Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1304

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2016/01304

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Угтаалцайдам сум, Талын уул 1 дүгээр багт оршин суух, 55 настай, эрэгтэй, Боржигон овогт Банзрагчийн Энхбаатар /РД:НТ61111414/-ын,

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энхбаатар, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1985 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн нэрэмжит Угтаалын сангийн аж ахуйд малын баг эмчээр ажиллаж эхэлсэн ба одоог хүртэл ажиллаж байгаа. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир шүүхэд хандаж байна. Иймд миний Угтаалын сангийн аж ахуйн Мал эмнэлэг үржлийн албанд 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Энхбаатар нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Б.Энхбаатар нь Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн нэрэмжит Угтаалын сангийн аж ахуйд 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт Б.Энхбаатарын 1675 дугаар диплом, БНМАУ, Төв аймаг, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн нэрэмжит Угтаалын сангийн аж ахуйн даргын 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 131 дугаар “Тэргүүний хүмүүсийг шагнах тухай” тушаал, 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 250 дугаар “Амралт олгох” тухай тушаал, 1990 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 231 дугаар “Амралт олгох тухай” тушаал, 1991 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 262 дугаар “Зоо техникч, малын эмч нарыг шилжүүлэх” тухай тушаал, 1992 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 74 дугаар “Ажилд авах” тухай тушаал, Төв аймаг Угтаал хувьцаат компаний захирлын 1992 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 343 дугаар “Амралт олгох” тухай тушаал, Төв Угтаалцайдам сумын “Угтаал төв” хувьцаат компаний захирлын 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 12, 13 тоот Архивын лавлагаанууд, гэрч Г.Отгонгаваа, Б.Баттулга нарын “Төв аймгийн Угтаалцайдам сумын Сангийн аж ахуйд 1985 оноос эхлэн өнөөдрийг хүртэл малын бага эмчээр ажиллаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

 

Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудаар Б.Энхбаатар нь  БНМАУ Төв аймаг Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн нэрэмжит Угтаалын сангийн аж ахуйд малын бага эмчээр ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүх, хэрэгт авагдсан БНМАУ, Төв аймаг, МХЗЭ-ийн нэрэмжит Угтаалын сангийн аж ахуйн даргын 1991 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 262 дугаар “Зоо техникч, малын эмч нарыг шилжүүлэх” тухай тушаал, 1996 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудыг ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж Б.Энхбаатарыг БНМАУ Төв аймаг Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн нэрэмжит Угтаалын сангийн аж ахуйд 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд малын бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Банзрагчийн Энхбаатар /РД:НТ61111414/-ыг БНМАУ Төв аймаг, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн нэрэмжит Угтаалын сангийн аж ахуйд 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд малын бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Энхбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУУЛ