Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 120/2021/0007/З |
Дугаар | 221/МА2021/0667 |
Огноо | 2021-12-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2021/0667
А.Г-ын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нарыг оролцуулан Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, А.Г-ын гомдолтой, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр: “...Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, 54.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйл, 3.1 дүгээр зүйлийн 2, 4.1 дүгээр зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч А.Г-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0174307 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож,
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж, гомдол гаргагчид буцаан олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Зөрчилд холбогдогч А.Г нь эрх бүхий албан тушаалтны зөрчил гэж үзэж торгуулийн арга хэмжээ авсан зөрчлийн үйл баримттай маргаагүй. Гагцхүү “намын харьяаллаар ялгаварлан гадуурхаж, Ардчилсан нам, Монгол Ардын Нам, Монгол Ардын Хувьсгалт намаас бусад нэр дэвшигчдийг торгосон ... хэний шийдвэрээр зөрчлийн хэрэг нээж, шалгах болсон нь тодорхойгүй ... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтныг томилсон, сонгосон, даалгасан баримт байхгүй ... зөрчлийн хэргийн хугацаа сунгах тогтоолыг Д гэх хүн үйлдсэн ... 19 дүгээр прокурорын зөвшөөрөлд заасан ажиллагааг яаж явуулж, баталгаажуулсан нь тодорхойгүй ... холбогдогчоос гаргасан хүсэлтийг 3 хоногт шийдвэрлэх ёстой байхад шийдвэрлээгүй шууд шийтгэлийн хуудас оногдуулсан ...” гэх үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж маргадаг.
Гэтэл шүүх “илэрсэн нөхцөлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу бүрэн хийж, тогтоох шаардлагатай ... холбогдогчийг оролцуулах талаар хангалттай арга хэмжээ /албадан ирүүлэх/ аваагүй ... эрхийг эдлүүлээгүй, хэрэг материалтай танилцуулаагүй” гэж хэт ерөнхий дүгнэлт хийж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
Учир нь ямар ажиллагааг шалгаж, тодруулж тогтоох шаардлагатай гэж үзсэн, мөн холбогдогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан эс үйлдэхүйг зөвтгөх, оролцоог нь хангаагүй, материал танилцуулаагүй гэж эрх бүхий албан тушаалтныг буруутгаж буй үндэслэлийн шалтгаан нөхцөлийг харгалзаж үзэх, зөвхөн эрх бүхий албаны тушаалтны зөрчил бус холбогдогчийн буруутай үйлдэл хэрхэн нөлөөлсөн талаар тодорхой хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй бөгөөд эдгээр нь маргаан бүхий актыг шууд хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна.
Нөгөөтээгүүр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлага хангаагүй орлогыг буцаан шилжүүлэх, буцах хаяг нь тодорхойгүй орлогыг улсын орлого болгохоор хуульд тусгайлан заасан байхад биелүүлээгүй нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил болох талаар хуульчилсан бөгөөд энэхүү зөрчил нь баримтаар тогтоогдсон байхад зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй гэх хуулийг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Шүүх формаль /процесс зөрчил/ шаардлагыг зөрчсөн үндэслэлээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 3-д “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Гомдол гаргагч А.Г-аас “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0174307 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх “...Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ, 54.5-д Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ гэж тус тус зааснаас үзэхэд гомдол гаргагч сонгуулийн зардлын дансанд цугларсан дээрх хуулийн шаардлага хангаагүй хандивын мөнгийг буцааж шилжүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулахтай холбоотой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийсэн атлаа гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасантай нийцээгүй байна.
Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбаруудаас үзэхэд Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0174307 дугаартай шийтгэлийн хуудсаар А.Г нь хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтыг зөрчсөн нь холбогдогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар, Голомт банкны баримтаар тогтоогдож байна хэмээн үзэж 10.000 нэгжээр торгох шийтгэл ногдуулжээ.
Хэдийгээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа алдаатай явагдсан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч шүүхээс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянаж байх энэ тохиолдолд А.Г нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, 54.5-д заасныг зөрчсөн эсэх, энэ нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөнд хамаарах эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.
Учир нь энэ тохиолдолд сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн тухайд маргаж байх ба уг харилцааг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмаар илүү нарийвчлан зохицуулсан бөгөөд 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаас үзвэл тухайн журам нь нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан талаар тайлагнахтай холбоотой буюу хууль бус хандив цуглуулж, төвлөрүүлэхийг хориглож, сонгуулийн санхүүжилтийг сонгогч иргэн, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах, нэр дэвшигчид санхүүгийн хувьд харьцангуй тэгш байдалтай сонгуульд өрсөлдөх, хууль бус санхүүжилтийг хязгаарлах, сонгуулийн явцад хууль бус сурталчилгаа болон үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгө зарцуулахаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий зохицуулалтыг агуулжээ.
Мөн журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д “Дараах хандивыг хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивт тооцно:”, 11.1.1-т “банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив;”, 11.1.2-т “буцах хаяг тодорхойгүй мөнгөн хандив;”, 11.2-т “Нам, эвсэл, нэр дэвшигчид хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг хүлээн авч, зарцуулах, ашиглахыг хориглоно.” гэж тус тус зааснаар нэр дэвшигч нь зөвхөн хуульд заасан шаардлага хангасан мөнгөн болон мөнгөн бус хандив хүлээн авч, хандивыг зориулалтын дагуу зарцуулахаар байх бөгөөд хэрэв хандив хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд буцаах, эсхүл буцах хаяг нь тодорхойгүй бол улсын орлого болгох зохицуулалттай байна.
Дээрх хууль болон журмын заалтуудаас үзэхэд А.Г- нь хуульд заасан шаардлага хангаагүй хандивыг хандивлагч руу буцаан шилжүүлээгүй эсхүл буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй нь тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан сонгуулийн зардлын дансанд цугларсан мөнгөн хөрөнгийг зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж дүгнэж, шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Тодруулбал, гомдол гаргагч А.Г-ын сонгуулийн зардалд нэр бүхий 5 иргэнээс хандив өгсөн боловч тус хандив нь ямар эх үүсвэрээс бүрдсэн болох нь тодорхойгүй буюу хандивлагч банкны гүйлгээний баримтад регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллийг бүрэн тусгаагүй байхад гомдол гаргагч “миний төрсөн ахаас унаа, буудлын мөнгө гэж өгсөн хандив учир буцаан шилжүүлэх шаардлагагүй” гэх үндэслэлээр хуульд заасан шаардлага хангаагүй хандивыг буцаан шилжүүлээгүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, мөнгөн хандивын тайлан, Голомт банкны дансны хуулга, холбогдогчоор өгсөн мэдүүлэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т “Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ”, 54.5-д “Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд гомдол гаргагч сонгуулийн зардлын дансанд цугларсан дээрх хуулийн шаардлага хангаагүй хандивын мөнгийг буцааж шилжүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан сонгуулийн зардлын дансанд цугларсан мөнгөн хөрөнгийг зарцуулахтай холбоотой зөрчил гаргасан гэж үзнэ.
Хэдийгээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хариуцагч татварын байцаагч нь хэний шийдвэрээр зөрчил шалган шийдвэрлэх болсон нь тодорхойгүй, А.Г-ын гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа шууд шийтгэлийн хуудас ногдуулсан нь буруу, зөрчлийн хэргийн дугаар буруу, зөрчил шалган шийдвэрлэж байгаа бол тухайн зөрчлийг баталгаажуулах ёстой байтал хариуцагч улсын байцаагч нь зөрчлийн хэрэгт хуурамч материал хийсэн” хэмээн тайлбарлаж байгаа ч 2028000294 бүртгэлийн дугаартай зөрчлийн хэргийн материалд авагдсан 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны санал, мөн өдрийн Прокурорын зөвшөөрөл, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны санал, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Прокурорын зөвшөөрөл зэргээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил шалгах ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байх ба нэгэнт гомдол гаргагч А.Г нь зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байх энэ тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа алдаатай явагдсан гэж үзэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүйгээс гадна шийтгэлийн хуудас ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасантай нийцжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, 54.5, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч А.Г-аас Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0174307 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ