| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/01187/И |
| Дугаар | 1315 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 1315
| 2016 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 151/ШШ2016/01315 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт багт оршин суух, 59 настай, эрэгтэй, Боржигон овогт Манлайн Гончигжав /РД:НА57011073/-ын,
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1957 онд төрсөн. Одоо тэтгэвэрт гарах насанд хүрэн боловч хөдөлмөрийн дэвтэр, бичиг баримт олдохгүйгээс тэтгэвэрт орж чадахгүй байна. Иймд намайг 1973 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боржигон овогт Манлайн Гончигжав нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн учраас тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байгаа. М.Гончигжав нь Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” нэгдэлд адуучнаар 1973 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд ажиллаж байгаад цэрэгт явж ирээд 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд малчнаар ажиллаж байсан. “Хөдөлмөр” нэгдэл 1992 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр татан буугдаж “Алтанбулаг” ХХК болж нэр нь өөрчлөгдөж байсан. Иймд хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Гончигжав нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
М.Гончигжав нь Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1973 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан гэжээ.
Хэрэгт Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 569, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 986 тоотоор тус тус ирүүлсэн М.Гончигжавын цалингийн түүвэр, Төв аймаг Алтанбулаг сумын “Монгол-Солонгосын” найрамдлын нэрэмжит “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаар “Ээлжийн амралт олгох” тухай тушаал, 1990 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 69 дугаар “Ээлжийн амралт олгох” тухай тушаал, Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай тушаал” Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” хувьцаат компаний 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаартай “Ажилд томилох” тухай тушаал, 1994 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2 дугаартай “Ажлаас чөлөөлөх” тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.
Дээрх бичгийн нотлох баримтуудаар М.Гончигжав нь 1973 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртлэх хугацаанд Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” нэгдэл, “Хөдөлмөр” хувьцаат компанид тус тус малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх, хэрэгт авагдсан шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 151/ШЗ2016/03772 дугаартай захирамжийн дагуу Төв аймгийн Архивын тасгаас 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 986 дугаартай албан бичгээр ирүүлсэн 7 хуудас бичгийн нотлох баримтыг ач холбогдолтой баримт гэж үзэж түүнд бичигдсэн байдлыг үнэлж, нэхэмжлэгч М.Гончигжавыг 1973 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртлэх хугацаанд Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” нэгдэл, “Хөдөлмөр” хувьцаат компанид тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Манлайн Гончигжав /РД:НА57011073/-ыг Алтанбулаг сумын “Хөдөлмөр” нэгдэл, “Хөдөлмөр” хувьцаат компаниудад 1973 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоож, тогтоогдохгүй байгаа хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Гончигжавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ