гэвэл, би нөхрийнхөө гар утсыг шаалгасан чинь эмэгтэй хүнтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас тухайн асуудлаас болж гэр бүлийн маргаан гарч дээрх асуудал гарсан гэх, гэрч Ж.Н “...Тухайн хэрэг явдлын талаар сүүлд Ц гоос дуулж мэдсэн. ...Зээ охины минь хэлж ярьснаар хээр хөдөө нөхрийнх нь ангийн уулзалт болоод тарж явах замдаа хөдөө хээр миний охиныг зодсон байна лээ. Ер нь хэрүүл маргаан гараад байгаа сураг гарч байсан” гэх, гэрч А.Т ийн “2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ... “хүүгийнхээ гэр орноор ороод гаръя, яаж амьдарч байгааг харъя” гээд орсон. Гэтэл Ц нь нүдний шил зүүчихсэн, толгойдоо алчуур зангидчихсан байдалтай байсан…” гэх мэдүүлэг зэрэг нь шүүгдэгч А.Т ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шууд гэрчилсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Ц гийн “...Өмнө нь гэр бүлийн маргаан гарч байсан, гэхдээ нэгнийгээ зодсон, цохисон асуудал гарч байгаагүй” гэх мэдүүлэг болон тухайн хэрэг, үйл баримт гарсан шалтгаан нөхцлөөс дүгнэлт хийхэд шүүгдэгч А.Т ийн эхнэр Б.Ц г зодсон үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “байнга үйлдсэн” шинж тогтоогдоогүй байх бөгөөд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж хангалттай тогтоогдоогүй тохиолдолд тухайн хэргийн хохирогч нь гэр бүлийн хамаарал бүхий хүн байсан гэдэг агуулгаар хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”/ зааснаар хүндрүүлэн зүйлчлэхгүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч А.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Ц гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд илэрхийлсэн байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Т ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч А.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Т ийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Т нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 31-39 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, малын “А” дансны хуулга, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч А.Т урьд ял шийтгүүлж байгаагүй, Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багт эхнэр хүүхдийн хамт мал аж ахуй эрхлэн амьдардаг зэрэг түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин Т болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч Ч овогт А.Т ийг Эрүүгийн хуулийн тусгайангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч А.Т ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин Т болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
Энэ хэрэгт шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин Т болтол шүүгдэгч А.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД