| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/01048/И |
| Дугаар | 1316 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 1316
| 2016 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 151/ШШ2016/01316 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо G&D Center 301 тоотод байрлах Шим ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Угтаал сум, Асгат 2-р баг, Задгай 1-д байрлах Агро тацсу ХХК-нд холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 19.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 9.500.000 төгрөг, нийт 28.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Минжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Шим ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шим ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Агро тацсу ХХК-тай харилцан тохиролцож 41 тоот гэрээ байгуулж, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Монгол улсад хэрэглэхэд зөвшөөрөгдсөн Спрут эксрта нэрийн ургамал хамгааллын бодисыг нийлүүлж, 36516 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Гэрээнд заасан тогтоосон хугацаанд ургамал хамгааллын бодисыг нийлүүлж, урьдчилгаа төлбөрт үнийн дүнгийн 30 хувь 11.000.000 төгрөгийг гэрээ байгуулах үед төлж үлдэгдэл төлбөр болох 70 хувь 25.516.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр төлөхөөр тохиролцсон ч санхүүгийн боломжгүй гэх шалтгаанаар үлдэгдэл 19.000.000 төгрөгийн төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд Агро тасцу ХХК-тай байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 41 тоот худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 19.000.000 төгрөг, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1б хэсэгт заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алданги 9.500.000 төгрөг нийт 28.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Агро тацсу ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Шим ХХК-тай Спрут экстра нэрийн ургамал хамгааллын бодисыг худалдан авах 41 тоот гэрээг байгуулсан нь үнэн. Гэрээний дагуу нийт 36.516.000 төгрөгийн Спрут экстра нэрийн ургамал хамгааллын бодисыг худалдан авсан. Гэрээний нийт төлбөрөөс одоо үлдэгдэл 19.000.000 төгрөг байгаа. Төлбөрийг 2015 оны 11 дүгээр сард төлөхөөр төлөвлөж байсан боловч цаг уур, улс орны эдийн засгийн нөхцөл доройтсон, бусад аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн төлбөр цаг хугацаандаа орж ирэхгүй удааширсан, худалдан авах чадвар доройтсон зэргээс манай компанийн санхүүгийн нөхцөл байдал эрс муудсан тул тариалалт явуулж чадалгүй улмаар Шим ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрөө заасан хугацааны дотор төлөх боломжгүй байдалд хүрсэн. Өнөөдөр ч гэсэн манай компаний санхүүгийн байдал хүнд байгаа бөгөөд компани цалингаа ч тавьж чадахгүй байдалд байгаа бөгөөд компани дампуурлын ирмэг дээр хүрээд байна. Иймд үндсэн төлбөр 19.000.000 төгрөгийг төлнө. Алданги 9.500.000 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар чөлөөлөх буюу багасгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Шим ХХК нь хариуцагч Агро тацсу ХХК-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 19.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 9.500.000 төгрөг, нийт 28.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 41 тоот гэрээ, Шим ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагч Агро тацсу ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулгын тайлбар, Агро тацсу ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм авагджээ.
Нэхэмжлэгч Шим ХХК, хариуцагч Агро тацсу ХХК-иуд нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр №41тоот Ургамал хамгаалалын бодис худалдах, худалдан авах-аар тохирч гэрээг бичгээр байгуулж, баталгаажуулжээ. /хх-4/
Дээрх 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч Шим ХХК 36.516.000 төгрөгийн үнэ бүхий Монгол Улсад хэрэглэхэд зөвшөөрөгдсөн, ургамал хамгааллын бодисын жагсаалтанд орсон Спрут экстра 2040 литр ургамал хамгааллын бодисыг Агро тацсу ХХК-д худалдахаар,
Хариуцагч Агро тацсу ХХК барааг авахдаа урьдчилгаа 30% болох 11.000.000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр, үлдэх 70% болох 25.516.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний дотор тус тус төлөхөөр, төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги нэмж төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.
Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Талууд гэрээ байгуулсан, бараа өгсөн авсан, үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй, бөгөөд нэхэмжлэгч Шим ХХК нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 19.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутмын алданги 9.500.000 төгрөг нийт 28.500.000 төгрөгийг хариуцагч Агро тацсу ХХК-аас шаардах эрхтэй байна.
Хариуцагч Агро тацсу ХХК нь алданги 9.500.000 төгрөгийг төлөх боломжгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно үндэслэлээр алданги багасгуулахаар тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Шим ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 422 хоногийн алдангиас Иргэний хуульд зааснаар гэрээний үлдэгдэл төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 9.500.000 төгрөгөөр тооцож алданги шаардсан нь Иргэний хуульд нийцсэн байна гэж үзлээ.
Мөн түүнчлэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хариуцагч Агро тацсу ХХК нь төлбөр төлөх боломжгүй, санхүүгийн хүндрэлд орсон зэрэг байдал нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Шим ХХК-ийн хариуцагч Агро тацсу ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 19.000.000 төгрөг, алданги 9.500.000 төгрөг нийт 28.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 592.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Агро тацсу ХХК-иас 300.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шим ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг үндэслэн Агро тацсу ХХК-иас 28.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шим ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 592.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Агро тацсу ХХК-иас 300.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шим ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ