Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1303

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2016/01303

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, .......-р хороо, И........Г-ийн байр М.........рд хадгаламж зээлийн холбоо /РД:2............/-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, .....-р баг, .....-р байр, .......... тоотод оршин суух, .............н овогт Д..... С....д /РД:................./-д холбогдох,

 

зээлийн төлбөр 3.493.576 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс нотариатын зардал 286986 төгрөг нийт 3.780.562 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж....н, хариуцагч Д.С.......л шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч М.........д хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хоршооны гишүүн Д.С......л нь 2013 оны 2 дугаар сарын 9-ний өдөр зээлийн хороотой гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай зээлж авсан. Зээл авснаасаа хойш 2013 оны 5 дугаар сарын 2-нд 620.000 төгрөг төлснөөс хүү 166.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 21200 төгрөг, үндсэн зээлээс 432800 төгрөгийг, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөг төлснөөс хүүд 708897 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 132.376 төгрөг, үндсэн зээлээс 158.727 төгрөг төлсөн болно. Хувь нийлүүлсэн хөрөнгө 264000 төгрөг байгаа. Иймд Д.С........лээс үндсэн зээл 1.408.473 төгрөг, хүүд 1744628 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 340475 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс нотариатын зардал 286986 төгрөг нийт 3.780.562 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.С......л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус хоршооноос зээл авсан нь үнэн боловч тус оны 5 дугаар сарын 2-нд 620.000 төгрөгийг төлсөн. Төлөх үедээ хадгаламж зээлийн хоршооны нябогоос зээл болон хүүд аваад үлдэгдэл хэд байгааг хэлээрэй гэсэн боловч надад хэлээгүй. Би тус хоршоонд 2004 онд элссэн. Анх элсэхдээ 3.900.000 төгрөгийн хадгаламж нээлгэсэн. 3-4 удаа зээл авч байсан. 2 жил ноогдол ашиг авсан. Үүнээс хойш ноогдол ашиг аваагүй. 2014 оны 5 дугаар сард 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Нягтлан няраваас үлдэгдэл хэд байгаа вэ гэхэд ингээд дуусна гэж хэлсэн учраас би хадгаламжинд байгаа мөнгийг оролцуулаад тооцоо дууслаа гэж бодсон. Гэтэл их хэмжээний төлбөр нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Би бүх зээл зээлийн хүүг төлж барагдуулсан болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.........д хадгаламж зээлийн хоршоо нь Д.С...........лд холбогдуулан 3.780.562 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч М.......д хадгаламж зээлийн хоршоо нь нэхэмжлэлийн шаардлагаа ...2013 оны 2 дугаар сарын 9-ний өдөр зээлийн хороотой гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай зээлүүлсэн. Одоо үлдэгдэл үндсэн зээл 1.408.473 төгрөг, хүүд 1744628 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 340.475 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс нотариатын зардал 286986 төгрөг нийт 3.780.562 төгрөгийг Д.С.........лээс гаргуулахаар нэхэмжилж байна. /хх 1-2/

Хариуцагч Д.С..........л нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзлын үндэслэлээ ...Ноогдол ашиг аваагүй. Ноогдол ашиг болон төлбөрийн үлдэгдлийг бүрэн төлсөн гэж тайлбарлаж маргаж байна.

Нэхэмжлэгч М........д хадгаламж зээлийн хоршоо нь Д.С...........лтэй 2013 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 8 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байна.

Өөрөөр хэлбэл: Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс өмнө шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа гаргах байсан бөгөөд хуульд заасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр дууссан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заажээ.

Иймд М..........рд хадгаламж зээлийн хоршоо нь Д.С...........лд холбогдуулан 3.780.562 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хуулийн дээрх заалтыг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар  зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар М...........рд хадгаламж зээлийн хоршооны Д.С............лд холбогдуулан зээлийн төлбөр 3.780.562 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУУЛ