Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 73

 

О.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

                                                        Ц.Амаржаргал

Прокурор                                        Б.Сүрмандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 296 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-ын Л-д холбогдох эрүүгийн 1718001640095 тоот, 1 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б- овогт О-ын Л-, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч О.Л- нь 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ний ТП-61 хуваарилах байгууламжийн гаднаас 7 ширхэг хаалгыг иргэн П.Ө-ын эзэмшлийн 7483 ДАХ улсын дугаартай автомашинаар тээвэрлэн авч явж, бусдын эд хөрөнгийг хулгайлж, 304.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 296 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

-Шүүгдэгч Б- овогт О-ын Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овогт О-ын Л-д 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Л-д анхааруулж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч О.Л- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Н.Ө-ын өмчлөлийн 7483 ДАХ улсын дугаартай “Honda acty” маркын автомашин битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус заажээ.

Прокурор Б.Сүрмандах давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Дархан-Уул аймгийн Прокурорын газраас О.Л-г 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, хялбаршуулсан журмаар 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эрүүгийн 1718001640095 тоот хэрэпг яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч О.Л- нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор ашигласныг ойлгох бөгөөд, тухайн этгээд заавал урьдаас бэлтгэж, тооцоолж, төлөвлөж машин техникээ бэлдэж очоод хулгайн үйлдэл хийхдээ бэлдсэн машин механизмаа ашиглана гэсэн ойлголт биш юм.

Анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.

Иймд О.Л-д холбогдох Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйпийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Б.Сүрмандах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Шүүгдэгч нь хулгайн гэмт хэргийг үйлдэж дуусаагүй, хулгайлах санаа, сэдэлт төрсний дагуу үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор иргэн П.Ө-ын авто машинд хаалгануудыг ачсан нь машин механизм ашиглаж хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Л-г 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ний ТП-61 хуваарилах байгууламжийн гаднаас 7 ширхэг хаалгыг иргэн П.Ө-ын эзэмшлийн 7483 ДАХ улсын дугаартай “Honda acty” маркын автомашинаар тээвэрлэн авч явж, бусдын эд хөрөнгийг хулгайлж, 304.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Прокуророос шүүгдэгч О.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж гэм буруутайд тооцон, 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг биелүүлээгүй бол уг ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Н.Ө-ын өмчлөлийн 7483 ДАХ улсын дугаартай “Honda acty” маркын автомашин битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох, О.Л-д урд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус зааж шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн  хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь хянахад шүүгдэгч О.Л- нь “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ны ТП-61 хуваарилах байгууламжийн гадна байсан 7 ширхэг хаалгыг иргэн П.Ө-ын эзэмшлийн 7483 ДАХ улсын дугаартай “Honda acty” маркын автомашинаар тээвэрлэн авч явж, бусдын эд хөрөнгийг хулгайлж, 304.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар хангалттай, бүрэн нотлогдон тогтоогдсон, түүнчлэн бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хэргийн газраас хурдан холдох, өөрийн биеэр өргөж авч чадахгүй эд хөрөнгийг авах, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашигласан нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх нь хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлж авсан эд хөрөнгөө зөөж тээвэрлэсэн учир машин механизм ашигласан гэж үзэхгүй гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж дүгнэлт хийсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон байна.

Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүх нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ялыг зөв оногдуулахад нөлөөлж болохоор зөрүүтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Улсын яллагчийн бичсэн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч О.Л-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай. 

2. Шүүгдэгч О.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

  

 

                                                   ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                   ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ